Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1041

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч А.М/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Х овогт А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0515 21285 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х овогт А.М, 2000 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэрэгжилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Горьхийн 2-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЙС00222902 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч А.М нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ундрал төвийн Мазаалай нэртэй авто угаалгын газраас хохирогч Д.Мягмарсүрэнгийн ажлын өрөөнөөс 1.338.000 төгрөгийн үнэ бүхий Dell маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Д.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто ундрал төвийн Мазаалай авто угаалгын газарт би зохион байгуулагчийн ажлаа хийж байтал манай газар угаагчаар ажиллладаг А.М нь 2 давхрын өрөөнийхөө түлхүүрийг өгөөч үсээ угаах гэсэн юм гээд байсан. Тэгэхээр нь би ажлын өрөөнийхөө түлхүүрийг түүнд өгсөн. Тэр оройн 21 цагт ажлаа тараад явах гээд 2 давхрын өрөө рүү орох гэтэл А.М надад түлхүүр үлдээлгүй явчихсан байсан. Тэгээд би ажлын өрөөндөө орж чадалгүй шууд гэртээ харьсан. Өнөөдөр өглөө буюу 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 10 цаг 30 минутын үед авто угаалга дээрээ ирэхэд А.М ажилдаа ирээгүй ба би өрөөндөө орох гээд хажуу өрөөний цонхоор дамжин өрөөндөө ортол өрөөнд байсан зөөврийн компьютер алга болсон байсан…гомдол санал алга зөөврийн компьютерийг А.М өөрөө буцааж өгсөн…” гэх мэдүүлэг. /хх7-11,12, 33/,

Гэрч Э.Баярзол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орой цагдаагийн байгууллагаас охиныг маань асууж ярихад л охиноо гадуур болохгүй зүйл хийгээд яваад байна гэсэн ойлголт авсан. Цагдаагаас надтай утсаар ярихдаа ажиллаж байсан газраасаа зөөврийн компьютер аваад явсан талаар хэлсэн…гэр орондоо тогтохгүй, дандаа шөнө оройн цагаар гэртээ ирдэг болсон…” гэх мэдүүлэг. /хх13-14/,

Шүүгдэгч А.М нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ундрал төвийн Мазаалай нэртэй авто угаалгын газраас хохирогч Д.Мягмарсүрэнгийн ажлын өрөөнөөс 1.338.000 төгрөгийн үнэ бүхий Dell маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.М хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт А.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар А.М-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар А.М оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР