Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/14

 

 

 

 

 

 

2025        03         12                                          2025/ДШМ/14

 

 

М.М, М.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Т

Шүүгдэгч                                                       М.М, М.О

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч                     Б.Б, О.С, Н.М

Хохирогч нарын өмгөөлөгч                      Д.О

Нарийн бичгийн дарга                               Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлоор М.М, М.О нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Е овогт М-н М, Монгол Улсын иргэн, ,

 

Б овогт М-н О, Монгол улсын иргэн

,

 

М.М нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Н.Э-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч      аймаг     сум    баг       худалдааны төвийн нотариатын газар зээлийн гэрээгээр халхавчлан 32,000 юань буюу 15,000,000 төгрөгийг авсан,

мөн хамтран амьдрагч М.Отай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан ... “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт хүний нөөц хийдэг, өөрсдийг нь болоод ойр дотны хүнийг нь Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө ... гэж      аймгийн    сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Б-г хуурч, 2022 оны 05 дугаар саран 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

хохирогч Э.У-с 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 12,500,000 төгрөгийг,

хохирогч Т.С-с 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөгийг,

хохирогч З.С-с 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

хохирогч Ц.А-г хуурч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 15,200,000 төгрөгийг,

хохирогч Б.Э-г хуурч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бэлнээр болон 2 удаагийн шилжүүлгээр нийт 15,000,000 төгрөгийг,

хохирогч Б.Т-г хуурч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 7,500,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дансаар 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 15,000,000 төгрөгийг,

хохирогч Г.Ц-г хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Н” маркийн     улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5,500,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “хөдөө явж машинаа зарах гэж байна, бензины мөнгө өгөөч” гэж хуурч төөрөгдөлд оруулан 200,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 5,700,000 төгрөгийн хохирол буюу бусдад 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 118,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

шүүгдэгч М.О нь хамтран амьдрагч М.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориулаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан ... “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт хүний нөөц хийдэг, өөрсдийг нь болоод ойр дотны хүнийг нь “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө ... гэж      аймаг       сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Б-г хуурч 2022 оны 05 дугаар саран 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

хохирогч Э.У-с 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 12,500,000 төгрөгийг,

хохирогч Т.С-с 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөгийг,

хохирогч З.С-с 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,

хохирогч Ц.А-г хуурч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 15,200,000 төгрөгийг,

хохирогч Б.Э-г хуурч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бэлнээр болон 2 удаагийн шилжүүлгээр нийт 15,000,000 төгрөгийг,

хохирогч Б.Т-г хуурч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 7,500,000 төгрөгийг, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дансаар 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 15,000,000 төгрөгийг,

хохирогч Г.Ц-г хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Н” маркийн       улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5,500,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ... хөдөө явж машинаа зарах гэж байна, бензины мөнгө өгөөч ... гэж хуурч төөрөгдөлд оруулан 200,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 5,700,000 төгрөгийн хохирол буюу

бусдад 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 103,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: М.М, М.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хохирогч Н.Э-г хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан 32,000 юань буюу 15,000,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Е овгийн М-н М, Б овгийн М-н О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бүлэглэн, үргэлжилсэн үйдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, М.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан     Аймаг     Сум болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Од урьд авсан     Аймаг   Сумаас гарч явахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.Огаас 42,600,000 төгрөг гаргуулан хохирогч М.Б-д 7,500,000 төгрөг, Т.С-т 5,000,000 төгрөг, Ц.Ад 7,600,000 төгрөг, Б.Эд 7,500,000 төгрөг, Б.Тд 7,500,000 төгрөг, З.Сд 7,500,000 төгрөгийг,

шүүгдэгч М.Маас 42,600,000 төгрөг гаргуулан хохирогч М.Бд 7,500,000 төгрөг, Т.Ст 5,000,000 төгрөг, Ц.Ад 7,600,000 төгрөг, Б.Эд 7,500,000 төгрөг, Б.Тд 7,500,000 төгрөг, З.Сд 7,500,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч М.М, М.О нар хохирогч Г.Ц, Э.У нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн 64.1.3, 71 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.Мын асрамжинд байгаа 9 настай,     регистрийн дугаартай хүү А.М, 13 настай,   регистрийн дугаартай хүү М.М, 1 настай     регистрийн дугаартай хүү М.А, 1 настай      регистрийн дугаартай хүү М.А, шүүгдэгч М.Он асрамжинд байгаа 10 настай,      регистрийн дугаартай хүү О.С нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг      аймгийн Сумын Засаг даргад даалгаж,

Шүүгдэгч М.М, М.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

   Шүүгдэгч М.М болон түүний өмгөөлөгч Б.Б нар давж заалдах гомдолдоо:

 

... Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” мөн зүйлийн 1.8-д заасан “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал анхан шатны шүүх хуралдаан дээр шийтгэх тогтоолыг шүүхээс уншиж танилцуулахдаа шүүгдэгч М.Огаас 42,600,000 төгрөг, шүүгдэгч М.Маас 42,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн талаар хэлсэн. Харин 42,600,000 төгрөгийг хэн хэн хохирогчид хэдэн төгрөг гаргуулах талаар огт дурдаагүй. Гэтэл шийтгэх тогтоол дээр “... М.Маас 42,600,000 төгрөг гаргуулан хохирогч М.Бд 7,500,000 төгрөг, Т.Ст 5,000,000 төгрөг, Ц.Ад 7,600,000 төгрөг, Б.Эд 7,500,000 төгрөг Б.Тд 7,500,000 төгрөг, З.Сд 7,500,000 төгрөгийг тус тус олгож ...” гэж зөрүүтэй байдлаар бичсэн байна.

Шүүх хуралдааны дараа шүүхээс сонсгосон шийтгэх тогтоолын дагуу 42,600,000 төгрөгийг гаргуулах шийдвэрийг биелүүлэх зорилгоор шүүгдэгч М.М нь Т.Ст 10,000,000 төгрөг, Б.Тд 15,000,000 төгрөг, Б.Эд 15,000,000 төгрөгийн хохирол нийтдээ 40,000,000 төгрөгийн хохиролд тооцуулан     Аймаг    Сум     баг  дугаар гудамжны      тоот хаягт байршилтай      мкв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлалтай газрыг хохирогч нарын нэр дээр шилжүүлэн өгсөн.

Хэрэв шүүх хохирогч тус бүрт хохирлыг оногдуулахаар шийтгэх тогтоолоо уншиж танилцуулсан бол М.М хүн тус бүрт тохирох мөнгийг төлж барагдуулах байсан гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчээс 42,600,000 төгрөгийг л гаргуулах талаар дурдсан тул одоо хохирол барагдуулах, шийтгэх тогтоолыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 499 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

Шүүгдэгч М.Огийн өмгөөлөгч Н.М давж заалдах гомдолдоо:

 

...  Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ог М.Мтай бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутэй гэж дүгнэсэн бөгөөд ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэрэгт нэг бүрчлэн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр бүлэглэн үйлдсэн гэж хэт ерөнхий дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

Тодруулбал: М.О нь хохирогч нарыг хэрхэн хуурч мэхлэж, ямар үг үйлдлээр зохиомол байдлыг зориуд бий болгож хохирогч нараас мөнгөн хөрөнгийг шилжүүлж авсан зэрэг үйлдэлд дүгнэлт өгөлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Он гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан.

Тухайлбал: Хохирогч Т.С, У, Т, Э нартай шүүгдэгч М.О огт уулзаж байгаагүй гэдэг талаараа өөрөө мэдүүлдэг, мөн хохирогч нар эхлээд холбогдсон, уулзаж ажлын санал тавьсан, улмаар баримт бичгийг нь авсан хүн нь дан ганц М.М гэдгийг хохирогч нар өөрсдөө болон зарим гэрчүүд мөн мэдүүлдэг. Биечлэн уулзаж өөрийгөө Эт ажилладаг мэтээр зохиомол байдлыг бий болгож, ажилд оруулж өгнө гэж итгүүлэн хохирогч нараас мөнгө хөрөнгийг нь шилжүүлэн авсан байдаг бөгөөд ингэж шилжүүлэхдээ М.Он дансаар авсан.

Харин М.Он тухайд залилах гэмт хэргийг хэрэгжүүлэхэд хэрхэн яаж зохиомол байдлыг бий болгосон, хэрхэн хуурч мөнгөө өгтөл нь итгүүлсэн зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч, шийтгэх тогтоолд тусгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд буюу ялыг ялгамжтай оногдуулахаар ач холбогдолтой гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уг хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нараас тус бүр 42.600.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарласан. Ингээд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс 5 хоногийн завсарлага авч, улмаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үргэлжилж, шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгосохдоо мөн адил шүүгдэгч тус бүрээс 42.600.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн галаар уншин сонсгосон.

Ингэхдээ гэмт хэргийн улмаас хохирсон хор уршиг, хохирлын хэмжээг тогтоож буюу шүүгдэгч тус бүрээс 42.600.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, харин уг мөнгийг хохирогч нарт тус бүрт буюу 8 хохирогчид тус бүр хэдийг, хэн хэн, ямар хэмжээгээр яаж өгөх талаар танилцуулаагүй. Энэ нь 6 дугаар хавтаст хэргийн  талуудад авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Үүний дагуу шүүгдэгч М М нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ уншиж сонсгосон шийдвэрийн дагуу өөрийн төлөх ёстой төлбөр болох 42.600.000 төгрөгөөс 40.000.000 төгрөгийг 3 хохирогчид хохирол төлбөрөө төлсөн байна.

Гэтэл шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гаргахдаа уншин сонсгосон шийдвэрээс өөрөөр буюу хохирогч нарт тус бүр төлөх төлбөрийг нэмж тусгасан байна.

Ингээд танилцуулан сонсгосон шийтгэх тогтоолд хохирогч нарт тус бүр хэдэн төгрөгийн хохирол гаргуулах талаар дурьдаагүй атлаа бичгээр гарсан шийтгэх тогтоолд тус бүр төлөх үнийн дүнг тухайлан зааж буюу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншин сонсгосноос зөрүүтэй бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх энэхүү хуулийн шаардлагад нийцээгүй.

Энэхүү хуулийн шаардлагын хангаагүйгээс болоод шүүгдэгч М.О гардуулсан шийтгэх тогтоолд заасны дагуу нэр бүхий 8 хохирогчид тус бүр заасан үнийн дүнгээр хохирлоо төлөх үү, эсхүл уншин сонсгосон шийтгэх тогтоолын дагуу М.Мын төлсөн 3 хохирогчоос бусад үлдсэн 4 хохирогчид хохирлыг нь төлөх үү гэсэн эргэлзээ төрж, улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Мөн шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт М.Он зарим үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх тайлбарыг няцаахдаа М.Мын О бүгдийг мэдэж байсан гэх мэдүүлгээр няцаагдаж байна гэж дүгнэсэн байна. Шүүгдэгч М.М нь бид ярилцаж байгаад хийсэн, би санаачилсан гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй тул шүүгдэгчийн мэдүүлгээр нотлох, энэхүү мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь хэсэгт яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч М.Ог гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүгдэгч М.Мын мэдүүлгээр нотлож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Мөн өмгөөлөгч миний бие шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас олсон орлогыг амьдрал ахуй, өөрийн өрх гэрийн хэрэгцээнд зарцуулсан буюу амьдралын эх үүсвэр болгосон гэх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, зарим дансанд үзлэг хийгээгүй, зарлагыг О эсхүл Мын хэн аль нь хийсэн нь тогтоогдохгүй байна гэж маргаж, улмаар Од холбогдох зарим үйлдлүүд бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдохгүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргасан, уг санал дүгнэлтийг шүүх хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч шүүх шийдвэртээ тусгаагүй байна. Иймд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан өмгөөлөгчийн гаргасан саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийдвэрийн тодорхойлох хэсэгтээ тусгаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг ашиглаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон мөн Эрүүгийн шүүх хуралдаанд уншин сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа зэрэг энэхүү үндэслэлүүдээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/499 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгч М.О давж заалдах гомдолдоо:

 

... Миний хэргийг шалгахдаа зөвхөн хохирогч нараас орж ирсэн мөнгөнөөс гадна миний ажил хөдөлмөр хийж олсон цалин хөлс, уг цалин хөлсөөр амьдрал ахуйаа хэрэглэсэн байдлыг дансанд үзлэг хийж бүрэн шалгаагүй гэж үзэж байна. Мөн зарим хохирогч нараас орж ирсэн мөнгийг хэрхэн хэн яаж зарцуулсан талаар нарийн шалгаж үзлэг хийж тогтоогоогүй гэж үзэж байна. Мөн хохирлын мөнгийг шийтгэх тогтоолын 6 дахь заалтад 3 хохирогч тус бүрд хэдэн төгрөг төлөх талаар заасан байна. Гэтэл шүүх шийдвэрээ танилцуулахдаа хүн тус бүрд өгөх мөнгийг тусгайлан зааж тайлбарлаагүй байсан. Үүнээс болоод бичгээр гарсан шийтгэх тогтоолын дагуу хохирлоо төлөх ёстой юу, аль эсвэл хохирлоо авч чадаагүй байгаа үлдсэн 4 хүний мөнгийг төлж барагдуулах ёстой юу гэдэг ойлгомжгүй байдал үүсэж байна. Иймд шийттгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгч М.М тайлбартаа:

 

... Миний хувьд уг гэмт хэргийг үйлдэж гэм буруутай бөгөөд өөрийн гэм бурууг мөрдөн байцаалтын явцад хүлээж шүүхийн шатанд чин сэтгэлээсээ хохирогч нараасаа уучлалт гуйж шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулахыг маш их хичээсэн. 2024 оны 12 дугаар сарын 5-нд миний том хоёр хүүгийн аав болох А нь 42.600.000 төгрөгөнд үнэ дүйцэх хашаа байшингаа намайг хохирогч нарт төлбөрөө төлөхөд өгч болно гэж зөвшөөрсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би хохирол барагдуулахаар хохирогч нартаа уулзаж хохирол төлөх бэлэн мөнгө байхгүй тул хохиролд тооцож 42.600.000 төгрөгийг Сум         баг     гудамжны     тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй хашаа байшинг үзүүлэх төлөх санал тавьж үнэн учраа хэлэхэд хохирогч Т, С, Б, С, А, Э нарт хэлэхэд тэдний зарим нь зөвшөөрч хүрч ирж үзээд өмчлөх эрхийг нь өмчлөгчтэй нь ярьж нотариатаар орж шилжлүүлэх гэтэл 18 цаг 00 минут болсон гээд нотариат гэрээ хэлцлийг баталж өгөөгүй маргааш нь хуралд орохоос өмнө амжаагүй хуралд орсон, хуралд гэрээ хийж шилжүүлэх хүсэлтэй зорилготойгоо илэрхийлсэан боловч баримт байгаагүй.

 Харин хохирогч Т, С, Э, тухайн өдөр авах талаар тохирч асуудлаа нотариатаар орж баталгаажуулах байсан 12 дугаар сарын 06-ны өдөр Т, Э, С нарт төлөх хохирлыг төлсөн юм. Хуралд 42.600.000 төгрөг гаргуулах гэж заасан байсан. Иймд нэр зааж төлбөрийг гаргуулахаар тогтоолд бичсэн нь уншиж сонсгосон тогтоолоос зөрүүтэй байна гэж үзэж байна. Хэрэв нэр заасан бол нэр заасан хохирогч нарт би төлбөрөө төлөх байсан гэж үзэж байгаа юм. ... О түүхий эд дахин боловсруулах үйлдвэр баримаар байна гэж надад хэлж байсан. Ямар санхүүгээр барих юм гэж асуухад манай морин циркээр явж байсан хүүхдүүд ажилгүй энд байдаг. Ажил асууж байна. Надад бодсон юм байгаа гэж хэлж байсан. Буцаагаад мөнгийг нь яаж гаргаж өгөх юм бэ гэж асуухад барих үйлдвэр маш ашигтай болохгүй бол Урагшаа Хятад руу хүүхдүүд авч явж гэрээнд явна, цалин сайн буцаагаад дорхноо төлчихнө гэж хэлж байсан. Би итгэж маш буруу алхам хийсэн тэр үйлдэлдээ маш их харамсаж байна.

Хүмүүст учрах хохиролд, цаг хугацаа итгэл цаашид гарсан хохиролд би маш их харамсаж энэ хэрэг маань байцаалтын шатнаас шүүх хурал болж таслагдах хүртэл 1 жилийн хугацаанд надад бүтэн нойртой хуурай дэртэй хоносон шөнө бараг байхгүй. Энийгээ ч шүүх хурлын явцад хохирогч нараасаа уучлалт гуйж заавал хохиролгүй болгоно гэж амалсан. Тэгэж байж бүтэн амьсгаа авах гээд байсан учраас би шүүх хуралд заавал хохирол барагдуулна гэж амалсан юм. 2022 оны 09 дүгээр сард хоёр ихрээ олж хүнд бэртсэн ээжийгээ асарч явсаар гэдэс томорч мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон юм.

Тэр үеэс хойш Он үйлдвэр худлаа болж 2023 оны 03 дугаар сараас хойш гэртээ ч үзэгдэхээ больж Хятад руу хүүхдүүд гэрээнд авч явна гэх нэрийдлээр хот руу байн байн явж, би төрөх дөхсөн том гэдэстэй мөнгө нэхсэн хүмүүсийн дунд маш олон өдрүүдийг айдас түгшүүр дунд өнгөрөөж байсан. Тэр үед О хотод 2023 оны 04 дүгээр сарын 21-нээс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүүхдүүдийг Хятад улс руу гэрээнд авч явах гэж байх хугацаандаа өөр хүнтэй болсон байсан. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр урд Хятад улсын Улаанхуа гэдэг газар хүүхдүүдээ бэлдэж тоглолт тавьж 08 дугаар сарын 02-нд Эрдэнэтэд ирсэн. Улаанхуанд байх хугацаандаа над руу 300, 120.000, 700.000 гээд 3 удаа цалин гэсэн утгатай мөнгө орж ирсэн. Тухайн үед хоёр ихэр хүү маань 7 хоногт 85.000 төгрөгийн сүүгээр угжуулдаг байсан.

Ог урд Хятадад байхад нь хүмүүс мөнгө нэхэж цагдаад гомдол мэдүүлсэн байна. Өргөдөл өгсөн гялс мөнгийг нь гаргаж өгөхгүй бол баларч байна гж хэлэхэд удахгүй, өнөөдөр юм уу маргааш дансанд 5.000.000 төгрөг орно, цаашлаад 3 сарын мөнгө хорь гаруй сая төгрөг орно гэж хэлдэг байсан боловч Хятад талын захиралтайгаа муудалцаж цалин өгөх боломжгүй гэж надад хэлсэн. Тэр үед би маш их айж ганцаардаж яах учраа олохгүй хоёр нялх хүүгээ ганцаараа хараад гэрт байдаг байсан учраас А байцаагчийг гэртээ дуудаж үнэн учраа хэлж Отай холбогдуулах гэсэн боловч завгүй тоглолттой байна гээд яриагүй юм. Тэрнээс хойш хэд хоногийн дараа надтай холбогдож Хятад захиралтайгаа таарахгүй юм байна, би буцахаар болсон гэж ярьсан.

Тухайн үед би нөхцөл байдал худлаа гэж гадарлаж байсан учраас уурлаж бухимдалгүй энд чи хэрэгтэй байна мөнгө яах вэ болно, чи л хүрээд ир гэж хэлээд О 2023 оны 08 дугаар сарын 02-нд Эрдэнэтэд ирсэн. Энд ирсэн даруйдаа буцна, бүжгийн хүүхдүүд аваад дахиад Хятад руу явна гэж ярьж байхыг нь сонсоод А байцаагчид хэлж хилийн хориг тавиулж байсан. О ар гэр хүүхдээ Хятад руу явснаас хойш надтай холбоо тогтоодоггүй байсан. Ог урьд нь гэр бүл зохиож байсан, энхэр хүүхэдтэй байсныг би байцаалтын явцад мэдсэн юм. Энэ бүх үйл явдал болсноос хойш бид хоёрын дунд маш их зөрчил үүсэж, намайг хэл амаар доромжилж, бие болон сэтгэл санаанд минь хохирол учруулж дарамталдаг байсан. Энэ бүгдийг тэсэхгүй учраас 2024 оны 06 дугаар сарын 24-нөөс хойш тусдаа байх болсон ...

...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж насанд хүрээгүй 4 хүү, хөгшин аав, ээжийгээ давхар сэтгэл санааны хүнд дарамт хохиролд оруулж байгаадаа маш их харамсаж байна. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүх хурал болсны дараа О ээж, дүү рүүгээ ярьж хоёр ихрийг очиж ав гэж утсаар ярьсны дараа Он дүү миний хоёр хүүг очиж авсан байсан боловч хоёр хүүг минь Маар овогтой юм байна, хүүхдийнх нь мөнгө ээжийнх нь данс руу ордог юм байна гээд өвчтэй аав, ээжид минь аваачиж өгсөн байна. Тухайн үед хоёр ихрийгээ төрүүлсний дараа О өөрийн нэр дээр авах боломжтой байсан хүүхдүүддээ нэр өг гэхэд өгөөгүй, би өөрөө өгсөн байдаг. Захиргаан дээр очиж хүүхдүүдээ нэр дээрээ ав гэсэн боловч авахгүй явсаар 21 хоног буюу хугацаа нь тулсан учраас би өөрийн нэр дээр хоёр хүүгээ авч байсан.

 ... Би насанд хүрээгүй 4 хүүхдийнхээ болон аав, ээжийнхээ эрхийг зөрчиж байгаадаа маш их харамсаж хүүхдийнхээ сурч боловсрох шилжилтийн насанд нь зааж зөвлөх гээд ээж хүний үүргээ биелүүлэх боломжоо өөрийнхөө тэнэг үйлдлээс болж биелүүлж чадахгүй давхар хүүхдүүдийнхээ эрхийг зөрчиж байгаадаа үнэхээр гэмшиж маш их шаналж байна. Цаашлаад өвчтэй ээжийгээ эмчлүүлж чадахгүйд хүрч сэтгэл санааны гүн хямралд оруулж өөрийн үүрэг хариуцлагаа өндөр настай ээждээ үүрүүлсэндээ сайн охин нь байж чадсангүй ээж минь дийлэх болов уу, тэсэх болов уу гэсэн айдас дунд өдөр хоногийг өнгөрүүлж байна ... гэжээ.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.М тайлбартаа: ... 2.600.000 төгрөг үлдсэн. Хэнд өгөхөө мэдэхгүй байна. 40.000.000 төгрөгт тооцож хашаа байшингаа шилжүүлсэн ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.О тайлбартаа: ... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-т заасныг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... О зарим нэг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байхад хэргээ хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн. Шийтгэх тогтоол нь тодорхой ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбар, дүгнэлт гаргаж байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.М, М.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч М.М нь ганцаараа болон хамтран амьдрагч М.Отай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт нийт 118,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол,

 

шүүгдэгч М.О нь хамтран амьдрагч М.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориулаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт 103,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хохирогч Н.Эг хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан 32,000 юань буюу 15,000,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч М.М, М.О нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулж, хохирогч нарт хохирол төлбөр гаргуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

 

   Тодруулбал: Анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг даргалагч шүүгч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.Маас 42.600.000 төгрөг, шүүгдэгч М.Огаас 42.600.000 төгрөг гаргуулан хохирогч М.Бд 15.000.000 төгрөг, Т.Ст 10.000.000 төгрөг, Ц.А 15.200.000 төгрөг, Б.Эд 15.000.000 төгрөг, Б.Тд 15.000.000 төгрөг, З.Сд 15.000.000 төгрөг олгож, шүүгдэгч М.М, М.О нар хохирогч Г.Ц, Э.У нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай ... гэж уншиж сонсгосон нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг зэргээр тогтоогдож байна.

Гэтэл прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан болон хэрэгт хавсаргасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.Огаас 42,600,000 төгрөг гаргуулан хохирогч М.Бд 7,500,000 төгрөг, Т.Ст 5,000,000 төгрөг, Ц.Ад 7,600,000 төгрөг, Б.Эд 7,500,000 төгрөг, Б.Тд 7,500,000 төгрөг, З.Сд 7,500,000 төгрөгийг,

  шүүгдэгч М.Маас 42,600,000 төгрөг гаргуулан хохирогч М.Бд 7,500,000 төгрөг, Т.Ст 5,000,000 төгрөг, Ц.Ад 7,600,000 төгрөг, Б.Эд 7,500,000 төгрөг, Б.Тд 7,500,000 төгрөг, З.Сд 7,500,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч М.М, М.О нар хохирогч Г.Ц, Э.У нарт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай ... гэж бичсэн байна.

   Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар ноцтой зөрчилд хамаарна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч М.О, М.М нараас тус бүр 42.600.000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгож шийдвэрлэхдээ хохирогч М.Б, Т.С, Ц.А, Б.Э, Б.Т, З.С нарт хэд, хэдэн төгрөгийг гаргуулж олгох талаар нарийвчлан тогтоолгүйгээр хохирогч нарын хохирлын нийт дүнгээр тооцож, шүүгдэгч нараас гаргуулахаар уншиж сонсгосон нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “хохирогчид хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ... ямар хэмжээгээр хийх ... “ талаар тодорхой тусгах шаардлагатай.

   Дээрх шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдол болон шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдолд дурьдсан “... шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... гэх хэсгийг тус тус хүлээн авч, гомдлын бусад хэсэгт эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлын ...шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... гэх хэсгийг тус тус хүлээн авч, бусад хэсгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 С.ЦЭЦЭГМАА

 

                        ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР