Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/02038

 

ХХХгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02088 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХХгийн хариуцагч ХХХ ХХК, Б.Ст холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 577 518 976 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ХХХ ХХК-ийн захирал Б.С нь ХХХгаас 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2014/20 тоот зээлийн гэрээ байгуулан 1 500 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэй Хими цэвэрлэгээ байгуулах төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд нь ххх000 Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Зайсан Ар зайсан гудамж, 000 дугаар байр, 00 тоот 000 м.кв 4 өрөө орон сууц, ххх000Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Интернэйшнл рент Ар зайсан гудамж, 000 байр, 2 дугаар давхар 000 тоот 15 м.кв авто зогсоолыг тус тус барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 10 849 316 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02675 дугаартай захирамжийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хаягийг тогтоосон нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 25э2-3/7702 тоот албан бичгээр ирсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1789 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд ХХХ зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. 2019 оны 00 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 1 000 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 88 957 177 төгрөг, зээлийн алданги 488 906 799 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, нийт 1 577 518 976 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Б.Сын 000 Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Зайсан Ар зайсан гудамж, 000 дугаар байр, 00 тоот 181.85 м.кв 4 өрөө орон сууц болон Ү-2206037740 Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Интернэйшнл рент Ар зайсан гудамж, 000 байр, 2 дугаар давхар 000 тоот 15 м.кв авто зогсоолыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, алдангийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл зээлийн гэрээ буюу хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ХХХгаас 2019 оны 00 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. ХХХ ХХК-ийн захирал Б.С нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ХХХтай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2014/20 тоот зээлийн гэрээ байгуулан 1 000 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Тус компани нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 10 849 316 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн бөгөөд зээл авах үед АНУ-ын долларын ханш огцом өссөний улмаас Иргэний хуулийн хэмжээний бодит алдагдал хүлээсэн. Ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж зээлийн хүү болон үндсэн зээлийг түр хугацаанд эргэн төлөх боломжгүй болсон тул үндсэн зээл болон хүүгээ олохын тулд өөр өөр бизнест удаа дараа хөрөнгө оруулалт хийж мөн ашиггүй ажилласан. Харин 2019 оны сүүлээр хөрөнгө оруулагч олж бизнесээ цаашид үргэлжлүүлэх боломжтой болоод одоогийн байдлаар хайгуулын ажлаа эхлүүлэх гээд бэлтгэл ажилдаа ороод байна. Эдийн засгийн энэхүү хүндрэл нь зөвхөн манай байгууллагын хувьд үүссэн нөхцөл байдал биш бөгөөд нийт Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд тулгамдаж буй асуудал юм. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстойгоо тун сайн ухамсарлаж өөрсдийн зүгээс авч болох бүхий л арга хэмжээг авч байнга хөдөө орон нутагт ажиллаж байсан бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдлыг тухайн үед нь холбогдох албан тушаалтанд мэдэгдсээр ирсэн. Манай компанид үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж зээл болон хүүгээ барагдуулах боломжоор хангаж гэрээний хугацааг 2020 оны 3 улирлыг дуустал сунгаж өгөхийг хичээнгүйлэн хүсэхийн зэрэгцээ нэхэмжилж буй алданги болох 488 906 799 төгрөгийг яаж тооцож гаргасан нь ойлгомжгүй мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ХХХ ХХК /РД:5874874/-иас зээлийн гэрээний үүрэгт 1 333 065 576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /РД:5290082/-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Б.Сын өмчлөлийн 000 Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Зайсан Ар зайсан гудамж, 000 дугаар байр, 00 тоот 181.85 м.кв 4 өрөө орон сууц болон Ү-2206037740 Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Интернэйшнл рент Ар зайсан гудамж, 000 байр, 2 дугаар давхар 000 тоот 15 м.кв авто зогсоол зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 6 823 277 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч байгууллагын зүгээс үндсэн зээлийн төлбөрт 1 000 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 88 597 177 төгрөг, зээлийн алданги 488 906 799 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг нийт 1 577 518 976 төгрөг гаргуулах гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч нэхэмжилсэн үнийн дүнгээс алдангид ноогдох 244 453 399 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч ХХХ ХХК нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн хугацааг 1789 хоног /2019 оны 11-р сарын 20-ны байдлаар/ хэтрүүлсэн. Хариуцагч ...төсөл хэрэгжих үед долларын ханш нэмэгдсэн, дутуу санхүүжилт олгосон учраас төсөл хэрэгжээгүй... гэсэн тайлбарт гаргасан байдаг. Зээлдэгчид өөрсдийн эрсдэлийг тооцон авах санхүүжилтэд төслийг бүрэн хэрэгжүүлнэ гэсэн зорилготой хөргөлттэй нөхцөлөөр зээл авсан. Мөн хариуцагч Нью кпийн сити ХХК-ийн төлөөгүй үндсэн зээлээс бодогдсон алданги нь ковид-19 цар тахалтай холбоотой биш 2015 оны 5 дугаар сараас хойш зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам бодогдсон алдангийг багасан нь үндэслэлгүй байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын төсвөөс санхүүжилт авч, эх үүсвэр бүрдүүлэн хөнгөлөлттэй зээл олгодог. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр нь эргүүлэн төлөх нөхцөлтэй Засгийн газрын бонд болон дотоод эх үүсвэрээс бүрдэж дараа оны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тухайн жилийн эргэн төлөлтөөс бүрдүүлэхээр төлөвлөж улсын төсөвт тусгасан байдаг. Уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хувь хүн хоорондын харилцаа биш улсын төсвийн зарцуулалт, эргэн төвлөрүүлэхтэй холбоотой асуудал гэдгийг шүүх харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Хариуцагч компанийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдэлээс шалтгаалж улсын төсөвт их хэмжээний хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч, төрийн алба хаагч бидний хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ ХХК, Б.С нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 577 503 976 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 29ий өдөр 1 000 000 000 төгрөгийг, жилийн 3.3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, зээлдэгч зээлийг хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдэлд 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Сын өмчлөлиийн Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн 000 дугаартай, 000 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц болон Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Интернэйшнл рент Ар зайсан гудамж 000 байр, 2 авхар 000 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн 000дугаартай, 15 м.кв авто зогсоолыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүдээр тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй. /хх8-14, 15-17/

 

Дээрх зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн болон барьцааны харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зохигчдын хооронд маргаан үүсч, хариуцагч байгууллага нь үндсэн зээл 1 000 000 000 төгрөг, хүү 88 597 177 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин алдангийн хэмжээ хэт их тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хариуцагч нь зээлийг зориулалтын дагуу хэрэглээгүй, өөр бусдад шилжүүлсэн буруутай байхаас гадна 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид үндсэн зээл 1 000 000 000 төгрөг, зээлийн хүү 88 597 177 төгрөг, алданги 488 906 799 төгрөг нийт 1 577 503 976 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн 21, 22-24 дүгээр тал дах тооцоо нийлсэн баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ ХХК, Б.С нараас зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 000 төгрөг, зээлийн хүү 88 597 177 төгрөг нийт 1 088 597 177 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн зөв дүгнэжээ.

 

Хэргийн 22-24 дүгээр тал дах талуудын тооцоо нийлсэн баримтаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 00 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны алданги 488 906 799 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд алдангийн хэмжээг тооцож гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх алдангийн хэмжээг хэт их байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буруу болсон.

 

Учир нь алдангийн хэмжээг хэт их гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээний хугацаа дууссан гэх байдлаас үзэхэд дэлхий нийтээр тархсан шинэ короновирусийн өвчлөлтэй холбоотойгоор үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэхгүй. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан цаг хугацаатай хариуцагч талын үүрэг гүйцэтгэх хугацаа хамааралгүй учраас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх боломжгүй байх тул гэрээний хариуцлага болох алдангийг багасгах үндэслэл болохгүй.

Түүнчлэн, ам.долларын ханш огцом өссөн гэх үндэслэлээр алдангийг бууруулсан нь буруу болсон. Дээрх нөхцөл байдал нь гэрээгээр тохиролцсон алдангийн хэмжээг багасгасан нөхцөл байдалд хамаарахгүй байна. Алдангийн хэмжээг үндэслэлгүй хэт их гэж тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт буруу тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас алдангид 488 906 799 төгрөгийн хэмжээнд хангаж, давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.1.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдэл 0.1 хувийн алданги тооцох-оор тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Учир нь гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дууссанаас хойш алданги хуульд заасан журмын дагуу тооцогдоход короновирусийн өвчлөлтэй холботоой хүчин зүйлийн нөлөө бий болоогүй байсан гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй болно. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг шүүх эрх хэмжээний хүрээнд багасгаж шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02088 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 1 333 065 576 гэснийг 1 577 503 976 гэж,

3 дахь заалтын 6 823 277 гэснийг 8 045 469 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ