Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1057

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч О.Ү/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт О.Ү-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0039 10244 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн З овогт О.Ү, 1976 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, ам бүл 5, нөхөр, охин, хүргэн, зээ хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 3-722  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:РЖ76010508/,

Шүүгдэгч О.Ү нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг Эрдэнэтолгой “МТ” ШТС-ын хойд замд Хюндай Грэйс маркийн 95-41 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын Ашиглахыг хориглосон гэмтэлтэй 6.1-д заасан “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон”, мөн 6.2-д зааснаар “Дуут дохио ажиллахгүй болсон” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Баярбаясгаланг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Ү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна.

Гэрч Б.Уранчимэг мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “… 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг 5 минутын орчимд приус засварын газраа  нөхөр А.Ганзоригийн хамт зогсож байхад  автомашин тоормослох чимээ гарахад нь харахад микро автобус замын голд зогсчихсон, урд талын дугуйн тэнд 10-13 насны хүүхэд дугуйн доор нь хөлөө жийгээд суусан байдалтай байсан. Хөдөлгөөний сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Машин хурдтай орж ирсэн байх, хүчтэй тоормослосон...” гэх мэдүүлэг. /хх-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №5803 дугаартай дүгнэлт:

1.Г.Баясгалангийн биед зүүн тахилзуур ясны доод 1/3 хэсгийг далд хугарал, зүүн тахилзуур болон шаант ясны өсөлтийн зооноор далд зөрүүтэй хугарал, зүүн тавхайн дээд гадаргуугийн зөөлөн эдийн няцрал, зулгарал, арьс хуулрал, сарвуунд зулгаралт, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх58-59/,

 

Замын Цагдаагийн албаны 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №342 дугаартай дүгнэлт:

  1. Hyundai Grace маркийн 95-41 УНҮ улсын дугаартай автомашины жолооч Оюун овогт Үнэнбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын ашиглахыг хориглосон гэмтэл, 6.1 “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон” 6.2 “Дуут дохио ажиллахгүй болсон” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт. /хх-72/,

Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч фото зураг  /хх7-12/, 95-41 УНҮ улсын дугааартай Х/грейс маркийн микро  автобусны урд дугуй болон зорчих хэсгийн асфальтан гадаргуу хоёрын дунд хавчуулагдсан байсан гутал түр хураан авсан тэмдэглэл /хх15/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №5803 дугаартай дүгнэлт /хх58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч О.Ү нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг Эрдэнэтолгой “МТ” ШТС-ын хойд замд Hyundai grace 95-41 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын ашиглахыг хориглосон гэмтэлтэй 6.1-д заасан “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон”, мөн 6.2-д зааснаар “Дуут дохио ажиллахгүй болсон” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Баярбаясгаланг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Баярбаясгалангийн хууль ёсны төлөөлөгч Г.Гансүх нь гэм буруутай этгээдэд /О.Ү/ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул О.Ү бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, өөрийн саналыг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. З овогт О.Ү-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ү-г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ү оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Ү нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

  1. Хэрэгт хураагдан ирсэн О.Ү жолооны №382396 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Ү хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ШИНЭБАЯР