| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02133/И |
| Дугаар | 312/ШШ2025/02383 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 312/ШШ2025/02383
2025 11 18 312/ШШ2025/02383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
127,192,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Б.*******тай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай зээлэх, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн 0.15 хувийн алданги төлөхөөр тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, мөнгө хүлээн авсан баримтыг үйлдсэн. Үүний дараа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус зээл дээр 16,000,000 төгрөгийг нэмж зээлж, мөнгийг бэлнээр хүлээж авснаар нийт зээлийн хэмжээ 26,000,000 төгрөг болсон. Үүнээс 3,000,000 төгрөгийг төлж зээлийн үлдэгдэл 23,000,000 төгрөг болсон. Үүнд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж, 55А-505 тоот орон сууцыг худалдаж авах урьдчилгаанд нь нэмж 32,997,000 төгрөгийг өгч нийт зээлийн хэмжээ 55,997,000 төгрөг болсон. О.******* нь дээрх 55,997,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бөөнөөр нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн сар тутамд 5 хувийн хүү төлөх тухай хүсэлтийг Б.*******д бичгээр гаргаж өгч, үүнээс хойш 2021.11.14-ний өдөр 2,500,000 төгрөгийг, 2021.12.22-нд 2,500,000 төгрөгийг, 2022.01.31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, нийт 8,000,000 төгрөгийг төлж, үлдэх 47,997,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Б.******* нь О.*******тай түүний Эркэ Садо гэх фэйсбүүк мессэнжер хаягаар холбогдож зээлсэн мөнгийг өгөхийг шаардахад 2021 оны 11 сараас эхлээд сар бүр 5,000,000 төгрөгөөр төлнө гэж байсан боловч төлөөгүй байна. Иймд хариуцагч О.*******аас бичгээр гаргасан хүсэлтийн дагуу сарын 5 хувийн хүүг дээрх дүнгээс 2022 оны 02 сараас эхэлж тооцоход 1 сарын 2,399,850 төгрөгийн хүү, нийт 33 сарын хүү 79,195,050 төгрөг болж байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 47,997,000 төгрөг, зээлийн хүү 79,195,050 төгрөг, нийт 127,192,050 төгрөгийг хариуцагч О.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 47,997,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний бие О.******* нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Технологийн Их сургуульд (хуучин нэрээр) програм зохиогчоор ажиллаж байх үедээ өөрийн найз Ц.Нацагдоржоор дамжуулан Б.*******тай танилцаж, түр хугацаанд зайнаас хамтран ажиллах болсон. Түр ажил дууссаны дараа Б.******* нь 2015 оны өвөл шинээр байгуулах гэж байгаа програм хангамжийн компанид хамтран ажиллах саналыг надад тавихдаа Эрдэнэт үйлдвэр ХХК-тай (хуучин нэрээр) хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгоод надтай хамтарч ажиллавал байрны урьдчилгаа өгнө, мөн шинэ байгуулагдах компанийн хувьцааг үнэгүй эзэмшүүлнэ гэж ятгасан. Миний бие залуу хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараа ашиглаж, хувийн салбарт амжилт бүтээл гаргая гэсэн хүсэл мөрөөдлөөр Б.*******ын гаргасан саналыг хүлээн авч, Эрдэнэт үйлдвэр ХХК-аас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, Б.*******тай хамтран ажилласан. 2015-2019 оны хооронд 4 жилийн хугацаанд Скайсис Солюшнс ХХК-д өглөө 9 цагаас орой 21 цаг хүртэл амжилт, бүтээл гаргахын тулд ажиллаж, тус компанийн нэвтрүүлдэг ERP системийн техникийн бүх судалгаа, шийдэл, хөгжүүлэлтийг удирдаж ажилласнаар Odoo 10 ERP платформ дээр 100 гаруй дэд програмууд болон Odoo 12 ERP платформ дээр 40 гаруй дэд програмуудын кодыг бичиж серверийн иж бүрдэл, найдвартай ажиллагаа болон аюулгүй байдлын бүх архитектурыг гаргасан. Одоог хүртэл миний гүйцэтгэсэн архитектурын дагуу бүх серверүүд нь ажиллаж байгаа. 2015 оны 11 дүгээр сараас Б.******* захирал анх хэлэлцэж тохирсноосоо буцаж, О.******* миний бие болон Ц.Нацагдорж, П.Батсайхан, У.Үүрдмөнх бид 4-ийг компанид санхүүгийн хөрөнгө оруулалт хийх шаардлага тавьсан бөгөөд тэрээр хэлэхдээ надаас мөнгө зээлээд компанид хөрөнгө оруулчих, компанийн ашгаас мөнгөө буцааж авч болно. Энэ бол илүү сайн ажиллах хөшүүрэг гэж тайлбарлаж, бид нарт уг шаардлагаа хүчээр тулгасан. Энэ нь хожим зээлийн асуудал үүсэж, дарамтлуулах хэрэгсэл болно гэдгийг бид тухайн үед огт мэдээгүй. Б.*******ын нэхэмжлэлд дурдсан болон нэхэмжлэлд хавсаргасан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бэлэн мөнгө хүлээн авсан баримт, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16,000,000 төгрөг нь тухайн компанийн хөрөнгө оруулалт гэх шалтгаанаар компанид зориулагддаг байсан бөгөөд миний бие үүнээс нэг төгрөг ч аваагүй болно. Энэ талаар Ц.Нацагдорж, П.Батсайхан, У.Үүрдмөнх нар гэрчлэх бөгөөд эдгээр хүмүүс Б.*******аас мөн адил нэг төгрөг ч аваагүй боловч түүний гаргасан шаардлагаар надтай ижил баримт үйлдсэн. Байрны урьдчилгааны 32,997,000 төгрөгийг Б.******* нь анх хамтарч ажиллах санал гаргасны дагуу амлалтаа биелүүлж өгсөн бөгөөд миний бие зээлээр тохиролцож аваагүй, өөрийн ажил үүргийг Скайсис Солюшнс ХХК-д гүйцэтгэсэн учраас зээлийн үүрэг хүлээхгүй болно. Байрны урьдчилгаа өгөхдөө Б.******* нь компанид тогтвор суурьшилтай ажиллах шаардлага тавьсан тул Б.******* нь уг агуулгаар баримт үйлдэн өөртөө авсан. Уг баримтыг Б.*******аас гаргуулах хүсэлтэй байна. Миний бие Б.*******ын гаргасан санал болон түүнтэй хэлэлцэж, тохиролцсондоо ихээхэн итгэж, найдаж өөрийгөө бүрэн дайчилж, хүчин чармайлт гарган ажиллаж байсан боловч энэ 4 жилийн хугацаанд хамтарч ажиллахад маш бэрх, хэлэлцэж ярьснаасаа байнга буцдаг, маш их дарамттай, үргэлж өр зээлэнд оруулж байсан тул 2019 онд ажлаасаа гарсан. Ингээд Б.******* нь тус компанид үргэлжлүүлэн ажиллахгүй бол бүх мөнгийг буцааж өг гэж дарамталсан тул Ковидын цар тахлын хүнд хэцүү үед Б.*******ын дарамтаас айж, түүнтэй маргахгүйгээр хэлсэн үгээр нь бичиж өгдөг байсан. Түүний хэлснээр миний бие Б.*******д нийтдээ 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Б.*******ын өгсөн гэх 10,000,000 төгрөг болон 16,000,000 төгрөгийг О.******* миний бие өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, нэг төгрөг ч хэрэглэсэн удаа байхгүй тул уг төлбөрүүдийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Байрны урьдчилгаа төлбөрт 32,997,000 төгрөгийг Б.******* нь зээлийн гэрээгээр шилжүүлээгүй бөгөөд Скайсис Солюшнс ХХК-д үр бүтээл гарган ажиллуулах, тогтвортой ажиллуулах зорилготой байсан тул бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болно.
Иймд нэхэмжлэгч Б.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 47,997,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцэхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн хүү 79,195,050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Дээр дурдсанаар О.******* миний бие нэхэмжлэгч Б.*******аас компанийн хөрөнгө оруулалт гэх 26,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаагүй, 32,997,000 төгрөгийг зээлээр өгөөгүй тул бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Тиймээс дээрх хуулийн зохицуулалтын дагуу зээлийн хүү төлөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд ирүүлсэн миний гараар бичсэн гэх зарим баримтуудад алданги төлөх тухай заалтыг миний бие бичиж байгаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж, уг асуудлыг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б.*******аас Д.*******т олгосон итгэмжлэл, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөнгө хүлээн авсан баримт, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн кассын зарлагын ордер, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн О.*******аас Б.*******д гаргасан өргөдөл, мессежний хуулбар зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******аас 127,192,050 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч О.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 47,997,000 төгрөг, зээлийн хүү 79,195,050 төгрөг, нийт 127,192,050 төгрөгийг... гэж тайлбарласан.
3. Хариуцагч О.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим эс зөвшөөрч Б.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 47,993,100 төгрөгний хэсгийг хангаж, үлдэх 79,198,950 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4 Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
6. Тэдний хооронд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байна.
7. Иймд хариуцагч О.*******аас 47,993,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79,198,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,993,100 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 397,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч О.*******аас 47,993,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79,198,950 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 397,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ