| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2410037160894 |
| Дугаар | 2025/ДШМ/328 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/328
2025 03 13 2025/ДШМ/328
Ц.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Марал,
яллагдагч Ц.Б-, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/1220 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Маралын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлээр Ц.Б-д холбогдох эрүүгийн 2410037160894 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б-,
Ц.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү-2222 хотхоны урд замд “Toyota land 300” загварын ***УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ц.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй байна. Яллагдагч Ц.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цаг 50 минутад драйгер багаж ашиглаж шалгахад 1.34 хувийн согтолт (2хх 3, 7)-той гарчээ.
Холбогдогч Ц.Б-н: “...ам зайлагч ашигласан, архи уугаагүй" гэж хэлсэн. Би сайн дураараа шинжилгээ өгье, шүүх эмнэлэгт үзүүлье гэхэд явуулаагүй. 2 цагийн дараа очоод үзүүлсэн чинь тэндхийн алба хаагч өөрсдийн драйгераа үлээчих гэсэн. Үлээхэд 0.00 хувь гарсан. Тэгээд гэр лүүгээ явсан..." гэх мэдүүлэг (хх-5). Хэрэгт “Listerine cool mint” нэршилтэй ам зайлагч гэх бодисын савлагааны зураг, орц найрлагын талаарх баримт (хх 11-13) дахь талд тус тус авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан. Иймд дээрх ам зайлагч гэх бодист шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нь чухал ач холбогдолтой байна. Өөрөөр хэлбэл тухайн ам зайлагч гэх бодист спиртийн агууламж хэр хэмжээтэй байгаа, уг бодисоор амаа зайлсны дараа амьсгал дахь спиртийн агууламж хэдий хугацаанд ямар хэмжээтэй байж болох талаар тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно" гэж заасны дагуу ам зайлагч бодисыг хэрэглэсэн талаарх яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн хуульд заасныг баримтлан туршилт хийвэл зохино. Мөн эрүүлжүүлэх саатуулах байрны драйгер багажийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 00:00 цагаас 00:10 цагийн хоорондох жагсаалтыг гаргуулан хэрэгт хавсаргах шаардлагатай гэх үндэслэлээр яллагдагч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор А.Марал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Б- /РД:/ өмнө нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ 2024 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд “тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.О-ы 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтолт 1,34 %, /хх 2-3/, жолоочийн лавлагаа, мэдээллийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх 8-10/, гэрч Б.О-ы “...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр 22 цагаас шөнийн 02 цагийн хооронд Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа Хянамгай Байя нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хан-уул дүүргийн 18 дугаар Хүннү 2222 хорооллын арын замд дэслэгч Цогоо, дэд ахлагч Алтанхуягийн хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд тандагч багаж үлээлгэж шалгах үед “Toyota land 300” загварын ***УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тандагч багаж улаан гэрэл асаж сигнал өгсөн. Тэгтэл жолооч “би архи, дарс хэрэглээгүй, би драйгер багаж үлээе, би амны цацлага хэрэглэсэн” гэж хэлсэн. Тэгээд шууд драйгер үлээлгэсэн, драйгер багаж үлээхэд 1.34 хувийн гарсан.” гэх мэдүүлэг, /хх 16/, Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан драйгер багажийн хэмжилт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-17/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18, 24/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч дэслэгч О.Баярболдын 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №0638344 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасны хуулбар /хх 50/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ц.Б- болон түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг нарын гаргасан “Listerine cool mint” гэх нэршилтэй ам зайлагч бодист шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хамаарахгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” байдлыг, мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг” тус тус тогтоох ажиллагаа нь зайлшгүй нотлох ажиллагаа бөгөөд уг ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолсон. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно" гэж заасан тул туршилт хийлгэх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт нь замын хөдөлгөөнд оролцож буй жолоочийн амьсгал дахь спиртийн хэмжээг тусгай багаж буюу драйгер багажаар тогтоосон хэмжээнээс их болохыг шалгаж тогтоосон байхад хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй, яллагдагчийн би ам зайлагч хэрэглэсэн гэх мэдүүлгийн дагуу туршилт хийлгэх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь ач холбогдолгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон, хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн шалгаан нөхцөл, оролцогчдын эрхийг хангасан байдал зэрэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Ц.Б-гийн өмгөөлөгч Б.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхээс гэмт хэрэг гарсан байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоогоогүй тул нэмэлт ажиллагаа хийлгэх шийдвэр гаргасан. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн үед замын цагдаагийн ажилтан О- гэж алба хаагч Ц.Б-г зогсоож шалгах үед 1,34 хувийн согтолттой гэж гарсан. Тухайн үеийн камерын бичлэг нь хэрэгт авагдсан. /1хх 24 хуудас/ Уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Тухайн үед Ц.Б- мэдүүлэхдээ “би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ам зайлагч хэрэглэсэн юм аа, машинаасаа аваад ирье” гэсэн байдаг. 1 хх 3 дугаар хуудсанд авто тээврийн хэрэгслийг хурааж авсан тэмдэглэлд ам зайлагчийг хурааж авсан талаарх тэмдэглэл мөн үйлдэгдсэн байдаг. Замын цагдаа шалгалтаа дуусгаад машин тэргийг нь ачуулна энэ, тэр гэсээр байгаад 1-2 цаг болоод эрүүлжүүлэх байранд ирсэн. Эрүүлжүүлэх байрны эмч илтгэх хуудас бичиж өгсөн байдаг. Мөн О- илтгэх хуудас бичиж өгсөн. Эдгээр илтгэх хуудас дээр эрүүлжүүлэх шаардлагагүй гээд буцаасан байсан. Мөн О-ы мэдүүлэгт “согтолтын зэрэг 0 хувь байсан тул буцаасан” гэсэн асуудал яригдсан байдаг. Ц.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ам зайлагч хэрэглэсэн гэдэг. Шаардлагатай бол туршилт хийгээд үзүүлье гэж Ц.Б-гийн зүгээс хэлсэн боловч уг ажиллагааг хийгээгүй. Эрүүлжүүлэх байранд очоод согтуурлын зэргээ шалгуулахад 0 хувийн согтолттой гарсан талаарх бичлэг байсан боловч бичлэг нь байхгүй болсон. Мөрдөгч, прокурорын зүгээс бодит байдлыг тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авч яллах, цагаатгах байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Яллагдагч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос яллагдагч Ц.Б-г 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү-2222 хотхоны урд замд “Toyota land 300” загварын ***УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Ц.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/1220 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Маралын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН