| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03254/И |
| Дугаар | 312/ШШ2025/02358 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/02358
2025 11 17 312/ШШ2025/02358
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
зээлийн гэрээний үүрэгт 20,167,410.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* овогтой ******* нь ХасБанктай 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1130112043 дугаартай зээлийн гэрээ байгуулан 36,717,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Хас банк нь харилцагч ******* овогтой *******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1130112043 дугаартай зээлийн гэрээ байгуулан 36,717,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүд 4,744,604.49 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2024 оны 12 сараас хойш 1130112043 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтэрч эхэлсэн ба зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,052,922.46 төгрөг, зээлийн хүү 113,433.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,054.77 төгрөгийг хугацаа хэтрүүлээд 14 хоног болсон байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130112043 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 10-р сарын 20-ний өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 20,052,922.46 төгрөг, зээлийн хүү 113,433.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,054.77 төгрөгийг М.*******аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Хас банкнаас нэхэмжилсэн 20,167,410.29 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч М.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,167,410.29 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох 20,167,410.29 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,787 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 129,393.5 төгрөгийг, төрийн сангаас 129,393.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох 20,167,410.29 төгрөгийг хариуцагч М.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,787 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 129,393.5 төгрөг, төрийн сангаас 129,393.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ