| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/02108/И |
| Дугаар | 312/ШШ2025/02066 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2025/02066
2025 10 27 312/ШШ2025/02066
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
зээлийн гэрээний үүрэгт 16,890,780.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.******* нь Хаан банктай 2023 оны 07 сарын 24-ний өдрийн ЗГ/52237367 тоот зээлийн гэрээг байгуулж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №БГХ/52237367 тоот барьцааны гэрээ байгуулж, ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,992,954.55 төгрөг, зээлийн хүү 2,910,080.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,186.67 төгрөг, нийт 8,910,221.39 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Д.******* нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 309 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зуйлд заасны дагуу бичгээр эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж, мөн хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан зөвшөөрлөө илэрхийлж нууц код эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бутээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд зээлдэгч Д.*******аас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 14,007,045.45 төгрөг, зээлийн хүү 2,698,517.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185,218.17 төгрөг, нийт 16,890,780.82 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Д.******* нь *******-иас нэхэмжилсэн 16,890,780.82 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,890,780.82 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 16,890,780.82 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,404 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 121,202 төгрөгийг, төрийн сангаас 121,202 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 16,890,780.82 төгрөгийг хариуцагч Д.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,404 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 121,202 төгрөг, төрийн сангаас 121,202 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ