Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1026

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Н.Гэрэлтуяа,                            

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан З овогт Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0150 31186 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн З овогт Г.Г-г, 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математик, физикийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 33-360 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ПЮ87080425 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сандэй худалдааны төвийн 4 дүгээр давхрын 4116 дугаартай лангуун дээр иргэн Б.Наранцацралын “Бүгд найрамдах Турк улсад ажиллаж амьдардаг төрсөн дүү Уянгад өгч явуулахаар өгсөн монетон ээмэг, зүүлт, бөгж” зэргийг завшиж 781.200 төгөрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Наранцацрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Бүгд найрамдах Турк улсад ажиллаж амьдардаг миний төрсөн дүү Уянга над руу би ээмэг 3 бөгж, 1 гинжээ ломбарданд хадам ээжийн бичиг баримтаар 520.000 төгрөгөнд барьцаалчихсан байгаа та очоод аваад дээр нь нэмээд Эс-4 маркийн гар утас, ойр зуурийн эмний хамт над руу явуулах хэрэгтэй байна гэсэн. 15-ны өдөр Өсөхөө гэх манай хажууд байдаг охин ирнэ та манай найз Г.Г Сандэй худалдааны төвийн лангуун дээр нь хүргээд өгчих Г Өсөхөөд өгөөд явуулчихна гэхээр нь…монетон гинжийг 520.000 төгрөг өөрөөсөө гаргаж чөлөөлөн авч өөртөө хадгалж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Тэди төвөөс шинээр нь 130.000 төгрөгөөр худалдаж авсан эс 4 маркийн гар утас, ойр зуурын эмнүүдтэй хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сандэй худалдааны төвийн 4 давхарт 4116 дугаартай хувцас зардал лангуун худалдагч Г.Г. хүргэж өгсөн. Г нь түүнийг тухайн өдрөө Өсөхөө гэх Турк улсруу явах охинд хүргэж өгөх байсан ч өгөлгүй зөвхөн эмнүүдийг нь Өсөхөөд хүргэж өгч явуулсан байсан. Гар утсыг нь манай дүү авахаа болилоо гэхээр нь би 14-ний өдрөө Г.Г гар утсаар хэлээд явуулахаа болихыг хэлсэн байсан ч ээмэг бөгж зүүлтүүдийг нь өгөөгүй...” гэх мэдүүлэг. /хх8-11/,

Яллагдагч Г.Г мэдүүлэхдээ: “...Замдаа Гантулга утсаар яриад хүнээс мөнгө асуугаад явж байхад утасных нь цэнэг дуусчихсан ба намайг утсаа өгч бай гэхээр нь Наранцацралд өгөх байсан утсаа Гантулгад өгч яриулж ашиглуулсан ба буухдаа утсаа авах гэсэн боловч Гантулгын утас унтарчихсан байсан болохоор маргааш холбоо барья гээд үлдээгээд буусан...” гэх мэдүүлэг. /хх13-15/,

Хохирогч Б.Наранцацралын мэдүүлэг /хх8-11/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх20-21/, начин заан барьцаалан зээлдүүлэх газрын баримт /хх-28/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сандэй худалдааны төвийн 4 дүгээр давхарын 41116 дугаартай лангуун дээр иргэн Б.Наранцацралын “Бүгд найрамдах Турк улсад ажиллаж амьдардаг төрсөн дүү Уянгад өгч явуулахаар өгсөн монетон ээмэг, зүүлт, бөгж” зэргийг завшиж 781.200 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Наранцацрал нь гэм буруутай этгээдэд /Г.Гг/ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн нь ял хөнгөрүүлэх нөхцал байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З овогт Г.Г-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Г.Г-т хорих ял оногуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР