| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2305032750245 |
| Дугаар | 2025/ДШМ/326 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 15.3.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/326
2025 03 13 2025/ДШМ/326
П.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Э.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.Б-д холбогдох эрүүгийн 2305032750245 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б-,
Шүүгдэгч П.Б- нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 05-аас 8 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын замд зам тээврийн осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон С.А-гийн ар гэрийн хүмүүс болох төрсөн эх Д.А-, төрсөн ах С.Т-х, үеэл ах Э.Э- нараас элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч С.А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхлэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б-ыг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч П.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Б-ы өмгөөлөгч Б.Цэнгүүн давж заалдах гомдолдоо: “... П.Б- нь ...тархины үхэлтэй болох нь тогтоогдсон. Хохирогч... С.А-гийн ар гэрийнхнээс... зөвхөн элэг, 2 бөөр, түүний эргэн тойронд байх судсыг авах" зөвшөөрөл авсан боловч. . . .хохирогч тархины үхэлтэй донор С.А-гийн биеэс элэг цөсний хүүдий хоёр бөөрийг судасны хамт, тойгны шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, дунд чөмөгний доод булуу шөрмөс, зэрэг эд эрхтнийг авсан ...болох нь тогтоогдож байна... Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн амьд болон амьгүй донороос эс, эд эрхтэн болон түүний хэсгийг хохирогчийн хүсэл зоригоос гадуур ..хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, авсныг ойлгох бөгөөд . . .ар гэрийнхнээс зөвхөн элэг, 2 бөөр, түүний эргэн тойронд байгаа судас авах зөвшөөрөл авсан боловч бусад эрхтнийг авсан нь гэмт хэргийн шинжийг хангаж байна... шүүгдэгчийн үйлдэл нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байна... санаатай үйлдсэн...гэж гэм буруутайд тооцсон. Шүүхээс уг дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлгүй гарсан.
Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан “...Хүний цус эс, эд, эрхтнийг хууль бусаар авах...” гэмт хэргийг тодорхойлохдоо хууль бусаар авагдаж байгаа эд эрхтний ялгаатай шинжээр нь дараах байдлаар ялгамжтай байдлаар зүйлчлэхээр тогтоосон. Үүнд: хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг, эсийг авсан, хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан. Дээрх 2 төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдал, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол...” гэж хамгийн хүнд нөхцөл нь хохирогч нас барсан байх нөхцөл гэж тодорхойлсон ба хуулийн бичвэр болон агуулгыг дүгнэж үзэхэд Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч нь амьд хүн байхаар хуульчилсан байна. Иймд Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн объектив тал нь амьд хүнээс эд эрхтнийг хууран мэхэлж авах үйлдэл байх ба эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хүний эрүүл мэндийн бүрэн, бүтэн халдашгүй байдал. Гэтэл шүүхээс эрүүгийн хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “...амьд болон амьгүй донороос эс, эд эрхтэн болон түүний хэсгийг хохирогчийн хүсэл зоригоос гадуур хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, авсныг ойлгох” гэж тайлбарлан хэрэглэсэн байх ба хүн болон амьгүй донорыг нэг ойлголтоор авч үзсэн. Эрүүгийн хуулийн 1.2-т “...эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй..” гэж заасан тул тус хуульд заасан хүн гэсэн ойлголт нэг мөр эргэлзээгүй байх ёстой. Эрүүгийн хуулийн бусад зүйл заалтад заасан хүн гэх ойлголт нь амьд, эсхүл гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд амьд байсан хүнийг ойлгох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...” гэж тодорхой заасан. Тодруулж хэлбэл гэмт хэргийн хохирогч нь тухай гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгчийн хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хүлээсэн, ийм үр дагавар гарсан байхыг шаарддаг. Шүүхээс Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж зөв тодорхойлсон боловч шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хэрхэн хохирол учруулсан талаар тайлбар огт хийгээгүй ба тийм дүгнэлт хийх боломжгүй юм. Учир нь П.Б-ы үйлдлээс шалтгаалан хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан үйлдэл огт гаргаагүй ба эд эрхтнийг нь хууль бусаар хууран мэхэлж авсан үйлдэл огт хийгээгүй.
Донорын тухай хуулийн 3.1.3 -т “...“амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг; 3.1.4.-т “..."тархины үхэл" гэж тархины болон тархины багана хэсгийн бүх үйл ажиллагаа эргэж сэргэшгүйгээр алдагдсан байдлыг...” 15.3-т “...Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана... ” гэж тус тус заасан. Иймд шүүгдэгчийн хувьд хохирогчийн амь нас, эрүүл мэндэд буюу Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлээр хамгаалагдсан эрх ашигт нь хохирол учруулах ямар боломжгүй бөгөөд нас барсан цогцосны эрүүл мэндэд халдах эрх зүйн боломж байхгүй. Гэтэл шүүхээс хохирогч нь аливаа байдлаар донорын эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын улмаас биш өмнө авто тээврийн ослын улмаас нас барсан болох нь Гэмтэл согог судлалын нэгдсэн эмнэлгийн 2 удаагийн тархины үхэл тодорхойлох хурал болон, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон байгаад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй, нас барсан хүний эрүүл мэндэд хохирол учруулах ямар ч боломжгүйн анхаарч үзэлгүйгээр Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, цогцос болон хүнийг адилтган үзэж хуулийг буруу тайлбарласан. Иймд П.Б-ыг Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй тухайд,
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах нөхцөлийг эргэлзээгүй тогтоосон байдаг. Амь хохирогчийг донор болгох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу тавьж, ар гэрээс нь зөвшөөрөл авсан, уг зөвшөөрлийн дагуу эрхтэн авах хагалгааг мэргэжлийн эмч нарын баг бие даан гүйцэтгэсэн, эрхтэн авах хагалгааг зааврын дагуу гүйцэтгэсэн, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай реципиент нарыг хуульд заасан журмын дагуу сонгож, ямар нэгэн хувийн сонирхолгүйгээр эд эрхтнийг шилжүүлэн суулгасан байдаг. Шүүхээс ч мөн энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хохирогчийг амьгүй донор байсан, амьгүй донороос эд эрхтэн авах хагалгааг зааврын дагуу гүйцэтгэсэн болохыг тогтоосон. Хохирогчийг донор болгох ар гэрийн зөвшөөрлийг авахдаа элэг бөөр, шөрмөс авах талаар танилцуулсан, батлагдсан маягтыг танилцуулж, гарын үсгийг зуруулан авсан бөгөөд аливаа байдлаар өөр хүн сүүлд нөхөж бичээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, холбогдох баримтаас үзэхэд хохирогчийн ар гэрээс амьгүй донорын зөвшөөрөл олгохдоо шөрмөсний талаар ойлголтын зөрүүтэй байсан болох нь үйл баримтаар бүрэн тогтоогддог. Тухайлбал шүүгдэгчийн зүгээс шөрмөсийг авах талаар нууцлахыг хэн нэгэн эмнэлгийн ажилтан албан хаагчид хэлээгүй, өвчний түүх, хагалгааны жагсаалтаас гаргаагүй, ар гэрт мэдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлээгүй, шөрмөс түүнд бэхлэгдсэн эрхтнийг авсан мэс заслыг сорив, орлуулагчийг ар гэрээс нь нуугаагүй, шууд тэр дороо бусад эмнэлгийн байгууллага, эрхтэн авах багт мэдэгдсэн ба улмаар баталсан зааврын дагуу хагалгааг хийж шөрмөсийг авсан байдаг. Гэтэл шүүх энэ нөхцөлд байдалд огт дүгнэлт хийгээгүй ба зөвхөн ар гэрийн хүмүүсийн гэрчийн мэдүүлгүүд дээр үндэслэж ар гэрээс нь шөрмөс авах зөвшөөрөл аваагүй мөртлөө шөрмөс, түүний бэхлэгдсэн байсан тулгуур эдийг цөсний хүүдийн хамт хуурч мэхлэх байдлаар авсан гэж буруутгасан. Гэтэл шөрмөс авах талаар хэлсэн болохыг гэрч Э.Б- мэдүүлдэг ба ар гэрт шөрмөс авах талаар бичигдсэн зөвшөөрлийн хуудсыг танилцуулж, гарын үсгийг нь авсан байдаг. Энэ тухай шүүгдэгч өөрөө эхнээсээ үнэн зөвөөр мөн адил мэдүүлж ирсэн. Гэтэл шүүх гэрч нарын мэдүүлэг үнэн зөв, яллагдагч, шүүгдэгч үнэн мэдүүлэг өгөх үүрэггүй гэж дурдаж, гэм буруугүй болохоо хууль зүйн үндэслэлтэй нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4,-т заасан “...Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно... ” гэснийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлд зааснаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ...” ”...Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, .... болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно...” гэж заасан бөгөөд нотлох баримтын нэгийг нь нөгөөгөөс нь илүүтэйгээр үнэлнэ гэсэн ойлголт байж болохгүй.
Нэр бүхий гэрч нар шөрмөсний талаар яригдаагүй гэж байгаа боловч уг зүйл яригдаагүй гэдэг мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй буюу батлагдсан маягтыг анзаараагүй зурсан гэдгээ нотолсон, тухайн маягтыг нуусан, нөхөж гэх баримт байхгүй ба судас болон шөрмөсийг авна гэж зөвшөөрөл авсан болохыг гэрчилсэн гэрч Э.Б-ын мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгаа талаараа ямар ч дүгнэлтийг хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 3-т “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэж заасан байхад шүүхийн зүгээс шүүх хуралдааны явцад шүүхээс уг гэрч нарын мэдүүлэг л үнэн зөв мэтээр асуулт асууж байсан нь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн хууль зөрчсөн үйлдэл болсон. Урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй. Иймд шүүхийн дүгнэсэн зөвхөн 3 гэрчийн мэдүүлгийг л үндэслэн зөвшөөрөл аваагүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй.
Шүүх бусад хууль тогтоомжийг буруу тайлбарласан тухай:
Донорын тухай хуулийн 15.1,-д “...Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна...” 15.2 -т “...Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна...” 15.3-т “Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана гэж” заасан байдаг. Мөн Эрүүл мэндийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/198 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Донороос эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах журам”-ын 5.5-д “...Зохицуулах албаны мэргэжилтэн нь гэр бүлд бодит байдлыг танилцуулж, Донорын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус танилцуулж гэр бүлд донор болгох санал хүсэлт тавина... ” 5.6-д “... Амьгүй болон тархины үхэлтэй боломжит донорын гэр бүл зөвшөөрсөн тохиолдолд батлагдсан маягтад гарын үсэг зуруулж, баталгаажуулна... ” гэж заасан. Иймд амьгүй донороос эд эрхтэн авах зөвшөөрөл авахдаа тухайн нэрлэн заасан эд эрхтнийг авах, эсхүл зөвхөн донор болгох зөвшөөрлийг авч байгаа эсэх нь бүрэн зохицуулагдаагүй бөгөөд эд эрхтэн тухай бүрээр нь тайлбарлаж, зөвшөөрөл авна гэдэг хэм хэмжээний зохицуулалт байхгүй байгаа болно.
Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйлд “Хуульд зааснаас бусад тохиолдолд амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, эсхүл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааж тодорхой заасан бөгөөд Эрүүгийн хуульд амьгүй донороос зөвшөөрөлгүй эд эрхтэн авах асуудлыг гэмт хэрэг гэж үзэж хуульчлан заасан зохицуулалт байхгүй тул хэрвээ зөвшөөрөлгүй гэдэг нөхцөл яригдсан тохиолдолд эрүүгийн биш зөрчлийн хуулиар уг асуудлыг шийдвэрлэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэснээс гадна мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан ба тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг хангаагүй, уг хамгаалагдсан харилцаанд үл хамаарах хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй байх нь хууль ёсны болон гэм буруугүйд тооцох эрүүгийн эрх зүйн нийтлэг зарчим. Иймд Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан эрх ашгийг Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх замаар хамгаалах нь Эрүүгийн хуулийн үндсэн зарчмыг зөрчиж байх тул П.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч П.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хологдуулан яллагдагчаар татаж, улмаар хууль бусаар бусдыг хууран мэхэлж, амь хохирогч С.А-гийн биеэс зөвшөөрөлгүйгээр эрхтэн авсан гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хорих ял оноосныг огт зөвшөөрөхгүй. Миний бие өөрийн ухамсарт амьдралаа Монгол хүний амь нас, эрүүл мэндийг аврахад зориулж, энэ хугацаандаа 150.000 орчим хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, үүнээс 10.000 гаруй хүнд эрүүл мэндийн эрсдэл бүхий том мэс засал хийсэн. Энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхдээ ямар ч хувийн ашиг сонирхолгүйгээр өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажилласан ба 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсад Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор байгуулагдсан "Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар томилогдон ажилласан. Энэ цагаас эхлэн тус албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой удирдамж, заавар, журам, хөтөлбөрийг боловсруулан, Монгол Улсад амьгүй донороос, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хөгжүүлэх, амьгүй донорын үйл хэргийг олон нийтэд таниулах нөлөөллийн үйл ажиллагааг хийх, эрүүл мэндийн байгууллагуудад тархины үхэл тодорхойлох багуудыг байгуулах, эмч, эмнэлгийн ажилтнуудад тасралтгүй сургалтын үйл ажиллагааг хариуцаж хөгжүүлэх, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны шинэ технологийг Монгол Улсад хөгжүүлэхэд эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаандаа миний бие хууль тогтоомж дүрэм журамд заасан үүргийн бүрэн биелүүлж, ямар ч хувийн сонирхолгүйгээр бусдад амьдрал бэлэглэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө ажилласан. Энэ ажил үүргийн хүрээнд намайг буруутгаж байгаа үйлдлийг хийсэн бөгөөд миний бие хуульд заасан журмын дагуу зохих зөвшөөрлийг амьгүй донорын ар гэрээс зөвшөөрөл авсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Гэмтэл согог судлалын төвөөс "Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба руу залгаж “зам тээврийн осолд орж тархины үхэлд хүрсэн боломжит донор байна. Бид нар тархины үхлийг 2 удаа тодорхойлсон. Холбогдох шинжилгээнүүдийг хийсэн. Бүх шинжилгээнүүд донор болох боломжтой гэж гарч байна. Гэр бүлтэй нь 2-3 удаа уулзсан. Ер нь бол тархиндаа авсан гэмтлээс болоод эргэлт буцалтгүй тархины үхэлд хүрсэн болохыг ар гэрт нь тайлбарлаж хэлсэн талаар мэдэгдсэн. Улмаар миний бие ажил үүргийнхээ хүрээнд мэргэжилтэн Э.Б-ын хамтаар Гэмтэл согог судлалын Үндэсний төв дээр очиж, боломжит донор С.А-н өвчний түүх, биеийн байдалтай нь танилцаж амь хохирогч С.А-гийн гэр бүлийн гишүүдтэй уулзаж “эмнэлгийн зүгээс боломжит бүх арга хэмжээг авсан боловч амь насыг нь аварч чадалгүй тархины үхэлд хүрсэн болохыг нь тогтоосон байна. Та бүхэнд эмгэнэл илэрхийлье, Монгол Улсад Донорын тухай хууль гэж байдаг. Миний хувьд хуулийн өмнөөс, төрийн өмнөөс А-г донор болгохыг та бүхнээс хүсэж байна" гэж амьгүй донор болох хүсэлтийг тавьсан. Улмаар донорын гэр бүл зөвлөлдөж А-гийн төрсөн эх, 2 ах, 1 үеэл ах нь орж ирээд "Бид нар Монгол хүний амь насыг аваръя, буянт үйл хийе” гэсэн харин үеэл ах нь "манай хамаатны нэг хүн бас элэгний донор хүлээгээд олж чадахгүй нас барсан. Тийм болохоор бид нар бас хүний зовлонг ойлгож байгаа учраас зөвшөөрье” гэж хэлж, донор болгох зөвшөөрлийг өгсөн.Тухайн цаг хугацаанд миний бие ар гэрт нь “миний зүгээс их баярлаж байна, бусдын амь насыг аврах энэрэнгүй сайхан сэтгэл гаргаж байгаад талархаж байна. Эрүүл мэндийн сайдын баталсан донорын зөвшөөрлийн хуудасны маягт байдаг юм. Үүнийг манай мэргэжилтэн Б- гаргаж өгнө, та бүгд танилцаад гарын үсгээ зураарай, 3 хүн гарын үсгээ зураарай " гэхэд нэг ах нь /хэн нь гэдгийг мэдэхгүй байна/ надаас “яг ямар ямар эрхтэн эд авах юм бэ?” гэж асуухад нь би түүнд “2 бөөр, элэг, элэгний эргэн тойронд байгаа судас, шөрмөс авна” гэж хэлсэн ба “за нэгэнт та нар маань зөвшөөрөл өгсөн учраас би дараагийнхаа ажлыг буюу донороос эрхтэн авах мэс заслыг зохион байгуулах, авсан эрхтнээ шилжүүлэн суулгах мэс заслаа зохион байгуулах зэрэг ажлуудаа эхлүүлэх хэрэгтэй байна” гэж хэлээд өрөөнөөс түрүүлээд гараад явсан. Тус өрөөнд манай мэргэжилтэн Э.Б- А-гийн гэр бүлийн гишүүдээр гарын үсэг зуруулж үлдсэн ба уг зөвшөөрлөөр элэг бөөр, шөрмөсийг авах зөвшөөрлийг ар гэрийн зүгээс өгсөн байсан. Донор болох зөвшөөрөл өгөгдсөний дараа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөр шилжүүлэн суулгах, Хавдар судлалын Үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах болон шөрмөс шилжүүлэн суулгах багуудын ахлагч нарт “донор гарлаа, та нар бэлтгэл ажлаа хангаарай” гэж мэдэгдсэн ба тус багууд баталсан зааврын дагуу донороос эс, эд, эрхтэн авах мэс заслыг гүйцэтгэн мэс заслын үйл явцын талаар мэдээллийг мэргэжилтэн Б-аас авч байсан. Шөрмөсийг авах хагалгааг хийхдээ анхных нь хэлбэрийг хадгалахын тулд буюу шөрмөсийг агшааж, бусдад мэс засал хийх бололцоогүй болох эрсдэлээс сэргийлж, бэхлэгдсэн ястай нь хамт авдаг ба шөрмөс авах мэс заслын багийн эмч нар илүү эс, эд, эрхтэн авсан зүйл байхгүй. Цөсний хүүдийгийн хувьд элэгтэйгээ наалдчихсан байдаг учраас, элгийг нь авахад хамтад нь авдаг. Миний бие тухайн цаг хугацаанд ямар эрхтэн авах талаараа ар гэрийн гишүүдэд нь хэлж зөвшөөрөл авсан бөгөөд эмнэлгийн мэс заслын зааврыг бүрэн танилцуулаагүйгээс болж үл ойлголцол тухайн цаг хугацаанд үүссэн байх ба би ямар ч хууль бус санаа зорилгоор хууран мэхэлж донороос эд эрхтэн авсан зүйл байхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Б-ы өмгөөлөгч Б.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс гэмт хэргийн субьектив талын шинжгүй үйлдлийг шууд санаатай гэмт хэрэг гэж үндэслэлгүй дүгнэсэн тухайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан “Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах” гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд шууд санаатай үйлдэгдсэн байхыг шаарддаг онцлогтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт санаатай гэмт хэрэг гэдэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн...” гэж тодорхойлсон. Уг гэмт хэргийн хувьд буруутай этгээд үйлдлээ ухамсарлан ойлгож, зориуд хүсэж үйлддэг бол гэмт хэргийн сэдэлт нь субъектийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн дотоод өдөөгч, ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Нотолбол зохих байдал” гэсэн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр"-ийг шүүх хуралдааны явцад нотолно гэсэн боловч П.Б-ы буруутгагдсан үйлдэл нь хэрэгт авагдсан шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шууд санаатай шинжтэй болох нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын үндсэн шинж болох гэмт хэргийн санаа сэдэлт, зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр бүрэн үгүйсгэгдэж байна. Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах гэмт үйлдэл хүний оюун санаанд эхэлж урьдчилан төлөвлөгдөж улмаар зориуд хор уршигт хүргэх идэвхтэй үйлдлээр илэрдэг онцлогтой. Санаатай гэмт хэрэг нь сэдэлтийн хувьд шунахай болон хувийн бусад сэдэлттэй эсэхийг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд гэмт хэргийн санаа сэдэлтийн тодорхойлж улмаар хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах үйлдэл түүний үр дагавар буюу учирсан хохирол шууд шалтгаант холбоотой байхыг тогтоосон байх шаардлагатай. Ямар ч эрүүл ухаантай хүн огт танихгүй бусдад донорын эд, эрхтэн олж өгч туслах замаар өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх гэмт үйлдэл гаргах санаа сэдэлт төрөхгүй гэдэг нь ойлгомжтой. Хэрэв эмнэлэгт цус, эс, эд, эрхтэн шилжүүлсэн ажиллагааны улмаас тухайн эмч мэс заслын үр дүнгээс ашиг хүртдэг, эсхүл хувийн эмнэлэгт хувьцаа эзэмшиж эмнэлгийн төлбөрөөс ашиг хүртдэг, гэр бүл, ойр дотны хүнд эд, эрхтэн хэрэгцээтэй байсны улмаас бусдыг хуурч мэхэлж, хүч хэрэглэх, заналхийлэх байдлаар авсан бол шууд санаатай шинж нь тогтоогдож болно. Харин П.Б- эмчийн тухайд улсын эмнэлэгт ажилладаг тул тухайн эд, эрхтэн шилжүүлэх ажиллагаанаас ямар нэгэн байдлаар ашиг хүртэх үндэслэлгүй, харин эсрэгээр ажлын ачаалал, хариуцлага нэмэгдэж байгаа төдийгүй мөн хэн гэдэгт донорт эд, эрхтэн нь тохирч шилжүүлэн суулгах талаар мэдээлэлгүй, энэ асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш тул хувийн санаа сэдэлт огт байхгүй, зөвхөн өөрийн ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэж байсныг илэрхийлж байна. Хуульд зааснаар гэмт хэрэг мөн биш эсхүл хайнга хандсан, хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээх зөрчил, эсхүл Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх үйлдэл үү гэдэг нь чухамдаа субьектив талын шинжийг бүрэн тодорхойлсноос шууд хамаарна. Иймд П.Б- нь Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах замаар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн гэх гэм буруу нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэрэглэвэл зохих хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн тухайд,
Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан “Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах” гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйлд заасан “Донорын тухай хууль зөрчих” гэснийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах гэмт хэрэг “хууран мэхлэх, хүч хэрэглэх, заналхийлэх” гэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд уг хэргийн хохирогч нь амьд донор болох нь тодорхой байна. Тухайлбал, 15.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “цус, эс авсан” гээд 2 дахь хэсэгт “эд, эрхтэн авсан” гэж хүндрүүлсэн бол 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдал, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байна. Үүнээс дүгнэхэд 15.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг нь хохирогч амьд буюу амьд донорт хамаарах зохицуулалт бөгөөд 3 дахь хэсэгт хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, гэр бүл ахуйн орчин, биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйлд заасан “Донорын тухай хууль зөрчих” гэсэн зүйлийн 6-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, эсхүл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хувийн сэдэлтгүйгээр бусад гуравдагч этгээдэд туслах зорилгоор амьгүй донороос эс, эд, эрхтэн зөвшөөрөлгүй авсан үйлдэлд хамаарч байна. Уг зүйлд “...эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ...” гэсэн нь Эрүүгийн хуульд заасан шунахай болон бусад хувийн сэдэлтээр хууран мэхлэх, хүч хэрэглэх, заналхийлэх аргаар үйлдэгдээгүй бол гэх ойлголтыг илэрхийлж байна. Анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийг тайлбарлахдаа зөвхөн хэлбэрийн шаардлага буюу амьгүй донороос эрхтэн авахыг ар гэрээс амаар зөвшөөрөл авсан атлаа бичгээр үйлдээгүй гэж буруугаар тайлбарласан байна. Угаас амьд болон амьгүй донороос эд эрхтэн авахад амаар зөвшөөрөл авах гэсэн ойлголт байхгүй бөгөөд гагцхүү тогтсон маягтын дагуу бичгээр зөвшөөрөл авах журамтай байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч П.Б-ы үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Б-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Б-ы өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид холбогдуулсан хэргийн хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хууль тогтоомжийг хууль хэрэглээний хувьд зөрүүтэй хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх П.Б-ыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн нотлоогүй, нотлох баримтын үндэслэл, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлаагүй бөгөөд бодит бус мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэгт үндэслэн дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай. бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ ...” 3 дахь хэсэгт “... Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана. ...” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан “... Хүний цус эс, эд, эрхтнийг хууль бусаар авах ...” гэмт хэргийн объектив тал нь амьд хүнээс эд эрхтнийг хууран мэхэлж авах үйлдэл байх хамгаалагдсан эрх ашиг нь хүний эрүүл мэндийн бүрэн, халдашгүй байдал, уг хууль бус үйлдлээ мэдсээр байж шууд санаатай үйлддэг гэмт хэрэг.
Донорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "амьгүй донор" гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан. нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг; 3.1.4 дэх хэсэгт "тархины үхэл" гэж тархины болон тархины багана хэсгийн бүх үйл ажиллагаа эргэж сэргэшгүйгээр алдагдсан байдлыг; 15.3-т “Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана ...” гэж заасан байдаг. Хохирогч нь тухайн цаг хугацаанд нас барсан байсан болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тархины үхэл тодорхойлох багийн хурлын болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн 15.3 дугаар заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, .. амьд болон амьгүй донороос эс, эд эрхтэн болон түүний хэсгийг хохирогчийн хүсэл зоригоос гадуур хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, авсныг ойлгох ...” гэж хуульд байхгүй үг үсэг болон нэршлийг хэрэглэж, хүн болон амьгүй донорыг нэг ойлголтоор авч үзсэн. Нэгэнт хохирогч нас барсан байсан учраас Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангах ямар ч боломжгүй. Мөн аливаа үйлдлийг гэмт хэрэг гэж үзсэн нөхцөлд уг гэмт хэргийн санаа, сэдэлт зорилгыг заавал тогтоосон байх ёстой. Ийм учраас хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад П.Б-ыг яллагдагчаар татах саналыг субъектив санаа зорилго нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр удаа дараа татгалзаж байсан боловч Эрүүгийн цагдаагийн газраас явуулсан албан бичгийн дараа ямар ч нэмэлт ажиллагаа хийгдээгүй байдлаар яллагдагчаар татсан. Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой. Иймд шүүгдэгчид хохирогчийн эрхтэн болох шөрмөсийг санаатайгаар хууль бусаар хууран авах санаа зорилго үүссэн, үүнийгээ мэдсээр байж гүйцэлдүүлсэн байхыг тогтоосон байх ёстой. Гэтэл ийм санаа зорилго энэ хэрэгт байсан гэдгийг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй, ийм үйлдэл болоогүй, хууран мэхлэх ямар ч үйлдэл гаргаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байтал шүүхээс бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэж мэдсээр байж хүсэж үйлдсэн гэсэн тодорхойгүй, баримтгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хэнд, эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашгийг зөрчиж, хохирол хор уршиг учруулсан талаар шүүх тодорхой дүгнэлтийг огт хийгээгүй. Үүнээс улбаалан энэ хэргийн хохирогчийн тухайд Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ ...” гэж тодорхой заасан ба эрүүгийн хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хүлээсэн, ийм үр дагавар гарсан байхыг шаарддаг. Шүүхээс амь хохирогч С.А-г хохирогч гэж үзэж, түүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, улмаар хохирогч нас барсан гэсэн үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулан шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл болсон. П.Б-ы үйлдлээс шалтгаалан амь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан зүйл огт байхгүй. Амь хохирогч нь авто тээврийн ослын улмаас нас барсан болох нь Гэмтэл согог судлалын нэгдсэн эмнэлгийн 2 удаагийн тархины үхэл тодорхойлох хурлын шийдвэр, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон. Иймд шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн гаргасан П.Б-д холбогдох үйлдэл нь ажлын байрны хариуцлага алдсан, эсхүл зөрчлийн шинж чанартай үйлдэл гэсэн үндэслэлийг няцаахдаа Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Донорын тухай хуулийн 15.2-т “...Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна” гэж заасан ба шүүгдэгчийн хувьд уг хуулийг зөрчсөн ямар ч үйлдэл гаргаагүй бөгөөд бүх баримтыг бүрэн үйлдсэн. Хэрвээ донороос бичгээр зөвшөөрөл аваагүй нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйлд заасан “... Хуульд зааснаас бусад тохиолдолд амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, эсхүл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ...” гэж нарийвчлан заасан байдаг. Гэтэл шүүх уг заалтыг ямар ч хууль, хэм хэмжээний актад байхгүй нөхцөл зааж, буруугаар тайлбарлан хэрэглэсэн бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан үйлдлийг Эрүүгийн хуульд шууд хамаатгуулан тайлбарласан. Эрүүгийн хуульд амьгүй донороос зөвшөөрөлгүй эд эрхтэн авах асуудлыг хуульчлан заасан зохицуулалт байхгүй. Шүүхээс П.Б-ыг буруутгахдаа зөвхөн эмзэг гэрчийн мэдүүлгүүд буюу эрх ашиг сонирхол нэг гэрчийн мэдүүлгийг л үндэслэж ар гэрээс нь шөрмөс авах зөвшөөрөл аваагүй мөртлөө шөрмөс, түүний бэхлэгдсэн байсан тулгуур эдийг цөсний хүүдийн хамт хуурч мэхлэх байдлаар авсан гэж үзсэн. Гэтэл судас болон шөрмөсийг авна гэдгийг хэлсэн гэдгийг гэрч Э.Б- тодорхой мэдүүлсэн ба уг зөвшөөрлийн хуудсыг бөглөсөн байдаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч нар шөрмөсний талаар яригдаагүй гэж байгаа мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй буюу батлагдсан маягтыг анзаараагүй зурсан гэдгээ нотолсон ямар ч тайлбар хэлээгүй бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар үгүйсгэгдэж байгаа. Иймд дээрх нөхцөлийг үндэслэн П.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв
Шүүгдэгч П.Б-ы өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэхгүй” гэж, 4 дэх хэсэгт "Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, ... соёрхон баталсан, нэгдэн орсон Олон Улсын гэрээнд заасан тодорхойлолт хэм хэмжээг баримтална гэж, 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж тус тус заасныг шүүх баримтлаагүй. Үхэл гэдэг нь амьдралын чухал эрхтнүүдийн тухайлбал тархи, зүрх, амьсгалын үйл ажиллагаа зогсож, эд эрхтэнд эргэшгүй өөрчлөлт орох процесс юм. Үүнээс хойш биологийн хувьд хүн гэдэг нэр томъёо хэрэглэгдэхгүй бөгөөд эртхэн шилжүүлэх анагаах ухаан болон донорын хууль тогтоомжид (амьгүй донор) гэдэг нэр томъёогоор тодорхойлогдож, уг амьгүй донороос эд эрхтнийг авах эрх зүйн үндэслэл үүсэж, мэс ажилбарууд хэд хэдэн үе шаттай хийгддэг. Үүнд: Эд эрхтнийг тайрч авахын өмнөх үйлдэл, үүний дараа эрхтнийг тайрч авах үйлдэл хийгдэнэ. Яг энэ үйлдэл нь нас барсны дараа (зүрх, амьсгал зогссоны дараа) хийгддэг. Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн гэм буруугийн зарчмын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг хангаагүй нөхцөл байдалд шинжлэх ухааны (Анагаах ухааны болон хууль зүйн) болон хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүй зөвхөн зөвшөөрөлгүй шөрмөс (эд) авсан гэх үйлдлийг хүнийг хууран мэхэлж эд, эрхтнийг авсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эд эрхтнийг хуурч мэхлэх замаар авсан” байх шинжийг агуулсан байх ёстой бөгөөд хүн гэдэгт гагцхүү уг хэргийн хохирогчийг заасан төдийгүй уг хүн нь хуурч мэхлэгдсэн байх ёстой. Гэтэл энэ зүйл ангийн хохирогч хүн болох С.А- нь авто осолд орж гавал тархины хүнд гэмтэл авч тархи нь үхжиж “Тархины үхэл”-д орсон, амьдрах боломжгүй “амьгүй донор” байсан нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байна. Түүнчлэн, амьсгал зүрх судасны үйл ажиллагааг эмийн болон зохиомол амьсгалын аппаратаар явуулж, элэг болон бөөрийг эхний ээлжинд тайрч авах бэлтгэл мэс ажилбарыг хийж дуусмагц зүрхийг зогсоож, нас бармагц элэг түүний дараа хоёр бөөрийг тайрч гол судсыг тайрч, салгаж авч хамгийн сүүлд шөрмөсний эдийг авсан нь хөдөлбөргүй тогтоогджээ. Өөрөөр хэлбэл хүнээс биш цогцсоос шөрмөсний эдийг авсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1.1, 1.8-т заасан нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
ГССҮТөв эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1хх 067-69/ 2023 оны 08 дугаар сарын 06 биеийн ерөнхий байдал маш хүнд, ухаангүй, артерийн даралт 79/54 мм, орчиндоо харьцаагүй; ГССҮТөв эмнэлгийн 12076 тоот өвчний түүхэнд: Үндсэн онош: Гавал ясны нийлмэл хугарал, тархины тархмал няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархи шаантаглал, гэмтлийн дараах комын байдал, тархины үхэлтэй донор. Хүндрэл: Төвийн шалтгаант амьсгал, зүрх судасны хурц дутагдал. Тархины баруун тал бөмбөлгөөс хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал. Дээрх онош нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн компьютер томографын шинжилгээгээр оношлогдсон. Мэс заслын тэмдэглэл (хх х)-д: ... Баруун зулай, чамархайн хэсэгт ... 10x8 см харьцаатай ясыг ... авч шалгахад хатуу хальс маш их чинэрэлттэй хөхөрсөн байв. ...хатуу хальсыг нээхэд улаан хүрэн цусаэ бүлэн өөрийн даралтаар урсан гарч байсан...Тархины үхлийн шинжлэн бүртгэх карт /1хх 70/ С.А-, 31 настай, эмэгтэй. 2023 оны 08 дугаар сарын 05-нд авто-осолд орсон. Ухаангүй, глазго-3 балл, комын байдалтай, цус эргэлт тогтворгүй, инотропон дэмжлэгтэй. (Эрхтэн шилжүүлэх явцад 2023 оны 08 сарын 07, 21 цаг 57 минутад нас барсан). Тархины үхэлтэй донороос эс, эд эрхтэн авсан тухай тэмдэглэл хөтлөх карт: /1хх 75/, Тархины үхэл тодорхойлсон: 2023 оны 08 сарын 07-ны өдөр, 10 цаг 40 минут, Мэс засал эхэлсэн: 2023 оны 08 сарын 07-ны өдөр, 19 цаг 42 минут, Мэс засал үргэлжилсэн цаг: 07 цаг 05 минут, 23 цаг 50 минутад 2 хөлийг тусгаарлан 2 хөлийн тойгны ясыг холбоос шаант ясны дунд чөмөгний доод булуу, шилбэний урд шөрмөс, борвины шандас шөрмөсийг суллан авч ... шарханд үечлэн хааж боолт хийв. ... Шүүх шинжилгээний ерөнхий төвийн шүүх эмнэлгийн шинжээч Э.Эрхэмбаярын мэдүүлэг /1хх 132/-т: ... Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэлтэй, суурь яс, дух, дагз ясны хугаралтай хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалттай, тархины эдийн няцралтай байсан... тархины хүнд гэмтэлтэй байсан нь үхлийн гол шалтгаан болсон, амь насыг аврах боломжгүй гэмтэл;
...задлан шинжилгээ хийхэд элэг, 2 ширхэг бөөр, гол судасны доод хэсгээс мэс заслаар тайрагдсан байсан...,Би доод мөчдийг нээж задлан шинжилгээ хийгээгүй. ...Гэрч Т.А-ын мэдүүлэг /хх-135/-т: 2023 оны 08 сарын 07-ны өглөө тархины үхэл тодорхойлох баг хуралдаж шийдвэрээ гаргаж ар гэрийнхэнтэй нь уулзаж “Тархины үхэл ” гэх онош, цаашид яах талаар тайлбарласан гэжээ.
Гэрчээр П.Б-ы мэдүүлэг /1хх-155/-т: Мэс заслаар донор С.А-аас 2 бөөр, элгийг авсан. Бөөр болон элгийг авахдаа ойролцоох судастай нь авсан... тэгээд мэс заслын багийнхан 2 хөлийн шөрмөсийг авах мэс заслыг Энхтайван, Мөнхбат эмч нар хийсэн...,гэрч Б-ын мэдүүлэг /1хх-173/-т: ... “Амьгүй донор’’ гэж тархи нь эргэж сэргэшгүй өөрчлөлтөд орсон, тархины үхэлтэйг ойлгоно. Эмийн болон аппаратны тусламжтайгаар амин эрхтнүүдийн хүчээр ажиллуулдаг..., гэрч Г.Ганболдын мэдүүлэг /1хх-187/-т: Бөөр авах багийн хамт 19 цаг орчимд ГССҮТөвд очсон. ХСҮТөвөөс элэг авах мэс заслын баг эхэлж орж, элгийг авахад бэлэн болгож үүний дараа манай бөөр авах баг ... хоёр бөөрний судсыг орчны эдээс чөлөөлөн авахад бэлэн болгосон. Энэ бүхний дараа элэг дахин орж хэвлийг угаах гуурсыг судсанд байрлуулан хэвийг угаах дуусах үед зүрх зогсож С.А- нас барсан. Үүний дараа элэгний баг элгийг авсан, дараагаар манай бөөр авах баг хоёр бөөрийг нь судас, шээлүүрийн хамт авсан ... манай хагалгааны дараа шөрмөс авах багийн хүмүүс гээд эмч пар ирчихсэн байсан гэжээ.
Гэрч Р.М-ын мэдүүлэг /хх-199/-т: ... 19 цаг 42 минутад элэг суллах ажилбар хийгдсэн, үүний дараа бөөр авах тусдаа мэс заслын баг элэг, бөөрийг цусгүйжүүлэх, угаах ажилбар хийгдэж 22 цаг 18 минутад мэс засал дууссан, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /1хх-2028/-т: ... Манай шөрмөс авах хагалгааны өмнө элэг, 2 бөөр авах хагалгааг тус тусдаа эмч нарын баг нь ирж хийгээд дуусчихсан байсан. Манай шөрмөсний баг хагалгааг эхлэх үед С.А-ийн зүрхийг хиймлээр дэмжих ажиллагааг зогсоочихсон байсан. Өөрөөр хэлбэл түүний зүрх нь зогсчихсон нас барсан байхад нь хагалгааг хийсэн. ШШЕГ-ын шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /2ХХ-50-62/-д: ... 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр С.А-г тархины үхэлтэй болохыг тодорхойлж эрхтэн шилжүүлэн суулгах багийн мэс заслын эмч нар элэг, цөсний хүүдий, 2 бөөрийг судасны багцын хамт, тойгны шөрмөс, саран жийргэвч мөгөөрс ... шөрмөснүүдийг авсан байна. ... элэг шилжүүлэн суулгах баг, бөөр шилжүүлэн суулгах баг, үений мэс заслын баг нь заавар болон ЭМ сайдын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн А/123 дугаар тушаалын “донороос эд, эрхтэн авах, хадгалах, тээвэрлэх, устгах журмын дагуу ажилласан байна ” гэжээ. Тархины үхэл тодорхойлох багийн хурлын протокол /2хх-49-52/, тархины үхэлтэй донороос хоёр бөөр авах мэс засал /II хх 53-54/, мэс засал эхэлсэн цаг: 18 цаг 32 минут, дууссан цаг: 23 цаг 40 минут... элэг авсны дараа ... Аорт болон дээд хөндийн венийг өрцний доор тайрч бөөртэй хамт доош ялгав. Аорт болон дээд венийг аарцгийн орох хэсэгт тайрч хоёр бөөрийг авлаа..., мэс заслын тэмдэглэл (шөрмөс!) /2хх-55х/-д: Мэс засал эхэлсэн: 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, 23 цаг 50 минут, үргэлжилсэн цаг: 02 цаг 15 минут. Тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын тэмдэглэл /2хх-80-81/-д: Мэс засал эхэлсэн цаг: 2023 оны 08 сарын 07-ны өдөр, 19 цаг 42 минут, дууссан цаг: 2023 оны 08 сарын 07-ны өдөр 22 цаг 18 минут.
Дээрх нотлох баримтуудаар дараах нотолбол зохих нөхцөл байдлууд тогтоогджээ.
Үүнд: “Тархины үхэл”-тэй амьгүй донор С.А-аас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 42 минутаас эхлэн элэг болон 2 бөөрийг авах ажилбар хийгдэж энэ ажилбарын явцад гол судас (АОРТ) болон элэг, бөөрийг тэжээгч артери, венийн (хураагуур) судсууд таслагдаж хүчээр зохиомол амьсгал аппаратаар хийж эмийн үйлчлэлээр зүрхийг цохиулж байсан процесс дуусаж, зүрх амьсгал зогсож 2023 оны 08 дугаар сарын 07-ны 21 цаг 57 минутад нас баржээ. Үүнээс хойш 2023 оны 08 дугаар сарын 07-ны 23 цаг 50 минутаас “Хөлийн шөрмөс, холбоос гэх мэт” эдийг авах ажилбар хийгдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон. Энэ нь ГССҮТөвийн 12076 дугаартай өвчний түүхээр эргэлзээгүй нотлогдсон.
Амьгүй донороос элэг авах явцад зүрх зогсож нас барсны дараа буюу цогцсоос 22 цаг 35 минутад 2 бөөр авч, үүнээс хойших хугацаанд яс, шөрмөсний эд авсан нь эмнэлгийн бичиг баримт, гэрчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2133 дугаартай “Цогцост задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үйлдэл байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-г үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-гийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлын хамгийн эхний агуулга нь тухайн эрхтэн авсан донор амьгүй байсан учраас энэ зүйл ангид хамаарахгүй гэдэг агуулгатай зүйлийг ярьж байна. Донор амьтай байсан. Өөрөөр хэлбэл, ар гэрийнх нь 17 цагт зөвшөөрөл өгөөд талийгаачтай уулзаад гарахад гар, хөл нь бүлээн байсан гэдэг тайлбар ярьдаг. Мөн 19 цагт донорын хагалгаа эхлэхэд мөн амьтай байсан. Эмнэлгийн зүгээс бид зүрхийг нь хүчээр ажиллуулж буюу эмнэлгийн аргаар ажиллуулж байсан гэж ярьж байгаа боловч эцэг, эх, ар гэрийнх нь “амьтай байсан” гэдэг тайлбарыг удаа дараа мэдүүлсэн. Ингээд 21 цаг 45 минутад зүрх зогссон асуудал хэрэгт авагдсан. Тэгэхээр донор анхнаасаа амьтай байсан. Магадгүй амьгүй донороос авсан учраас энэ зүйл ангид хамаарах гэмт хэрэг биш ээ гэж үзэж байгаа бол амьгүй болчихсон бүх хүнээс хэний ч зөвшөөрөл авахгүйгээр бүх эд, эрхтнийг нь авах боломж хуулиар нээгдэнэ гэсэн агуулга давхар яригдаж эхэлнэ. Тэгэхээр хуульд амьгүй донор гэж заагаагүй. Хүн амь тавьсан ч, амьд байсан ч хүн хүнээрээ л байна. Гэтэл амьгүй болчихоор энэ зүйл, анги хамаарахгүй, зөвшөөрлийг авахгүй, авах байсан ч шаардлагагүй, авчихсан гэдэг байдлаар буюу өөр өөр тайлбар хэлж байгаа нь ойлгомжгүй байна. Нэмж хэлэхэд ар гэрийнхэн нь “элэг болон хоёр бөөр гэсэн гурван эрхтнийг нь аваарай. Энэ нь хэвлийн тус газраас авна биз дээ. Өөр юунд нь ч битгий хүрээрэй гэж бид гуйсан. Ингэж хэлэхэд Б- эмч өөрөө “тийм ээ, бид нар өөр юунд нь ч хүрэхгүй ээ” гэж бидэнд амлаад, биднээс зөвшөөрөл аваад гарын үсэг зуруулаад гарсан” гэдэг. Энэ нь давхар юугаар нотлогддог вэ гэхээр Заригийн лайвд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан байдаг. Хоёр бөөр, элэг гэж байхаас биш үүн дээр нэмээд шөрмөс, цөсний хүүдий гэсэн үг үсэг огт байгаагүй. Магадгүй зөвшөөрөл авсан гэж үзэж байгаа бол зөвшөөрлийн хуудсан дээр цөсний хүүдий гэдэг нь тусдаа эрхтэн байдаг гэдгийг эмнэлгийн ажилтанууд бүгд ярьчихсан. Тэгтэл цөсний хүүдийг яагаад бичээгүй юм. Тэгвэл шөрмөс гэдэг үгний цаана долоон тооны эд, эрхтэн яс цуг авагдчихсан байсан. Шарил шинжлэн судлах ажиллагаанд би биечлэн оролцсон. Өвдөгний үе бүхэлдээ байхгүй, шаант яс бүхэлдээ байхгүй, булуу яс бүхэлдээ байхгүй, өсгий саран жийргэвч бүхэлдээ байхгүй, ингээд долоон тооны ясыг зөвхөн шөрмөс гэдэг үгээр далдлаад Донорын тухай хууль болон журмаа зөрчсөн гэж шүүхийн шийдвэрт тусгасан нь үндэслэлтэй. Журам дээр донорын ар гэр болон донорт нь ямар, ямар эд эрхтнийг яаж донорлох талаар үнэн зөв бодит мэдээллийг өгнө гэдэг журам нь зөрчигдчихсөн. Донорын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт амьгүй донороос донор хийвэл яаж авах вэ гэдэг зохицуулалт нь байгаад байгаа энэ асуудал зөрчигдсөн гэж үзэж байгаа. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохироогүй шүү дээ гэдэг асуудлыг давж заалдах гомдолд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт удаа дараа хэлсэн. Хохирсон, яаж хохирсон гэхээр, хүүхдээ оршуулах гээд өргөхөд хөл хэсэгтээ ямар ч ясгүй байснаас болоод эхийн сэтгэл санаа хямарч одоо болтол тэнхэрч чадахгүй маш хүнд байдалтай байгаа. Үүнийг хохирол гэхгүй өөр юуг хохирол гэх юм бэ. Сэтгэл санааны хохирол нүдэнд ил харагдаж, гарт баригдахгүй ч гэсэн насан туршдаа сэтгэл санааны өвчтэй, зовлонтой үлдээж байгаа нь өөрөө хохирол. Хохирогчийг Б-ы үйлдлээс болж нас барсан гэж маргаагүй. Гэхдээ гуравхан эрхтэн шүү гэж зөвшөөрч байхад энэ хүмүүсийн итгэлийг нь далимдуулаад хуураад, төөрөгдүүлсэн байдлаар шөрмөс гэдэг үгээр далдлаад илүү долоон тооны яс авсан дээр гомдол гаргасан болохоо удаа дараа мэдүүлсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч өгнө үү.
Өөр, өөр цаг хугацаанд тэр үгнүүд бичигдсэн нь тогтоогдоогүй гэж байна. Тэгвэл нэг цаг хугацаанд бичсэн болох нь мөн нотолсон асуудал байхгүй. Эмчийн хувьд хүмүүсийн эрүүл мэндийн төлөө, сайн сайхны төлөө эд эрхтнийг нь аваад цаашаа донорт хийчихсэн нь гэмт хэргийн шинжгүй гэдэг агуулгыг ярьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан үйлдэл нь хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүйгээр аваад л төгсөөд байгаа болохоос биш ямар нэгэн байдлаар ашиг олох цаашаа худалдаа наймаа эрхэлсэн асуудал байх юм бол өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн буюу хүн худалдаалах гэмт хэргийн шинж орж ирэх байсан. Тэгэхдээ бид хэн нэгнийг ашиг олсон гээгүй. Ашиг олсон байхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй. Гурван гэрчийн мэдүүлгээр ялласан гэдэг. Зөвшөөрөл өгсөн хүмүүсийнх нь гарын үсэг учраас тэр хүмүүсийг шүүх танхимд дуудаж асуусан гэдгийг тодруулах нь зүйтэй.
Прокурорыг цагдаагийн байгууллагаас нэг албан бичиг өгөнгүүт яллагдагчаар татчихсан гээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Гомдол гаргаснаас хойш ойролцоогоор 8 сар ажиллагаа явагдсан. Үүн дээр би удаа дараа прокурорт гомдол гаргаж байсан. Яллагдагчаар татаач ээ, яагаад татахгүй байгаа юм бэ, хохирогчийн эрх ашиг хөндөгдөөд байна гэдэг агуулгаар гаргасан. Прокуророос ямар хариу ирж байсан гэхээр “ажиллагаа явагдаж байна. Бид нар шалгах зүйлээ шалгачихаад яллагдагчаар татах эсэх асуудлаа шийдвэрлэнэ” гэсэн. Ингээд хавтаст хэрэгтэй танилцахад мөрдөн шалгах ажиллагаа маш сайн хийгдсэн байсан. Цагдаагийн албан бичиг очсоны дараа буюу 7-8 сарын турш маш олон гэрч асуусан байсан, дансны үзлэг явагдсан байсан, эмнэлгийн байгууллагын хагалгааны багийг бүгдийг нь асуусан байсан. Ойролцоогоор 50 орчим хүн асуусны дараа яллагдагчаар татах ажиллагаа явагдсан. Үүн дээр цагдаагийн байгууллагын албан бичиг авснаар биш бүх ажиллагаа явагдаж дуусахыг прокурор хүлээж байсан гэж би ойлгож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надаас зөвшөөрөл авахдаа элэг, хоёр бөөрийг нь авна гэж хэлсэн. Өөр зүйлд нь хүрэхгүй гэж амласан. Элэг, бөөр авахад ганц нэг судас авч магадгүй шүү. Учир нь өөр хүнд элэг, бөөрийг нь суулгахад цаад хүнийх нь судас гэмтчихсэн байх нөхцөл байдаг юм. Тийм зүйл гарч магадгүй гэсэн. Шөрмөс гэдэг дээр би огт санал нийлэхгүй байна. Би охин дээрээ ороход охины маань хөл, гар нь бүлээхэн байсан. Толгойноос бусад зүйл нь зүгээр байсан. Толгойг нь л боосон байсан болохоос бусад нь бол яг л амьд хүн шиг халуун, бүлээн байсан. Шөрмөс авна гэж хэлээгүй байж авсан болохоор гомдолтой байна. Түүнээс биш Б- эмчийн мууг үзээд энэ хүнээс ашиг хонжоо хараад “миний охиныг ингэсэн” гэж гомдол бичээгүй. Энэ хүнийг муу юм руу явуулчихъя гэсэн сэтгэл надад байхгүй. ...” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлье. Гомдолдоо “анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байна. Уг хэрэгт санаа сэдэлт хамаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Шүүгдэгч Б- нь өөрийн үйлдлийн улмаас хохирол хор уршиг учирна гэдгийг мэдсэн, хууль бус гэдгийг нь мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэдгийг шийтгэх тогтоолд тодорхой заасан. Мөн Эрүүгийн хууль тогтоомжийг хууль хэрэглээний хувьд зөрүүтэй хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна гээд гомдол гаргасан. Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нөхцөл байдал байхгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд амьд болон амьгүй донороос эд эрхтэн болон түүний эрхтний хэсгийг хохирогчийн хүсэл зоригоос гадуур эмнэлгийн болон эмнэлгийн бус нөхцөлд хууран мэхэлж эсхүл хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж авсныг ойлгоно гэж заасан. Шүүгдэгч Б-ы зүгээс амь хохирогчийн ар гэрийнхнээс хоёр бөөр, элгийг нь авна гэдэг байдлаар хэлж зөвшөөрлийг авсан боловч бусад эд эрхтнийг нь зөвшөөрөлгүй авсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууран мэхэлж хүний эд эрхтэнг авсан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэж байна.
Мөн гомдолдоо “анхан шатын шүүх Б-ыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн нотлоогүй нотлох баримтын үндэслэл болсон гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлаагүй бөгөөд бодит бус мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэгт үндэслэн дүгнэсэн” гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль ёсны нотлох баримтуудыг бүгдийг нь цуглуулж, бэхжүүлж авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоосон гэж үзэж байна. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-, гэрч Э-, Т-х нарын мэдүүлэг авагдсан. Мөн эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах төвийн мэргэжилтэн Б-ын мэдүүлэг, эмч Ариунжаргалын мэдүүлэг, эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Гантуяа, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын багийн эмч Бямбаренчин, Мөнх-Аварга, Баян-Өндөр, Ганболд гээд эдгээр хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд бүгд энэ хэрэгт авагдсан. Зам тээврийн ослын улмаас энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмчийн дүгнэлт нь байна. Мөн гэрчээр шинжээч эмч мэдүүлэг өгсөн. Задлан хийсэн шинжээч эмч Бадрал, Амартүвшин, Баяртогтох нарын мэдүүлгүүд болон хэрэгт нотлох баримт хангалттай авагдсан. Хэргийг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл байхгүй. Бүх ажиллагааг хангалттай хийсэн. Мөн Эрүүл мэндийн сайдын А/26, А/98 дугаартай тушаалууд хэрэгт авагдсан. Донорын тухай хуулийг яаж хэрэгжүүлэх вэ, хүнээс эд эрхтэнг нь яаж шилжүүлж авах вэ, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв яаж ажиллах юм, албаны дарга нь яаж ажиллах вэ гэдгийг бүгдийг нь зохицуулчихсан, тогтоосон нөхцөл байдлууд энэ хэрэгт тогтоогдсон. Тэгэхээр өмгөөлөгч нарын гаргасан нэг бүрчлэн нотлох баримтуудыг цуглуулаагүй, эх сурвалжийг нь заагаагүй гэдэг нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Харин эдгээр нотлох баримтуудыг яаж үгүйсгээд нотлох баримт биш гэж үзээд байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд хүний эс, эд эрхтнийг хууль бусаар авах гэж заасан болохоос биш энэ нь амьд хүн байна, үхсэн хүн байна гэдэг юм уу, эсвэл амьтны эд, эс, эд эрхтэн гээгүй, малын эс, эд эрхтэн гээгүй шүү дээ. Хүн нас барсан ч бай, амьд ч бай хүний эрх ашиг зөрчигдсөн бол энэ хуульд заасан хариуцлагаа хүлээх ёстой. Өмгөөлөгч нараас амьд байсан, амьгүй байсан гээд байна. Уг хуулийн зүйл заалт нь Донорын тухай хуультай холбогдож байгаа. Донорын тухай хуульд амьгүй донор гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа нь сэргэшгүй алдагдсан гэсэн. Энэ хоёр тус тусдаа ойлголт. Амь хохирогчийн зөвхөн тархи нь эдгэршгүй буюу сэргэшгүй байгаа болохоос биш бусад эд эрхтэн нь ажиллаж байсан учраас амьд хүн гэж үзсэн. Гэтэл хохирогч нэгэнт үхсэн байгаа учраас хүний эс, эд эрхтнийг хуурч авах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болохгүй гэж үзэж байгаа нь буруу. Хохирогч тухайн цаг хугацаанд нас барсан байсан болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тархины үхэл тодорхойлох багийн хурлын протокол болон шинжээчийн дүгнэлт, хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон гээд гомдол гаргаад байдаг. Тухайн цаг хугацаанд хохирогч амьд байсан. Өөрийнхөө хүсэл зориг, өөрийнхөө эрх зүйн байдлаа хамгаалж чадахгүй байгаа л хүн. Амьгүй донороос эд эрхтнийг авахаар бол зөвшөөрлийн хуудсыг нь түүний төрсөн эцэг, эх, гэр бүлийн гишүүдээс авна гээд заасан. Тэр гэр бүлийнх нь гишүүдээс авсан уу, авсан. Төрсөн эхээс нь авчихсан, төрсөн ахаас нь авчихсан. Амьд байх үед нь зөвшөөрлийг нь авсан. Түүнээс биш нас барсных нь дараа аваагүй. Зөвшөөрлийг авах гэж 17 цагаас 19 цаг хүртэлх хугацаанд 2-3 удаа ар гэрийнхэнтэй нь уулзсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Элэг, бөөрийг суллаад авсны дараа зүрх 21 цаг 57 минутад зогссон. Зүрх зогсохоос өмнө амьд байсан гэж үзнэ. Хүний эс, эд эрхтнийг хууль бусаар авах гэмт хэрэг болохоос биш амьд малын эсвэл амьтны гэж байхгүй. Тэгэхээр өмгөөлөгч нарын хэлснээр нас барсан байх юм бол уг хууль хэнийг хамгаалах юм бэ. Юуг хамгаалах юм бэ. Хохирогчид ямар хохирол учирсан юм бэ. Учирсан хохирол байхгүй гээд байдаг. Эрүүл мэндээрээ хохирч байна шүү дээ. Зөвхөн элэг, бөөрийг нь авна гээд зөвшөөрөл авчихаад шөрмөсийг нь авсан. Шөрмөсийг нь авахдаа бэхлэгдэх хэсэгтэй нь авсан. Би анхан шатны шүүх хуралдаанд тайлбар өгөхдөө “шөрмөс гэдэг зургаан үсгийн цаана долоон төрлийн бэхлэгдэх яс байна” гэсэн. Экскумацид ороход өвдөгнөөс дооших ямар ч эд, эс байхгүй байсан. Яс орлуулагч хийгээд тэрийг нь буцаагаад оёчихсон тийм нэг бамбайсан л юм байсан. Тэр хүний эрүүл мэнд биз дээ. Эд эрхтнийг нь салгаад авна гэдэг чинь тэр хүний эрүүл мэндэд хохирол учирч байна гэж үзэж байна. Мөн хэрэг бүртгэлтийн явцад Б-ыг яллагдагчаар татах саналыг субъектив санаа зорилго нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр удаа дараа татгалзаж байсан. Эрүүгийн цагдаагийн газраас явуулсан албан бичгийн дагуу ямар ч нэмэлт ажиллагаа хийгдээгүй байхад яллагдагчаар татсан гэж өмгөөлөгч Г.Оюунцэцэг маргаад байна. Сэдэлт, санаа зорилгыг тогтоохын тулд нотлох баримтуудыг бүгдийг нь тогтоох шаардлагатай байсан. Хувийн байдлуудыг бүгдийг нь тогтоосон. Дансны хуулгад үзлэг хийсэн. Элэг шилжүүлэн суулгах, суллах, бөөр шилжүүлэн суулгах, шөрмөс суллах ажиллагаануудтай холбоотой бүх гэрч нарыг байцаасан. Шөрмөс авсан 8 хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Ямар нэгэн хувийн ашиг сонирхол байна уу, ямар нэгэн мөнгө, төгрөг авсан байдал байна уу, үгүй юу, эрүүл мэндийн даатгалаар төлөгдсөн байна уу, үгүй юу, бусад хүмүүс донороос эд эрхтнийг авсан байхад янз бүрийн асуудал үүссэн үү, үгүй юу гэдгийг бид нар бүгдийг нь тогтоох шаардлагатай байсан. Мөн прокурорын зүгээс хууран мэхэлж гэдгийг ойлгохдоо итгэл эвдэх, бодит байдлыг нуун дарагдуулах аргаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг шүү дээ. Залилах гэмт хэрэг ч тийм байдаг. Тухайн цаг хугацаанд амь хохирогчийн ар гэрийнхэнд ямар итгэл үнэмшлийг төрүүлсэн бэ гэхээр элэг, хоёр бөөрийг нь авна гэдэг л итгэл үнэмшил төрүүлсэн. Уг итгэл үнэмшлийн цаана бодит байдлыг нуун дарагдуулсан зүйл нь шөрмөсийг нь авчихсан, мөн цөсний хүүдийг авчихсан байдаг. Бодит байдлыг нуун дарагдуулчихсан байна. Хууран мэхэлчихсэн байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзсэн. Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой зааж дүгнэсэн. Донорын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.6 дах заалтад “авлагагүй, сайн дурын байх” гэж заасан. Амьгүй донор байхаас гадна амьтай донор ч байгаа. Цус, эс, эрхтэн бүгд донор. Энэ бүхэн авлагагүй, сайн дурынх байх ёстой. Итгэлцэл дээр л уг харилцаа тогтож байсан. Шүүхээс амь хохирогч Алунгоог хохирогч гэж үзэж түүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хохирогч нас барсан гэсэн үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гээд байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж заасан. Тэгэхээр өмгөөлөгч Г.Оюунцэцэгээс гаргаад байгаа хохирогчийг зөв тогтоогоогүй байна гэдэг нь үгүйсгэгдэж байна. Өмгөөлөгч Б.Цэнгүүн давж заалдах гомдолдоо нас барсан гэж дурдсан. Уг хэргийн улмаас амь хохирогч нас бараагүй. Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйлд “хуульд зааснаас бусад тохиолдолд амьгүй донороос эс, эд эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл эсвэл түүний төрсөн эцэг, эх … хүмүүсийн зөвшөөрлийг бичгээр аваагүй нь …” гээд заасан. Гэтэл зөвшөөрлийн бичгийг авсан. Авахдаа тухайн үед нь бүрэн танилцуулалгүй гарын үсэг зуруулсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэж заасан. Зөвшөөрлийн хуудас авчихсан учраас Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйлд хамаарахгүй гэж үзэж байгаа. Амь хохирогч Алунгоо нь Монгол Улсын хэмжээнд амьгүй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах 70 дахь донор байсан. Үүнээс хойш 5 донор гарч ирсэн гэж байсан. Манай улс Донорын тухай хуультай зөвшөөрлийг авсан ч гэсэн хууль бусаар аваад байх юм бол эдгээр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд л яваад байна. Үүнийг л хөндөхгүйн тулд өнөөдөр уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Мөн хүн ёсны хувьд ч харахад маш эмзэг асуудал харагддаг. Эхийнх нь хувьд гол хэлж байгаа зүйл нь “шөрмөс гэж хэлээгүй, хэлсэн бол бид өгөхгүй байх боломжтой байсан” гэдэг. Ийм тохиолдол урьд нь гарч байсан уу гэж сэтгүүлчид Б- эмчээс асуухад “үгүй, анхны тохиолдол” гэж хариулсан байдаг. Бид бүх нотлох баримтыг үнэлэх ёстой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ын /хамгийн анх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож байгаад мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болсон/ талийгаач С.А-гийн биеэс эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан талаар www.zarig.mn веб сайтад хандан, тус сайтад нийтлэгдсэний дагуу гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, Э.Алтанхуяг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. /1хх 1, 10/
Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, шүүгдэгч П.Б- нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 05-аас 8 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын замд зам тээврийн осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон С.А-гийн ар гэрийн хүмүүс болох төрсөн эх Д.А-, төрсөн ах С.Т-х, үеэл ах Э.Э- нараас элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч С.А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-гийн “...талийгаач охин С.А- маань авто тээврийн осолд өртөж, улмаар тархины үхэлд хүрсэн юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Б- гэх хүн нэг эмэгтэй ажилтантайгаа ирж С.А-гийн төрсөн ах Б.Т-х, нагац ах нь болох Э.Э- болон надтай уулзаж “та бүхэн С.А-г донор болгооч, бид нар түүнээс зөвхөн элэг, 2 бөөрийг нь авна, та бүхэнд хэцүү зүйл тохиолдсонд харамсалтай байна, энэ бүхэн эргээд олон хүнд буян болох юм” гэж санал тавьсан. Бид нар анх удаа л ийм санал сонсож байгаа учраас тодорхой шийдвэр гаргаж чадахгүй хэсэг эргэлзэж, тээнэгэлзэж байгаад би эцсийн шийдвэрийг гаргаж С.А-гийн үлдэж байгаа 3 хүүхдэд нь буян болог гэж бодоод П.Б- эмчийн хэлсэн зөвхөн элэг, 2 бөөр гээд 3 эрхтнийг нь донор болгож өгөхөөр зөвшөөрсөн. Эмчийн өрөөнд П.Б- эмч болон түүнтэй хамт яваа ажилтан нь гэх хүнтэй Э.Э-, Б.Т-х бид гурав уулзаж ярилцсан. Тэгэхэд би П.Б- эмчид “бид нар зөвхөн элэг, 2 бөөрийг нь л өгнө шүү, охины минь өөр зүйлд хүрэхгүй биз дээ” гэхэд П.Б- эмч “ёстой элэг, 2 бөөрнөөс нь өөр зүйлд хүрэхгүй, бид нар амлаж байна, харин элэг, 2 бөөрийг нь авахад ойр орчимд нь байдаг судсыг авч магадгүй шүү” гэхээр нь би гайхаад “тэр хавьд нь байдаг судас бол яах вэ зөвшөөрье, үүнээс нь өөр зүйл юу ч авахгүй шүү” гэж хэлсэн. Тэгсэн П.Б- эмчтэй хамт байсан эмэгтэй ажилтан цүнхнээсээ цаас гаргаж ирээд Э.Э-, Б.Т-х бид гурваар гарын үсэг зуруулсан. Тухайн үед бид хэд тэр цаасан дээр яг юу бичсэн байсан, ямар учиртай цаас болохыг нь сайн ойлгоогүй гарын үсгээ зурчихсан. Учир нь түрүүхэн П.Б- эмчтэй ярилцаад ойлголцсон, элэг, 2 бөөрнөөс нь өөр зүйл авахгүй юм чинь гайгүй байх гэж бодоод итгэсэн. ...Талийгаач охин С.А-г гаргах ажил явдлын үеэр төрсөн ах Б.Т-х нь түүний биед тэмдэг тавихаар хөлд нь хүрэх үед хөл нь ясгүй юм шиг сонин, зөөлөн мэдрэмж төрөхөөр нь гайхаад хоёр хөлийг нь хартал битүү мэс заслын оёдол тавьсан байхыг нь хараад уйлаад эхэлсэн. Тэгээд бид хэд элэг, 2 бөөрийг нь авахад хөлд нь яагаад хагалгаа хийдэг юм бэ, ингэх ёсгүй биз дээ гэж гайхаад энэ талаар “зариг.мн” сайтад хандаж сэтгүүлч Өнөрцэцэгтэй уулзах болсон. Сэтгүүлч Өнөрцэцэг, П.Б- эмчтэй бид нарыг бүгдийг нь уулзуулахаар болоод П.Б- эмчийн ажил дээр нь “зариг.мн” сайтынхантай хамт очиж уулзаад түүнд “яагаад миний охины элэг, бөөрийг нь авах нэрийдлээр өөр эд, эрхтнүүдийг нь авчихсан юм бэ, яагаад охины минь хоёр хөлийг зүсэж, битүү мэс заслын оёдол хийж төмөр утсаар оёсон юм бэ” гэхэд П.Б- эмч “тэр төмөр утас нь хурдан эдгээдэг мэс заслын тусгай зориулалтын төмөр утас байгаа юм, бид нар шөрмөсийг нь л авах гээд хөлд мэс засал хийсэн юм” гэхээр нь би бүр гайхаад, уйлаад “та нар юу яриад байгаа юм бэ, юун шөрмөс вэ, элэг, бөөрийг нь авахад яагаад шөрмөсийг нь авдаг юм бэ, та нар ганц нэг судас л авна гэсэн биз дээ” гэхэд П.Б- эмч бид нарт тайлбарлаж чадахгүй, бараг л шөрмөс гэдэг чинь элэг, бөөртэйгөө дагалддаг ухааны юм ярих гээд байсан. Тэгээд би П.Б- эмчид “би охиныхоо 3 хүүхдийг л бодож анхнаасаа элэг, 2 бөөр гэж 3 эрхтэн авах зөвшөөрөл л өгсөн биз дээ, яагаад охины минь хамаг юмыг яраад төмөр утсаар хэрээд хаячихсан юм бэ, анхнаасаа ингэхийг нь мэдсэн бол би зөвшөөрөхгүй байх байсан шүү дээ” гэхэд П.Б- эмч босож зогсож байгаад “миний буруу, миний л алдаа, би яг одоо ажлаа өгөхөд бэлэн байна” гэж уучлалт гуйсан асуудал болсон. ...Талийгаач охиноос минь элэг, 2 бөөр л авна гэчихээд өөр зөндөө олон эд, эрхтнүүдийг нь авчихсан байна. Анхнаасаа ийм ийм зүйл авна гээд нэг бүрчлэн нарийн тайлбарлаад ойлгуулаад өгчихсөн бол бид нар зөвшөөрөл өгөхгүй байх байсан. Элэг, 2 бөөр л авна гээд өөр зүйл юу ч хэлж тайлбарлаагүй, өөр юу ч авахгүй гэж хуурсан байна. Одоо бодоод байхад анхнаасаа л хууран мэхлэх зорилгоор бид нарт энэ дээр дурдаад байгаа баахан гадаад нэртэй шөрмөс, тойг яс, шаант яс, саран жийргэвч, цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлаад өгчихвөл ар гэр нь зөвшөөрөл өгөхгүй байх гэж бодоод энэ талаараа юу ч хэлээгүй, тайлбарлаагүй юм байна. ...” /1хх 81-83/,
гэрч Э.Э-ын “...Эрүүл мэндийн яамнаас явж байна гээд Б-, Б- гэх хүмүүс бид нартай уулзъя гэх санал тавьсан. Гэр бүлийн гишүүдээс ээж А- нь төрсөн том ах Б.Т-х, дунд ах Б.Т- нар болон миний бие бид дөрөв тухайн хоёр эмчтэй уулзсан. Б- эмч “Эрүүл мэндийн яамнаас явж байгаа юм, юуны түрүүнд эмгэнэл илэрхийлье, осол болсонд харамсаж байна, та нартай нэг юм зөвлөлдөх гэсэн юм гээд донорын тухай асуудлыг яриад элэг, 2 бөөрийг нь хандивлаач ээ” гэх санал тавьсан. Тухайн асуудлыг ярьж эхлэхэд ээж нь шоконд ороод Т-х “наадах чинь бид хэдийн мэдэхгүй юм байна, гэр бүлээрээ зөвлөлдье” гэж хэлсэн. Бид хэд гэр бүлээрээ яриад зөвшилцөх ч биш сүүлдээ муудаан, сайдаан ч болсон. Хамгийн сүүлд ээж нь бид нарын урд зогсож байгаад “төрүүлсэн хүүхдээ босгож чадахгүйгээс хойш ядаж гурван хүүхдийг нь бодоод ар гэрт нь хүндрэлтэй байгаа хүмүүс зөндөө л байлгүй ээжийнхээ үгэнд ороо гэж хэлээд элэг, бөөр хоёрыг хандивлая” гэж бид хэдэд хэлсэн. Тэгээд том ах Т-х, ээж А- болон миний бие бид гурав тухайн амьгүй донорын зөвшөөрлийн хуудас гэх зүйл дээр гарын үсгүүдээ зурсан. Тухайн үед хүн болгоны сэтгэл санаа тогтворгүй, айдастай, санаа зовсон байдалтай байсан. Б- эмч өөрөө ч бид нарт “бид нар элэг, бөөр гэх зүйлсийг л авна” гэж хоёр, гурван ч удаа хэлсэн. Тэр үед ар гэрийнхэн, бид хэд бүгд байсан. Тэгээд гарын үсэг зураад байж байтал Тээврийн цагдаагийн албанаас Өнөрбат гэх хүн “донорын асуудал манай цагдаагийн байгууллагад хамаагүй шүү, ийм зүйлийг би сонсож байгаагүй юм байна шүү, би та нарт хэлсэн шүү” гэж хэлээд гараад явсан. Гарын үсэг зураад байж байтал юу юугүй үдээс хойш хагалгаа ороод эхэлчихсэн. Бараг бүгд бэлэн байсан юм уу хаашаа юм, анхнаасаа төлөвлөчихсөн байсан юм шиг байсан. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ нэгэнт дүү маань өнгөрч байгаа юм байна гээд ээж, аав, ах дүү нарыгаа ээжийндээ очоод байж бай гэж хэлээд явуулсан. Том ах Т-х бид хоёр эмнэлгийн гадаа хагалгаа дуусахыг хүлээж байтал Эрүүл мэндийн яамны эмэгтэй ажилтан Б- гэх хүн **** гэх дугаараас 21 цаг 57 минутад “зүрх зогссон цаг 21:57 гэх утгатай зурвасыг над руу илгээсэн. Тэгээд дүү маань өнгөрч байгаа юм байна” гээд лам дуудсан. Талийгаачийг өгөхгүй байж байгаад үүрээр 04 цагийн орчим хагалгаа дууссан, хүнээ салах ёс гүйцэтгэх өрөөнд орж ирж аваарай гэж нэг эмнэлгийн ажилтан хэлсэн. Т-х ахыг хоёр ламтай цуг аваад орсон. Орохоосоо өмнө хагалгаанд орсон эмч нарын нэг нь “хагалгаа амжилттай болсон элэг, бөөр, хөлийнх нь эд, эрхтнүүдийг маргаашаас донорт өгнө” гэх зүйл хэлсэн. Тэр үед надад юу болчихвоо гэсэн бодол төрөөд би төрсөн ах, хоёр ламыг орохоос нь өмнө ганцаараа түрүүлж ороод талийгаачийн дээгүүр бүтээсэн давууг хөл талаас нь сөхөөд харахад хоёр өвдгийг нь задалж яраад үдээсний машинаар үдчихсэн байсан. Алтан хайрцгийг нь нээлгээд ажил явдал нь 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр болж хөдөөлүүлсэн. Лам тухайн үед “шар даавуугаар биеийг нь ороо” гэж хэлсэн. Том ах, дунд ах хоёртой нь талийгаачийн даавууг солих гэтэл талийгаачийн хоёр өвдөг, шилбэ, өсгийн хэсгийг задлаад үдээсний машинаар үдчихсэн байсан. Том ах нь “энэ одоо юу болоод байгаа юм бэ” гээд уйлаад сонин болоод “гадаа настай улсууд байгаа шүү” гээд дүүгээ ороогоод би талийгаачийн дунд хэсгээс, том ах Т-х, Т- хажуугаас нь дэмнэж өргөөд “ахаа та энийг бариад үз дээ их хөнгөхөн байна” гээд хөл хэсэг рүү нь заасан, тэгээд бид хоёр хөлийг нь базахад хөл нь их зөөлөн нялцганасан байсан. Тухайн үедээ гадаа байгаа ах, дүү нараа бодоод л Улаанбаатар буянгийн баруун талын дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хөдөөлүүлсэн. ...Тухайн зөвшөөрлийн хуудсан дээр шөрмөс гэж байсан талаар би анзаараагүй, сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б- эмчээс “зариг.мн” сайтын сэтгүүлч нартай ярилцлага хийж байгаад тухайн зөвшөөрлийн хуудасны хуулбар хувийг нэхэж байгаад авсан. Тэр үед шөрмөс гэж бичигдсэн байсан. Анх Б- эмч ярихдаа элэг, бөөр хоёрыг нь авна өөр эд эрхтэн авахгүй гэж алгаа хавсраад гуйж байсан. ...Бид нар нэг л зүйлийг гайхсан 21:57 минут болж байхад Эрүүл мэндийн яамны ажилтнаас мессеж ирэхэд ёсоо дагаад лам дуудаад хүнээ авах юм байна даа гээд байж байтал үүрийн 04 цагийн орчим хүнээ аваарай гэж ярьсан. ...Талийгаачийн биеэс зөвшөөрөлгүй эд эрхтнийг авсанд гомдолтой байна. ...” /1хх 103-108/,
гэрч Б.Т-хийн “...ер нь бол талийгаач дүү маань донор болохоосоо өмнө ухаангүй ч гэсэн амьд, амьсгаатай байсан юм. ...эмч нар нь яамнаас хүмүүс ирж байгаа ирэхээр нь уулзуулъя гэж хэлсэн, удаагүй яамнаас хүмүүс ирлээ гээд тэр хүмүүс нь бид нартай уулзсан. Тэгэхэд П.Б- гэх эмч уулзаад донорын талаар хэлж яриад “С.А-гаас зөвхөн элэг, 2 бөөрийг нь донор болгооч” гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь бид нар “түүнээс зөвхөн элэг, 2 бөөрийг нь л авна биз дээ, өөр бусад эд, эрхтнүүдийг нь авахгүй биз дээ, тэгнэ гэвэл зөвшөөрөл өгье” гэхэд П.Б- “тэгэхгүй ээ харин элэг, 2 бөөрийг нь авахдаа тэр хавиас хэрэгцээтэй судас л авна, өөр бусад зүйлс юу ч авахгүй” гэж хэлсэн. П.Б- эмч бид нарт нэг хуудас гаргаж ирээд “за энэ дээр гарын үсгээ зураарай” гэж хэлсэн. Тэгэхдээ бид нарт тэр гарын үсэг зуруулж байгаа цаасан дээр нь юу гэж бичсэн байгаа, ямар учиртай цаас болох талаар юу ч хэлээгүй, уншуулж танилцуулалгүй гарын үсгээ зурчих гээд л гарын үсэг зуруулсан. Мөн дээрээс нь бид нарт үүнтэй уншиж танилцаарай, энэ дээр нь ийм зүйл бичигдсэн байгаа шүү гэсэн зүйл огт хэлээгүй, хэрвээ хэлж ярьсан бол бид нар нэг тогтоож харах л байсан. ...Талийгаач дүүгийн маань биеэс элэг, 2 бөөр, бас хэрэгцээтэй судас л авна гэж ярьсан, бусдаар бол шөрмөс авна гэж юу ч хэлж яриагүй. Хэрвээ анхнаасаа хэлж ярьж, тайлбарласан бол одоо өдийд ийм асуудал ерөөсөө яригдахгүй байх байсан. Дээрээс нь бид нар ч өөр бусад эс, эд, эрхтнүүдийг нь өгөхгүй гээд донор болгохоос татгалзаж, тэр хуудас дээр нь гарын үсгээ зурахгүй байсан. ...Тэр зөвшөөрлийн хуудас дээр бичигдсэн зүйлсийг бид нарт ерөөсөө тайлбарлаж хэлээгүй, үүн дээр овог нэр, гэрийн хаяг, утасны дугаараа бичээд гарын үсгээ зураарай гэж хэлээд л нэг цаас өгсөн. Ээж бид хоёрын хувьд бичиг үсэг муу учраас тэр мэдээллүүдийг өөрсдөө бичээгүй, Э-аар бичүүлээд өөрсдөө гарын үсгээ зурсан. ...Түүний биеэс авах эс, эд, эрхтнүүдийн нэрсийг ерөөсөө бичээгүй байсан, бичсэн бол анзаарч харах байсан. ...Хамгийн сүүлд гарын үсгээ зурхаасаа өмнө нь хүртэл П.Б- эмчээс зөвхөн элэг, 2 бөөрийг нь л авна биз дээ гэхэд “тэгнээ, гэхдээ ганц, нэг судсыг нь авах шаардлага гарах байх” гэхэд нь үнэхээр тийм бол яах вэ гэж хэлсэн. ...Би 2023 оны 8 дугаар сарын 11-ний өглөө талийгаач дүүгийнхээ биед хүрж, ясыг нь барин, биед нь тэмдэг тавьж байгаад анзаарч мэдсэн. Талийгаач дүүгийн маань баруун, зүүн хоёр хөл нь их л пэмбийж хавдсан байдалтай, хоёр хөлийнх нь шилбэ дагуу нэлээн урт мэс заслын оёдол бүхий шархыг үдээсний машинаар үдчихсэн юм шиг оёсон байсан. Ингэж л өөр эс, эд, эрхтнүүдийг нь авсан болохыг хамгийн анх би анзаарч харж мэдсэн юм. ...Би сүүлд ганцаархнаа үлдээд хагалгаанд орох гэж байгаа хоёр эмчтэй уулзаад дүүд маань энэрэнгүй зөөлөн хандаарай, хамаагүй янз бүр болгочихгүй биз дээ гэхэд зүгээрээ санаа зоволтгүй, та хэдэд маш их баярлалаа гэж хэлсэн. Сүүлд “зариг.мн” сайтын сэтгүүлчтэй хамт П.Б- эмчтэй уулзаж ярилцлага авч дууссаны дараа манай ээж П.Б- эмчээс “та яагаад ингэж байгаа юм бэ, анхнаасаа ингэж яриагүй биз дээ, өөр эд, эрхтэн аваагүй биз дээ” гэхэд П.Б- “уучлаарай, үнэхээр миний буруу” гэж уучлалт гуйж байсан...” /1хх 111-112/,
гэрч Б.Т-ын “...гэнэт нэг эмч А-гийн гэр бүлээс хүн байна уу, донорын зөвшөөрлийн хуудас дээр гарын үсэг зур гэхэд нь би анх удаа донор гэдэг үг сонсоод яамнаас ирсэн хүмүүстэй уулзсан 2 ахаасаа юу болоод байгаа талаар асуухад Т-х, Э- хоёр сая яамнаас нь 2 хүн ирээд бид нартай уулзаад А-г донор болгох санал тавьсан юм, эхэндээ бид хэд зөвшөөрөөгүй, тэгтэл А- эгч зөвшөөрөл өгөхөөр болж элэг, 2 бөөрийг нь донор болгохоор боллоо гэж хэлсэн. Тэгэхэд нь би уурлаад төрсөн дүүгийнхээ биед мэс хүргэхгүй гээд маргахад ээж гарч ирээд би зөвшөөрөл өгсөн юм, үлдэж байгаа 3 хүүхдийг нь бодоод 3 эрхтэн болох элэг, 2 бөөрийг нь донор болгоё, буян болог гэхээр нь ээжийг ингэж хэлж байгаа юм чинь гэж бодоод зөвшөөрч, дахиж илүү дутуу маргаан гаргаагүй. Ер нь бол би тэр донор болгох санал тавих уулзалтад оролцоогүй, зөвшөөрөл өгөхөд нь хамт байлцаагүй ч гэсэн элэг, 2 ширхэг бөөрийг нь л донор болгож өгөхөөр болсон гэж ойлгосон. Сүүлд би ээж, 2 ахынхаа хамтаар нөгөө ирсэн хүмүүстэй нь дахиж уулзахад элэг, 2 бөөр л гэж ярьж байсан. Харин шөрмөс авна гэж ерөөсөө юу ч яригдаагүй. Энэ явдлаас хойш нэлээн хэд хоногийн дараа бид нар талийгаач дүүгээ гаргахаар түүний цогцсыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цогцос хадгалах өрөөнөөс аваад, биед нь тэмдэг тавих үедээ хөлийг нь хартал хоёр хөл нь битүү мэс заслын оёдолтой байсан. ...Бид уг асуудлаар Б- эмчтэй түүний ажлын байран дээр нь сэтгүүлчтэй хамт очиж уулзахад “элэг, бөөрийг нь авсан үүнээс гадна шөрмөсийг нь бас авсан, шөрмөс гэдэг чинь өөрөө хөл нь тэр чигээрээ юмаа, бүх ясанд холбоотой байдаг” гэж хэлэхэд нь би “наадхаа тэгвэл тэр гар хөлийн үсэг зуруулсан хуудсан дээрээ дэлгэрэнгүй тайлбарлаж оруулж, бид нарт бас хэлж ойлгуулах ёстой биз дээ, та яагаад анхнаасаа энэ талаараа хэлээгүй юм бэ” гэхэд “би уг нь өөрөө хэлсэн гэж ойлгоод байгаа юм, тэгвэл хэлээгүй юм байлгүй дээ, миний буруу зөвшөөрөлгүй юм авсанд уучлаарай, миний буруу” гээд уучлалт гуйж байсан. ...” /1хх115-117/,
гэрч Г.С-гийн “...оройхон би сэтгэл санаагаа засах гэж их л хичээгээд машинаас буугаад Д.А-, Т-х, Э- гуравтай уулзахад “ажлын хэсгийн эмч гэж 2 хүн ирээд уулзлаа. Тэр хоёр хүн нь бид нарт танай охины чинь элэг, 2 бөөрийг авъя, эд эрхтнийг нь авч хүнд байгаа хүмүүст шилжүүлэн суулгая” гэж санал тавихад нь Д.А- эгч “хэрвээ авч болоод хүнд цаашдын амьдрал бэлэглэх гэж байгаа юм бол элэг, 2 бөөрийг нь өгье, харин цаашаа илүү эрхтэн битгий аваарай” гэж хэлээд зөвшөөрчихлөө гэдгийг нь надад хэлсэн. ...Би бол шөрмөс, судас авна гэж ерөөсөө дуулаагүй. Хэдий тухайн зөвшөөрөл авсан уулзалт ярилцлагад нь оролцоогүй ч гэсэн дууссаных нь дараа Д.А-, Т-х, Э- нартай уулзахад элэг, 2 бөөр л авна гэж байна гэсэн. Шөрмөс авна гэж надад юу ч хэлээгүй. ...” /1хх 120-122/,
гэрч Б.Ө-ын “...би уг хэргийг 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хэлтсийн даргын цохолтоор хүлээн авч гомдлынх нь шатнаас эхлүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. ...би яаралтай уг өвчний түүх бусад холбогдох эмнэлгийн баримтуудыг авахаар С.Эрхэмбаяр эмчтэй холбогдож “та яаралтай буцаж эмнэлэгт нь авсан материалуудаа хүргүүлж өгөөч ээ, би хэрэгтээ хавсаргах шаардлагатай байна” гэж хэлж шавдуулсаар байгаад 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд өөрийн биеэр очиж С.А-гийн өвчний түүх /15 хуудас/, тархины үхлийг шинжлэн бүртгэх карт /1 хуудас/, амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас /1 хуудас/, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо /3 хуудас/, тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн авсан тухай тэмдэглэл хөтлөх маягт /3 хуудас/ бүхий нийт 22 хуудас эмнэлгийн баримтуудыг авч, хэргийн материалдаа хавсаргасан. ...Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас бүхий баримт бичигт донороос авах эс, эд, эрхтнүүд ерөөсөө бичигдээгүй хоосон байсан. Одоо ч тэр хэвээрээ буюу донороос авах эс, эд, эрхтний нэрс бичих хэсэг бичигдээгүй хоосон байдлаараа хавтас хэрэгт хавсаргагдсан байгаа. ...Би явуулсан албан бичгийнхээ дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эмч М.А-, захирал Г гэх хүмүүсээс дээрх баримт бичгүүдийг гаргуулж авсан. ...” /1хх 129-130/,
гэрч Т.А-ын “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өглөө манай баг хуралдаад өвчтөн С.А-г тархины үхэлтэй болохыг эхний үзлэгээр илрүүлээд 2 дахь үзлэгээр батлагдаад ар гэр болох ээж, аав, төрсөн ах дүү нартай нь уулзаад тухайн өвчтөн нь тархины үхэлтэй гэдгийг нь танилцуулсан. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд шилжүүлэн суулгах донорын багт утсаар мэдэгдсэн, тэгээд тэр өдөр нь Донорын төвийн дарга Б-, мэргэжилтэн Б- нар нь ар гэрийнхэнтэй нь уулзаад байсан. Тэр оройдоо Б- дарга тухайн өвчтөнийг донор болохыг ар гэрийнхэн нь зөвшөөрлөө гэж хэлсэн. ...би С.А-гийн өвчний түүхэн дээрээ баяжилт хийх гээд Б- гэх хүнээс өөртөө 1 хувь гаргуулж аваад С.А-гийн ар гэрийнхнийг дахиж дуудаж оруулж ирээд Б-аас авсан амьгүй донорын гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийн хуудас гэсэн хэвлэж бэлдсэн байсан бланк цаасан дээр ар гэрийнхнийх нь мэдээллийг өөрөө балаар бичсэн, тухайн үед надад “бид хэд бичих боломж алга та биччих, бид нар өөрсдөө гарын үсэг зурчихъя” гэж хэлсэн болохоор нь өөрөө мэдээллүүдийг нь бичсэн юм. Бичиж дуусчихаад А-, Т-х, Э- гэх ар гэрийнх нь хүмүүсээр гарын үсгийг нь зуруулж аваад өвчний түүхэндээ хавсаргасан. Тухайн үед яг ямар эс, эд. эрхтнийг авахаар ар гэрийнхэнтэй нь тохиролцсон байсныг нь мэдээгүй учраас бланк цаасан дээрх донороос авах эс, эд, эрхтний нэр бичиг хэсгийг бичихгүй хоосон чигээр нь орхичихсон, угаасаа анхны гарын үсэг зуруулж авсан бланк цаас нь Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажил зохицуулах албаны хүмүүст эх хувиараа байгаа. ...Би түүний биеэс эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд ерөөсөө оролцоогүй. ...” /1хх 40, 135-136/,
шинжээч эмч Э.Эрхэмбаярын “...2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ...талийгаач С.А-гийн цогцост шинжилгээг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цогцос түр хадгалах шинжилгээний өрөөнд туслах ажилтан Батцэндээр туслалцуулан задлан шинжилгээ хийсэн. Уг шинжилгээг хийхэд талийгаач нь гавал тархины битүү гэмтэлтэй мөн гавал тархины болон хэвлийн хөндийг нээсэн доод мөчдийг мөн нээж оёдол тавьсан мэс заслын дараах байдалтай байсан. Шинжилгээг хийхэд гавал тархины хүнд гэмтэлтэй суурь яс, дух, дагз ясны хугаралтай хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалттай, тархины эдийн няцралттай, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцралттай байсан. Талийгаач С.А- нь авто ослын улмаас дээрх гэмтлүүдийг авч гавал тархины хүнд гэмтэлтэй байсан нь үхлийн гол шалтгаан болсон, энэ нь амь насыг нь аврах боломжгүй гэмтэл бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өөрийн шаардлагатай гэж үзсэн хагалгааг хийсэн байсан. ...Талийгаачийн цогцост гавал тархины гэмтлээс гадна зүүн өвдөгт цус хуралт гэмтэл л байсан, өөр гэмтэл байгаагүй. ...Шөрмөс нь хүний биеийн булчин, ястай холбогддог хатуу туузан хэлбэртэй эд юм. ...Би энэ талаар бол сайн мэдэхгүй, өвчний түүх дээр тэмдэглэснээр бол шөрмөсийг яснуудаас нь чөлөөлж авсан гэж тэмдэглэсэн байсан. ...Өвчний түүхэн дээр тэмдэглэгдсэн зүйлсийг л дүгнэлтийнхээ онош хэсэгт тусгаж бичсэн. Дээрх тэмдэглэлээс үзэхэд шөрмөсийг дээрх хоёр хөлийн тойгийн яс, холбоос, шаант ясны бурзан, дунд чөмгийн доод булуу, шилбэний урд шөрмөс, борвины шандас, шөрмөсийг суллаж авсан байна. ...Мөн талийгаачийн өвчний түүх дээр тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн авсан талаарх тэмдэглэл тусгагдсан байсан бөгөөд уг тэмдэглэлийн дунд чөмөг булуу авах гэсэн маягт дээр хоёр хөлийн тойгийн ясны холбоос, шаант ясны бурзан, дунд чөмгийн доод булуу, шилбэний урд шөрмөс, борвины шандас яснаас шөрмөсийг суллан авч сүүн уусмал хийсэн гэсэн гараар бичсэн тэмдэглэл байсныг дүгнэлт дээрээ тусгаж бичсэн. Мөн бөөр, элгийг чөлөөлж авсан цаг, минуттай тэмдэглэлүүд байсан...” /1хх 132-133/,
гэрч Р.Г-ийн “...тархины үхэл тодорхойлох баг хуралдсаны дараа эмчлүүлэгч А-гийн ар гэрт нь багийн ахлах миний хувьд эмчлэгч эмч Ариунжаргалын хамт ар гэрийн гишүүдэд өвчтөн амьдралд үл нийцэх тархины хүнд гэмтэлтэй, тархины үхэлд орсон үүнийг шинжлэн судлах хуудасны дагуу тархины үхэл тодорхойлогдсон гэдгийг мэдэгдсэн. Тархи маань эргэж сэргэхгүй өөрчлөлт орсон гэдгийг тайлбарлаад донорын тухай тушаал шийдвэр байдаг, донор болох боломжтой үхэл гэдэг талаар үүргийнхээ дагуу мэдээлэл өгсөн. ...” /1хх 139-141/,
гэрч Ө.Б-ийн “...бид нар багаараа хуралдаж, үзэж шалгаад Сайдын тушаалын дагуу 2 удаа нягталж үзсэний эцэст С.А-гийн тархины үхлийг тодорхойлоод цаашаагаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэх албанд донор болох боломжтой хүн байна гэж хэлж мэдэгдсэн. ...Уг албаны хүмүүс ирж С.А-гийн гэр бүлийн гишүүдтэй уулзаж тэд нараас донор болгох зөвшөөрөл авах ажиллагаа тусдаа явагдсан учраас нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний хувьд эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчийн хувьд амьгүй донорын гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийн хуудас дээр сүүлд нь гарын үсэг зурсан. ...Би энэ талаар сайн санахгүй байна, ямар ч байсан зөвшөөрлийн хуудас гээд 1 билүү 2 хуудас дээр гарын үсгээ зурсан. ...Миний хувьд тасгийн эрхлэгч учраас олон зүйл дээр гарын үсэг зурдаг тул тэр болгон зарим нэг зүйлийг анзаарч тогтоогоод байж чаддаггүй юм, тийм болохоор тухайн өдөр надаар гарын үсэг зуруулъя гэсэн болгон дээр нь гарын үсгээ зурсан учраас тэр зөвшөөрлийн хуудас нь хэдэн ширхэг байсан талаар сайн санахгүй байна. ...” /1хх 144-146/,
гэрч Л.М-ын “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өглөө намайг ажилдаа ирэхэд С.А-г эмчлэгч эмч нь бид нарт тархины үхэлтэй байж болох өвчтөн байна гэж хэлж мэдэгдсэний дагуу манай баг хуралдаж үзэж шалгаад тодорхойлсон. ...” /1хх 149-150/,
гэрч Д.Б-ийн “...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр эс, эд, эрхтэн шилжүүлэх албаны дарга П.Б- над руу залгаад “амьгүй донор гарч байна, гэр бүлийн хүмүүс нь ярилцлагадаа орчихсон, одоо удахгүй хоёр дахь ярилцлагадаа орно” гэж хэлсэн. 30-40 минутын дараа дахиж залгаад “ар гэрийнхэн нь зөвшөөрлөө” гэж хэлсэн. Тэгээд би багийнхандаа утасдаж хэлээд хөгжлийн төвийн ажилчидтай хамтарч бөөр суулгуулах өвчтөнүүдийг сонгох ажил эхэлсэн. ...Бөөрний мэс заслын эмч Ганболд, сувилагч Амарсүрэн гэх хүмүүс оролцсон. ...Би А- донороос элэг шилжүүлэн суулгах мэс засалд оролцоогүй. Элэг авах мэс засалд нь Хавдар судлалын үндэсний төвөөс эмч нар оролцсон. ...” /1хх 177-179/,
гэрч Б.Б-ийн “...А- донорын үйл явдал дээр манай эмнэлгээс бөөрний баг голчилж ажилласан. Багийн ахлагч Баян-Өндөр эмч мэс заслын үйл ажиллагаанд оролцсон. ...” /1хх 182-184/,
гэрч Г.Г-ын “...би Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү бөөр авах багийн хамт орой 19 цагийн орчимд очсон. Тухайн үед С.А- нь хагалгааны өрөөнд амьсгал, зүрх судасны аппаратын тусламжтайгаар амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг удирдуулсан байдалтай байсан. Хавдар судлалын үндэсний төвөөс ирсэн элэг авах мэс заслын баг эхэлж орон хэвлийг нээгээд элгийг авахад бэлэн болгож суллаад гуурс байрлуулах судаснуудаа бэлдсэн байсан, үүний дараа манай бөөр авах багийнхан орж эхлээд баруун талын өгсөх бүдүүн гэдсийг суллаж баруун бөөрийг орчны эдээс нь чөлөөлж, шээлгүүрийг доош бага аарцаг хүртэл чөлөөлсөн, дараа нь зүүн талын бүдүүн гэдэсний уруудах хэсгийг чөлөөлж араас нь бөөрийг орчны эдээс чөлөөлсөн шээлгүүрийг аарцаг хүртэл чөлөөлсөн. Тэгээд хоёр бөөрний судсыг орчны эдээс чөлөөлөн авахад бэлэн болгосон. Энэ бүхний дараа элэг авах баг дахин орж ирээд хэвлийг угаах гуурсыг судсанд байрлуулан хэвлийг угааж дуусах үед зүрх зогсож С.А- нас барсан, үүний дараа элэгний баг элгийг авсан, дараагаар нь манай бөөр авах баг хоёр бөөрийг нь судас, бөөрний шээлгүүрийн хамт аваад бусад доторх эрхтнүүдийг нь хэвлийд нь шалгаж, хэвлийг хааж оёсон. ...Би түүний биеэс шөрмөс авсан асуудлын талаар сайн мэдэхгүй, ямар ч байсан манай хагалгааны дараа шөрмөс авах багийн хүмүүс гээд эмч нар ирчихсэн байх шиг байсан. ...” /1хх 187-188/,
гэрч Л.О-ийн “...тухайн үед бөөрний багийн эмч Ганболдоор ахлуулсан мэс заслын тусдаа баг Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж талийгаач С.А-гаас 2 бөөр авах мэс заслыг амжилттай хийж, 2 бөөрийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр авчирсан. ...” /1хх 191-192/,
гэрч Н.З-ийн “...бөөр шилжүүлэн суулгах багийн дарга Баян-Өндөр эмч над руу залгаж тархины үхэлтэй донор гарах юм шиг байна, бэлтгэл ажлаа ханга гэж мэдэгдсэн. Тэгээд би бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүддээ хэлж мэдэгдсэн. ...” /1хх 195-196/,
гэрч Р.М-ын “ .:.манай баг бол зөвхөн элэг авах мэс засал хийж гүйцэтгэж элгийг авсан. Авахдаа элгийг цөсний хүүдийтэй хамт авсан, учир нь цөсний хүүдий нь элэгтэй хамт байрладаг болохоор хамтад нь авахгүй бол болдоггүй юм. ...Түрүүн хэлсэнчлэн П.Б- дарга надад хэлж мэдэгдсэний дагуу уг мэс засал буюу хагалгааг хийж гүйцэтгэсэн. ...Хагалгаа хийж байгаа эмч нарын хувьд тухайн донорын гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлтэй танилцах шаардлага байхгүй, бид нар уг шийдвэр гарсны дараа мэс засал хийж гүйцэтгэдэг. Донорын гэр бүлээс зөвшөөрөл авах ажлыг тусдаа Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах албаны хүмүүс хариуцдаг. ...” /1хх 199-200/,
гэрч Б.Б-ийн “...миний хувьд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үений мэс заслын эмч Эрдэнэболд, Батсүх/ болон Нэгдүгээр эмнэлгээс ирсэн Энхтайван гэх эмчээр ахлуулсан багийн гишүүдийн хамтаар 2023 оны 8 дугаар сарын 07-ны орой хагалгаанд орсон, уг хагалгаагаар С.А-гийн баруун, зүүн хоёр хөлийн тойгийн холбоосыг шаантын бурзан хэсэг, борвины шандас шөрмөс, шилбэний урд урт шөрмөс, шилбэний арын хэсгээс урт шөрмөс, дунд чөмөгний доод булууны мөгөөрсөн гадаргууг холбоосын хамт тус тус мэс ажилбараар авсан. ...Манай шөрмөс авах хагалгаанаас өмнө элэг, 2 бөөр авах хагалгааг тус тусдаа эмч нарын баг нь ирж хийгээд дуусчихсан байсан. ...Манай шөрмөсний баг хагалгааг эхлэх үед С.А-гийн зүрхийг хиймлээр дэмжих ажиллагааг зогсоочихсон байсан. Өөрөөр хэлбэл түүний зүрх нь зогсчихсон, нас барсан байхад нь хагалгааг хийсэн. ...Бид нар бол тэр зөвшөөрлийн хуудастай нь нэг бүрчлэн уншиж танилцдаггүй. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах албанаас бид нарт ар гэрийнхэн нь донор болгохыг зөвшөөрсөн учир уг хагалгааг хий гэж мэдэгддэг юм. ...Тэр өдөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажил зохицуулах албаны дарга П.Б- эмч надтай болон бүх эмч нартай уулзаж С.А-гийн ар гэрийнхэн нь түүнийг донор болгохыг зөвшөөрсөн, тийм болохоор түүний биеэс элэг, бөөр, шөрмөсийг нь авна гэж хэлж мэдэгдсэн. ...” /1хх 202-203/,
гэрч С.Б-ийн “...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр эмчилгээ хариуцсан орлогч дарга Гантуяа, Эс, эд, эрхтэн авах, шилжүүлэн суулгах багийн ахлагч Батзориг нар “боломжит донор олдлоо, шөрмөс авах мэс засал хийгдэнэ, хагалгаанд орж магадгүй шүү, бэлдээрэй” гэж утсаар хэлсэн. Ингээд шөнө 22 билүү 23 цагийн орчимд л байх С.А-гаас шөрмөс авах мэс ажилбарт Эрдэнэболд, Батзориг нарын хамтаар хагалгаанд орсон. ...Бид нарт тэр зөвшөөрлийн хуудастай уншиж танилцах шаардлага байдаггүй, уг ажлыг тусдаа албаны хүмүүс нь хийж бид нарт харин ийм хүнээс энэ, энэ эс эд, эрхтнийг авна шүү гэж мэдэгддэг. ...” /1хх 205/,
гэрч Б.Э-ын “...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Батзориг, Батсүх гэх эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр С.А-гаас шөрмөс авах мэс засалд оролцсон, уг хагалгаа миний санаж байгаагаар нэлээн орой болж байхад эхлээд барагцаагаар 1 цаг гаруй хугацаанд үргэлжилж дууссан. Энэ хагалгаагаар С.А-гийн хөлөөс тойгны холбоосыг шаантын бурзан хэсэг, борвины шандас шөрмөс, шилбэний урд урт шөрмөс, шилбэний арын хэсгээс урт шөрмөс, дунд чөмөгний доод булууны мөгөөрсөн гадаргууг холбоосны хамт авсан. Өөр эс, эд, эрхтэн аваагүй хагалгааг дуусгасан. ...Бид нарт албаны хүмүүсээс энэ хүнээс энэ эс, эд, эрхтнийг нь ав, ар гэр нь зөвшөөрсөн гэсэн мэдээллийг л өгдөг, энэ мэдээллийн дагуу хагалгаа хийдэг юм. ...Би бол багийн гишүүдээсээ мэдээлэл аваад л хагалгаанд орж байгаа багийн гишүүн эмч. ...” /1хх 207/,
гэрч Н.Э-ы “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэх суулгах албаны дарга П.Б- бид нарт амьгүй донор гарч байна, уг донороос шөрмөс авах мэс засал хийгдэх тул бэлтгэл ажлаа ханга гэж хэлж мэдэгдсэн. Үүнийх нь дагуу бид нар бэлтгэлээ хангаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шөнө 21 цагийн үед очиж амьгүй донороос шөрмөс авах хагалгааг эхлүүлсэн, тэгэхэд манай Нэгдүгээр эмнэлгийн баг баруун хөлөөс нь шөрмөс авах, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн баг зүүн хөлөөс нь шөрмөс авах хагалгааг зэрэг хийсэн. ...Бид нарын хувьд донорын ар гэр, ойр дотны хүмүүстэй уулзаж холбогдох ёсгүй. Зөвхөн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албанаас бидэнд мэдэгдсэний дагуу л хагалгааг хийдэг учраас тэр зөвшөөрлийн хуудастай нь уншиж танилцах шаардлага байдаггүй. ...Шөрмөс авах мэс засал дууссаны дараа өвдөгний үенд хугарсан яс бэхэлдэг ясны тусгай хадаасаар шаант яс болон шилбэ ясыг бэхэлж яс орлуулагч хөндийд хийж, мэс заслын тусгай арьсны үдээсээр үдэж хаасан. ...” /1хх 210-211/,
гэрч Э.Б-, Т.А нарыг нүүрэлдүүлж авсан “...гэрч Т.А-ын: Би тэр өдөр Э.Б- эмчээс амьгүй донорын зөвшөөрлийн хуудасны маягтыг биечлэн гардаж аваагүй. Тэр өдөр С.А-гийн гэр бүлийн гишүүдтэй нь уулзалтын өрөөнд уулзчихаад буцаж өрөөндөө очиход ширээн дээр 2 хувь амьгүй донорын гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийн хуудас гэсэн маягт байсан. Тэр хоёр маягтыг аваад С.А-гийн гэр бүлийн гишүүд рүү очоод дахиад ийм маягт бөглөх ёстой юм байна гэж хэлсэн чинь гэрийнхэн нь “бид нар сэтгэл санааны хувьд таагүй байна, та бөглөчих үү, бид нар гарын үсэг зуръя” гэж хэлэхээр нь хоёр маягт дээр аль алин дээр нь амьгүй донорын гэр бүлийн гишүүдийн мэдээллийг өөр балаар бичээд С.А-гийн төрсөн эх болон хоёр ахаар нь гарын үсэг зуруулсан. Тухайн үед тэр маягт дээр авах эс, эд, эртхэн бичих хэсгийг нь бичилгүй хоосон орхиод боломжит эс, эд, эрхтнийг нь авах байх гэж хэлэхэд гэр бүлийн гишүүд нь ойлгосон, ойлгосон л гэж байсан. Тэр үед би П.Б-, Э.Б- эмч хоёр ямар эс, эд, эрхтнийг нь тохиролцсон байсныг нь мэдээгүй байсан. ...” /1хх 216-219/,
гэрч нарын /мэдүүлгийн агуулга адилхан/ “...Эс гэдэг нь хүний биеийн хамгийн бага үйл ажиллагааны нэгж юм. Эд гэдэг нь тодорхой эсүүдийн бөөгнөрөл гэж ойлгож болно, эрхтэн гэдэг маань хүний биеийн тодорхой нэг хэсэг буюу тодорхой үйл ажиллагаа явуулдаг хэсгийг эрхтэн гэдэг. Эд гэдэг нь эсээс бүрддэг, эрхтэн нь эдүүдээс бүрддэг, хүн гэдэг амьтан өөрөө эрхтнүүдээс бүрддэг. ...Элэг, бөөр хоёр бол тусдаа үйл ажиллагаа явуулдаг хүний биеийн нэг хэсэг учраас эрхтэн юм. Харин шөрмөс бол эрхтэн гэж тооцогддоггүй эд гэж ойлгогдоно. ...Цөсний хүүдий дангаараа үйл ажиллагаа явуулдаг учраас хүний биеийн эрхтэн гэж тооцогдоно. Учир нь цөсний хүүдий нь цөс хуримтлуулж, хоол боловсруулах үед цөсийг гадагшлуулдаг үйл ажиллагаатай. ..Цөсний хүүдийг дангаар нь бусдад шилжүүлэн суулгадаггүй, элэгний хамт л бусдад шилжүүлэн суулгадаг. ...Дээрх нэр дурдсан зүйлс нь бүгд хүний биеийн эдэд хамаарна. Учир нь эдгээр бүх эдүүд нийлж байж хөл гэдэг эрхтнийг үүсгэн бүрдүүлж, үйл ажиллагааг нь хангаж байгаа юм. ...Tibialis anterior шөрмөс нь хөлийн шилбэ ястай бэхлэгддэг, peroneus longus шөрмөс нь шилбэний дээд хэсгээс тавхайн ястай бэхлэгддэг, агсhillis шөрмөс нь ар талын шилбэний яснаас тавхайн ястай, хоёр дунд чөмөгний доод булуу нь шилбэ ясны дээд хэсэгт холбогдож өвдөгний үеийг үүсгэдэг. Шаант ясны дээд булуу гэдэгт шилбэ ясыг ойлгоно. Semimembranosus шөрмөс нь гуяны дотор талын булчинг шилбэ ясны дээд хэсэгтэй холбож байгаа шөрмөс, энэ шөрмөс нь өөрөө шилбэний дээд хэсгийн ястай бэхлэгдэж байгаа, саран жийргэвч шөрмөс нь шилбэ ясны дээд хэсэгт байрладаг булуу яс, шилбэ ясны дунд нь байрладаг, шөрмөстэй бэхлэгддэггүй, ястай бэхлэгддэг шөрмөс байгаа юм. Хүний хөлийн шөрмөсийг авахад заавал саран жийргэвчийг нь авах шаардлага байдаггүй. Тойгны шөрмөс нь шилбэний дээд хэсэг, тойг, дунд чөмөгний шулуун булчинтай бэхлэгддэг. ...Шөрмөсийг дангаар нь буюу бэхлэгдэх хэсэггүй бусдад шилжүүлэн суулгах боломжтой. ...Тойг яс, шаант яс, шаант ясны дээд булуу, дунд чөмөгний доод булуу зэрэг эдүүдийг бүгдийг нь шилжүүлэн суулгах боломжтой. ...” /1хх 222-223/, /1хх 226-228/, /2хх 76/, /2хх 78, 81/,
шинжээч эмч Б.Баяртогтохын “...дүгнэлтийг гурван шинжээч гурвуулаа санал нэгтэйгээр гаргасан. Эдгээр авагдсан зүйлс болох элэг, цөсний хүүдий, хоёр бөөр нь хүний эрхтэн, харин тойгны шөрмөс, тойг яс, шаант ясны бэхлэгдэх хэсэг, саран жийргэвч шөрмөс, semimembranosus шөрмөс, шаант ясны дээд булуу, хоёр дунд чөмөгний доод булуу, агсhillis шөрмөс, реrоnеus longus шөрмөс, tibialis anterior шөрмөснүүд нь бүгд хүний биеийн эд гэж үзнэ. ...Уг бэхлэгдэх хэсэгт хүний биеийн шаант ясны дээд булуу, булчин шөрмөс зэрэг орно. ...Бид нар хагалгаа хийж эс, эд, эрхтэн авсан эмч нар биш, гэхдээ хагалгааны заавартай танилцахад эдгээр шөрмөснүүдийг зааварт зааснаар бэхлэгдэх яс, ясны бэхлэгдсэн хэсгүүдтэй нь хамтад нь авах талаар зааварчилж, хагалгааг уг зааврынхаа дагуу хийж гүйцэтгэсэн байна. ...Элэг авах хагалгааны заавартай танилцахад заавар дээр нь элгийг цөсний хүүдийний хамт авах талаар зааварласан байсан. Элэг авах мэс заслын баг тухайн зааврынхаа дагуу хийж гүйцэтгэсэн байсан. ...Тойг яс, шаант яс, дунд чөмөгний доод булууны яснууд нь хүний биеийн араг ясны бүтцэд хамаарч хүний биеийн эд гэж үзнэ. ...Судсан багцууд нь элэг болон хоёр бөөрийг тэжээж байгаа вен, артерийн судаснуудыг нийтэд нь хамааруулж ойлгоно. ...” /2хх 83/,
П.Б-ы яллагдагчаар өгсөн “......би амь хохирогч С.А-гийн биеэс цөсний хүүдий, тойгны шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхлэгдэх хэсгийн хамт саран жийргэвч шөрмөс, semimembranosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, агchillis шөрмөс, реroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөснүүдийг авах талаар хэлж тайлбарлаагүй. ...Шөрмөс авах мэс заслын багийн эмч нар С.А-гаас шөрмөс авахдаа илүү эс, эд, эрхтэн авсан зүйл байхгүй. Шөрмөсийг нь авахдаа бэхлэгдсэн ястай нь хамт авч байгаа нь энэ юм. ...Би шөрмөс авахдаа шөрмөснүүдийн бэхлэгдэх хэсгийнх нь хамт авах байсныг мэдэж байсан, угаасаа ингэж л авах ёстой. ...Би зөвхөн шөрмөс авна гээд л хэлчихсэн юм. ...Тэр үедээ би тайлбарлаж өгөхөө мартчихсан байсан. Дээрээс нь донор гараагүй их удсан байсан учраас донор олдож байгаад нь баярлаад сэтгэл хөдлөөд бушуухан л хүний амь аваръя гэж бодоод яарч сандраад гарчихсан юм. ...Амьгүй донороос эс, эд, эрхтэн авах зөвшөөрөл авахдаа гэр бүлийн гишүүдэд нь авах гэж байгаа эс, эд, эрхтнийхээ талаар нарийн сайн хэлж тайлбарлаж, ойлголт өгөх нь миний үүрэг байгаа юм. Миний хувьд амьгүй донорын гэр бүлийн гишүүдтэй хийх уулзалтыг хариуцдаг. ...Миний хувьд анх талийгаачийн гэр бүлээр 2 хувь амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас зуруулаад нэг нь дээр нь бүх нөхөх хэсгийг буюу “элэг, бөөр, шөрмөс” гэдгээ бичээд гарын үсгээ зуруулсан. Харин нөгөө нэг хувь дээр “элэг, бөөр, шөрмөс” гэж нөхөх хэсэг дээр нь бичилгүйгээр гарын үсэг зуруулсан юм. Анх цагдаа дээр ирж уулзахдаа гаргаж өгсөн амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас нь гэмтлээс би өөрөө хуулбарлаж авсан хуулбар хувь байсан. Ориг эх хувийг нь Э.Б- эмч гэмтэлд үлдээсэн гэж надад хэлж байсан. Тэгээд анх энэ гарын үсгийн шинжилгээ хийлгэх үед би Гэмтлээс эх хувийг нь авчирч өгч шинжилгээ хийлгүүлсэн. Одоо хэргийн материалтай танилцахад гэмтлийн эмнэлгээс ирүүлсэн өвчний түүхтэй хамт ирсэн 2 хувь амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудаснууд нь гэмтлийн эмнэлгийнхэн өөрсдөө хуулбарлаж гарын үсэг зуруулсан хуудаснууд байна, харин нөхөх хэсэгт нь авах эс, эд, эрхтний нэр бичигдээгүй нь манай анхны хоёр хуудасны нэг нь байна. ...” /2хх 151-162/ гэсэн мэдүүлгүүд,
“...Талийгаач нь авто осол, гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны 21:57 минутад нас барсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2133 дугаар дүгнэлт /1хх 41-49/,
“...Шинжилгээнд ирүүлсэн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/504 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас” гэсэн баримтын нөхөх хэсэгт байх “элэг, бөөр, шөрмөс” гэсэн гар бичвэрүүдийн цаасны гадаргуу гэмтэлгүй, уг гар бичвэрүүдийг ижил будагчтай бичих хэрэгслээр нэг хүн бичсэн. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаар дүгнэлт /2хх 92-96/,
“...Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буландаа “49” гэж дугаарласан огноогүй, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/504 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас” гэсэн баримтад “элэг, бөөр, шөрмөс” гэсэн бичвэр байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буландаа “50” гэж дугаарласан огноогүй, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/504 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас” гэсэн баримтын нөхөх хэсэгт “элэг, бөөр, шөрмөс” гэсэн гар бичвэрүүд нь хэвлэмэл байх тул сүүлд нэмж бичсэн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буландаа “76” гэж дугаарласан огноогүй, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/504 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас” гэсэн баримтын нөхөх хэсэгт бичигдсэн “элэг, бөөр, шөрмөс” гэсэн гар бичвэрүүдийг нэг цаг хугацаанд бичсэн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буландаа “76” гэж дугаарласан огноогүй, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/504 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас” гэсэн баримтын нөхөх хэсэгт бичигдсэн “элэг, бөөр, шөрмөс” гэсэн бичвэрүүдийг тус баримтын бусад гар бичвэрүүдийг хэвлэсний дараа нэмж бичсэн байна. ...Шинжилгээнд ирүүлсэн “49” гэж дугаарласан баримтаас “76” гэж дугаарласан баримтыг хуулбарласан, “76” гэж дугаарласан баримтаас “50” гэж дугаарласан баримтыг хуулбарласан байна...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1300 дугаар дүгнэлт /2хх 101- 111/,
амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас /1хх 71, 2хх 91/, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн www.zarig.mn веб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-19/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26-33/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дэх хохирогч С.А-гийн өвчний түүх, бусад баримтууд /1хх 54-77/, гэрч Э.Э-, Э.Б- нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /2хх 167-171/, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Албаны дарга” албан тушаалын тодорхойлолт /2хх 214-216/, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/198 дугаартай тушаал, тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Донороос эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах журам /2хх 229-241/, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/26 дугаартай тушаал /2хх 217-219/, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/23 дугаартай тушаал /2хх 220-222/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дэх хохирогч С.А-гийн өвчний түүх /2хх 246-250, 3хх 1-58/, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн гэр бүлтэй хийсэн уулзалтын тэмдэглэл /3хх 60-61/, Тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн авсан тухай тэмдэглэл хөтлөх маягт /3хх 74-75/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч П.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч П.Б-ы зам тээврийн осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон С.А-гийн ар гэрийн хүмүүс болох төрсөн эх Д.А-, төрсөн ах С.Т-х, үеэл ах Э.Э- нараас элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар тайлбарлан хэлж зөвшөөрлийн хуудас бөглүүлж авахдаа “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас” гэсэн баримтын авах эрхтний нэр бичих хэсгийг хоосон орхиж, гарын үсэг зуруулан уг хуудсаа хуулбарласны дараагаар “элэг, бөөр, шөрмөс” гэж нөхөж бичин улмаар С.А-гийн биеэс нэмж шөрмөс, хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч П.Б- болон түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн, Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Э.Ганбат нар “...хууран мэхэлж эд, эрхтэн аваагүй, амьгүй донороос эд, эрхтэн авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаагүйг үндэслэн П.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-гийн “...П.Б- эмчийн хэлсэн зөвхөн элэг, хоёр бөөр гээд 3 эрхтнийг нь донор болгож өгөхөөр зөвшөөрсөн. ...П.Б- эмч “ёстой элэг, 2 бөөрнөөс нь өөр зүйлд хүрэхгүй, бид нар амлаж байна, харин элэг, 2 бөөрийг нь авахад ойр орчимд нь байдаг судсыг авч магадгүй шүү” гэхээр нь би гайхаад “тэр хавьд нь байдаг судас бол яах вэ зөвшөөрье, үүнээс нь өөр зүйл юу ч авахгүй шүү” гэхэд П.Б- эмчтэй хамт байсан эмэгтэй цүнхнээсээ цаас гаргаж ирээд Э.Э-, Б.Т-х бид гурваар гарын үсэг зуруулсан. Тухайн үед бид хэд цаасан дээр яг юу бичсэн байсан, ямар учиртай цаас болохыг нь сайн ойлгоогүй гарын үсгээ зурчихсан. Учир нь түрүүхэн П.Б- эмчтэй ярилцаад ойлголцсон, элэг, хоёр бөөрнөөс нь өөр зүйл авахгүй юм чинь гэж бодоод итгэсэн. ...П.Б- эмч босож зогсож байгаад “миний буруу, миний л алдаа, би яг одоо ажлаа өгөхөд бэлэн байна” гэж уучлалт гуйсан асуудал болсон. ...Элэг, хоёр бөөр л авна гээд өөр зүйл юу ч хэлж тайлбарлаагүй, өөр юу ч авахгүй гэж хуурсан байна. Одоо бодоход байхад хууран мэхлэх зорилгоор бид нарт дээр дурдаад байгаа баахан гадаад нэртэй шөрмөс, тойг яс, шаант яс, саран жийргэвч, цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлаад өгчихвөл ар гэр нь зөвшөөрөл өгөхгүй байх гэж бодоод анхнаасаа энэ талаараа юу ч хэлээгүй, тайлбарлаагүй юм байна. ...” гэсэн мэдүүлгийн агуулга өөрчлөгдөөгүй, түүнийг нотолсон бусад гэрчүүдийн мэдүүлэг (гэрч Э.Э-, Б.Т-, Б.ТӨрболд, Б.Өнөрбат), “...шинжилгээнд ирүүлсэн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/504 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас” гэсэн баримтын нөхөх хэсэгт байх “элэг, бөөр, шөрмөс” гэсэн гар бичвэрүүдийн цаасны гадаргуу гэмтэлгүй, уг гар бичвэрүүдийг ижил будагчтай бичих хэрэгслээр нэг хүн бичсэн. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаар дүгнэлт, “...Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буландаа “49” гэж дугаарласан огноогүй, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/504 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас” гэсэн баримтад “элэг, бөөр, шөрмөс” гэсэн бичвэр байхгүй. ... Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буландаа “76” гэж дугаарласан огноогүй, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/504 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас” гэсэн баримтын нөхөх хэсэгт бичигдсэн “элэг, бөөр, шөрмөс” гэсэн бичвэрүүдийг тус баримтын бусад гар бичвэрүүдийг хэвлэсний дараа нэмж бичсэн байна. ...Шинжилгээнд ирүүлсэн “49” гэж дугаарласан баримтаас “76” гэж дугаарласан баримтыг хуулбарласан, “76” гэж дугаарласан баримтаас “50” гэж дугаарласан баримтыг хуулбарласан байна...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1300 дугаар дүгнэлт зэргийг харьцуулан дүгнэж, шүүгдэгч П.Б-ыг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч амьд хүн байх ёстой, амьгүй донороос эд, эрхтэн авсан нь энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй гэх асуудлын тухайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “хүний хувийн аюулгүй байдалд халдаж, хүний цус, эс, эд эрхтнийг хууль бусаар авсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд амьд болон амьгүй донороос цус, эс, эд эрхтэн болон эрхтний хэсгийг эмнэлгийн болон эмнэлгийн бус нөхцөлд авах ойлгоно” гэж тайлбарласнаас гадна Донорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь хэсэгт “..."хүний эс, эд, эрхтнийг авах" гэж амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгийг эмнэлгийн нөхцөлд авахыг ойлгоно.”, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч нь заавал амьд хүн байх ёстой гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэрч Э.Б-ын “... “та нар яг ямар эс, эд, эрхтнийг нь авах юм бэ” гэж асуухад П.Б- эмч “Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах баг, элэг шилжүүлэн суулгах баг, шөрмөс шилжүүлэн баг гэж байдаг учраас 2 бөөр, элэг болон цаад хүндээ суулгахдаа ашиглах тодорхой хүрэлцэхүйц хэмжээний судастай нь хамт авна. Мөн бас шөрмөс авдаг юм” гэж хэлж тайлбарлаад ар гэрийнхэнд нь баярлаж талархсанаа илэрхийлээд “одоо манай мэргэжилтэн та бүхнээр зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулна, мөн та бүхэн мэдэхийг хүссэн зүйлсээ энэ хүнтэй холбогдож мэдээллээ авч байж болно” гэж хэлээд миний утасны дугаарыг ар гэрийнхэнд нь тэмдэглүүлсэн. Тэгээд би бэлдсэн байсан зөвшөөрлийн хуудаснуудаасаа 1 хувийг гаргаж ирээд тархины үхэлтэй донорын мэдээлэл болох С.А-гийн овог, нэр, регистр болон авах эрхтнийхээ нэрсийг бичээд, зөвшөөрөл өгч байгаа гэр бүлийн гишүүдийн мэдээллийг өөрсдөөр нь бичүүлээд гарын үсгийг нь зуруулсан. ...6 цагийн үед С.А-гийн ар гэрийнхэнтэй утсаар холбогдож эрхтэн авах багууд ирж байгаа, та хэд бэлдэж байгаарай, одоо Б- эмч бид хоёр очиж байна гэж хэлчихээд эмнэлэг рүү очсон. С.А-гийн эмчлэгч эмч нь би өвчний түүх дээрээ бас баяжилт хийх хэрэгтэй байна гэж хэлээд зөвшөөрлийн хуудас гаргаж ирээд барьчихсан байхаар нь би “наадах чинь буруу, надад зөв нь байгаа” гэж хэлээд өөрт байсан хувиудаасаа 2 хувийг гаргаж ирээд эмчлэгч эмч Ариунжаргалд нь өгөхөд би өөрөө зуруулчихна гэж хэлээд авсан. ...” /1хх 170-174/ гэсэн мэдүүлгээр шинжээчийн дүгнэлт үгүйсгэгдэж байгаа гэх боловч шүүгдэгч П.Б-тай ашиг сонирхол нэг бүхий гэрчийн мэдүүлгээр тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1300 дугаар дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.
Хуурч, мэхлэх гэдэг нь үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдыг төөрөгдүүлж эс, эд эрхтнийг авсныг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Б- нь хохирогчийн ар гэрийн хүмүүст “элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авна” гэж тайлбарлан хэлж “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулж зөвшөөрөл авахдаа авах эрхтний нэр бичих хэсгийг хоосон орхиж гарын үсэг зуруулсны дараа “элэг, бөөр шөрмөс” гэж нөхөн бичиж донорын биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг нэмж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нөгөөтээгүүр “...Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, эсхүл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж...” гэж заасан бөгөөд амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй тохиолдолд буюу хэлбэрийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд тус зөрчлийн шинжийг хангахаар байна.
Өөрөөр хэлбэл тус хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч П.Б- нь мэргэжилтний хамт донорын ар гэрийнхэнтэй уулзаж, элэг, бөөр авах талаар зөвшөөрөл авч, амьгүй донорын зөвшөөрлийн хуудаст ар гэрийнхнээр нь гарын үсэг зуруулж авсан байх тул тус зөрчлийн шинжийг хангахгүй буюу зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. ...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН