Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1064

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч Б.Батхишиг,

шүүгдэгч О.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хө овогт О.Ө-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0037 70239 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х овогт О.Ө, 1989 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,Имий Амка ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 17 дугаар гудамж 1985 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:РМ89082219/,

Шүүгдэгч О.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цаг 55 минутын үед  Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, КТМС-ийн урд замд Тоёота Платц маркийн 68-54 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс  явган зорчигч Б.Мөнхтэнгэрийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна.

Хохирогч Б.Мөнхтэнгэр мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “… 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн нутаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн урд талд байх… би 21 цаг өнгөрч байх үед… Баянзүрх дүүргийн нутаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зам хөндлөн гарч яваад зүүнээсэээ баруун чиглэлтэй явсан саарал өнгийн суудлын  машинд мөргүүлсэн.Тэгээд нэг ухаан орсон чинь түргэн үйлчилгээний төвийн харалдаа зам дээр хэвтэж байсан бөгөөд хэсэг хугацааны дарааа түргэн тусламжийн машин ирж эмч нь бууж ирж үзчихэээд яваад өгсөн. …Тухайн үед би явган хүний гарцаар зам хөндөлөн гарч явахдаа ганцаараа явж байсан бөгөөд өөр ямар нэгэн хүн надтай хамт яваагүй.Тэр үед эрүүл байсан.Замын хөдөлгөөн сийрэг талдаа, замын гэрэлтүүлэгтэй, … зам басан. …Тэр үед миний урд талд нилээн хэдэн хүн хойшоогоо гарч явсан юм. Би гомдолтой байна”. гэх мэдүүлэг /хх-20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5691 дугаартай дүгнэлт:

1.“ Б.Мөнхтэнгэрийн биед зүүн тахилзуур ясны доод 1/3-ийн олон тооны хэлтэрхий үүсгэсэн бяцарсан ил хугарал, зүүн шагайн үений мултрал, хамрын ясны 2 хажуу хананы цөмөрсөн ил хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйх, хамар, уруулд няцарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух,зүүн шанаа,хүёр гарын сарвуу, өвдөгт зулгаралт, зүүн дээд 1-р шшүдний эмтрэлт, зүүн дээд 2-р, зүүн доод 3-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх42-43/,

 

Замын Цагдаагийн албаны 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №124 дугаартай дүгнэлт:

  1. Тоёота Платц маркийн 68-54 УНБ улсын дугаартай автомашиныг жолооч Х овогт О.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”-гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэх дүгнэлт. /хх-61-62/,

Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх6-7/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч фото зураг  /хх8-11/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн №5691 дугаартай дүгнэлт /хх42-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч О.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цаг 55 минутын үед  Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, КТМС-ийн урд замд Тоёота Платц маркийн 68-54 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс  явган зорчигч Б.Мөнхтэнгэрийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, өөрийн саналыг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. З овогт О.Ө хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ө-г 500 нэгж буюу 500.000 /таван зуун  мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ө-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

  1. Хэрэгт хураагдан ирсэн О.Ө жолооны №382396 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Ө-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР