Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/304

 

Х.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогч А.Н-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан давж заалдах гомдлоор Х.Г-д холбогдох 2403 00376 0902 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Х-ийн Г, 2002 онд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар их сургуулийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Х.Г- нь ... дүүргийн ... дугаар хороо ... хойд замд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим “Toyota Aqua” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчин, явган зорчигч А.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Х.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Х.Г-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-аас хохирогчийн сэтгэцийн хор уршгийн зардалд 9,900,000 төгрөг, эмчилгээний зардалд 4,434,679 төгрөг, нийт 14,334,679 төгрөг гаргуулан хохирогчид олгож,

хохирогч А.Н-ийн нэхэмжлэлээс асаргааны 3,600,000 төгрөг, унааны зардал 2,250,000 төгрөг, нийт 5,850,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эдгээртэй холбоотой болон цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс шүүхээс гэм бурууд тооцсон болон оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүх хохирол төлсөн мөнгөн дүнг хохирлоос хасаж тооцоогүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч Х.Г- нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн ээж Л.О-ийн Хаан банкны ... тоот данснаас хохирогч А.Н-ийн Хаан банк дахь ... тоот данс руу “Эмчилгээний зардал Г-аас” гэсэн гүйлгээний утгатайгаар 2,000,000 төгрөгийг төлсөн. Шүүх хуралдааны явцад хохирогч тал уг мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг.

Анхан шатны шүүх хохирлын тооцооллыг гаргахдаа эм тарианы зардал болох 1,909,650 төгрөгийг 2 удаа давхардуулж бодон алдаа гаргасан.

Бидний зүгээс эмчилгээний зардал 2,525,029 төгрөг болон эм тарианы 1,909,650 төгрөг, сэтгэцийн хор уршиг 9,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл шүүхээс шүүгдэгчийн төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй.

Шүүхээс 7,759,650 төгрөгийн хохирлоос 2,000,000 төгрөгийг хасаж тооцсон гэж байгаа боловч уг дүн нь шүүхээс тооцохгүй зардлууд болон эм тарианы гэх зардлыг дахин тооцсон.

3,600,000 (асаргаа сувилгааны) + 2,250,000 (унааны зардал) + 1,909,650 (эм тарианы) = 7,759,650 гарч байгаа. Гэтэл уг эм тарианы зардал нь эмчилгээний зардалтай нийлээд нийтдээ 4,434,679 төгрөг тооцогдсон болно.

Иймд тогтоох хэсэгт шийдвэрлэсэн 14,334,679 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хасаж, 12,334,679 төгрөгийг олгохоор шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эм тариа, эмчилгээний зардлыг зөвхөн гэмтлээс шалтгаалах эм тариа, эмчилгээ гэж хязгаарлахгүйгээр бүхий л зардлыг хүлээн зөвшөөрсөн болно. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хохирлоос 2,000,000 төгрөгийг хасаж тооцсон. 4,434,679 төгрөгийн хохирол нотлох баримтаар авагдсан. 4,434,679 төгрөгийн хохирол төлөхийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр осолд орж, 2 метр газар шидэгдсэн. Тухайн ослоос хойш шөнө унтаж чадахгүй болсон. Би гурван сарын турш асаргааны мөнгөө авч чадаагүй. Цагдаа болон эмнэлгийн байгууллагаар явсан зардал, хоол хүнсэнд зарцуулагдсан зардлыг оруулаагүй. Надаас нийт 12,000,000 төгрөгийн зардал гарсан. Хүнд мөнгө олдоно. Үнэн сэтгэл гэж байх ёстой. Хохирогч намайг эмнэлэгт байх хугацаанд ганц ч удаа миний биеийг асууж байгаагүй. Шүүгдэгчид оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Би өмгөөлөгчтэйгөө торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргахаар ярилцаж байсан. Одоо бол би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу ямар ял шийтгэл оногдуулахаар байна түүнийг оногдуулж өгнө үү. Би авах ёстой мөнгөө үнэн шударгаар авч, эмчилгээ хийлгэмээр байна. Миний хувьд сэтгэл санаа их тогтворгүйгээс гадна ганцаараа байж чаддаггүй, гар хөл салганана, надад одоо өвдөхгүй эрхтэн байхгүй. Нуруу, толгойны гэмтэлтэй. Өвдөг өвдсөн, нойргүйдэлтэй. Намайг шүүгдэгчийн өмгөөлөгч “хоёр авгай ариун цэврийнхээ хэрэглэлийн мөнгийг хүртэл нэхсэн” байсан гэсэн. Би ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн өмнөх тогтоосон хохирол дээр өмгөөлөгчийн зардал, эм тарианы зардлаа нэмж тооцуулж авмаар байна. Хэргийг хуулийн дагуу үнэн зөв, шударгаар шийдэж өгнө үү. Би өөрөө ганцаараа явж чаддаггүй тул хүн дагуулаад явж байна. Цаашид шүүгдэгч надад ийм байдлаар хандах юм бол өөрийн биеийг эрүүл болтол шүүгдэгч Х.Г-аар асран хамгаалуулна. Миний данс руу 2,000,000 төгрөгийг хэлэхгүйгээр шилжүүлсэн байсан. Ийм бүдүүлэг, ёс зүйгүй байж болохгүй. Хүний эрүүл мэнд юугаар ч сольшгүй чухал зүйл. Намайг “миний охин мөнгөө өгөх үү” гэж асуухад “хоёр авгай, хүн дарамтлаад байна уу” гэж намайг доромжилсон. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4-т “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгчээс ямар хэмжээгээр гаргуулах...”-ыг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан тул прокурорын зүгээс хохиролтой холбогдуулан хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч А.Н-ийн: “...намайг зогсож байхад миний ар талаас нэг юм цохих шиг болоод би унасан. Тэгээд уначхаад машинд мөргүүлсэн гэдгээ ойлгосон. Би ойролцоогоор 2 орчим метр зайд машинаас хол унасан байсан...” (хх 20),

-шинжээч Ч.Эрдэмболорын: “...Сээрний 1 дүгээр нугалмын шанагдсан хугарал гэсэн оноштой байсан ба уг нугалмын хугарлыг бороолж үүссэн хуучин гэмтлийн шинжтэй гэж тодотгож бичээгүй байсан учир тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж үзсэн. Дүрс оношилгооны эмч нар нь хэрэв хуучин гэмтэл байвал хугарлын ирмэг бороололтын талаар дүгнэлтэд тайлбарлаж бичдэг. Тухайн хугаралд бороололтын талаар тусгасан зүйл байхгүй байсан учир шинэ гэмтэл гэж үзсэн...” (хх 24),

-гэрч Ш.Э-ын: “Би “Мед травма” эмнэлэг дээрээ суудаггүй, зайнаас ажиллаж дүрс оношилгооны дүгнэлт гаргадаг учир ямар нэгэн хүнтэй биечлэн уулзаж оношилгооны хариуны талаар хэлдэггүй. “Мед травма” эмнэлгийн зураг авдаг хүн нь техникч бөгөөд зөвхөн зураг л авах үүрэгтэй. Зураг авдаг хүн шинэ, хуучин хугарал эсэхийг тодорхойлох боломжгүй. Шохойжилттой хугарал гэдэг нь хуучин хугарлыг илтгэдэггүй. Мөн би шохойжилтын талаар дурддаггүй...” (хх 139),

гэрч Г.С-ийн: “...А.Н-ийн биед бүтэн биеийн рентген зураг авч, хэвлийн эхо шинжилгээнд хамруулахад гэмтлийн талаас илт харагдах гэмтэл харагдаагүй ба рентген зурагт цууралт болон зөрүүгүй хугарлууд харагдахгүй, оношлогдохгүй байж болно. Сээрний ялимгүй хугарлууд нь рентген зургаар оношлогдохгүй байж болно. Үүнийг томограф шинжилгээгээр оношлох боломжтой. Рентген нь оношийг баталгаажуулдаг шинжилгээ биш юм. Рентген зургаар сээр нугалмын хугарлыг шинэ хуучныг ялгаж үнэлэх боломжгүй...” (хх 141),

-гэрч Г.Б-гийн: “...Шинэ хуучин гэмтлийг зөвхөн дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч л үнэлэх боломжтой...” (хх 143) гэх мэдүүлгүүд,

-хохирогч А.Н-ийн эрүүл мэндэд сээрний 1 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт, баруун шууны дотор дунд хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7650, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 667, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1121 дүгээр дүгнэлтүүд (хх 27-28, 146-148, 172-174),

-шүүгдэгч Х.Г- нь “Toyota Aqua” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.14 дэх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1512 дугаар магадалгаа (хх 42),

-Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 190 дүгээр дүгнэлт (хх 33-39),

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 13-15) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;

шүүгдэгч Х.Г- нь ... дүүргийн ... дугаар хороо, ... хойд замд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим “Toyota Aqua” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчин, явган зорчигч А.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хохирогч А.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх Х.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахдаа тоо тооцооны алдаа гаргасан хэмээн тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч А.Н-ээс гаргаж өгсөн баримтууд, мөн гэмт хэргийн улмаас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн талаарх баримтуудыг судлахад, анхан шатны шүүхийн энэ талаарх шийдвэр алдаатай болжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Дээрх хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журамд зааснаар анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр тооцон шүүгдэгчээс 9,900,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэнтэй оролцогчид маргаагүй тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн 51, 73-74, 81-90, 92-96, 108-110, 217-228 дахь талуудад авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч А.Н- нь эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгсөн болон эм тарианы болон бусад зардал 8,010,760 төгрөг, бусдаар асруулсан зардал 3,600,000 төгрөг (хх 100), унааны зардал хэмээн 2,250,000 төгрөг (хх 98), нийт 13,860,760 төгрөг нэхэмжилсэн байна.

Анхан шатны шүүх хохирогчийн бусдаар асруулсан болон унааны зардал хэмээн 5,850,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун гомдолдоо “2,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй, 1,909,650 төгрөгийг 2 удаа давхардуулж бодсон” гэх боловч анхан шатны шүүх 2000,000 төгрөгийг хасаж тооцсон байхаас гадна хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нийт 854,442 төгрөгийн баримт давхацсан (хх 224-231, 234), мөн бууз, сүүтэй цай, цэлцэгнүүр худалдаж авсан, хийдэд ном уншуулсан зэрэг 84,050 төгрөг (хх 86), нотариатаар гэрчлүүлсэн 44,000 төгрөг (хх 87, 95-96), сүү, будаа худалдаж авсан 5,000 төгрөг (хх 89), соруултай сүү 2 ширхэг 3,600 төгрөг (хх 220), хохиролд тооцох эсэх нь тодорхой бус 295,000 төгрөгийн баримт (хх 221) нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй гэж үзэж, дээрх нийт 1,286,092 (давхацсан болон нотлох баримтын шаардлага хангаагүй) төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.  

Харин эмчилгээ хийлгэсэн, шинжилгээ өгсөн, эм тариа авсан зардал 6,724,668 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 9,900,000 төгрөг, нийт 16,624,668 төгрөгийг гаргуулан хохирогч А.Н-т олгох үндэслэлтэй байжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...эмчилгээний зардалд 4,434,679 төгрөг, нийт 14,334,679 төгрөгийг гаргуулж хохирогчид олгосугай” гэснийг “...эмчилгээний зардалд 4,724,668 (зургаан сая долоон зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран найм) төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 9,900,000 (есөн сая есөн зуун мянга) төгрөг, нийт 14,624,668 (арван зургаан сая зургаан зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран найм) төгрөгийг гаргуулан хохирогч А.Н-т олгосугай” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН