Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/00280

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/00280

 

Ц.Цасчимэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03620 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Цасчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Тунгалагт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 95 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралт-ын 2 дах заалтуудаас тус тус татгалзаж, 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалсайхан, өмгөөлөгч М.Энхжаргал, Ж.Батбаяр, хариуцагч Д.Тунгалаг, өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цасчимэг нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Скай тауэр орон сууцны баруун талд орших 288 м.кв үйлчилгээ орон сууцны зориулалттай газрыг 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 673 тоот Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хууль ёсоор эзэмшиж байсан бөгөөд тус газарт 140 айлын орон сууцны барилга барихаар холбогдох зөвшөөрөл бичиг баримтыг бүрдүүлэхэд хөрөнгө зарцуулж ажлаа эхлүүлэх гэтэл Д.Тунгалаг нь уг 288 м.кв газар дээр өөрийн эзэмшлийн газраа оролцуулаад граж барьчихсан байсан. Тухайн үед Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас Д.Тунгалагийг бусдын газрыг чөлөөлөх талаарх мэдэгдлийг хүргүүлсэн ч уг зөрчлийг арилгаж газрыг чөлөөлөөгүй. Ингээд Д.Тунгалаг газрыг худалдаж авах хүсэлт тавьсны эцэст Ц.Цасчимэгийн тухайн газар дээр оруулсан хөрөнгө оруулалт 300 000 000 төгрөгөөр үнэлэн тохиролцож Иргэний газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан. Талууд 2013.07.03-ны өдөр Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралтаар иргэн Л.Евгенийн эзэмшлийн 05-70 УБҮ улсын дугаартай хар өнгийн Лексус 570 маркийн суудлын автомашиныг 165 000 000 төгрөгт үнэлж өгөх, Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа Ноёд констракшн ХХК-ийн Сэлэнгэ 888 орон сууцны барилгаас 135 000 000 төгрөгт бодож 75 м.кв байр өгөхөөр тохиролцсон. Гэтэл Баянзүрх дүүрэгт тэр байр эдний эзэмшилд байхгүй нь тогтоогдсон. Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах талаарх талуудын маргааныг 3 шатны шүүх шийдэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ гэрээний дагуу Д.Тунгалаг нь 05-70 УБҮ улсын дугаартай хар өнгийн Лексус 570 маркийн суудлын автомашиныг 165 000 000 төгрөгт тооцож шилжүүлсэн, бэлнээр 15 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарахад өгсөн байсан.

Д.Тунгалагийн нэр дээр газар эзэмших эрх шилжихээс өмнө гэрээгээр тохирсон орон сууц нь байхгүй байсан учраас тэр дээрх 180 000 000 төгрөгийг өгсөн байсан. 2016 онд 78-77 УБН улсын дугаартай хар өнгийн Range Rover маркийн суудлын автомашиныг 25 000 000 төгрөгт тооцож шилжүүлсэн, нийт 205 000 000 төгрөгийн үүрэг гүйцэтгэсэн, үлдэгдэл 95 000 000 төгрөгийг төлөх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй. Тэгэхээр тэрээр гэрээний хавсралтаар тохирсон байрыг өгөх боломжгүй болсон учир мөнгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Д.Тунгалагт газар эзэмших эрхээ шилжүүлсэн бөгөөд тэрээр гэрээний хавсралтад заасан үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон түүний хавсралт гэрээний дагуу төлбөл зохих гэрээний үүрэг болох 95 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2007 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр /одоо 17 дугаар хороо/-т 16 давхар 32 айлын орон сууцыг барьсан. 2009 оны 05 сард хажуу талынхаа одоо яригдаад байгаа газар дээр 32 айлдаа зориулаад 2 давхар граж барьсан. Граж барихаасаа өмнө өөр хүний эзэмшлийнх эсэхийг тодруулахад тухайн газарт кадастрын зураг байхгүй гэсэн. Бид гражаа 2009 оны 5 сард ашиглалтад оруулчихаад байхад Ц.Цасчимэгт газар эзэмших зөвшөөрөл нь 2009 оны 12 сард гарсан байдаг. Үүнийг Ц.Цасчимэгийн ээж болох н.Эрдэнэцэцэг гэх Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ажилладаг хүн буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Жаргалсайхантай хамт амьдарч байсан эхнэр нь өөрийн албан тушаал, өөртөө байгаа мэдээллийг ашиглаад манай хажуу талын 288 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг охин Ц.Цасчимэгийн нэр дээр гаргасан. Тэгээд А.Жаргалсайханд итгэмжлэл өгөөд анхнаасаа биднээс мөнгө салгах зорилготой байсан гэдэг нь ойлгомжтой, тодорхой болж байна. н.Эрдэнэцэцэгт 2009 онд бүх эрх мэдэл байсан бөгөөд тухайн үед Хан-Уул дүүргийг хариуцсан архитекторч байсан. Манайх 2010 онд энэ орон сууцыг ашиглалтад оруулсан, гражны барилга 2009 оны 05 сард дууссан бөгөөд 2010 оны 07 сард орон сууцаа ашиглалтад оруулж айлуудаа оруулсан. Үүнээс хойш 2013 оны 07 сард А.Жаргалсайхан гарч ирээд бидний газар дээр та нар граж барьсан байна, бид газар дээрээ 12 давхар 140 айлын орон сууц барих гээд зургаа хийлгээд, техникийн нөхцөлөө авахад 230 сая гаруй төгрөгийн зардал гаргасан гэсэн. Холбогдох газраас ирүүлсэн лавлагаанаас үзэхэд манай барилга 2010 онд ашиглалтад орсон байхад эднийд 2009 онд газар эзэмших эрх олгосон юм бол 2010-2013 оны хооронд техникийн нөхцөл, ажлын зургийг гаргуулсан байх ёстой гэж бодтол Ц.Цасчимэгийн нэр дээр ямар ч техникийн нөхцөл олгогдоогүй байсан. Техникийн нөхцөлүүдийг аваагүй тохиолдолд ажлын зураг хийгдэнэ гэх ямар ч боломжгүй юм. Анх А.Жаргалсайхан 12 давхар барилгын зураг, техникийн нөхцөл, зөвшөөрөл гээд бүх зүйл бэлэн гэхээр нь ярилцаад газар эзэмших эрхийг 165 000 000 төгрөг, үлдсэн 135 000 000 төгрөгт ажлын зураг болон бусад баримт бичигт тооцохоор тохиролцож, гэрээ хийсэн. Газрын гэрчилгээг өгөхгүй удаад байхаар нь 2013 оны 10 сард газрын албанаас лавлахад миний өмнөөс Д.Тунгалаг гэж бичээд авчихсан байсан. Энэ гэрчилгээг н.Эрдэнэцэцэг өөрийнхөө албан тушаалыг ашиглаж А.Жаргалсайханд авч өгсөн гэж үзэж байна. Өмнөх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч мөнгөө авсны дараа ажлын зургийг өгнө гэж ойлгосон, техникийн нөхцөл авчихсан гэж ойлгосон байтал аваагүй болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ц.Цасчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалсайхантай иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай хавсралт гэрээний 2-т 140 айлын орон сууцны барилгын ажлын зураг, эскиз, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг манайд өгөөд дараа нь 75 м.кв байрыг Д.Тунгалаг миний бие өгөхөөр тохиролцсон. Гэвч Ц.Цасчимэгийн тал гэрээний үүргээ биелүүлэхгүй мөртлөө нэхэж гуйсаар байгаад 40 000 000 төгрөг авсан тул дээрх 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралтын Ц.Цасчимэгийн хүлээх үүргийн 2-т Эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргуулж өгөөд дээрх байрыг Ц.Цасчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалсайханд хүлээлгэж өгнө хэмээн харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т заасны дагуу эхлээд Ц.Цасчимэг нь эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрлийг Д.Тунгалаг надад өгөх үүргийг хүлээж, миний бие хүлээн авсны дараа холбогдох төлбөр тооцоог хийхээр гэрээний хавсралтад маш ойлгомжтой байдлаар тусгасан. Гэтэл нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл энэ үүргээ зөрчсөөр ирсэн. Ц.Цасчимэгээс шилжүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөр Л.Евгений 2017 оны 1 сард А.Жаргалсайханаас хүлээн авсны дараа Д.Тунгалаг миний бие холбогдох эрх бүхий байгууллагаас тухайн газарт Ц.Цасчимэгийн нэр дээр эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон эсэх, эдгээр зөвшөөрөл олгосон баримт бичиг гарсан эсэх талаар лавлахад дээрх баримт бичгүүдийг батлуулаагүй, зөвшөөрөл олгогдоогүй байна. Ц.Цасчимэгийн талаас гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй шалтгаан тодорхой болсныг нотлох бөгөөд цаашид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн ч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсныг харуулж байгаа юм.

Иймд гэрээнд заасан үүргээ Ц.Цасчимэг зөрчсөн, цаашид гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хавсралт гэрээний Д.Тунгалагийн үүргийн 2-т, мөн Ц.Цасчимэгийн үүргийн 2-т заасан гэрээний заалтаас татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ц.Цасчимэгийн талд шилжүүлэн өгсөн 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй боловч мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлоогүйгээс гадна түүний шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №5352 тоот шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №1343 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №1058 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх Ц.Цасчимэгт нээлттэй буюу өөрөөр хэлбэл Д.Тунгалаг гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй тул үүргийн биелэлтэд 95 000 000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч 95 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Д.Тунгалаг нь гэрээний хавсралтад Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа Ноёд констракшн ХХК-ийн Сэлэнгэ 888 орон сууцны барилгаас 135 000 000 төгрөгт бодож 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгт үнэлж 75 м.кв байр өгөхөөр тохиров гэсэн боловч энэ байр бодит байдал дээр огт байгаагүй. Энэ байрыг өөрийнх мэтээр итгүүлж, дээрх байрыг өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Түүнд ийм байр байхгүй учраас бидэнд гэрээний үнэнд тодорхой мөнгийг шилжүүлсэн. Д.Тунгалагт анхнаасаа ийм байр байгаагүй бөгөөд тэрээр бусдын эзэмшил газарт, зөвшөөрөлгүй барилга барьснаас ийм маргаан үүсэх нөхцөлийг бий болгосон. Тэрээр уг газарт ажлын зураг хийлгэхэд 100 000 000 төгрөгийн үнэтэй гэх тайлбараа нотолсон баримтгүй байгаагаас гадна гэрээгээр тохирсон мөнгийг өгөхгүй гэсэндээ хүчин төгөлдөр хэлцлийн зарим заалтаас татгалзана гэдэг тайлбар гаргаж байна гэж үзэж байна. Нэгэнт хэлцлийн талаар шүүх дүгнэчихсэн тул бид энэ талаар маргах боломжгүй болсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Тунгалагаас 95 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цасчимэгт олгож, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралт 2-т Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа Ноёд констракшн ХХК-ны Сэлэнгэ 888 орон сууцны барилгаас 135.000.000 төгрөгт бодож 1 м.кв талбайг 1.800.000 төгрөгт үнэлж 75 м.кв байр өгөхөөр тохиров, мөн 2-т Эскиз, ажилын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрөлийг гаргуулж өгөөд дээрх тохирсон байрыг Ц.Цасчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалсайханд хүлээлгэж өгнө гэх гэрээний заалтаас татгалзаж, 40 000 000 төгрөгийг Ц.Цасчимэгээс гаргуулах тухай Д.Тунгалагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Тунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 632 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цасчимэгт олгож, хариуцагч Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428 150 төгрөгөөс илүү төлөгдсөн 70 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцааж гаргуулан хариуцагчид олгож, үлдэх 357 950 төгрөгийг, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...5352 тоот шийдвэр, 1343 тоот магадлал, 1058 тоот тогтоолоор нэхэмжлэгч Ц.Цасчимэгийн талд талуудын байгуулсан гэрээний хавсралтын 2-т заасан "ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл" нь Ц.Цасчимэгт байгаа гэж шүүх үзэж, Д.Тунгалаг дээрх баримт бичгүүдийн үнэ 135 000 000 төгрөгийг төлсний дараа гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх баримтыг Ц.Цасчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс "баримт бичгүүд байхгүй" гэж тайлбарлаагүй, харин ч дээрх бариммт бичгүүд байгаа гэж тайлбарлаж ирсэн. Харин одоо энэхүү шийдвэрлэгдэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Эскиз, ажилын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрөл" зэрэг баримт байхгүй болохыг хариуцагч Д.Тунгалаг нь төрийн эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаснаар олж мэдсэн, үүний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эдгээр баримт бичгүүд байхгүй болохоо хүлээн зөвшөөрсөн. Эндээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан "140 айлын орон сууцны барилга барихаар холбогдох зөвшөөрөл бичиг баримтыг бүрдүүлэхэд нэлээд их хөрөнгө зарцуулсан", "газар дээр оруулсан хөрөнгө оруулалтыг 300 000 000 төгрөгөөр үнэлэн тохиролцож Иргэний газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ байгуулсан юм" гэх үндэслэл нь үгүйсгэгдэж аливаа зардал гараагүй, хохирол учраагүй байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд "газар дээр хөрөнгө оруулсан гэж үзэж тус хөрөнгө оруулалтыг үнэлэн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон" гэх утга агуулгаар мэтгэлцсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хөрөнгө оруулаагүй, зардал гаргаагүй болохоо тайлбарласан, түүнчлэн холбогдох эрх бүхий байгууллагаас маргаан бүхий газар дээр зөвшөөрөл гаргаагүй болох талаар нотлох баримтыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээний хавсралт 2-т заасан үүргээ гүйцэтгэх боломжгүй, түүнчлэн нэмэлт хугацаа тогтоосон ч үүргээ гүйцэтгэх боломжгүй байгааг хариуцагч тал мэдсэн тул гэрээнээс татгалзахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Анхан шатны шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо "хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гэрээ хүчинтэй байгаа учир татгалзах боломжгүй" гэсэн агуулгаар хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй, мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл байхгүй. Хавсралт гэрээний 2 дах заалтуудад нэхэмжлэгч тал эхэлж үүргээ гүйцэтгэх, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсны дараа хариуцагч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч тал үүргээ эхэлж гүйцэтгээгүй, үүргээ гүйцэтгэх боломжгүй болохыг хожим олж мэдсэн тул гэрээний холбогдох хэсгээс татгалзаж байгааг шүүх үндэслэл бүхий дүгнээгүйд гомдолтой байна. Хариуцагч Д.Тунгалаг нь бодит бус хөрөнгө оруулалт, зардал болон эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрөлд үндэслэлгүй төлбөр төлөхөөр болж байгаа нь шударга бус байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Цасчимэг нь хариуцагч Д.Тунгалагт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 95 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Ц.Цасчимэгтэй байгуулсан Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралт-ын 2 дах заалтуудаас татгалзаж, 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Цасчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалсайхан, хариуцагч Д.Тунгалаг нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр эрх шилжүүлэгч Ц.Цасчимэг нь Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 178016/0051 нэгж талбарын дугаар бүхий, 288 м.кв газар эзэмших эрхийг Д.Тунгалагт шилжүүлэх, мөн өдөр байгуулагдсан Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралтаар газар эзэмших эрхийг 300 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах, Д.Тунгалаг нь 165 000 000 төгрөгт Тоёота Лексус маркийн 05-70 УБО улсын дугаартай автомашин, 135 000 000 төгрөгт Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа Ноёд Констракшн ХХК-ийн Сэлэнгэ 888 орон сууцны барилгаас 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгт бодож 75 м.кв байр өгөх, Ц.Цасчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалсайхан нь газрын гэрчилгээг Д.Тунгалагийн нэр дээр шилжүүлж өгснөөр автомашиныг хүлээж авах, гэрчилгээ гараагүй тохиолдолд автомашины үнэ 165 000 000 төгрөгийг буцааж төлөх, эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрлийг гаргуулж өгснөөр дээрх байрыг хүлээлгэж өгөхөөр /хх-6-7/ тохиролцсон байна.

 

Улмаар дээрх Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, нэгж талбарын 178016/0051 дугаар бүхий 288 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/892 тоот шийдвэрээр Д.Тунгалагт шилжсэн буюу газар эзэмших эрхийг түүнд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр /хх-89/ олгосон, Д.Тунгалагаас Ц.Цасчимэгт 165 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин болон 15 000 000 төгрөгийг бэлнээр, мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Range Rover маркийн 78-77 УНӨ улсын дугаартай автомашиныг 25 000 000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, магадлал тогтоол хүчин төгөлдөр болсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, зохигчдын хооронд байгуулагдсан Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний хавсралтад зааснаар нэхэмжлэгч Ц.Цасчимэгийн итгэмжлэгдсэн А.Жаргалсайхан нь газрын гэрчилгээг барилгын эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хамт Д.Тунгалагийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт зааснаар зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Тунгалаг өмнө нь шийдвэрлэгдсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5352 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт эскиз, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг 50 000 000 төгрөгийн үнэтэй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байсан тухай баримт хэрэгт авагджээ. /хх 12-15/

Гэтэл энэ хэрэгт эдгээр бичиг баримтыг гаргуулах үнийг 135 000 000 төгрөгөөр үнэлж зөрүүтэй тайлбар гаргасныг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байхаас гадна төрийн байгууллагын зарим шийдвэрт үнэлгээ тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Цасчимэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон үнийг буюу гэрээний үүргээ бүрэн биелүүлэхийг хариуцагч Д.Тунгалагаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Д.Тунгалаг нь гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй, харин гэрээний зарим заалтаас татгалзах эрх үүсээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Тунгалагийн төлсөн 833 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Н.БАТЗОРИГ