Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0222

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0222

Улаанбаатар хот

 

 

 

 

“Ю э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0086 дугаар шийдвэртэй, “Ю э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0086 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.1,, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11, 14, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдуулан гаргасан “Ю э Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэг /11 дүгээр тал/-т: “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-5-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргах гэх зохицуулалт нь дээрх “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-р зохицуулагдсан харилцаанд нийцүүлэн дүгнэлт гаргасан байхыг шаардаж байна. Иймээс маргаан бүхий акт болох 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга хоёр ахлах мэргэжилтний хамт гаргасан нь Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмаар зохицуулсан харилцааг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүхийн шийдвэрийн 11 дүгээр талд үндэслэл болгосон “байгаль орчны аудит”-аар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэхийг тогтоох зохицуулалт байгаль орчны хууль тогтоомжид байхгүй болно. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 17/01 тоот дүгнэлтийг гаргах эрх бүхий субъект биш гэж үзсэн нь өөрөө хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дүгнэлт гаргах эрхийг хуулиар олгосон зохицуулалт болно.

Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бүрэн эрхийг тодорхойлж заасан бөгөөд мөн зүйлийн 15.1 дэх хэсэгт “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан байна.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй талаар: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судалсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүхээс “Ю э Б”  ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт цугларсан нотлох баримтууд, тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 17/01 тоот дүгнэлтийн үндэслэл болсон үйл баримтуудад ямар ч ач холбогдол өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Байгаль орчинд бодитой хохирол учруулсан талаар Хэнтий аймгийн Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2 ч удаагийн илтгэх хуудсанд “Ю э Б” ХХК-ийг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаарх баримтуудад анхан шатны шүүх огт ач холбогдол өгч, шийдвэр гаргахдаа дүгнэлт хийгээгүйг үндэслэлгүй шийдвэр гаргах нөхцөл болсон гэж үзэж байна.

Тодруулбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч холбогдох зөвшөөрлүүд гараагүй байхад тухайлбал, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй байхад тухайн талбайд олборлолт явуулж байсан эсэх талаарх үйл баримтад ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг татан оролцуулаагүй талаар: Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан хэлэлцэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодитой хөндөгдөж байгаа Хэнтий аймгийн иргэд, орон нутгийн захиргааны байгууллагыг татан оролцуулж шийдвэрлээгүйн улмаас нэхэмжлэгч компанийн хувьд ашигтай шийдвэр гарахад хүргэсэн гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч “Ю э Б” ХХК-ийг байгаль орчинд ямар хор хохирол учруулсан талаар ач холбогдол бүхий тайлбар, нотолгоо гаргаж өгөх боломжтой, түүнчлэн эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд бол яах аргагүй орон нутгийн иргэд, нутгийн захиргааны байгууллага байсан.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан бөгөөд энэ заалтад зааснаар нутгийн захиргааны байгууллага санал болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт гэсэн 2 актын талаар зохицуулсан байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлт гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хэрэгт татан оролцуулсан хэрнээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөний улмаас хуульд заасны дагуу албан ёсоор санал гаргасан Хэнтий аймгийн Засаг дарга, түүний төлөөллийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болно.

Түүнчлэн “О У г х х” ТББ-аас анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын  даргад хандаж “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орон нутгийн удирдлага, иргэд, олон нийт оролцох хүсэлтэй байсан тухай” гомдол ирүүлсэн бөгөөд гомдолдоо “Ю э Б” ХХК-ийн байгаль орчинд хохирол учруулсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаарх прокурорын мэдэгдэх хуудсыг хавсаргаж ирүүлсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0086 дугаaртай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулсан боловч хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлээгүй, зарим баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2017 оны 429 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлт зэргийг үндэслэн “Ю э Б” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихдээ Байгаль орчныг хамгаалах тухай хууль Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж, МV 002810 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ.

            Нэхэмжлэгч “Ю э Б” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гаргуулаагүй байхдаа олборлолтын үйл ажиллагааг эхэлж, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутагт орших Гутайн даваанд ойн сан бүхий талбайд хөрсний хуулалт хийх, алт угаах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг байршуулах, Гутайн голын голдирлыг өөрчлөх зэргээр байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 9/1134 дүгээр албан бичиг, түүнд хавсаргасан орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон нутгийн иргэдийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн тэмдэглэл, фото зургууд, 1111 төвд өгсөн иргэдийн мэдээлэл, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны ажлын хэсгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Хэнтий аймгийн Батширээт суманд томилолтоор ажилласан тухай илтгэх хуудас” /хэргийн 59-66/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 37.2-т “Байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, энэ хуулийн 35.4-т заасан комиссын шийдвэргүйгээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхлэхийг хориглох”-оор заасан, 39 дүгээр зүйлийн  39.1.1-д “...  ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах үүрэг хүлээх”-ээр тус тус заасан шаардлагууд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гол нөхцөл, шаардлага гэж ойлгохоор байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.2-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох”-оор зааснаас үзвэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр байгаль орчинд учрах хортой нөлөөллийг багасгах аргаар олборлолтын үйл ажиллагаагаа хэрхэн явуулах, улмаар уг нөлөөллийг арилгах нөхөн сэргээх зардлыг хэрхэн тодорхойлсон зэргийг хянуулж, дүгнэлт гаргуулаагүй байхдаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөх дээрх үйл ажиллагаа явуулсныг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. 

Иймээс хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол олгосон байгууллага нь хүчингүй болгох бүрэн эрхтэй” гэж заасныг үндэслэсэн маргаан бүхий акт 429 дүгээр шийдвэрийг гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин хариуцагч нь дээрх 429 дүгээр шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг баримтлах шаардлагагүй байжээ. Учир нь  уг заалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ зохих журмын дагуу хянуулж дүгнэлт гаргуулан, ашиглалтын үйл ажиллагаа явуулсны дараа нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар зохицуулсан.

Ашигт малтмалын тухай хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаарх үүргээ биелүүлэлгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хянуулан, дүгнэлт гаргуулаагүй байхдаа ашиглалтын үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд сөрөг нөлөөлсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зохицуулаагүй.

Нарийвчилсан хуулиар зохицуулаагүй тул хариуцагч Кадастрын хэлтэс нь байгаль орчныг хамгаалах талаарх нөхцөл шаардлага зөрчсөн нь эрх бүхий этгээд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны илтгэх хуудас, дүгнэлт, бусад баримтуудаар тогтоогдсоныг үндэслэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой ерөнхий харилцааг зохицуулсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай  хуулийн 14.1.4 дэх заалтын дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, дуусгавар болгосныг хуулийг буруу хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах нь хүчингүй болгосонтой адил тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон шийдвэр тул маргаан бүхий актаар тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх шалтгаанаар маргаан бүхий актыг хүчингүй болгож хууль бусаар үйл ажиллагаа явуулсан нэхэмжлэгчийн эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үнэлээгүй, маргаан бүхйи актад баримталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглээгүй байна.

Иймд хариуцагч Ашигт малтмалын газрын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Хэнтий аймгийн Батширээт суманд томилолтоор ажилласан тухай илтгэх хуудас” болон 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлтээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” ... бүрэн эрхийн хүрээнд гаргасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг нь  нэхэмжлэгчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргуулаагүй байхдаа байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа явуулсантай холбоотой дүгнэлт, илтгэх хуудсыг гаргасан, өөрөөр хэлбэл  нэгэнт батлуулж, дүгнэлт гаргуулаагүй үнэлгээний үр дүн, тайланг үнэлэх үйл ажиллагаа явуулаагүй, “байгаль орчны аудит” хийгээгүй нь хэрэгт авагдсан баримтууд, 17/01 дугаар дүгнэлтийн агуулга, маргааны үйл баримтаас тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмаар зохицуулагдах харилцаа үүсээгүй байхад уг журмыг зөрчсөн, байгаль орчны аудит хийх бүрэн эрхгүй гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Мөн дүгнэлтэд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй. ... ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж хариу ирүүлэхийг Ашигт малтмалын газарт мэдэгдсэн нь үндэслэлгүй боловч “Ю э Б” ХХК-ийг “2016, 2017 оны уурхайн олборлолтын ажил эхлүүлэхэд шаардагдах холбогдох баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулсан” гэсэн нэхэмжлэгчийн хууль бус ажиллагааг тогтоосон хэсэг нь хууль зөрчөөгүй, бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн ажиллагаа байх тул дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “... компаниар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж яаманд хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд дүгнэлт гаргаагүй” гэх боловч энэ нь олборлолтын үйл ажиллагааг эрх бүхий этгээдээр хянуулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүйгээр шууд эхлэх эрхтэй гэсэн ойлголт биш тул нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж нотлох баримт болон маргаан бүхий актын агуулгыг буруу үнэлж нэхэмжлэлийг хангасан байх тул Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 35.4, 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг тус тус баримтлан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ю э Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан “Ю э Б” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        С.МӨНХЖАРГАЛ