| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01858/И |
| Дугаар | 312/ШШ2025/02180 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2025/02180
2025 11 03 312/ШШ2025/02180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Хариуцагч:
220,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажлын газрын нягтлан бодогч Б.******* надад хандан Б.******* нь өөрийн найз Б.*******тэй хамтарч Даабал даймонд ББСБ ажиллуулдаг бөгөөд 200,000,000 сая төгрөг зээлээч гэдэг хүсэлт тавьсан, надад тухайн үед мөнгө байхгүй хадгаламжинд мөнгө байгаа гэхэд хадгаламж барьцаалсан зээл авч өгөөч гэсэн хүсэлтийн дагуу Таван богд ББСБ-д байрлах хадгаламжнаас сарын 1,93 хувийн хүүтэй 200,000,000 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээлийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай авч Иргэн Б.*******тэй гэрээ байгуулж Б.*******ийн хаан банкны 5090156910 тоот дансанд 200,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.*******, Б.******* нар нь нэмж 20.000.000 төгрөг зээлээч гэсний дагуу мөн хадгаламж барьцаалсан зээл авч тухайн өдөр Б.*******ийн хаан банкны 5091166598 тоот дансанд шилжүүлсэн болно. Гэрээний хугацаа дууссан боловч Б.*******, Б.******* нар нь зээлээ төлөхгүй өнөөдрийн хүрч, устаа авахгүй, миний дугаарыг блок хийсэн болно. Иймд зээлийн төлбөр болох 220,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлтэй Б.*******, Б.******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 220,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч талаас дараах талбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч С.******* нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлдүүлсэн 200,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэмж зээлдүүлсэн 20,000,000 төгрөг нийт 220,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээгээр нэхэмжлэгч С.*******аас 200,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн ба 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 19,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Үүний дараа гэрээг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, сунгасан хугацаанд хариуцагч Б.******* рүү залгахгүй талаар гараар бичиж өгсөн юм. Мөн Даабал дайманд ББСБ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох Чандмань төвийн 203 тоот хаягтай 39,8 м.кв үл хөдлөх хөрөнгийг 145,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл шилжүүлж аваагүй, мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад 220,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, С.*******ын хүсэлт, гэрээний сунгалт, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн итгэлцэл барьцаалсан зээлийн гэрээ, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн барьцааны гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн итгэлцэл барьцаалсан зээлийн гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн барьцааны гэрээ, Таван богд финанс ББСБ-ийн тодорхойлолт зэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******, Б.******* нараас 220,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нягтлан Б.******* нь банк бус санхүүгийн байгууллага найзтайгаа нийлж ажиллуулдаг гэж хэлээд 200,000,000 төгрөг зээлүүлэх хүсэлт гаргасан. Миний хувьд надад зээлэх мөнгө байхгүй хадгаламж барьцаалсан зээл авч өгч болно гээд Таван Богд ББСБ-аас итгэлцэл барьцаалсан 200,000,000 төгрөгийн зээл авч хариуцагч нар руу шилжүүлсэн. Таван Богд ББСБ-ын гэрээнд сарын 1,93 хувийн хүүтэй гэж байгаа. Би нэг ч төгрөгийн ашиг хараагүй бөгөөд 1.93 хувийн хүүтэйгээр тухайн мөнгийг зээлүүлсэн. Хариуцагч нар бид цааш нь 4 хувийн хүүтэй гаргах гэж байгаа гэж хэлж байсан. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэмээд 20,000,000 төгрөгийн зээл аваад өг гэсэн ба нэмж 20,000,000 төгрөгийн зээл авч өгсөн. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр миний хадгаламжаас 19,000,000 төгрөгийн хүү суутгагдсан байхаар нь хариуцагч нар руу залгахад төлөх боломжгүй байна гээд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүүгийн төлбөр 19,000,000 төгрөгийг шилжүүлээд үндсэн зээл болох 220,000,000 төгрөгөө өгөөгүй. Миний зүгээс та хоёр мөнгөө өгөх боломжгүй байгаа бол гэрээгээ сунгая гэх хүсэлт тавьсан боловч миний дуудлагыг авахгүй гэрээгээ сунгахгүй 2-3 сарын хугацаа өнгөрсөн. Тухайн үед хүү төлбөр нэхэмжлээгүй шалгаан нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хүү төлөв гэх утгаар хүү төлбөрөө шилжүүлсэн. Мөн 07 дугаар сард шүүхэд хандахдаа шүүх хурал хэзээ болох нь мэдэгдэхгүй байсан тул хүү тооцоолж нэхэмжлээгүй. Эдгээр хүмүүсээс орж ирсэн мөнгийг тухайн өдөр нь банканд аваачиж өгч байсан. Миний хувьд эдгээр хүмүүст зээл авч өгсөн бөгөөд дундаас нь 100 төгрөгийн ч ашиг хараагүй тул 42,733,288 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна... гэж тайлбарласан.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч Нэхэмжлэгч С.******* нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлдүүлсэн 200,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэмж зээлдүүлсэн 20,000,000 төгрөг нийт 220,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээгээр нэхэмжлэгч С.*******аас 200,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн ба 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 19,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Үүний дараа гэрээг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, сунгасан хугацаанд хариуцагч Б.******* рүү залгахгүй талаар гараар бичиж өгсөн юм. Мөн Даабал дайманд ББСБ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох Чандмань төвийн 203 тоот хаягтай 39,8 м.кв үл хөдлөх хөрөнгийг 145,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл шилжүүлж аваагүй, мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад 220,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэж маргасан.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын хариуцагч Б.*******, Б.******* нараас 220,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ