| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2408 00000 1177 |
| Дугаар | 2025/ДШМ/285 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/285
Г.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бат-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-ын өмгөөлөгч Б.Баасанжаргал,
яллагдагч Г.Д-, түүний өмгөөлөгч Г.Энхболд,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/1273 дугаар захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдол, прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцлээр Г.Д-д холбогдох 2408 00000 1177 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Г-ын Д, 1977 онд Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мод, нүүрс борлуулдаг гэх, ам бүл 3, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Г.Д- нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ...нд иргэн Т.Д-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, зодон, эрүүл мэндэд нь “гавлын яс баруун зулайн ар хэсгээс чамархай суурь ясны дунд хонхор эсэн (18см) шугаман хугарал, тархины баруун чамархай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх (160гр) цусан хураа, тархи дарагдал, баруун зүүн чамархайн суурийн дэлбэнд няцрал, баруун зүүн чамархайн булчинд хар хүрэн өнгийн цус хуралт, баруун хөмсөг, дух, хамар, баруун хацар тархмал, баруун мөр тохойд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, хацар, баруун чих, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл” хүнд хохирол санаатай учруулсны улмаас Т.Д- нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус хорооны ... дүгээр гудамжинд нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид нийцүүлэн дүгнэхдээ яллагдагчид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн байна.
Эрүүгийн хуульд заасан “хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байх талаар хууль тогтоогчоос хуульчилсан.
Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
Нэгдүгээр хавтаст хэргийн 77-101 дүгээр талд авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед яллагдагч Г.Д- нь амь хохирогч Т.Д-ын биед халдаж, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар амь хохирогч нь задлан шинжилгээ хийхээс өмнө 12-14 цагийн өмнө нас барсан байна...” гэжээ.
Тодруулбал, яллагдагч нь амь хохирогч Т.Д-ын биед халдаж цохисон үйлдлээс хойш арав гаран цагийн дараа нас барсан байдалтай олдсон, яллагдагч нь олон удаагийн үйлдлээр амь хохирогчийн биед халдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан байна.
Прокуророос хэргийн үйл баримтыг гэмт хэргийн шинжид нийцүүлэн хийсэн хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд үл нийцсэн, шүүхийн шийдвэрт гомдол гаргах хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах боломжтой.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн байх тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах санал гаргасныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэв. Тодруулбал, хоёрдугаар хавтаст хэргийн 1, 6 дугаар талд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг хэргийн оролцогчдод танилцуулаагүй, тэдний хуульд заасан эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байх тул зөрчлийг арилгах нь зүйтэй байна.
Амь хохирогчид учирсан гэмтэлд дүгнэлт хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2837 дугаар шинжээчийн дүгнэлтэд нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн.
Иймд яллагдагч Г.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж, Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах 17 тохиолдлыг тодорхой хуульчилсан. Гэтэл шүүх дээрх хуулийн ямар зүйл, заалтыг баримталж урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаа нь шүүх хуралдаан болон шүүгчийн захирамж дээр тодорхой тусгагдаагүй.
Яллагдагч Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм бурууг хэлэлцэхгүй” гэснийг зөрчсөн.
Хэргийн материалтай танилцахад, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлээр яллагдагч Г.Д- нь амь хохирогч Т.Д-той 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг 26 минутын үед уулзаж, 21 цаг 22 минутын үед амь хохирогч Т.Д-ын биед халдаж зодчихоод холдон явсан байх ба 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 40 минутын үед цагдаагийн байгууллагад ухаангүй хүн хэвтэж байгаа гэмт хэргийн талаарх мэдээлэл ирсэн.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2837 дугаар дүгнэлтэд “...амь хохирогч гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 04 цаг 4 минутад цогцост задлан шинжилгээ хийхэд нас бараад 12-14 цаг болсон байна...” гэсэн бөгөөд шинжээч эмч Б.Даваасүрэн гавал тархины гэмтлийг авсны дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй үзүүлэхэд амь нас аврагдах боломжтой байсан...” талаар мэдүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх баримтуудаар, амь хохирогч Т.Д- нь гавал тархины гэмтлийн улмаас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10-12 цагийн үед нас барсан байх ба гэмтэл авснаас хойш 14-16 цаг амьд байсан, хэрэв эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах бүрэн боломжтой байжээ.
Хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Д.Ууганцэцэг нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр яллагдагч Г.Д-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулан, улмаар дээрх нотлох баримтууд болон яллагдагч Г.Д-ийн мэдүүлэг “... хүнийг алах...” субьектив санаа зорилго тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар ял сонсгож, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймээс шүүгчийн захирамжид заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасанд прокуророос хууль зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй байна.
2. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчид хавтаст хэргийн материал танилцуулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хэргийн материалтай танилцаад гаргах санал, хүсэлтээ тусгахаар хуульчилсан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Иймээс тухайн зөрчлийг арилсан буюу шинжээчийн тогтоолтой мөрдөгч танилцуулсан гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаанд хангалттай шалган тодруулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтад нийцсэн дүгнэлтийг прокурор хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан. Прокурор, өмгөөлөгч нар гэрч, шинжээчийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргах, гэрч, шинжээчээс асуулт асуух, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлах зэргээр мэтгэлцэх ажиллагааг шүүх хуралдаан дээр хэрэгжүүлж, шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг шүүх тогтоон шийдвэрлэх боломжтой. Мөн шүүгчийн захирамжид дурдсанаар шинжээч томилсон тогтоолыг оролцогчид танилцуулаагүй гэх боловч мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтан шинжээч томилох тогтоол үйлдэж, шинжээчид хууль сануулсан, уг тогтоолыг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан байна. Харин оролцогчид хавтаст хэргийн материалтай танилцаад уг шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гаргаагүй. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Яллагдагч Г.Д-ийн ээж нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр буюу 2 хоногийн өмнө нас барсан бөгөөд маргааш өглөө хөдөөлүүлэх ажил нь болох гэж байгаа бөгөөд үүнийг яллагдагч мэдээгүй. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед тухайн үл явдал болж тус үйл явдлаас хойш 2024 оны 08 дугаар сарын 15-ны шөнө хохирогч эсрэг талын гудамж руу явж ороод шонгийн модны хажууд унаад нас барсан байсан. Энэ хэрэгт шинжээчээс хохирогчийн авсан гэмтэл болон нас барсан цагийн талаар мэдүүлэг авахад “хохирогчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлсэн бол түүний амь нас аврагдах бүрэн боломжтой байсан” гэсэн мэдүүлгийг өгсөн. Яллагдагч Г.Д-ийн хувийн байдлыг тогтоохоор Цагдаагийн газрын “АСАП” сангаас лавлагаа авахад урьд нь ямар нэгэн зөрчил болон гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Яллагдагч хохирогчийг урьд нь таньдаггүй байсан бөгөөд тухайн үед танилцсан. Ямар нэгэн өс хонзон болон бусдыг алах санаа зорилгыг агуулаагүй. Эхийнхээ ажил явдалд оролцох боломжоор хангаж өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Г.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ээжийн бие муу байгаа тул ээжийгээ асраад гадуур байцаалт өгөх хүсэлттэй байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-ын өмгөөлөгч Б.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Процессын зөрчлийн талаар шүүгчийн захирамжид дурдагдсан хэргийн материалтай танилцахад гарын үсэг зурагдаагүй хэд хэдэн баримт байсан бөгөөд үүнийг процессын зөрчил гэж үзнэ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан зүйл, заалт болгон биелэгдэх зайлшгүй шинж чанартай тул үүнийг үгүйсгэх ямар нэгэн боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн баримтад гарын үсэг зурагдаагүй асуудлыг орхигдуулсан байгааг онцын ач холбогдолтой биш үзэх нь буруу юм. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллагдагч Г.Д-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Т.Д- нас барсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...хэргийн зүйлчлэл тохироогүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
1.Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн үйлдэл, шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох, ялган зүйлчлэх гол хүчин зүйлс болдог.
“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас тухайн хор уршиг учирч, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас үр дагавар үүссэн нөхцөлийг зайлшгүй шаарддаг.
Хүнийг санаатай алах, хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэргээр ялгагдана.
Өөрөөр хэлбэл, амь хохирогч гэмт этгээдийн хууль бус үйлдлийн улмаас авсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотойгоор нас барсан эсэх буюу үхлийн шалтгаан нь гэмтэлтэй шууд холбогдох, нас барахад хохирогчийн архаг хууч өвчин, гэмт этгээдээс өөр эх сурвалжаас авсан гэмтэл нөлөөлсөн зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож, дүгнэлт өгөх нь эдгээр гэмт хэргийг зөв зүйлчлэх үндэс болно.
Шүүхээс гэм буруутай этгээдийн үйлдэл, санаа зорилгын талаар дүгнэлт хийхдээ хохирогч руу довтолж байх үеийн үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн сэдэлт, шалтгаан нөхцөлийг ялган тогтоож, учруулсан хор уршигтай гэм буруутай ямар үйлдэл хэрхэн холбогдож байгааг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоох ёстой.
Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчийн эрхийг хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т зааснаар хохирогч нь шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах эрхтэй.
Түүнчлэн мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгч нь хэргийн оролцогч нарт шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулах үүрэгтэй.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарт мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг тухай бүрд нь танилцуулаагүй нь тэдгээрийн дээр дурдсан эрхийг хязгаарласан нөхцөл байдлыг бий болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийж гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн дүүрэн хийж, хүний эрхийг хангах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болно.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан зөрчлийг арилгаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.
Шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээний төрлөөс сонгон хэрэглэдэг.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаар захирамжаар яллагдагч Г.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасанд нийцсэн байх ба таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/1273 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Яллагдагч Г.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН