Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00663

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00663

 

 

Тайхар-Ундарга инвестмент ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/03214 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Тайхар-Ундарга инвестмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Батчулуун, Б.Мөнх-Од нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 225 453 825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Г.Батчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Г.Батчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батмөнх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тайхар-Ундарга инвестмент ББСБ ХХК нь хариуцагч Б.Мөнх-Од, Г.Батчулуун нартай 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нар нь гэрээний дагуу 74 204 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3% хүүтэйгээр зээлсэн бөгөөд энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж 2016 оны 1 дүгээр 11-ний өдөр мөн фидуцийн гэрээ байгуулан, автомашиныг шилжүүлэн авсан байдаг. Гэрээ байгуулсан өдрөөс хойш Б.Мөнх-Од, Г.Батчулуун нар нь 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүүгийн төлбөрт 2.000 ам доллар төлсөнөөс өөр огт төлбөр төлөөгүй. Улмаар Б.Мөнх-Од, Г.Батчулуун нарын зээлийн үндсэн төлбөрт 74 204 ам доллар, 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл бодогдсон зээлийн хүү нь 15 141,12 ам.доллар, мөн зээлийн гэрээний 2.12-т заасны дагуу бодогдсон нэмэгдүүлсэн хүүд 3 487,59 ам.доллар, нийтдээ 92 832,71 ам.доллар төлөгдөөгүй байна. Энэ төлбөрийг нэхэмжлэл гаргасан өдрийн буюу 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкны ам.долларын албан ханш болох 2 424,34 төгрөгөөр үржүүлээд тооцох юм бол нийт нэхэмжлэлийн шаардлага маань 225 058 052 төгрөг болж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа нэмэгдүүлсэн хүү 3 650,84 ам.доллар нэхэмжилсэн боловч тооцооллыг засч нэмэгдүүлсэн хүүд 3 487,59 ам.доллар болгон багасгаж байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт хариуцагчаас 225 058 052 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Батчулуун, Б.Мөнх-Од нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 92 373 344 ам доллар буюу 223 944 392 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Тайхар Ундарга инвестмент ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 509 432 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 285 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батчулуун, Б.Мөнх-Од нараас 1 277 671 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тайхар ундарга инвестмент ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. .

Хариуцагч Г.Батчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх давж заалдах гомдолдоо:

... Шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Батчулуун, Б.Мөнх-Од нарт мэдэгдсэн боловч хариуцагч Г.Батчулуун нь эрүүл мэндийн улмаас ОХУ-д эмчилгээ, шинжилгээ хийлгэж байгаа болохоо нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлоогүй тул тэдгээрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно гэж тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Г.Батчулуун нь ОХУ-д эмчилгээ, шинжилгээ хийлгэж байсан бөгөөд үүнийгээ нотолж хилээр зорчсоныг тэмдэглэсэн тэмдэглэгээ бүхий гадаад паспортын хуулбар болон шүүх хуралдаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хүсэлтийг гаргасан байхад анхан шатны шүүх уг хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон хэргийг оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүд 7 341 444 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

  Нэхэмжлэгч Тайхар ундарга инвестмент ББСБ ХХК нь хариуцагч Г.Батчулуун, Б.Мөнх-Од нарт холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 225 453 825 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг шүүх 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.Мөнх-Одод 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр , хариуцагч Г.Батчулуунд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус гардуулсан байна. /хх-ийн 20, 24, 35 тал/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 181/ШЗ2017/16134 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэн хэлэлцэх тухай хүсэлт гаргасныг үндэслэн талуудыг эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр болгон товыг өөрчилжээ.

 

Хэргийн 89 дүгээр талд хариуцагч Г.Батчулууныг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, 90 дүгээр талд 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр утсаар хурлын тов мэдэгдсэн тэмдэглэгээ бүхий шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай шүүхийн баримт тус тус авагдсан байх боловч уг мэдэгдэх хуудас Г.Батчулуунд хүргэгдсэн эсэх, түүнд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Хариуцагч Г.Батчулуун 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах, өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон байна.

 

Мөн хариуцагч Б.Мөнх-Одод хэргийн материалыг огт танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хэргийн 31-32 дугаар талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай зөвлөгөөний тогтоол авагдсан байх бөгөөд уг зөвлөгөөний тогтоолд тамга дарагдаагүй байгааг дурьдах нь зүйтэй.

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж, хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/03214 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 412 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО