Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1043

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Ч.Алтансүх,

шүүгдэгч Д.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан С овогт Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0423 71266 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С овогт Д.О, 1973 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо 31-25 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй,

-Урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуудсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ЖЭ73061508 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Инканто 2 хотхоны 208 дугаар байрны иргэн Ц.Мөнхзолын таксинаас буухдаа мартаж буусан Ай фоне-Икс маркийн гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа ойгож байна, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Б.Мөнхзол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн үед Улаанбаатар такси дуудаад 35-21 гэсэн дугаартай такси ирээд Элит сургуулийн нарны үрс цэцэрлэг ороод хүүхдээ аваад өөрийн гэрийн гадаа хүргүүлсэн. Гэрийн гадаа буухад зөрөөд 2 эмэгтэй хүн суугаад явсан. Би тэгээд хүүхэдтэйгээ гэртээ ороод охиноо хөхүүлээд байж байхдаа гар утсаа санаад өөрийнхөө утас руу залгахад холбогдохгүй байсан. Таксины жолоочийн утсыг олоод ярихад “ах нь машиндаа гар утсыг чинь хайгаад үзье” гэж хэлээд хэсэг хугацааны дараа “гар утас чинь байхгүй байна зөрөөд 2 хүн суусан байгаа тэр 2 хүн вокзал орж буусан…” гэх мэдүүлэг. /хх-7/,

Гэрч Х.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Тухайн эмэгтэг хүүхэдтэй нь буулгаад байж байхад чамдон барьсан 2 эмэгтэй ирээд нөгөө эмэгтэй хүнтэй зөрж суусан. Энэ хүмүүс вокзал орно гэхээр нь тэр газар нь хүргэж өгөөд явж байхад оператороос “түрүүчийн зорчигч гар утсаа үлдээсэн байна, та зорчигчтой холбогдоорой” гэж хэлэхээр нь би машинаа зогсоогоод суудал, суудлын ар, шалавч зэргийг үзэхэд ямар нэгэн зүйл байгаагүй…” гэх мэдүүлэг. /хх-7/,

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Инканто 2 хотхоны 208 дугаар байрны иргэн Ц.Мөнхзолын таксинаас буухдаа мартаж буусан Ай фоне-Икс маркийн гар утсыг завшсан болох  нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.О-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О нь хохирогч Ц.Мөнхзолд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С овогт Д.О-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.О-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР