Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 822

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “Гео Эрин” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн “Гео Эрин” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Гео Эрин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Сүхбаатар, Ч.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Гео Эрин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 1 дүгээр сард гаргасан шийдвэрээр Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг “Баруун булаг” гэх газарт орших 169.33 гектар бүхий талбайд хайгуулын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болж, 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 15420Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон ба Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу тухайн талбай дахь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөхөөс гадна мөн хуулийн 27, 35 дугаар зүйлүүдэд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх нийтлэг үүргийг бүрэн биелүүлсээр ирсэн. Гэтэл 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны с ан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан ба хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан үндэслэлээр манай компанийн үйл ажиллагаа хязгаарлагдаж хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр уг хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр манай компанийн эзэмшил талбай  хязгаарлагдсан талбайгаас чөлөөлөгдөж хэвийн үйл ажиллагаа явуулах боломж үүссэн. Дээрх нөхцөл байдлуудыг судлан үзэж, хайгуулын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг Ашигт малтмалын газарт удаа дараа хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөлгүй манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 6/1503 дугаартай албан бичгээр “... 15420Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр цуцалсан...” талаархи мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр манай компани хүлээн авсан.  ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаартай шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсгүүдийг зөрчсөн, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн хууль бус захиргааны акт болсон тул  “Гео эрин” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 15420Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Дундговь аймгийн “Адаацаг” сумын нутаг “Баруун булаг” нэртэй 169.22 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 15420Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Гео Эрин” ХХК-ийн эзэмшилд 2010 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 72 дугаартай шийдвэрээр олгосон бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулсан байна. Нэхэмжлэгч нь уг тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан боловч төлөөгүй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан үндэслэл бүрдсэн байна. Ашигт малтмалын хайгуулын 15420Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 6-335 тоот албан бичгээр “Гео Эрин” ХХК-нд хүргүүлсэн. Энэ заасан хугацаанд мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг Кадастрын хэлтэст ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмалын хайгуулын 15420Х дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр цуцалсан. Энэхүү 33 дугаарй шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 6-335 тоот албан бичгээр “Гео Эрин” ХХК-нд хүргүүлсэн боловч тус хэлтэст бүртгэлтэй хаягтаа байхгүйгээс шуудангаар буцаж ирсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Гео Эрин” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар тухайн талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөхөөс гадна мөн тус хуулийн 27 болон 37 дугаар зүйлүүдэд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргүүдийг бүрэн биелүүлсээр ирсэн. 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аас батлагдсан 

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан үндэслэлээр компаний үйл ажиллагаа хязгаарлагдаж хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн уг хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр компанийн эзэмшил талбай хязгаарлагдсан талбайгаас чөлөөлөгдөж хэвийн үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүссэн. Дээрх нөхцөл байдлуудыг судлан үзэж ашиглалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг ашигт малтмалын газарт удаа дараа гаргасан боловч огт хариу өгөлгүй компанийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 6/1503 дугаартай албан бичгээр “Гео Эрин” ХХК-ийн 15420 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр цуцалсан талаарх мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр манай компани хүлээж авсан. Компанийн зүгээс Кадастрын хэлтсийн даргын 33 дугаар шийдвэр нь илтэд хууль бус бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар цуцалж буй шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй, энэ байдал нь тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчсөн. Цуцлах үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-дахь хэсэгт заасан нөхцөл байдал бодит нөхцөл байдалтай нийцээгүй илтэд хууль бус акт болсон байна гэж үзсэн. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Ашигт малтмалын газар, кадастрын хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 33 тоот шийдвэрийг “Гео Эрин” ХХК-нд холбогдох хэсэгт хүчингүй болгож нэхэмжлэгчийн 15420 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгалан нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Гео Эрин” ХХК нь 2010 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 72 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Адаацаг сумын Баруун булан гэх газар хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байгаа. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу үйл ажиллагаа зогссон. Гэхдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасны дагуу 2010 оны 1 дүгээр сарын 30-наас өмнө урьдчилан төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Төлөөгүй үйлдэл нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу Ашигт малтмалын газрын, кадастрын хэлтэс нь цуцлах үндэслэл бүрджээ гэж үзэн мэдэгдлийг 2014 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр 6/335 дугаартай албан тоотоор хүргүүлсэн. Энэ үед гомдол хариу ирээгүй учраас 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр кадастрын хэлтсийн даргын 33 дугаар шийдвэр гарч ашигт малтмалын хайгуулын 15420 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ шийдвэр нь хууль ёсны дагуу гэж үзэж байна.” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Сүхбаатар нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... “Гео Эрин” ХХК-нд 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 6/335 тоот албан бичгийг кадастрын системд бүртгэгдсэн хаягаар хүргүүлсэн байгаа. Архиваас шүүж үзэхэд буцаалт ирээгүй. Хүлээж авсан гэж үзэж байгаа. Аж ахуй нэгж нь тухайн хаяг дээрээ байхгүй бол буцаалт ирдэг. Тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдэг шийдвэр явуулсан буцаалт ирсэн байсан. Яг энэ мэдэгдэл нь буцааж ирээгүй байдаг.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн “хайгуулын тусгай зөвшөөрлийн ... төлбөрийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр “Гео эрин” ХХК-ийн хайгуулын 15420Х дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байх ба “Гео эрин” ХХК-иас “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т заасныг зөрчсөн” гэж, хариуцагч “Гео эрин” ХХК тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан боловч төлөөгүй, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 6-335 тоот албан бичгээр “Гео Эрин” ХХК-нд хүргүүлсэн” гэж тус тус маргаж байна.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “Гео эрин” ХХК нь анх 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 72 дугаар тушаалаар Дундговь аймгийн Адаацаг сумын Баруун булаг нэртэй газарт 169.33 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх 15420Х дугаар тусгай зөвшөөрлийг олгосон байна. 

Улмаар “Гео эрин” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах” хүсэлт гаргаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 109 дүгээр шийдвэрээр 15420X дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс тооцож, 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байх ба энэ тухайгаа “Гео эрин” ХХК-д мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийжээ.

1. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Ашигт малтмалын хайгуулын 15420Х дугаар тусгай зөвшөөрлийн хавсралт Мэдэгдлийн 5-д “тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлсөн байна. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол таны тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бус болно гэдгийг анхаарна уу” гэж заасанчлан нэхэмжлэгч “Гео эрин” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр, 3 дахь жилийн төлбөрийг 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 4 дэх жилийн төлбөрийг  2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу хуульд заасан хугацааны дотор төлж байсан хэдий ч 5 дахь жилийн /2014.01.20-2015.01.20 хүртэлх/ тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт”-уудаар тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасанчлан уг төлбөр нь баялаг ашигласны төлөөх бус, харин “тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн” хүчинтэй байдлыг хадгалах үндсэн зорилготой төлбөр ба тусгай зөвшөөрөл эзэмшигч уг үүргээ биелүүлээгүй нь тухайн зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор байна.

2. Хавтаст хэрэгт авагдсан “Гео эрин” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаас үзвэл, “Гео эрин” ХХК нь  2005 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “1 гишүүнтэй (Батчулуун овогтой Баасан)” үүсгэн байгуулагдсан байх бөгөөд анх 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргасан “Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт“ Маягт-К-4-т “Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Техникимпорт ХК-ний байр, 29 тоот. Шуудангийн салбар Баянгол -24, хайрцаг 24/594” гэж албан ёсны хаягаа мэдүүлсэн;

2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл”-д хавсаргасан “Хуулийн этгээдийн тодорхойлолт ”-н 6-д буюу “Хуулийн этгээдийн албан ёсны хаяг” гэсэн хэсэгт “Гурван гол бааз” ХК-ийн байр, 18 дугаар хороо, Сонгино хайрхан дүүрэг, Улаанбаатар хот, шуудангийн салбар, хайрцаг: УБ-24-594” гэж албан ёсны хаягаа өөрчлөн мэдүүлсэн байх ба уг тодорхойлолт үнэн зөвийг баталгаажуулан “Гео эрин” ХХК-ийн захирал Б.Баасан гарын үсэг зурж, байгууллагын тамга дарсан байна. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6/6848 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тухай”, 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 6/335 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй ... цуцлах үндэслэл бүрдсэн тухай”, 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6/484 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...тусгай зөвшөөрлийг цуцалсан” болохыг тус тус “Гео эрин” ХХК-ийн өөрчлөн мэдүүлсэн “Гурван гол бааз” ХК-ийн байр, 18 дугаар хороо, Сонгинохайрхан дүүрэг. Шуудангийн салбар, хайрцаг: УБ-24-594” хаягаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Гео эрин” ХХК-ийн захирал Б.Баасан өөрийн гарын үсгээ зурж, баталгаажуулан өгсөн “Хуулийн этгээдийн тодорхойлолт”-д дурьдсан хаягаар  мэдэгдлийг хүргүүлсэн байх тул захиргааны байгууллагыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасан “...мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж буруутгах үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд уг хуулийн этгээдийн тодорхойлолтыг “Гео эрин” ХХК-ийн захирал Б.Баасан өөрөө үйлдсэн болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно.

3. “Гео эрин” ХХК нь 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аас батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны с ан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр манай компанийн үйл ажиллагаа хязгаарлагдаж хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж маргаж байна.

 “Гео эрин” ХХК-нд анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 72 дугаар тушаалаар олгогдсон 15420Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд хамаарах Дундговь аймгийн Адаацаг сумын Баруун булаг нэртэй газарт байрлах 169.33 гектар талбайгаас 6 гектар нь 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхацсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргуулсан лавлагаагаар тогтоогдож байна. 

Энэ нь  тус компанийг тусгай зөвшөөрлийн 169.33 гектар талбайд бүхэлд хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхөд саад учруулсан нөхцөл байдал гэж үзэх боломжгүй байхын зэрэгцээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Эцэст нь, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй болохоо мэдсэн, 2011 оноос 2013 оныг хүртэл хугацаанд төлбөрөө тогтмол хуульд заасан журмын дагуу төлж байсан ч 2014 оноос эхлэн тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй, үүний улмаас тусгай зөвшөөрөл нь цуцлагдах нөхцөл байдал үүснэ гэдгийг мэдэж байсан хэдий ч энэ асуудлаар тухайн үед нь Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаагүй, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр л тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан болохыг анх мэдэж, хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Иймд “Гео эрин” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн “Гео Эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн “Гео Эрин” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.МӨНХТУЛГА