Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/01500

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/01500

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01241 дүгээр шийдвэртэй, Б.Бын нэхэмжлэлтэй, Ж.А, Л.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 9 дүгээр сарын эхээр манай компанийн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан н.Цэрэнбат 15 000 000 төгрөг зээлээч, манай нэг хуурай дүү Орос Улсаас бараа оруулж ирэхэд мөнгө дутаад, эндээс буруу тооцоолоод мөнгөө дутуу аваад явсан байна, 2-3 хоногийн дараа мөнгийг нь өгье гэж хэлсэн. Удалгүй Т.Нансалмаа гэх эмэгтэй Орос Улсаас миний 99055553 дугаарт залган Яаралтай мөнгөний хэрэг гараад байна, ажил бүтсэний дараа мөнгийг чинь нугалаад өгсөн ч болно, манай нэг хөгшин байдаг. 150 000 000 төгрөгийн үнэтэй газар барьцаанд өгье гэж хэлсэн.

Түүний дагуу 2018 оны 9 дүгээр 11-ний өдөр Л.Д, Ж.А гэх хоёр хүнтэй уулзаж, 15 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 5 хувийн алданги тооцохоор тохиролцож, Л.Дтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Л.Д нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах, 425.79 м.кв газрыг барьцаанд тавьсан юм. Тэр гэрээний дагуу Л.Дтэй хүргэн гэх Ж.А гэгч нь надаас бэлнээр 6025 ам.долларыг ирж авсан юм. Үүнээс хойш Л.Д, Ж.А нар нь утсаа авахгүй, гэрт нь очихоор өнөө маргааш өгнө гэж худлаа хэлж, сүүлдээ хэл амаар доромжилж байна. Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг, гэрээний 2.6-д зааснаар алдангид 7 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг хариуцагч Л.Д, Ж.А нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид нэг ч төгрөг авч хэрэглээгүй болно. Энэ мөнгийг банк хоорондын гуйвуулгаар Т.Нансалмаад Б.Б шилжүүлсэн болно. Манай бэр болох Т.Нансалмаа нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр над руу утсаар ярьж танайд очсон чинь та алга. Дүү нь яаралтай мөнгөний хэрэг байна. Танай газрын бичиг баримтыг таньдаг хүнд тавиад цөөхөн мөнгө аваад удахгүй буцааж өгөөд танай бичгийг өгнө гэж гуйсны дагуу би газрын гэрчилгээний эх хувийг өгсөн.

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Т.Нансалмаа 79247738732 гэсэн дугаараас Би Орост явж байна. Танай газрын гэрчилгээг нэг хүнд орхисон. Та маргааш тэр хүн дээр хөгшнийг дагуулж очоод нотариатаар баталгаажуулчихвал тэр хүн мөнгө өгнө гэж хэлсэн.

Би ээжийгээ дагуулаад Б.Бтай уулзан гэрээ байгуулаад, маргааш мөнгийг гуйвуулгаар шилжүүлсэн. Банкны баримтуудыг шүүхэд хавсарган өгсөн. Иргэн Б.Б нь нэхэмжлэлдээ Ж.А надаас бэлнээр 6 025 ам.долларыг авсан гэж бичсэн байна. Би бэлнээр доллар, мөнгө аваагүй бөгөөд мөнгийг банкаар шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А, Л.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах тухай Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх хариуцагчийг шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн баримттай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн атлаа зээлийн мөнгө хүлээлгэн өгсөн нь хангалттай нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан зохицуулалттай зөрчилдөж байна.

Түүнчлэн, Ж.А шүүхэд гаргасан тайлбартаа энэ мөнгийг банк хоорондын гуйвуулгаар Т.Нансалмаад Б.Б шилжүүлсэн болно гэж дурдсан, мөн зээлийн гэрээг баталгаажуулж, барьцааны гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргажээ.

Шүүх зөвхөн зээлийн гэрээний огнооны алдаатай байдлыг далимдуулан хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг өгөөгүй гэж дүгнэх нь өрөөсгөл юм. Мөнгөн гуйвуулгын 200 ам.доллар нь зээлдэгчийн хүсэлтээр түүнд мөнгө шилжүүлэхэд гаргасан зардал тул зарлагын ордер дээр нэмж нэгтгэн 6 025 ам.доллар гэж бичсэнийг буруу гэж үзсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүх зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаантай тохиолдолд уг мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээлгэн өгснөө нотлох үүрэг зээлдүүлэгчид хамаарна гэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй юм. Учир нь хариуцагч Ж.А нь зээлийн мөнгөн хөрөнгийг Л.Дд шилжүүлсэн гэдгийг хариу тайлбар, банкны шилжүүлгийн баримтаар нотолж байхад шүүх харгалзан үзсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.А, Л.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, ... мөнгийг хүлээж аваагүй ... гэх үндэслэл заан, маргасан байна.

Хэрэгт нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л.Д нарын байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, Худалдаа хөгжлийн банкны кассын орлогын баримт, мөнгөн гуйвуулгын илгээх маягт, зарлагын маягт, кассын зарлагын ордер зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

Уг баримтуудаас үзэхэд Б.Б нь Л.Дтэй 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газар Зайсангийн ам нэртэй, 425.79 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийг барьцаалан 15 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцон, гэрээнд гарын үсэг зурсан болох нь нотлогдож байна.

Талууд дээрх үйл баримт болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэдэгт маргаангүй, гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй.

Хариуцагч Л.Д нь нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гардаж аваад шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарна.

Нэхэмжлэгч Б.Б 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь 499197518 тоот данснаас 6 025 ам.доллар авч, хариуцагч Ж.Аад өгсөн нь тус банкны зарлагын баримтаар нотлогдож байна. /хх-30-31/ Хэргийн 35 дугаар талд авагдсан баримтаас үзвэл Ж.А нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Баас 6025 ам.долларыг зээл гэх утгаар хүлээн авсан тухай баримт үйлдэн гарын үсэг зуржээ. Хариуцагч Ж.А уг нотлох баримтыг үгүйсгээгүй байна.

Иймээс дээрх бичгийн баримтууд, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг үндэслэн Б.Б, Л.Д, Ж.А нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөө буцаан төлөхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гадаад мөнгөн гуйвуулгаар иргэн Т.Нансалмаагийн данс руу 5 825 ам.доллар шилжүүлж, шимтгэлд нь 200 000 ам.доллар төлсөн баримт хэрэгт авагдсан байна. /хх-30-31/ Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Аын хүсэлтээр уг үйлдлийг хийсэн гэж тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүй учир түүнийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л.Д нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3, 2.4 дэх заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.4 дэх хэсэгт заасны дагуу тайлбарлавал талууд зээлийн гэрээний хугацааг 7 хоногоор тогтоосон гэж үзнэ. Хариуцагч тал дээрх хугацаа дуусахад шилжүүлэн авсан мөнгөө буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн үүрэг болон гэрээгээр тохирсон алдангийг шаардах эрхтэй. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Д, Ж.А нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, нэхэмжлэгч Б.Быг хариуцагч нарт мөнгөн хөрөнгийг бодитоор гардуулсан үйл баримт баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01241 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А, Л.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ж.А, Л.Д нараас 270 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД