| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2308003522227 |
| Дугаар | 2025/ДШМ/327 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/327
2025 03 13 2025/ДШМ/327
Ч.Д- Ц.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
хохирогч А.Э-ы өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
яллагдагч Ц.Б-,
яллагдагч Ч.Д-, Ц.Б- нарын өмгөөлөгч Г.Халиунаа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/1132 дугаар захирамжийг эс зөвшөөрч хохирогч А.Э-ы өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Д-, Ц.Б- нарт холбогдох эрүүгийн 2308003522227 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д-,
2. Б-,
Ч.Д- Ц.Б- нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 06- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Мал бордох газраас хохирогч А.Э-ы БНХАУ руу гаргахаар бэлтгэсэн байсан 25,267 тонн адууны махыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 222.349.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан прокурорын газраас: Ч.Д- Ц.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...яллагдагч Ч.Д- нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст “2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 24527 кг адууны махаа БНХАУ-ын иргэн гэж эмэгтэйд худалдан борлуулахаар өгсөн боловч миний мөнгийг өгөхгүй байна ...” /1хх 18/ гэсэн агуулга бүхий өргөдөл гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлд хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай, 30.10 дугаар зүйлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай, 30.13 дугаар зүйлд хэрэг бүртгэлтийг дуусгах, 30.14 дүгээр зүйлд хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тус тус хуульчлан зохицуулсан байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор тайлбарлахдаа Ч.Д-гийн гомдол нь 2308003522227 дугаартай эрүүгийн хэргийн хохирогч А.Э-ы үйл баримттай хамааралтай болох нь тогтоогдсон тул Ч.Д-г 2308003522227 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж түүний гаргасан гомдлыг орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн нөхцөл байдал юм.
Нэгдүгээр хавтас хэргийн 42 дугаар талд хохирогч А.Э- мэдүүлэхдээ “...манай эхнэр Б, Ц, Я,И нар чат групп нээгээд хоорондоо мах худалдаж авахдаа харилцдаг байсан...” гэж мэдүүлсэн нь эргэлзээ бүхий байх тул 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст иргэн Ч.Д-гийн гомдолд дурдсан БНХАУ-ын иргэн 2308003522227 дугаартай эрүүгийн хэрэгт хамааралтай эсэхийг тогтоох шаардлагатай. Иргэн Ч.Д-гийн дээрх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэх нь 2308003522227 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримт гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтооход ач холбогдолтой юм.
Хоёрдугаар хавтас хэргийн 68 дахь талд авагдсан үзлэгийн тэмдэглэлд хохирогч А.Э- нь яллагдагч Ч.Д-д 25 тонн мах буцаах талаар ярианы бичлэг авагдсан байх тул энэ үед хамт байсан гэх Д.Б-, н.О- нарыг гэрчээр асууж Ч.Д- нь махыг А.Э-ы зөвшөөрлөөр авсан нөхцөл байдал бий эсэхийг тодруулах нь Ч.Д-д холбогдох “дээрэмдэх” гэх хэргийн сэдэл, санаа зорилго, шалтгааныг тодорхойлоход ач холбогдолтой байх тул дээд шатны шүүхийн шийдвэрт заасан энэ ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй байна.
Хохирогч А.Э- нь эхнэр Б рүүгээ махны үнийг шилжүүлж, Б нь А-, түүний эхнэр Э- нараар бэлтгүүлсэн 20 тонн махны мөнгөний эх үүсвэрийг тодруулах хэргийн үйл баримт гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтооход ач холбогдолтой байна. Иймд хохирогч А.Э-ы эзэмшдэг компани болох “Уулс Мандал” ХХК-ийн Хаан банкны ***** тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 1-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр яллагдагч Ч.Д-, Ц.Б- нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Ч.Д-, Ц.Б- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Хохирогч А.Э-ы өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...захирамжид заасан гол үндэслэлээ хохирогч А.Э- нь эхнэр Б- рүүгээ махны үнийг шилжүүлж, Б- нь А-, түүний эхнэр Э- нараар бэлтгүүлсэн гэх 20 тонн махны эх үүсвэрийг тодруулах хэргийн үйл баримт гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтооход ач холбогдолтой гэжээ. 1хх 48, 1хх 54-57 Ч.Д- нь хохирогчоор мэдүүлэхдээ “... ДГО улсын дугаартай авто машин дээр ачуулсан гэх 5 тонн 476 кг мах нь миний эзэмшлийн мах биш, мөн Эмээлтээс ачсан 20 тонн мах нь минийх биш" гэж мэдүүлсэн төдийгүй хэрэгт хохирогч А.Э-ы “А-ийн үйлдвэрт бэлтгэсэн 20 тонн мах, дээр нь Д-гийн үйлдвэрт бэлтгэсэн 5 тонн мах, нийт 25 тонн адууны махыг контейнертой хамт ачаад аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Пүрэвбаатарын “Бийлэг махны үйлдвэрийн Бямбаа гэх хүн байсан. Махаа ачиж дуусаад ...22-ын товчооны ойролцоо танилынхаа хашаанд машинаа байрлуулсан. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ****гэсэн /яллагдагч Ц.Б-ийн/ дугаараас залгаад Нэгүүн.мн сайтаас ярьж байна, ачиж явсан махаа хаана буулгасан тэрийгээ зааж өг гэсэн” мэдүүлэг, С.Ц-ын “Э- гэх хүн надтай холбогдож юу болоод байгаа талаар асуусан. Би Д- гэх хүн энэ махыг авна гээд яриад байна гэхэд яахаараа миний махыг барьцаалж авдаг юм, юун асуудал болоод байгаа юм гэж асуусан. ...Д- эгчийн мах тэр дунд байхгүй.” гэсэн мэдүүлэг, гэрч М.Э “Д- сүүлд авч явсан 25 тонн махыг би хэн бэлтгэсэн талаар мэдэхгүй. Тэр махны мөнгийг Ц- хийсэн гэж Д- хэлж байсан. Д- өмнө урагшаа гарсан 2 машин махыг зарчихаад Ин мөнгийг өгөхгүй байна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч С.Алтангэрэлийн “2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хаалга онгойлго гээд орж ирээд уг контейнерыг авна гээд байсан. Би тэр хүмүүсийг ороод ирэхэд нь хашааны хаалгаа хаагаад Лигээс юу болоод байгаа юм бэ гэхэд Ли энэ контейнерыг энэ хүмүүст өгөхгүй, хүнтэй ярина гэхээр нь би хаалгаа онгойлгохгүй хаасан. Тэр хүмүүс манаачийн өрөөнд байсан илүү түлхүүрээр хаалга онгойлгоод гараад явсан” гэсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байхад гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг шийдвэрлүүлэх гэх үндэслэлээр яллагдагч нарт ял завшуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн миний үйлчлүүлэгч өөрийн эхнэр М.Б-д мөнгө шилжүүлэн мах бэлтгүүлсэн болох нь 3хх 70-74 дүгээр талд мах бэлтгүүлэхдээ шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд дээрх баримтуудад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл ч хэрэгт авагдсан байдаг. Тодруулбал А.Э-ы “Уулс- Мандал” ХХК-иас мөнгө нь эхнэр М.Б-ийн данс руу шилжүүлсэн, тэрхүү мөнгөөр М.Б- мах бэлтгүүлсэн болох нь Ц.Э- /1хх 154/, Х.А- /1хх 156/, Ч.Д- /1хх 154/, С.Ц- /1хх 97/ нарын мэдүүлэг, ****” ХХК лавлагаа /2хх 131-133/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогддог төдийгүй миний үйлчлүүлэгч хохирогч А.Э-ы дээрх “****” ХХК нь жилийн 4 тэрбум төгрөгийн орлоготой ажилладаг болох нь уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Ц-ын “Би Э-ы мөнгөөр бэлдүүлсэн. И-ийн мах биш, Б гэх хүний мах гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг зэрэг баримтууд авагдсан байдаг.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар А.Э- махны мөнгийг өөрөөсөө гаргасан баримтуудыг гаргаж өгсөн, тэрхүү баримт нь дансны хуулгаар тогтоогдсон, түүний мах бэлтгэсэн гэх гэрчүүдээс мэдүүлгийг авахад А.Э-ы эхнэр М.Б- бэлтгүүлсэн талаар мэдүүлсээр байтал захирамжид хохирогч А.Э- нь яллагдагч Ч.Д-д 25 тонн мах буцааж өгөх талаар ярианы бичлэг авагдсан байх тул энэ үед хамт байсан гэх Д.Б-, О- нарыг гэрчээр асууж Ч.Д- нь махыг А.Э-ы зөвшөөрлөөр авсан эсэх нөхцөл байдал бий эсэхийг тодруулах нь Ч.Д-д холбогдох “Дээрэмдэх” гэх хэргийн сэдэл, санаа зорилго, шалтгааныг тодорхойлоход ач холбогдолтой гэжээ. Шүүх хэргийн нөхцөл байдлыг санаатайгаар мушгин өөрчилж байгаа гэж үзэхээр байна. Яллагдагч нь үнэхээр өөрийн бэлдсэн махаа алдсан асуудал байсан бол Цагдаагийн байгууллагаар тууштай явж шийдвэрлүүлэх боломж байсан төдийгүй тэрээр ганцаараа биш махны асуудал үүсгэсэн гэх гэрч М.Энхтүвшинтэй байнга хамт явж түүнтэй ярилцсан үйл баримтыг өөрт ашигтай байдлаар эргүүлж улмаар мөн л М.Энхтүвшинг байлцуулан маргаан үүсгэж миний үйлчлүүлэгчид санаатайгаар саад учруулан өөр газар саатуулж байгаад өөрийн хүү, өмгөөлөгч нараа явуулан өөрийнх нь биш гэдгийг мэдэж байсан их хэмжээний эд хөрөнгийг дээрэмдэн авсан үйлдлийг хийж улмаар авсан даруйдаа бусдад газар дээр нь тараан өгсөн үйл баримт нь хангалттай нотлогдсоор байхад хэргийн бодит байдлыг гуйвуулж байна.
Мөн яллагдагч Ч.Д- нь анх Цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа БНХАУ-ын иргэн Ин гэх хүнд залилуулсан гэх гомдлыг гаргаж харин дээрх хүний бэлтгэсэн мах нь А.Э- гэх хүнд байх тул уг махыг битүүмжлэн шалгаж өгнө үү гэх хүсэлтээ Прокурорын байгууллагад гаргахдаа Б-, О- гэх өмгөөлөгч нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байдаг атлаа хэргийн талаар мэдэж байгаа өмгөөлөгчөөс заавал мэдүүлэг авна гэх гомдлыг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэргийн газраас бусдын өмчлөлийн их хэмжээний эд хөрөнгийг авахдаа өмгөөлөгчтэй очсон бол хохирогчийг ч мөн байлцуулах боломж байсан байтал санаатайгаар саатуулан хорьж, харин нөхцөл байдлыг мэдээгүй хүмүүст прокурорын шийдвэр байгаа мэтээр ойлгуулан бэлтгэсэн байсан махыг авч явсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан байтал хэргийн энэхүү бодит байдлыг үгүйсгээд байгаа нь үндэслэлгүй байна. Харин ч эсрэгээрээ яллагдагч нар мах бэлтгэхтэй холбоотой ямар хөрөнгөтэй байсан болон үнэхээр БНХАУ-ын иргэн Ин гэгчид ямар эх үүсвэрээр бэлтгэсэн махыг явуулсан болон мах бэлтгэсэн гэх ямар ч баримт хэрэгт авагдаагүй байхад эдгээр хүмүүс ийм хэмжээний махтай байсан, эсхүл байх байж гэсэн таамаглал гарган шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч Ч.Д-гийн “Хашаан дээгүүр нь харахад махтай чингэлэг ногоон лацтайгаа байсан. Энэ өдрөөс хойш энэ махыг алдаж болохгүй гээд бусад ченж нар луу хэлсэн. ...Ченжүүд над руу яриад махыг авлаа гэхэд нь за, за та нар хохиролгүй болсон бол боллоо гээд үлдсэн. ...Өмнөх махыг авахдаа ченжүүд надад зээлээр өгсөн учраас ченжүүдэд өрөндөө өгсөн” гэсэн мэдүүлэг, Ц.Б-ийн “Манай ээж Д- жолооч нарыг хөлсөлсөн, ээжийн өртэй байсан ченжүүд лацыг өөрсдөө онгойлгоод аваад явсан. Мөн дээрх махыг дээрэмдэн авч явангуутаа тэр даруйдаа махны ченжүүдэд өрөндөө тооцон өгсөн” гэх мэдүүлгийг үндэслэн шүүх 60 хүртэл хоногоор шүүх хуралдааныг хойшлуулан махыг өрөндөө авсан гэх ченжүүдийг гэрчээр дуудан мэдүүлэг авснаар хэргийн нөхцөл байдал тодорхой болох магадлалыг огт гаргахгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Мөн захирамжаар Ч.Д-, Ц.Б- нарт урьд авсан Могол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон бөгөөд ийнхүү хүчингүй болгохдоо амьжиргааны эх үүсвэр болох бизнесийн үйл ажиллагааны хүрээнд гадаад улс руу зорчих шаардлагад үндэслэснийг тайлбарласан, гэмт хэргийн хохиролд 254.992.950 төгрөгийг төлсөн гэх үндэслэлийг гарган дүгнэсэн бөгөөд дээрх гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдлыг бий болгосон гэж үзэж байна. Хэрэв яллагдагч нарын хэн нэгэн гадаад улс руу зорчин урт хугацаагаар байхгүй болох тохиолдолд дээрх хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд миний үйлчлүүлэгч энэхүү хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хувьд ч эдийн засгийн хувьд ч маш их хохирлыг амссан. Иймээс анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ч.Д-, Ц.Б- нарын өмгөөлөгч Г.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Уг магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй үндэслэлээр хүчингүй болгож 3 үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байна гэсэн. Магадлалд хохирогчийн өмгөөлөгч, прокурор эсэргүүцэл бичээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. Бидний зүгээс энэ магадлал заавал биелэгдэх шинжтэй гэж ойлгож байна. Магадлалыг биелүүлэх үүднээс гарсан 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх бол урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцаана гэсэн заалтыг барьсан нь үндэслэлтэй. Хэрэгт ямар ч баримт байхгүй гээд байна. Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн учраас баримт цуглараагүй гэсэн асуудлыг давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Хоёр өмгөөлөгчийн асуудлыг яриад байдаг. Гэтэл нэг нь өмгөөлөгч нь, нэг нь энгийн иргэн. Гэрчийг асуугаагүй асуудлыг давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал заавал биелэгдэх шинжтэй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэснийг зөрчсөн. Нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай бол хуульд зааснаар 60 хоног хойшлуулаад эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх эрх нь байгаа. Анхан шатны шүүхээс хоёр өмгөөлөгчийг гэрчээр асуу гэдэг хууль зүйн дүгнэлт хийж буцаасан байдаг. Хоёр өмгөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан тул Өмгөөллийн тухай хуульд зааснаар ямар нэгэн байдлаар хууль зүйн туслалцаа үзүүлж байсан хэрэгтэйгээ холбоотой мэдүүлэг өгөхийг хориглосон. Б- өмгөөлөгчийн хувьд мөрдөгчтэй утсаар холбогдож ярьсан байдаг. Энэ талаарх тэмдэглэл нь хэрэгт авагдсан. Д-гийн эрхийг зөрчсөн гэж шүүхээс үзээд байгаа боловч Д-гийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Анх Д-гийн гомдлын дагуу цагдаагийн байгууллага хэргийг шалгасан боловч тухайн халдлагын зүйл болох 25 тонн мах нь А.Э- гэдэг хүний мах байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Д-гийн зүгээс “уг мах миний мах биш” гэсэн тул Д-г хохирогчоор тогтоосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож А.Э-ыг хохирогчоор тогтоож, процесс ажиллагааг зөвтгөж явуулсан. Д-гийн зүгээс БНХАУ-н иргэнд залилуулсан гэх асуудлаа тусдаа шалгуулах нь зүйтэй гэх үндэслэлээр Д-гийн асуудлыг тусад нь шалгасан боловч Д- нь мөрдөн шалгах ажиллагаанд хүрэлцэн ирээгүй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлээр прокурор А.Намдаг татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Эсэргүүцэл бичих байсан боловч бичиж чадалгүй хугацаа алдсан. Анхан шатны шүүхээс “Уулс Мандал” ХХК-ийн дансанд үзлэг хийх асуудлыг дурдсан. Уг асуудлыг 60 хоног хойшлуулаад үзлэг хийх боломжтой. Мөнгөний эх үүсвэрийг прокурорын зүгээс шалгахад Э- нь өөрийнхөө данснаас эхнэр Б-ийн данс руу мөнгө шилжүүлсэн. Улмаар Б- нь махыг бэлтгэсэн болох нь тогтоогдсон. А.Э-ы дансанд ямар хүний данснаас мөнгө орж ирээд байна гэдгийг шалгахад “Уулс Мандал” ХХК-ийн данснаас буюу өөрийнх нь компанийн данснаас мөнгө орж ирсэн болох нь тогтоогдсон. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Д-, Ц.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос Ч.Д- Ц.Б- нарыг бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Мал бордох газраас хохирогч А.Э-ы БНХАУ руу гаргахаар бэлтгэсэн байсан 25,267 тонн адууны махыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 222.349.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Ч.Д- Ц.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд, Ч.Д- Ц.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн /3хх 120-128/-ийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/1094 дугаар магадлалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хохирогчид ямар хэмжээний хохирол учирсан болохыг нарийвчлан тогтоох, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилгыг бүрэн шалгаж тогтоох шаардлагатай гэх үндэслэл зааж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /3хх 192-208/
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрах эсэргүүцэл бичиж, хохирогчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор хяналтын гомдлыг хянан хэлэлцүүлэхээс татгалзаж /3хх 234/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон.
Анхан шатны шүүх Ч.Д- Ц.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал байгаа эсэх, дээрэмдэх гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, шалтгааныг тодорхойлох болон хохирогчийн эзэмшдэг компанийн дансанд үзлэг хийх зэрэг ажиллагааг хийх шаардлагатай. ...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн анхан шатны шүүх яллагдагч Ч.Д-, Ц.Б- нар нь “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй” болгохыг хүсэлтийг гаргаж, энэ нь тэдний амьжиргааны эх үүсвэр болох бизнесийн үйл ажиллагааны хүрээнд гадаад улс руу зорчих шаардлагад үндэслэснийг тайлбарлаж, шүүх гаргасан хүсэлт нь тэдэнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх, мөрдөн шалгахад саад учруулахгүй гэж дүгнэн хүсэлтийг хүлээн авч урьд авсан Монгол Улсын хилээр хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн хохирогч А.Э-ы өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/1132 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хохирогч А.Э-ы өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН