| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0101/Э |
| Дугаар | 00100 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00100
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Батжаргалд холбогдох эрүүгийн 1815001110094 дугаартай, 163/2018/0101/Э индэкстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суух, Булган аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ялаар, Булган аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 149 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын тэнсэн харгалзах ялаар, Булган аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор торгох ялаар, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Т.Б
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн Цэгмэдийн гэрээс 2 ширхэг зурмал бурхан хулгайлж 270,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Батжаргалын өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр танил ахтайгаа архи хувааж уусан. Тэгээд ус уух гэтэл манай гэрт ус байхгүй болохоор нь хойд талынхаа айлд ус уух гээд очтол гэр нь онгорхой байхаар нь гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд би тэднийд орж ус уучихаад байж байтал Ж.Батболдын гэрт нь 2 бурхан байхаар нь авсан. Дараа нь Батболдын гэрээс авсан бурхнаа зарах гэж байгаад цагдаад баригдсан гэв.
1815001110094 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ж.Батболдын өгсөн: Манайх Булган аймгийн Булган сумын төв 6а-7-11 тоотод оршин суудаг бөгөөд манай эмээ 89 настай Цэгмэд эмээгийн гэрт 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хулгай орж авдар дээр байсан 2 ширхэг бурханг хулгайлсан байсан. Манай эмээгийнх манай хажуу талын хашаанд байдаг эмээ ганцаараа амьдардаг бид нар харж хандаад хажуу талын хашаанд нь байдаг юм. Би эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг манай ээж Д.Аюуш манай хашаанд байдаг. Манай эмээ өөрөө өндөр настай болохоор би хохирогчоор оролцож байна гэх мэдүүлэг /хх-19 тал/
Гэрч Б.Алтангэрэлийн өгсөн: Манайх Булган аймгийн Булган сумын 6а-7-11 тоотод амьдардаг бөгөөд манай хадам ээж Аюуш манай хашаанд гэртэйгээ амьдардаг. Манай хадам ээжийн ээж манай эмээ болох хүн Цэгмэд манай хажуу талын хашаанд гэртэйгээ амьдардаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай эмээ болох 89 настай Цэгмэдийн гэрт хулгай орж авдар дээр байсан 2 ширхэг жаазтай зурмал бурханг хулгайлсан байсан. Тухайн үед манай эмээ амралтанд амрах гээд манай нөхөр Батболд хүргэж өгөх гээд явсан байсан. Эмээгийн гэрийг манай хадам ээж 76 настай Аюуш харж үлдсэн тухайн өдөр эмээгийн гэрт гал түлээд халуун байсан болохоор хаалгыг нь хэсэг онгойлгоод орхисон байсан гэсэн тэр хооронд хулгай орж бурхан хулгайлсан байсан. Манай эмээгийнх Ууган гэдэг айлын хашаанд байдаг юм Ууган гэдэг айлд нь хүн байхгүй байсан гэсэн тэднийх ер нь гэртэй бараг байхгүй байдаг. Манайх хашааныхаа голд хаалгатай тэр хаалгаараа орж гараад байдаг юм. Ууган гэдэг айлыг сайн танихгүй харьцаад байдаггүй. Энэ хэрэгт манай нөхөр хохирогчоор оролцох нь зөв гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-20 тал /
гэрч А.Ганболдын өгсөн: Сайн танихгүй. Т.Б 2 ширхэг бурхан барьчихсан Жаргалант дэлгүүрийн урд зарна гээд явж байсан. 2 ширхэг жижиг бурхан байсан. Хэнийх юм мэдэхгүй сүүлд сонсоход тэр бурхан миний таньдаг хөгшиний бурхан юм билээ. Би тухайн үед худалдаж аваагүй би эхлээд авчихдаг юм үү гээд больчихсон юм гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаартай: хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гутлын улны мөр нь Батжаргалаас хураан авсан 1 хос гутлын баруун хөлний гутлын улны хээтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт /хх-23-24 тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-05-07 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41-42 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18/91 дугаартай “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн Цэгмэдийн гэрээс 2 ширхэг зурмал бурхан хулгайлж 270,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн шүүгдэгч Т. Батжаргалын мөрдөн шалгах ажиллаганы болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр танил ахтайгаа архи хувааж уусан. Тэгээд ус уух гэтэл манай гэрт ус байхгүй болохоор нь хойд талынхаа айлд орж ус уух гээд очтол гэр нь онгорхой ,гэрт нь хүн байхгүй болохоор тэднийд орж ус уучихаад зурмал цаасан 2 бурхан байхаар нь авсан. Дараа нь Батболдын гэрээс авсан бурхнаа зарах гэж байгаад цагдаад баригдсан гэх мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ж.Батболдын өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай эмээ Цэгмэдийн гэрт хулгай орж авдар дээр байсан 2 ширхэг бурханг хулгайлсан байсан. Манай эмээ өөрөө өндөр настай болохоор би хохирогчоор оролцож байна гэх мэдүүлэг /хх-19 тал/ мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Б.Алтангэрэл, А.Ганболд нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18/91 дугаартай “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Т.Б нь байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 270000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2 ширхэг бурханг биет байдлаар хохирогчид буцаан төлсөн байна.
Шүүгдэгч Т.Батжаргалд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлсөнг болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь байнгын шинжтэй болсон байх тул түүнд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан Water proof гэсэн бичигтэй хар өнгийн хос гуталыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т.Б байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Б1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Т.Б эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлалт тогтоосугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Water proof гэсэн бичигтэй хар өнгийн хос гуталыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Батжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч , хохирогч, түүний өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ