| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2002 00512 0404 |
| Дугаар | 2025/ДШМ/248 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Э.Номин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/248
Ө.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Номин-Эрдэнэ,
иргэний хариуцагч Г.Б-, Н.М-, Э.Х-, Б.Д-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Отгонпүрэв,
шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч С.Батнасан, Б.Гэрэл-Очир, Д.Энхцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1032 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, С.Батнасан, Д.Энхцэцэг, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгонпүрэв нарын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Б-д холбогдох 2002 00512 0404 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ө-ийн Б, 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ... төвийн даргаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Ө.Б- нь ... Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын байран дээрээ:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.2-д “Албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээнэ”, 6.3-д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”,
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”,
... Эрүүл мэндийн төв, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 7.3.4-т “Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй гэр, байшин, орон сууцанд амьдардаг ажилтан түлээ нүүрсний хөнгөлөлтийг тухайн зах зээлийн ханштай уялдуулан олгоно”, 7.3.6-т “Байнгын хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаа ажилтнууд банкнаас авсан зээл дээрээ ажил олгогчтой зөвшилцсөний үндсэн дээр нэмж зээл авч болно” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
... Эрүүл мэндийн төвийн “Х Ц” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй ажилчдын орон сууцны хөтөлбөрт 96 хүнийг хамрагдсан мэтээр, мөн тус орон сууцанд хамрагдсан, Эрүүл мэндийн төвд 10-аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилчдад дэмжлэг үзүүлэх талаарх албан бичгийг боловсруулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн яаманд хүргүүлж,
улмаар Эрүүл мэндийн яамны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу Хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.4, 7.3.6 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 8.3.2 дахь заалт, Эрүүл мэндийн төвийн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ... дүүргийн Эрүүл мэндийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/456 дугаар “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаал гаргаж, дээрх албан бичигт дурдсан шалгуур хангахгүй, нэр бүхий 20 ажилтанд зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр, орон сууцны хөнгөлөлт нэрээр 90,000,000 төгрөг шилжүүлэн өгч, бусдад давуу байдал бий болгосны улмаас ... дүүргийн Эрүүл мэндийн төвд 90,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Ө.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Б-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-аас 7,650,00 төгрөг, иргэний хариуцагч Д.Б-эс 1,800,000 төгрөг, иргэний хариуцагч Т.Л-гээс 5,400,000 төгрөг, иргэний хариуцагч Д.Н-гээс 7,200,000 төгрөг, иргэний хариуцагч Ц.Ц-гаас 7,200,000 төгрөг, иргэний хариуцагч П.А-ээс 900,000 төгрөг, иргэний хариуцагч Э.Х-гаас 7,200,000 төгрөг, иргэний хариуцагч Х.Г-ас 900,000 төгрөг, иргэний хариуцагч Б.Д-гаас 7,200,000 төгрөг, иргэний хариуцагч Б.Х-аас 4,500,000 төгрөг, иргэний хариуцагч Г.Б-гаас 4,500,000 төгрөг, иргэний хариуцагч Р.Э-ээс 1,350,000 төгрөг, иргэний хариуцагч С.Б-ээс 900,000 төгрөг, иргэний хариуцагч Р.С-аас 7,200,000 төгрөг, иргэний хариуцагч Н.М-аас 7,650,000 төгрөг, иргэний хариуцагч Д.У-ээс 900,000 төгрөг, иргэний хариуцагч Ц.Д-аас 5,400,000 төгрөг, иргэний хариуцагч Ч.У-аас 900,000 төгрөг, иргэний хариуцагч Б.С-гаас 1,350,000 төгрөгийг тус тус гаргуулан ...Эрүүл мэндийн төвд олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан нотолбол зохих нөхцөл байдлууд нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, 90,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж яллаж байгаа бол тухайн их хэмжээний хохирлыг хаана учруулсан, уг үйлдэл хаана төгссөн гэдэгт шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх харьяалал ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд байхгүй. Хэдийгээр ажлын байран дээрээ тушаал гаргасан боловч хохирол учруулсан нь төрийн сангийн гүйлгээ хийгдсэнээр их хэмжээний хохирол учирч, гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна.
2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар 90,000,000 төгрөгийг захиран зарцуулсан гэх үйл явдал нь удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Миний үйлчлүүлэгч төсвийн шууд захирагчийн хувьд өөрийн дээд шатны төсвийн захирагчаас зөвшөөрөл авч, захиран зарцуулсан талаар шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн акт, гэрч М.С-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан. 90,000,000 төгрөг бол хэмнэгдсэн зардал бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно.
Эрүүл мэндийн яамны чиглэл өгсөн албан бичигт 10-аас дээш жил ажилласан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар бус, харин хууль тогтоомжид нийцүүлэн захиран зарцуулах талаар бичигдсэн. Үүнийг захиран зарцуулахдаа удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэснийг Санхүү эрхэлсэн төрийн байгууллагаас буруутгах үндэслэлгүй байсан тул уг гүйлгээг хийсэн. Энэ талаар Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт зааснаар хамт олны хурлын тэмдэглэлийг заавал шаардан гаргуулж, тухайн гүйлгээг хийх ёстой. Гэтэл энэ талаарх баримтуудыг төрийн сангаас гаргуулах, гүйлгээ хийсэн мэргэжилтнийг гэрчээр асуугаагүй. Мөн удирдлагын багийн хурал болсон талаарх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүх үнэлээгүй орхигдуулсан. Үүнд:
1.Нийслэлийн Аудитын газрын тайланд (2хх 47) шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын тухайд гээд нэгдүгээр 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар хурлын тэмдэглэлд тухайн асуудлаар хуралдаж, Эрүүл мэндийн төвийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр хэмнэгдсэн зардлыг шийдвэрлэсэн талаар тусгасан байна.
2. Гэрч Х.С- (5хх 02-04), М.Б- (4хх 249-5хх 1), Б.Э- (5хх 5-7) нарын мэдүүлэг авагдсан байх мөн тухайн хуралд оролцсон хүмүүс Б.Б-, Б.Б-, Ж.Э- нараас энэ талаар гэрчээр огт мэдүүлэг аваагүй.
Яг тухайн гүйлгээг хийхтэй холбоотой ямар баримтуудын бүрдлийг хангаж гүйлгээ хийсэн талаарх хуулийн шаардлагыг хангасан баримтууд дутуу байгаа буюу энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатайг харуулна. Тухайн гүйлгээг баримт бичгийн бүрдэл дутуу хангуулж хийсэн гэж үзвэл энэ гүйлгээг хийсэн, хянан шалгасан төрийн сангийн эрх бүхий албан тушаалтны үйлдэлд ч хууль зүйн дүгнэлт хийх бодит шаардлага үүснэ.
Нөгөө талаар тухайн байгууллагын удирдлагын хурлын бүрэлдэхүүнийг баталсан тушаал шийдвэр хэрэгт авагдсан боловч эдгээр хүмүүсийг нэг бүрчлэн гэрчээр асуугаагүй. Тухайн хурлын шийдвэр байсан талаар Нийслэлийн аудитын газрын тайланд тусгасан байх боловч тухайн дүгнэлтээ ямар баримтад үндэслэн дүгнэлт гаргасан талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй. Уг хурлын тэмдэглэлийг хавтаст хэрэгт гаргуулаагүй нь хэргийг хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэж байна.
Харин хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийн тухайд нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.
Гэтэл уг гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн дүгнэлтийг шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа буюу шийтгэх тогтоолд “... нөгөөтээгүүр шүүгдэгч Ө.Б-ын хувьд хэдийгээр Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг хийсэн боловч өөрийн энэ үйлдлээ байгууллагынхаа хамт олны эрх ашиг, амьдрал ахуйд нь туслах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байна гэж ойлгож байсан нь “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх эрүүгийн хуулийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна” гэжээ.
Гэтэл миний үйлчлүүлэгч Ө.Б-ын тухайд бусдад давуу байдал олгох гэхээсээ нийгмийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг эрмэлзсэн үйлдэл болохоос энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхгүй. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг түүний ажлын байрны тодорхойлолт (1хх 246)-ын 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд 3.3 дах хэсэгт үүрэг болгосон. Мөн хэмнэгдсэн төсвийг захиран зарцуулж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрхийг Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.3-т зөвшөөрсөн.
Нөгөө талаар бусдад давуу байдал олгосон гэх үйлдлийн тухайд миний үйлчлүүлэгч энэ мөнгөн төлбөрийг өгснөөр хэний эрхийг хязгаарласан бэ гэдэг үйл баримт авагдаагүй. Эрүүл мэндийн яамны албан бичигт төсвийг захиран зарцуулах эрх олгосон болохоос тухайн төсвийг яаж зарцуулах талаар чиглэл өгөөгүй. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй.
Иймээс хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээгүй орхигдуулсан, хавтаст хэрэгт тусгагдсан боловч хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг үнэлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батнасан хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг, тухайн гэмт хэргийн шинжийг хөдөлбөргүй тогтоосны эцэст түүнийг яллах зарчмыг баримтлах ба үүнд гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь ач холбогдолтой. Мөрдөн шалгах байгууллага, прокуророос болон анхан шатны шүүхээс Ө.Б-ыг өөрийн ажилчдадаа журам, дүрэм зөрчиж дэмжлэг олгосон үйл баримтыг тогтоосон боловч үүнд хандсан түүний сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэхийг ялган тогтоолгүйгээр гэм буруутайд тооцсон.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө, эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдлийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан.
Манай улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив шинжийг судлан үзвэл, тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж, үйл баримтад дүгнэлт хийхэд тус төв нь хүний нөөцийн хомсдолтой, цалин багатай, ажлын байран дахь ачаалал, түүнээс үүдэлтэй стрессээс үүдэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгч, БНСУ-руу виз мэдүүлж, гадаад улс руу хар ажил хийхээр явж байсан тул боловсон хүчнээ тогтоон барьж үлдэх зайлшгүй шаардлагатай тулгарч байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилчдаас авсан судалгаа болон бусад нөхцөл байдлаас харгалзан “Залуучуудаа дэмжье” гэсэн бодлогыг түлхүү хэрэгжүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарт түлхүү орон сууцны хөнгөлөлтийг олгоё гэсэн Ө.Б-ын бодлогыг буруутгах аргагүй.
Энэ нь салбарынхаа хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн баталгааг хангах зорилгоор ... Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын эрхэм зорилго-эмч, мэргэжилтний ур чадварын хөгжлийг дэмжинэ, ижил тэгш байдлыг эрхэмлэнэ-ажилтнуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой эдлэх эрх, тэтгэлэг, урамшуулалд ижил тэгш байдлаар хамрагдах зарчмыг баримтална гэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ гэж үзэхээр байна.
Нийтийн албан тушаалтан хууль, журмыг зөрчсөн үйлдэл бүр гэмт хэрэг үү, уг үйлдлүүдээс аль нь гэмт хэрэг вэ гэдгийг ялгаж, ойлгож дүгнэх шаардлагатай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг гэж нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэсэн байдаг.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон дээрх үйл баримтаар Ө.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/456 дугаар “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаалыг гаргахдаа өөрт хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдэд хөнгөлөлт олгосон болох нь тогтоогдоогүй.
Дээрх шинжүүдээр Ө.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад шийтгэх тогтоолд тусгасан зүйл хэрэгт авагдсан нотлох баримттай хэрхэн, яаж уялдаж байгаа нь тодорхой биш байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэж заасан. Гэтэл шийтгэх тогтоолд дээрх байдлаар тодорхой дүгнээгүй. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өөртөө болон бусдад хэрхэн давуу байдал олгосон юм бэ. Энэ талаар нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Шүүх буруутгахдаа үндэслэлтэй дүгнэж чадаагүй. Гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно гэдэг зарчимд нийцэхгүй байна. Иймд хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хамт олноороо ярилцаж байгаад шийдвэрлэсэн. Намайг уг ажилд орсноос хойш 2 удаа аудит орж ирсэн. Нэг аудит нь хурлын тэмдэглэлтэй гэж, сүүлийн аудит нь хурлын тэмдэглэл байхгүй гэж үздэг. Би ямар нэгэн хууль зөрчсөн асуудал гаргаагүй. Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. ...” гэв.
Иргэний хариуцагч Г.Б-, Р.Э-, С.Б-, Н.М-, Т.Л-, Ц.Ц-, Э.Х-, Х.Г-, Б.Д-, Б.С-, Ч.У-, Б.Х-, Д.У-, Р.С-, Д.Б-, Д.Н- нарын өмгөөлөгч Б.Отгонпүрэв давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, шүүхийн зүгээс миний үйлчлүүлэгчдийг иргэний хариуцагч гэж тооцохдоо хуулийн ямар үндэслэл, журмыг баримталсан нь тодорхой бус, иргэний хариуцагчаар тооцохдоо хэргийн материалд авагдсан өмгөөлөгчгүйгээр өгсөн мэдүүлэг, тайлбарыг дан ганц барьж байгаа нь учир дутагдалтай. Учир нь, иргэний хариуцагчаар тогтоогдсон дээрх хүмүүс нь ямар нэг шийдвэр гаргалтад огт оролцдоггүй, 5-35 жил ажиллаж байгаа алба хаагч нар төдийгүй байгууллагын дотоод журам, салбарын сайдын бичгээр өгсөн зөвшөөрөл, удирдлагуудын шийдвэр зэргээр мөнгөн урамшууллыг тус тус авсан. Гэтэл хэргийн нөхцөл байдлыг шүүх үнэлж дүгнэхдээ бодит байдлаас хэт зөрсөн, түүнчлэн миний үйлчлүүлэгчдийг шийдвэр гаргах эрхтэй байсан мэтээр дүгнэсэн нь буруу. Миний үйлчлүүлэгчдийн зүгээс тайлбарлахдаа Авлигатай тэмцэх газрын холбогдох байцаагч нар хэт тулгасан, буруутгасан өнгө аясаар ярьсан, бүх хүмүүсийг хэвд цутгасан юм шиг асууж, тайлбар авсан төдийгүй тэдний хувьд хэрэв ингэж хэлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээж, асуудал хүндэрдэг юм хэмээн ойлгон, айж сандарсан байдалтай тайлбаруудаа өгсөн гэдгээ илэрхийлдэг. Түүнчлэн өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхийн үр дагаврыг сайн ойлгоогүй, хэлье гэсэн санаагаа бүрэн хэлээгүй гэдгийг зарим үйлчлүүлэгчид хэлдэг. Зарим нэг үйлчлүүлэгчдийн хувьд мэдүүлэг тайлбартаа “би энэ мөнгийг удирдлагуудын зүгээс надад өгсөн гэж ойлгосон, тийм тушаал, дүрэм, журам байдгийн учраас орон сууцны хөнгөлөлтөд зориулж өгсөн гэж ойлгон хүлээн авсан, бид эдгээр төлбөр мөнгийг эргүүлж өгөх ёсгүй, тийм боломж байхгүй” гэдгээ илэрхийлж байхад эдгээр нөхцөл байдлыг дүгнэхгүй байгаа нь харамсалтай. Төсвийн хөрөнгөд дээрх хүмүүсийн санаатай үйлдэл, эс үйлдэхгүйгээс болж хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Учир нь, энэ хүмүүсийн зориуд санаачилж, шийдвэр гаргасан үйлдэл, үйл ажиллагаа байхгүй, тийм нөхцөл байдал, үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Гэтэл буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, авах ёсгүй мөнгийг авсан, ажилласан жилийн чинь шаардлага хүрээгүй хэмээн даган мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг энгийн ажилтнаас нэг бүрчлэн ялгаж асуух нь байж боломгүй зүйл юм. Байгууллагын энгийн ажилчдын хувьд журмыг нэг бүрчлэн өгүүлбэр бүрээр нь мэдэх боломжгүй. Тухайн мөнгөн урамшуулал нь байгууллагыг хамарсан мөнгөн урамшуулал, дэмжлэг гэдэг нь тодорхой байсан, мөн өөрийгөө шагнах, шагнагдах шийдвэр гаргах боломж ажилчдад байхгүй тул энэ мөнгийг хулгайлж авсан, авах ёсгүй хүн авсан зэргээр иргэний хариуцагчдыг шууд буруутгах нь эрх зүйн үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд 3 иргэний хариуцагч нар өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийн оролцогч нарын эрхийг ноцтойгоор зөрчин, миний үйлчлүүлэгчдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч Г.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.” гэв.
Иргэний хариуцагч Н.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.” гэв.
Иргэний хариуцагч Э.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.” гэв.
Иргэний хариуцагч Б.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Би эрүүл мэндийн салбарт 30 жил ажилласан. Тухайн эмнэлэгт 14 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Энэ байгууллагаас ганцхан удаа л урамшуулал авсан. Би уг урамшууллыг авах ёстой гэж үзэж байна. Надад уг мөнгийг төлөх боломж байхгүй. Би зээлтэй. Сайн үйл хийсэн хүнийг яллаж байгаад гомдолтой байна.” гэв.
Прокурор Э.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... ... Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 456 дугаар тушаалыг гаргаснаар бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчөөгүй гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан харьяалал зөрчсөн асуудал нь үндэслэлгүй.. Мөн Ө.Б- нь тухайн тушаалыг гаргахдаа хамт олны хурлаар хэлэлцэж, Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар захиран зарцуулсан гэж дурджээ. Гэтэл хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, бусад тэмдэглэл, мөн тухайн тушаалыг боловсруулсан хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Д.Б-ийн “... тухайн төслийг боловсруулахад хурлын шийдвэр огт гараагүй юм. Тухайн төслийг би бичихдээ Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Б-тай хамт сууж байгаад тухайн төслийг бичсэн” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд хамт олны хурлын тэмдэглэл байхгүй болох нь тогтоогдсон. Өмгөөлөгч нарын зүгээс хамт олны хурлын тэмдэглэл байгаа гэх боловч хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хурлын тэмдэглэл байхгүй гэдэг нь хангалттай тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Г.Б-, Р.Э- нараас “тухайн тушаалыг гаргахдаа ажилчдаас авсан судалгаа, нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн мөнгөн дүнг тогтоосон” гэж байна. Гэвч иргэний хариуцагчаар татагдсан Д.Б-ийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас харахад, ямар ч судалгаа авахгүйгээр буюу ямар нэгэн шалгуургүй, ялгамжтай байдлаар урамшуулал гэх нэрийн доор төлбөрийг тогтоож өгсөн нь нотлогддог. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.О-ээс “иргэний хариуцагч гэж тооцохдоо ямар хуулийг баримталсан нь тодорхойгүй” гэсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг иргэний хариуцагч хариуцна гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхойлоод заасан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо иргэний хариуцагчаар тогтоосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зайлшгүй өмгөөлөгч оролцуулах нөхцөл байдлыг зааж өгсөн. Иргэний хариуцагчаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгчтэй оролцох эсэхийг нь тодруулан мэдүүлэг авсан бөгөөд дээрх тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасанд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
- ... Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Б-аас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 680 дугаар “... Эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Х Ц” ХХК-тай хамтран 96 хүнийг ажилчдын орон сууцны хөтөлбөрт хамруулаад байна. Орон сууцны хөтөлбөрт хамрагдсан ажилтнууддаа “Төрийн банк”-тай 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Гэрээт цалингийн хөнгөлөлттэй зээл”-ийн гэрээ байгуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тус эрүүл мэндийн төвд 10-аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилчдад дэмжлэг үзүүлэх эрх олгох чиглэл өгч, бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү. ...” албан бичиг (1хх 31),
-Эрүүл мэндийн сайд дээрх албан бичгийг хүлээн авч, Сангийн сайдад хандан хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “...Эрүүл мэндийн сайдын багцын 2018 оны 11 дүгээр сарын төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт” бүхий 1а/4791 дүгээр албан бичиг (1хх 40),
-Сангийн сайд нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшууллын зардлыг 90,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг хүлээн авч, өөрчлөлт оруулсан ... дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвийн хуваарь (1хх 47),
-улмаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс хариу хүргүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “...Эрүүл мэндийн төвийн хүүхдийн шинэ эмнэлэг нээгдэх хүртэл хэмнэгдсэн орон тоо, цалингийн зардлаас хууль эрх зүй, дүрэм журмын хүрээнд ажилтнууддаа дэмжлэг үзүүлэхийг дэмжиж байна” 1а/5019 дүгээр албан бичиг (1хх 32),
-дээрх албан бичиг болон ... Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 680 дугаар албан бичгийг үндэслэн Төрийн сангаас “Нэг удаагийн буцалтгүй тусламж” утгаар Төрийн банкинд 81,000,000 төгрөг, Татварын хэлтэст “ХХОАТатвар” гэсэн утга бүхий 9,000,000 төгрөгийн гүйлгээ тус тус хийгдсэн талаар гүйлгээний баримт (1хх 36-37),
-иргэний хариуцагч Д.Б- (1хх 121-122, 185), Х.Г- (1хх 80-83, 189), Д.Т- (1хх 158), Б.Х- (1хх 162-163), Г.Б- (1хх 166-167), Ц.Д- (1хх 172-173), Ч.У- (1хх 176-177), Р.С- (1хх 180-181), Э.Х- (1хх 193-194), Д.Н- (1хх 198-199), Т.Л- (1хх 204-205), Ц.Ц- (1хх 77-79, 210), Б.С- (5хх 10), Д.У- (5хх 13), П.А- (5хх 16), С.Б- (5хх 19), Н.М- (5хх 22-23), Р.Э- (5хх 26), Б.Д- (5хх 32) нарын: ... Эрүүл мэндийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/456 дугаар “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаалаар мөнгө авсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,
-2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэр бүхий 20 иргэний хариуцагчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3хх 34-40),
-шүүгдэгч Ө.Б- нь хамт олны хурлаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл, шийдвэргүйгээр шаардлага хангаагүй ажилчдад буцалтгүй тусламж нэрээр мөнгө олгосон талаар мэдүүлсэн:
-гэрч, Сангийн яамны төсвийн зарлагын хэлтсийн дарга М.С-ийн: “... Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу төсвийн шууд захирагч нь өөрийн байгууллагын урсгал зардал хооронд шилжүүлэх эрхтэй. Ингэхдээ мөн хуульд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчаас сангийн яаманд хүсэлт ирж байж шийдвэрлэдэг. Шууд захирагч өөрөө шууд зардал хооронд шилжүүлэх эрх байхгүй. Төсвийн шууд захирагч болон байгууллагууд жилд хэдэн ч удаа төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхтэй. Энэ байгууллагын хувьд, хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сард өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1а/4791 тоот албан бичгээр хүсэлтээ ирүүлснийг шийдвэрлэж, 90,000,000 төгрөгийн хуваарийн өөрчлөлтийг шийдвэрлүүлжээ. 90,000,000 төгрөгийг цалин хөлсний зардлын ангиллаас бууруулан тэтгэмжийн зардалд шилжүүлэн зарцуулсан. Энэ бол тухайн үеийн бичгээс харахад тус эрүүл мэндийн төвийн дэргэд шинээр ашиглалтад орох байсан хүүхдийн шинэ эмнэлэг нээгдэх хугацаа хойшилсноос хэмнэгдсэн цалингийн зардал гэсэн албан бичигтэй байна. 2018 онд цалингийн хэмнэлт гарсан. Хэмнэгдсэн мөнгөн дүнг ажилчдын орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулж болно. Гэхдээ Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлд хэмнэгдсэн зардлыг байгууллага хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэж болно гэсний дагуу орон сууцны дэмжлэг олгож болно. Сангийн сайдын тушаалаар байгууллага хамт олны 50-иас дээш хувь оролцсон хурлаар нээлттэй хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн байх ёстой...” (1хх 98-100),
-гэрч, ... Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн албаны дарга Д.Цэрэннадмидын: “...Хүний нөөцийн албанаас төсөл бичиж гаргадаг. Би доор ажиллаж байгаа 2 албан хаагчдаа тушаал гаргана гээд үүрэг өгдөг. Тэрний дагуу тушаалын төсөл бичигдэж орж ирдэг. Заримдаа би өөрөө ч бичдэг. Манай ажилтан нар энэ компаниас орон сууц авна гээд гэрээ хийж байсан. Өөр зүйл мэдэхгүй. Надад үзүүлж байгаа тушаалыг манай ажилтан Бат-Эрдэнэ бичсэн байна лээ. Би энэ тушаалыг мэдээгүй байж байгаад саяхан мэдсэн. Би хурлын тэмдэглэл хөтөлдөг. Ийм хурал огт болоогүй. Яагаад тушаал дээр ийм үндэслэл бичсэнийг мэдэхгүй байна...” (1 хх 113-116),
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ... Эрүүл мэндийн төвийн ахлах нягтлан бодогч Б.Х-ийн: “...Ө.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/456 дугаар “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаалаар 2018 оны цалингийн зардлын хэмнэлтийн 90,000,000 төгрөгийг ажилчдын орон сууцны хөнгөлөлт хэлбэрээр олгохдоо шалгуур үзүүлэлт, тогтвор суурьшилтай ажилласан жил, ажлын үр дүнг харгалзахгүй олгосны улмаас манай байгууллагад хохирол учирсан. Ө.Б- нь ... Эрүүл мэндийн төвийн даргын хувьд ямар нэгэн хууль тогтоомж, журмыг зөрчих эрхгүй, харин салбарын хууль, журмыг биелүүлэх үүрэгтэй...” (4хх 158-159),
-гэрч, Эрүүл мэндийн яамны хяналт шинжилгээ дотоод аудитын газрын шинжээч Б.Ч-ын: “... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/456 дугаар тушаалаар ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус Эрүүл мэндийн төвд олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, ажилчдад 90,000,000 төгрөгийг Сангийн яамнаас зардал хооронд гүйлгэх зөвшөөрөл авч, ажил олгогчоос олгох шагнал, тэтгэмж, урамшуулал гэсэн зардлаас гаргасан байсан. Гэтэл энэ буцалтгүй тусламжийг авсан нийт 20 хүнээс 4 хүн нь тухайн байгууллагад 10-аас дээш жил ажилласан болзол хангасан байсан ба 16 хүний жил нь хүрээгүй байсан. Мөн Эрүүл мэндийн сайдаас зөвшөөрөл авахдаа 10-аас дээш жил ажилласан ажилтан нарт олгоно гэж авчихаад тэгээгүй. Түүнчлэн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй, хурлын тэмдэглэл байхгүй байхад шууд тушаал гаргасан...” (1 хх 94-95),
-гэрч, Төрийн банкны Гачуурт тооцооны төвийн захирал Б.Г-ын: “... Төрийн банк тийм орон сууцанд хөнгөлөлт урамшуулал олгох эрх зүйн үндэс байхгүй. Байгууллагатай цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр л хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Өөр тийм орон сууцтай холбоотой асуудлаар гэрээ хийх ямар ч эрх байхгүй. Би энэ албан бичгийг анх удаа харж байна. Манай Төрийн банктай орон сууцны хөтөлбөр, Төрийн банкнаас дэмжлэг үзүүлсэн зүйл огт байхгүй. Энэ гэрээ гээд байгаа зүйл чинь цалингийн зээлийн гэрээ...” (1 хх 117-120) гэх мэдүүлгүүд зэргийг харьцуулан шинжлэн судлахад;
шүүгдэгч Ө.Б- нь албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Б/456 дугаар “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаал гаргаж, 2018 оны цалингийн зардлын хэмнэлтийн 90,000,000 төгрөгийг 10-аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа гэх шаардлагыг хангасан, хангаагүй нэр бүхий нийт 20 иргэний хариуцагч нарт байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурал хийж, шийдвэр гаргахгүйгээр шилжүүлэн өгч, тэдгээрт давуу байдал бий болгосны улмаас ... Эрүүл мэндийн төвд 90,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Авлигын эсрэг Нэгдэн Үндэстний Байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн а-д зааснаар төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон хүнийг хэлнэ.
Тус конвенцид нэгдэн орсон Монгол Улсын дотоодын хууль тогтоомжид ямар этгээдийг нийтийн албан тушаалтан гэж үзэх талаар дараах байдлаар хуульчилжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-д “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтууд болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Ө.Б-ыг ... Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон тушаал (1хх 216), Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр “Ажлын байрны үлгэрчилсэн загвар батлах тухай” тушаал, ажлын байрны тодорхойлолт (1хх 244-247) зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Ө.Б- нь ... Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан тул түүнийг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ө.Б- нь төсвийн ерөнхийлөн захирагч буюу Эрүүл мэндийн сайдаас зөвшөөрөл авах агуулга бүхий албан бичиг хүргүүлэхдээ “10-аас дээш жил ажилласан ажилчдад дэмжлэг үзүүлнэ” гэсэн атлаа энэ агуулгадаа нийцүүлэн тушаал гаргаагүй нь түүний үйлдсэн гэмт хэргийн субъектив шинжийг нотолсон байна.
Тодруулбал, иргэний хариуцагчаар татагдсан Х.Г- (1хх 80-83, 189), Д.Т- (1хх 158), Б.Х- (1хх 162-163), Г.Б- (1хх 166-167), Ц.Д- (1хх 172-173), Ч.У- (1хх 176-177), Р.С- (1хх 180-181), Э.Х- (1хх 193-194), Д.Н- (1хх 198-199), Т.Л- (1хх 204-205), Ц.Ц- (1хх 77-79, 210) нар Эрүүл мэндийн төвд 10-аас дээш жил ажиллаагүй талаараа мэдүүлсэн ба уг мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 241 дүгээр дүгнэлтээр давхар нотлогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,
мөн хэсгийн 3.1.4-д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” тус тус ойлгоно.
Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлд төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах журмын талаар дараах байдлаар зохицуулжээ.
Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д “Энэ хуулийн 46.3.2, 46.3.3-т заасан урамшууллыг хуваарилах асуудлыг байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд хамт олны хурлын тэмдэглэл болон шийдвэрийг үндэслэн тухайн шатны төрийн сан зарцуулах эрх олгоно.
46.3.Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараах арга хэмжээнд зарцуулж болно:
46.3.2.байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах;
46.3.3.нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх”,
мөн ... Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/04 дүгээр тушаалын хавсралт “Удирдлагын зөвлөлийн хурлыг хийх журам”-ын 10.2-д “Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх шийдвэрийг олонхын саналаар гаргана”,
мөн журмын 11.6-д “Хуралдааны явцын хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэлийг хурлын тэмдэглэл хөтөлсөн ажилтан хөтлөн даргаар хянуулан гарын үсэг зуруулна” гэж тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч Ө.Б- нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахих зарчмыг зөрчин, албаны эрх ашгийн эсрэг шалгуур хангасан, хангаагүй нийт 20 ажилтанд зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр, орон сууцны хөнгөлөлт нэрээр 90,000,000 төгрөг шилжүүлэн өгч, хийх ёсгүй үйлдэл хийсэн нь албаны хэвийн ажиллагаа доголдох эрсдэлийг бий болгож, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны болоод шударга ёсны зарчим аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ө.Б-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж өр авлагагүй ажиллах чиг үүрэг”-ийг биелүүлэлгүй, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5-д тус тус заасныг зөрчсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, их хэмжээний буюу 90,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон ял оногдуулахаас гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Шүүгдэгч Ө.Б-ын гэмт үйлдэл 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/456 дугаар тушаал гаргаж, нэр бүхий иргэний хариуцагч нарт мөнгө шилжүүлснээр үйлдэгдсэн нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх агуулгаар ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүгдэгч Ө.Б-ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод тохирчээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил бөгөөд Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгаатай тул мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан газраар харьяалагдахгүй.
Иймд прокуророос хэргийг шүүгдэгчийн гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн нутаг дэвсгэрийг харьяалах шүүхэд шилжүүлснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/2078 дугаар захирамжаар “Шүүгдэгч Ө.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн харьяалал зөрчигдсөн гэх хуульд заасан үндэслэл байхгүй” гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир болон С.Батнасан, Д.Энхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Гэмт хэргийн “хохирол”-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг;
гэмт хэргийн “хор уршиг”-т хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг;
“иргэний хариуцагч” гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцахаар татагдсан хүн, хуулийн этгээдийг тус тус ойлгоно.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн гэм хорыг арилгах зохицуулалтад үйлдэл нь хууль бус байх болон хариуцагч этгээд гэм буруутай байх талаар дурдаагүй ба хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд буюу гэмт хэрэг үйлдээгүй, энэ хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг хуулиар хүлээсэн этгээд давуу байдлыг нь хүртэж буй утгаар үүнтэй холбоотой хохирлыг гэм буруугаас үл хамааран арилгах үүрэгтэй.
Иргэний хариуцагч нар ... Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Б-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шилжүүлсэн хууль бус мөнгийг авч, давуу байдлыг нь хүртсэн тул хохирлыг хариуцан арилгавал зохих этгээд болно.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэр бүхий 19 иргэний хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулж, ... Эрүүл мэндийн төвд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй; өсвөр насны; монгол хэл, бичиг мэдэхгүй; бүх насаар хорих ял оногдуулж болох; хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад нь; төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан зэрэг оролцогч нарыг өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй.
Дээрх зохицуулалтаас дүгнэхэд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор, хэргийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулж, эрхийг нь хангах үүрэгтэй.
Харин дээрх үндэслэлээс бусад тохиолдолд хэргийн оролцогч өмгөөлөгч авах эрх нь нээлттэй болно.
Нэр бүхий иргэний хариуцагч нарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох этгээдэд хамаарахгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдгээр нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн байх тул өмгөөлөгч авах эрхийг нь хязгаарласан, өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгонпүрэвийн гаргасан “иргэний хариуцагч нарыг шууд буруутгаж, хохирол гаргуулсан нь үндэслэлгүй, мөн өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн мөрдөгч мөрдөн байцаалтын шатанд:
-“Т Ж” ХХК-ийн захирлын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Л.Б-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал (5хх 68-70),
-2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөгчийн “Л.Б-ыг хаана байгааг олж тогтоохоор түүний амьдардаг ... дүүргийн ... дугаар хороо, ... тоот хаягт очиход хашааны хаалга цоожтой, уг хаягт хүн амьдардаг, хүн байгаа гэх шинж байхгүй байсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5хх 104-106) зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.
Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах, хариуцах этгээдийг заасан ба хохирол хариуцах этгээдийг түүний гэм буруу буюу хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбон хуульчилсан бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас учирсан 90,000,000 төгрөгийн хохирол нь шүүгдэгч Ө.Б-ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.
Иймд иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд Л.Б-ыг олж тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг явуулсан боловч түүнийг хаана байгааг илрүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул 7,650,000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.Б-аас гаргуулж, улсын орлого болгох талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, С.Батнасан, Д.Энхцэцэг, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгонпүрэв нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1032 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, С.Батнасан, Д.Энхцэцэг, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгонпүрэв нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН