Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/305

 

М.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогч С.Г-, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,

яллагдагч М.Ц-, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/1167 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлээр М.Ц-д холбогдох 2403 00295 0428 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн М-ын Ц, 1974 онд Сэлэнгэ аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, охины хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

М.Ц- нь ... дүүргийн ... дугаар хороо “Шунхлай” шатахуун түгээгүүрийн станцын баруун талын замд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 30 минутын орчим “Toyota Aqua” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч С.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газар: М.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүх нь хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан баримтын буюу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага оногдуулдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч М.Ц-д холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан мөрдөн шалгах ажиллагааг хийж ирүүлсний дараа хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос “нэгэнт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэлгүй, мөн шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах замаар мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй” гэх агуулгаар тайлбар гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна”,

мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, ”хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” гэж тус тус заасан.

Магадлалд дурдсан мөрдөн шалгах ажиллагаа нь дээрх шүүх хуралдааныг 60 хоног хүртэл хугацаагаар хойшлуулах үндэслэлд хамаарахгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа байх тул прокурорын тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд яллагдагч М.Ц-д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн М.Ц-г шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/2011 дүгээр “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, энэхүү хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь заалтыг “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж өөрчлөн, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гарсан бол хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлэхгүй гэсэн хоёрдмол салаа утгагүй зохицуулалтыг хуульчилсан.

Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам зөрчсөн гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүх хуралдааныг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах зохицуулалтыг шинээр нэмж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Үүнээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах, прокурор болон хохирогч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан, үндсэн шүүх хуралдаанд бэлтгэх, оролцогчийн санал, хүсэлтийг шийдвэрлэх, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болохуйц процесс ажиллагааны зөрчлийг урьдчилан илрүүлэх, хүний зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх, шүүн таслах ажиллагааг тасралтгүй, иргэдэд чирэгдэлгүй явуулах, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тусгайлсан, бие даасан үе шатыг бий болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах түдгэлзүүлэх, харьяаллын дагуу шилжүүлэх эрх олгосон хэм хэмжээг хуульчилсан.

Гэтэл шүүх М.Ц-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулиар хориглосон хэм хэмжээг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан шүүн таслах ажиллагаа явуулах зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, үе шат, дараалал, хэм хэмжээг зөрчин, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шийдвэр гарган хэргийг прокурорт буцаасан нь хуулийн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч С.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Миний хувьд бие, эрүүл мэнд, цаг хугацаагаар их хохирсон. Гадаад руу явж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанаас тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийн гэрч болон шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэрчээр асуух ёстой байсан цагдаагийн албан хаагчийг олж тогтооно гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хохирогчийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээхэд оршино. Гэтэл тухайн асуудал шийдэгдээгүй, давж заалдах шатны шүүхээс гэрчийг тодруулах, шинжээчийн дүгнэлтийг нэг мөр тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. Анх шинжилгээ хийсэн шинжээч дангаараа шинжилгээ хийж, алдаатай дүгнэлт гаргасан гэж дахин шинжээчийн дүгнэлт гарсан байхад зөрүүтэй байна гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч М.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Дагиймаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийхээр заасан. Анхны болон дахин шинжээчийн дүгнэлт хоорондоо эрс зөрүүтэй гарсан. Учир нь, анхан шатны шинжээч тухайн цаг хугацаанд хохирогчийн биеийг үзээд дүгнэлт гаргасан. Дараагийн шинжээч осол болсон цаг хугацаанаас 1 сарын дараа хохирогчийг үзээд дүгнэлт гаргасан нь хэр үндэслэлтэй вэ, тухайн 1 сарын хугацаанд хохирогч нэмж бэртэл авсан уу, сэдэрсэн үү гэх олон асуудал үүснэ. Өмнө нь хохирогч хагас жилийн өмнө хөлөндөө бэртэл авсан. Энэ бэртэл юунаас болсон, уг бэртэл нь сэдэрсэн үү гэдгийг тодруулах шаардлагатай. Осол болсноос 1 сарын дараа дахин шинжээчийн дүгнэлт гаргаад байгааг ойлгохгүй байна. Тухайн цаг хугацаанд үзсэн үзлэг дээр үндэслээд, дахин шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой байсан. Өмгөөлөгчийн зүгээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн магадгүй мэдлэг, ур чадвар нь хүрэхгүй байгаа тохиолдолд хамтарсан мэргэжлийн салбар зөвлөлийг оролцуулаад, хамтарсан дүгнэлт гаргах шаардлагатай гэх саналыг гаргаж байсан. Энэ мэтчилэн шинжээчийн дүгнэлтийг нэг мөр болгох нь тухайн хэргийн зүйлчлэлтэй шууд хамааралтай. Тухайн хэрэгт мөрдөгч, прокурорын зүгээс хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Осол болсон газар төв зам дагуу байрладаг. Нөгөө талаасаа шатахуун түгээх станцын камерыг шалгаж үзсэн эсэхийг мэдэхгүй. Мөрдөгч үзсэн, тусгал нь таараагүй гэх зүйлүүдийг амаар хэлдэг боловч хэрэгт тухайн камерын бичлэгийн сиди авагдаагүй. Камерт юу бичигдсэн эсэхийг үзээгүй. Энэ нь яллагдагчийн өөрийгөө өмгөөлүүлэх, хүсэлт гаргах эрхийг нь хязгаарласан. Иймд камерын бичлэгийн тусгал нь байгаа эсэх, төв замын камерууд тусгалд таарч байгаа эсэхийг үзэж, дээрх ажиллагааг мөрдөгч, прокуророор хийлгэх нь зүйтэй. Тухайн үед цагдаагийн байгууллагын ажилтан болон хүүхдүүд замын хажуугаар явсан гэх асуудал яригддаг. Хохирогч тухайн үед явж байсан хүүхдүүдийг олж чадна гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Мөрдөгч, прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйг шүүхийн байгууллага залруулж, тухайн ажиллагааг хийж, гэмт хэргийг бүрэн илрүүлэх нь шүүхийн байгууллагын үндсэн чиг үүрэг юм. Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх болон оролцогчийн эрхийг хязгаарлах, нотлох баримт цуглуулахад журам зөрчигдсөн гэх үндэслэлээр хэргийг 60 хоног хойшлуулна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан ажиллагааг 60 хоногт хийх боломжгүй. Оролцогчид магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн прокурорт хэргийг буцаах тухай захирамж нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа буюу тухайн ажиллагааг шүүхийн шатад гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байгаа тул прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүчингүй болсон тул шүүгч хэргийг хүлээж аваад холбогдох хуульд заасан хугацаанд урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтод нийцэж байгаа тул эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1.Урьд яллагдагч М.Ц-д холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг 2024/ДШМ/1303 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Тус магадлалаар хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй буюу “дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, камерын бичлэг, хөндлөнгийн гэрч байгаа эсэхийг тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлүүдийг зааж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1016 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус ажиллагааны зорилтыг “...гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлсон.

Дээрх зорилтын хүрээнд тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хуульчилсан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ДШМ/1303 дугаар магадлалд дурдагдсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийх асуудал нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэгдсэн, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих чиг үүргийн хүрээнд хамаарч байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагын улмаас тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон шалтгаан, хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

2.Шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, прокурор хуульд зааснаар яллах дүгнэлтийг гардуулах, оролцогчийн эрхийг хангах процесс ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд үүний эрх зүйн үндэслэл нь:

-нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, 

-хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гомдлуудыг шийдвэрлэх,

-хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх гэсэн гурван үндэслэл байх талаар хуульд тодорхой заасан.

Гэтэл прокуророос дээрх үндэслэлд хамаарахгүй, мөрдөн байцаалтаар дутуу хийгдсэн, хэргийн талаар зайлшгүй шалгах шаардлагатай ажиллагааг шүүхийн шатанд хийж гүйцэтгэх боломжтой, ийнхүү явуулах нь зүйтэй, шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд шинээр нотлох баримт цуглуулан, бэхжүүлж болох мэтээр тайлбарлан маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд эрүүгийн процесс нь мөрдөн байцаалтын (шүүхийн өмнөх үе), шүүн таслах ажиллагааны (шүүхийн шатны) гэсэн ялгаа зааг бүхий үе шаттай бөгөөд хэргийн бодит байдал нь бүрэн дүүрэн хийгдсэн мөрдөн байцаалт, прокурорын хяналтын үр дүнгээс шууд хамаардаг.

Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд шүүх аливаа хэлбэрээр нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх нь шүүхийн хараат бус, төвийг сахисан байх зарчимд харшлахаас гадна гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөхөд хүрнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй болохыг дурдвал зохино.

Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/1167 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/1167 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Итгэлийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН