| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03251/И |
| Дугаар | 312/ШШ2025/02357 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/02357
2025 11 17 312/ШШ2025/02357
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Хариуцагч:
зээлийн гэрээний үүрэгт 16,958,188.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч О.*******, Б.******* нар нь ******* ХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр А13023092701 дугаартай зээлийн гэрээ, F1302309270101 дугаар эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, 14,400,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Тус зээлийн барьцаанд 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд монгол улсад импортлогдсон, ******* улсын дугаартай WVGZZZ1TZDW028681 арлын дугаартай, хар өнгийн, Volkswagen.Golf-Touren маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.1 дахь заалтуудыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нзхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч О.*******, Б.******* нар нь ******* ХК-тай байгуулсан А13023092701 дугаар зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөр дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 12,173,993.96 төгрөг, хүү 4,624,571.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,122.33 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 16,958,188.19 төгрөг. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан В13023092701 дугаар зээлийн гэрээг тус тус үндэслэн зээлдэгч О.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 16,958,188.19 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч ******* ХК-д олгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч О.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч О.*******, Б.******* нар ******* ХК-иас нэхэмжилсэн 16,958,188.19 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч О.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,958,188.19 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.*******, Б.******* нар нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,958,188.19 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,741 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 121,370.5 төгрөгийг, төрийн сангаас 121,370.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,958,188.19 төгрөгийг хариуцагч О.*******, Б.******* нар төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,741 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.*******, Б.******* нараас 121,370.5 төгрөг, төрийн сангаас 121,370.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ