Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 115/ШШ2016/0021

 

 

2016        11           22            115/ШШ2016/0021     

                                           
    
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


             Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж

                   Нэхэмжлэгч: Иргэн Б овогт Нын Мгийн нэхэмжлэлээр 

           Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч А, Ннарт холбогдуулан үүсгэсэн

                Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын Газрын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №11-08-023/113 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч А, Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга нар оролцов. 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
        М би мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 11-08-023/113 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актын өөрт оногдох хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Улсын байцаагчийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 11-08-023/113 тоот актанд зааснаар Монгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн “Хяналт шалгалтын талаар гомдол гаргах эрх” 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй мөн шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр миний эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Улсын байцаагчийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 11-08-023/113 тоот акт бичигдсэнийг Н.М би 2016 оны 06 сарын 27-ны өдрийн №26/23 тоот шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг хүлээн авснаар мэдсэн.
        Би 2016 оны 06 сарын 27-нд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Агаас актын тухай асуухад уг баримт нь Мэргэжлийн хяналтын газрын архивт байгаа учир үзүүлэх боломжгүй, “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ-т очиж баримттайгаа танилц гэсний дагуу тус байгууллагаас актыг эх хувиас хуулбарлан авч танилцлаа.
       Гэтэл 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 11-08-023/113 тоот актанд 2013 онд Н.Мд 1296134 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийн данс бүртгэлээс дур мэдэн хассан гэж дурдсан боловч НББ-ийн гүйлгээ журнал тайланд 2013 онд өссөн дүнгээр акталсан эм эмнэлгийн хэрэгсэл дансанд 1887523 төгрөг тусгагдсан байгаа боловч актанд 3982184 төгрөг гэж зөрүүтэй тавигдсан байна.
Энэ нь миний ажиллаж байх хугацаанд НББ-ийн гүйлгээ журнал тайланд 2013 оны 3-р улиралд 950150 төгрөг акталсан эм эмнэлгийн хэрэгсэл дансанд бичигдсэн ба тухайн онд нийт 1887523 төгрөг байна.
Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд улсын байцаагч А, Ннар актыг танилцуулаагүй, ажиллаж байсан цаг хугацааны болон төлбөр тооцооны зөрүүтэй зэргийг хянуулахаар 2016.06.28-ны өдөр гомдол гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу мэдэгдсэн.
     ННБ-ийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.6-д Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.” гэсэн заалтын дагуу эзэн холбогдогчийг үндэслэлтэй тогтоогоогүй.
       Санхүүгийн программ, нөөцийн агуулахын программ тусдаа бөгөөд актлах эмийг нэр төрлөөр нөөцийн программаас бичигддэг. 2013 онд нийт гүйлгээ журналаар гарсан акталсан эм, эмнэлгийн хэрэгслийн хасалтыг нөөцийн агуулахаас эм зүйч бичилт хийдэг байсан. Учир нь: Актлах эм, эмнэлгийн хэрэгслийн анхан шатны баримт жагсаалтыг тус байгууллагын төлөөлөл эм зүйч Цүйлддэг бөгөөд, аймгийн тусгай комисс устгал хийдэг байсан.
     Иймд дээрх үндэслэлүүдээр миний хууль ёсны эрх зөрчигдсөн тул мэргэжлийн шинжээчээр актын зөрүүтэй байдлыг дахин хянуулах хүсэлтийг хянаж улсын байцаагчийн 2014.07.31-ний 11-08-023/113 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахдаа: 
    Улсын байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-023/113 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хяналт, шалгалтын талаар гомдол гаргах эрхтэй байхад надад гомдол гаргах эрх эдлүүлээгүй миний эсрэг шийдвэр гаргасан. Би тухайн үед актыг хүлээж авсан бол дэлгэрэнгүй тайлбар өгөх ёстой байсан. Надад актыг үзүүлэхгүйгээр тайлбар авсан нь хууль зөрчсөн бөгөөд намайг актыг хүлээлгэж өгөх гэхэд утсаа авдаггүй, зугтаасан гэж гүжирдсэнд маш их гомдолтой байна. Улсын байцаагчийн акт болон намайг тайлбараа бичиж өг гэснээр тухайн үед бичиж өгсөн тайлбар хоёр нэг он, сартай байгаад би гайхаад байгаа юм. Гол зүйл нь надад актыг үзүүлэлгүй Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг зөрчиж гомдол гаргах эрх эдлүүлээгүйд гомдолтой байгаа ба үүнээс болж намайг маш их чирэгдүүлж байгаа. 
       Актаар тавьсан төлбөрийн дүнгийн хувьд 2592268 төгрөгийн төлбөрийг хуваагаад тавьсан байсан. Би Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазарт  2013 оны 5 дугаар сард орж ерөнхий нягтлан бодогчийн түр тушаалтай ажилласан. Намайг анх ажилд ороход та энэ хэдэн бүртгэлийг л зөв болгоод өгчих гэж байснаар би санхүүгийн бүртгэл, тайлантай болгож ажилласан. Надаас өмнө ямар ч тайлан тооцоогүй, бүртгэл хөтөлдөггүй маш замбараагүй зүйл их байсан. Мэргэжлийн хяналт очлоо гэхээр хугацаа нь дууссан эмүүдийг наашаа цаашаа явуулдаг, нөөцийн агуулахад актална гээд хайрцаганд хийсэн зүйл зөндөө байсан. Эм зүйч нь жинхэнэ мэргэжлийн хүн учраас эмийг яаж актлах вэ гэдэг талаар өөрөө мэдэж байгаа шүү дээ. 
       Намайг очиход тус байгууллагад  4 жил хяналт, шалгалт ирээгүй байсан бөгөөд уг нь 2 жилд нэг удаа хяналт шалгалт орох ёстой байсан. Гэтэл ингэж хяналт шалгалтыг хэрэгжүүлээгүйгээс будлиан гарах эх үүсвэрийг Мэргэжлийн хяналтын санхүүгийн шалгалтынхан гаргаж өгсөн гэж үзэж байна. Улсын байцаагчийн актаар сумдуудын акталсан эмийг өссөн дүнгээр бичсэнийг үндэслэж акт тогтоосноос дүн зөрөөтэй байгаа, учир нь сумдууд актлах эм тариагаа өртөгөөр нь жагсаалтаар гаргаж, өртөгөөр болон зарах үнээр хоёр тайлан бичиж ирүүлэх ёстой. Ингэж ирүүлдэггүй байсан учраас миний зүгээс Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 19-д заасан  өр төлбөрийг хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх үүргээ зөрчихгүй үүднээс нягтлан бодогчийн журналд тусгаж бүртгээгүйгээ зөв гэж үзэж байгаа. 
      Мөн Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 19-д зааснаар анхан шатны баримт холбогдох материалыг шаардан гаргуулах гэж зааснаар сумдуудаас шаардлага хангасан баримт ирүүлэхийг болон мөн эм зүйч Цд актлах эмийг дансанд баримт бүрдүүлэхгүй, зөвшөөрөлгүйгээр дотоод сүлжээгээр бичихгүй байхыг шаардаж анхааруулж байсан гэтэл Цнь шүүхэд өгсөн тайлбартаа нягтлангаас асууж байгаад бичсэн гэсэн байсан.
     Хуульд  заасан хариуцлага гэдэг дээр нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байгаа, хэрвээ намайг эм зүйч, дарга нартай нийлээд идсэн, уусан гэж үзэж байгаа бол Цагдаагаар шалгуулах ёстой байсан. Нягтлан бодох бүртгэлийн хуульд гол баримт болох анхан шатны баримтын бүрдэлд үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгасан, хүлээн авсан ажилтан хариуцна гэж байхад яагаад эм зүйч, болон тооцооны нягтлан бодогч гэх мэт хүмүүст адилхан хариуцуулж, үүргийг нь адилхан хүлээлгээгүй юм бэ. Хяналт шалгалт хийсэн хоёр улсын байцаагч нь нотлох баримтаа олж, сайн бүрдүүлэхийн оронд жаахан төлбөр тавьчихъя гэсэн өрөөсгөл байдлаар хандсанд гомдолтой байна. Энэ хүмүүс залуу улсууд болохоор надаас илүү өндөр мэдлэгтэй байж болно. Гэхдээ ийм бардам байж болохгүй, ёс зүй гэж байдгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ юм гэв.

Хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Дорноговь аймгийн МХГ-ын даргын баталсан 2/42 тоот удирдамжийн дагуу Эм Эргэлтийн Сан ОНӨААТҮГазрын 2010, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт төлүүлэх тухай” 11/08/023-113 тоот актыг тогтоосон.
Шалгалтаар тогтоогдсон актын “Энэхүү актыг эс зөвшөөрвөл Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-г “Хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах эрх”-ийн дагуу улсын байцаагчийн захиргааны актанд гомдол гаргах эрхтэй” гэсэн заалтыг тусгаж өгсөн.
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог”, 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, 19 дүгээр зүйлийн нягтлан бодогчийн эрх үүргийн 19.1.3-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах” гэж заасан. Гэтэл нягтлан бодогч нь эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч бүртгэлгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тушаал шийдвэр гараагүй, хэрхэн устгасан талаар хурлын тэмдэглэлгүй, устгасан нь тодорхойгүй байхад шалтгааныг тодруулаагүй, данснаас хасах баримт хангалтгүй байхад зөвхөн зарлагын баримтаар данснаас хассан байсан.
     Шалгалтын явцад Н.Мг олон удаа дуудаж байж Улаанбаатар хотоос ирэхэд нь шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг танилцуулж, тайлбар тодорхойлолт авсан болно. Ямар зөрчилд акт бичигдэх талаар тухайн үед хэлж байсан. Харин акт гарсаны дараа танилцуулахаар олон удаа залгасан боловч миний дуудлагыг огт аваагүй, холбогдоогүй болно.
       Мөн Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ”. 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ”, 19 дүгээр зүйлийн 19.1.2-д "батлагдсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын  удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах", 19.1.3-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах", 19.1.4-д "эд хөрөнгийн тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах" гэж тус тус заасан байхад:
     Н.М шүүхэд гаргасан тайлбартаа надад эмийг акталж устгах тухай журам заавар танилцуулагдаж байгаагүй гэжээ. Гэтэл энэ хүн ерөнхий нягтлан бодогчийн хувьд өөрөө заавар журмаа мэдэж байх ёстой. Мөн сумдууд актлах эм тариагаа өртөгөөр нь биш зарах үнээр тайлан гаргаж ирүүлсэн учир журналд тусгаагүй, данснаас хасаагүй гэжээ. Гэтэл ерөнхий нягтлан бодогч сумдууддаа хэлээд өртгөөр нь тайлан гаргуулж авах боломж байсан.
      Сумдууд акталсан эмийг тайландаа зарлагадаж тайлан ирүүлсэн байхад нягтлан бодогч нь данснаас хасдаггүй, бодитоор байхгүй эм, эмнэлгийн хэрэгслийг байгаа мэтээр данс бүртгэлд тусгаж ирсэн байсан. Сумдын ирүүлсэн тайланг шалгаж, акталсан эмийг ямар шалтгаанаар акталсан эсэхийг тогтоож, даргын тушаал шийдвэр гаргуулж, комисс томилж устгах ёстой байсан. 2013 оны нөөцийн 1982469 төгрөгөөс 2013 оны эхний хагас жилийн дүнг хасаад 1414319 төгрөгийн 50 хувь нь Мд хамааралтай дүн юм гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж, уг тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 
      Нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай танилцлаа. Бид нар урьд нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хэлтэст ажиллаж байхдаа тус аймгийн Эм эргэлтийн сан орон нутгийн өмчит аж ахуйн газрын  2010-2013 оны санхүүгийн баримтуудад хяналт шалгалт хийсэн. Энэ яригдаад байгаа акт нь 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 11/08023113 тоот дугаартай акт байгаа. Н.М гуай акт гаргаад, түүнийгээ танилцуулаагүй гэж ярьж байна.
       Н.М гуайг тэр үед 7 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ дуудаж тус байгууллагыг шалгаад ололт, амжилттай тал нь юу байсан юм, болохгүй байсан зөрчил нь юу вэ, цаашид засч залруулаад явахаар ямар зүйлүүд байсныг түүнд бүгдийг танилцуулаад яг ямар зөрчилд нь акт тавих вэ, юунд нь акт тавихгүй вэ гэдэг дээр тайлбарласан байгаа.Өөрийнх нь 7 дугаар сарын 30-ны өдөр гаргаж өгсөн тайлбарт ч мөн байгаа.
      Актаар тогтоогдсон мөнгөн төлбөрийн дүнтэй холбоотой асуудал яригдлаа. Актын хавсралтаар нийтдээ 4987184 төгрөгийн төлбөр тавигдсан. Үүнээс 1002867 төгрөг нь 2010 онд хариуцаж ажиллаж байсан хүмүүстэй холбоотой учраас энэ мөнгөн дүн огт яригдахгүй байгаа. 
        2013 оны Эм эргэлтийн сангийн нөөц дээр 1982004 төгрөг актаар байгаа. Үүнээс Н.М гуайн тухайн үед ажиллаж байсан дээр тооцож гаргаж ирсэн. Тухайлбал 2013 оны нөөцөөс 2013 оны 7,9 дүгээр саруудынх буюу 1414319 төгрөг нь хамаарах ба сумдуудын хувьд мөн 2013 оны 1041014 төгрөг нь сүүлийн хагас жилийн дүн байгаа бөгөөд үүн дээр 136935 төгрөг нь зөвхөн 6 дугаар сарын мөнгөн дүн орж байгаа юм. Тэгэхээр 1-5 дугаар сар буюу Н.М гуайн ажилд ороогүй байсан үеийн мөнгөн дүн ороогүй гэсэн үг.
       Хэргийг шийдвэрлэж байх явцад Н.М гуайн шүүхэд гаргасан тайлбартай танилцаж, улсын байцаагч нарын зүгээс шүүхэд тайлбар гаргаж өгсөн байгаа. Н.М гуай 7 дугаар сарын 30-ны өдөр дуудаж уулзаад ийм ийм зөрчлүүд байна гэдгийг хэлж холбогдох акт гаргана гэж танилцуулаад тайлбар авсан. Түүний дараа олон удаа залгасан. Залгаад утсаа авдаггүй, ерөөсөө холбогдож чадаагүй байгаад актыг танилцуулж, биечлэн гардуулж өгч чадаагүйгээс улсын байгчийн акт гарсны дараа түүнд актын хувийг өгөөгүй юм.
     Н.М гуайн шүүхэд гаргасан тайлбартай танилцахад эмийг акталдаг талаар ямар журам заавар байдаг юм гэдгийг удирдлагаас, эм зүйчээс надад танилцуулж, тайлбарлаж байгаагүй гэсэн тайлбар гаргасан байна лээ. Гэтэл байцаагчийн зүгээс ерөнхий нягтлан бодогч хүн өөрөө хамааралтай хууль, дүрэм, журам заавар юу байдгийг судалж, мэдэж  хэрэгжүүлж ажиллах ёстой байтал өөр  хүнээс заавар,журам танилцуулагдах ёстой мэт ярьж байгаа нь  байж болохгүй асуудал юм. Мөн тайлбар дээрээ сумдуудаас ирж байгаа акталсан эмийг өртөгөөр, зарах үнээр гэж гаргаж ирүүлэхийг олон удаа шаардсан гэж хэлээд байдаг ба мөн хоёр тайлан гаргалгүй зөвхөн зарах үнээр нь тайлангаа явуулаад байсан учраас энэ эм тариаг акталсан гэж журналдаа тусгаагүй гээд байгаа юм. 
    Гэтэл ерөнхий нягтлан бодогч хүн сумдуудаас тайлангаа авахдаа өртөгөөр гаргуулж авах шаардлагатай бол тэрүүгээр нь гаргуулж аваад тайландаа тусгаад явж байх үүрэгтэй. Сумдаас ирсэн акталсан гээд тайлан нь ирдэг, гэтэл Н.М гуай байхгүй юмыг байгаа мэтээр тусгаад яваад байсан юм билээ. 
        Мөн Н.М гуайн зүгээс хэлээд байгаа ёс зүйн хувьд улсын байцаагч нарын зүгээс түүнийг идсэн, уусан гэсэн байдлаар хандсан, харьцсан зүйл байхгүй, бид хоёрын хувьд тийм асуудал гаргаагүй гэж бодож байна. 
     Нэмж хэлэхэд сумдуудаас бараа материалын тайланг өртөгөөр, зах зээлийн үнээр нь ирүүлж байгаагүй гэдэг, гэтэл  байгууллагын ерөнхий нягтлан бодогч хүн өртөг, зах зээлийн үнийг аль алиныг нь тооцож байх ёстой. Зарж байгаа хүн тэрийг тооцох шаардлагагүй. Тэр хүн өнөөдөр 100 төгрөгний эмийг 120 төгрөгөөр зарж байна уу, 150 төгрөгөөр зарж байна уу гэдэг асуудал сумын эмийн санч дээр нэг их ач холбогдолтой бус юм.
      Өөрөөр хэлбэл өртөг яах гэж тооцдог вэ гэхээр байгууллагын ашиг орлогыг тооцох гэж л нягтлан бодогч тооцож байх ёстой. 100 ширхэг эм зарагдсан байлаа гэхэд 10 ширхэг эмийг 10 000 төгрөгөөр зарсан өртөг нь 8000 төгрөг болж байвал тэрний 2000 төгрөгийн ашгийг нь нягтлан бодогч тооцоод гаргаж өгөх ёстой. Гэтэл сумдуудыг гаргаж өгөөгүй гэж ярьж байна, тийм юм байж болохгүй. Эмийн сангийн эрхлэгч нар тайлангаа гаргаад ирлээ, тэр тайланд акталсан гэж ирчихээд байхад наадах чинь шийдвэр байхгүй байна гэх мэт асуудлаар журналд тусгаж актлахгүй яваад байдаг. Гэтэл сумдынх нь тайлан акталсан эмээ хасаад,  Н.М гуай тэр эмийг хасаагүй явдал байсан. Нягтлан бодогчийн зүгээс няраваас ирсэн бараа материалын тайланг тулгаж үзээд буруу байвал тэр хүмүүс рүү нь  буцаагаад өгч явуулж зөвтгүүлж ирүүлэх шаардлагатай. 
     Гэтэл зөндөө шаардаж хэлээд  болоогүй, чадаагүй, замбараагүй байсан гэх асуудал яриад байна, хэрэв тухайн хүн тайлангаа засч өгөхгүй байгаа бол дээд талд удирдлага гэж хүн байгаа түүнд хэлж, шаардаж удирдлага болон ерөнхий нягтлан бодогчийн өөрсдийн зүгээс шалтгаалах арга хэмжээг авах ёстой байсан учир өнөөдөр бид нарын зүгээс тэр асуудал хангалтгүй байснаас зөрчил гарсан байна гэж үзээд төлбөрийн актыг тогтоосон гэв.

                                  ҮНДЭСЛЭХ нь:


          Шүүх нэхэмжлэгч иргэн Н.Мгийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад  үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
          1. Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 327 тоот тогтоолын дагуу Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүрэг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжихээс өмнө тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч А, Ннар нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2014 оны төлөвлөгөө, мөн тус газрын даргын баталсан 2014 оны 02/42 тоот удирдамжийг үндэслэн (актад удирдлага болгосон байгаагаар) Дорноговь аймгийн Эм эргэлтийн Сан ОНӨААТҮГазрын 2010, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд явуулсан хяналт шалгалтын үр дүнд улсын байцаагч нараас Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.2-т заасныг болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх зүйлд заасныг үндэслэн “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-023/113 тоот Улсын байцаагчийн актыг үйлджээ.
     2014 онд гаргасан дээрх актыг хариуцагч нарын зүгээс тухайн үед нэхэмжлэгч Н.Мд танилцуулж, гардуулан өгөөгүй болох нь хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбар дахь “...акт гарсны дараа танилцуулахаар олон удаа залгасан боловч холбогдоогүй...” гэж байгаа болон шүүх хуралдаанд хариуцагч нараас актыг нэхэмжлэгчид гардуулан өгөөгүйгээ зөвшөөрч байгаа тайлбараар тогтоогдож байх ба үүний улмаас нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах эрх”-ээ хэрэгжүүлж чадаагүй байна.
     Гэвч нэхэмжлэгч нь уг актын талаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл”-ийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар мэдсэн гэснээр түүнийг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад гомдол гаргаж, уг гомдлыг шийдвэрлэж гарсан хариуг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 108 тоот албан бичгээр авснаар 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх зүйлд заасныг үндэслэн хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар дээрх захиргааны актын хууль зүйн үндэслэлийг дараахь байдлаар хянан шийдвэрлэв.
    2. Хариуцагч улсын байцаагч нараас тогтоосон 11-08-023/113 тоот Улсын байцаагчийн актын үндэслэлийг авч үзвэл эм, эмнэлгийн хэрэгслийг хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэсэн боловч энэ талаар бүртгэл байхгүй, тэдгээрийг акталж устгах талаар тушаал, шийдвэр гараагүй, мөн устгасан тухай тэмдэглэл баримтгүй буюу хэрхэн устгасан нь тодорхойгүй байхад эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн зарлагын баримтыг үндэслэж данс бүртгэлээс хассан нь холбогдох хууль, журамд заасныг буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.7 дахь зүйлд заасныг  болон Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2002 оны 249/201 тоот тушаалаар баталсан “Эрүүл мэндийн байгууллагын хог, хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах журам”-ын 9.1-д “Эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж нь хаягдал, тээвэрлэсэн, устгасан тухай тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд тээврийн хэрэгслийн дугаар, хаягдал устгасан арга, он, сар, өдөр, хугацаа, хүний нэр, албан тушаалыг тодорхой бичнэ” гэж заасныг тус тус  зөрчсөн гэж үзэж уг зөрчилд тухайн актаар тус газрын холбогдох албан тушаалтнуудад төлбөр ногдуулсан хариуцлага хүлээлгэсний дотор захирлаар ажиллаж байсан С, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Н.М нарт 2592268 төгрөгийн төлбөр ногдуулж, түүнийг  хуваан төлүүлж төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
       Дээрх үндэслэлд заасан зөрчлөөр тус актын хавсралтад байгаагаар 2013 онд нөөцөөс 1982469 төгрөг, сумдуудаас 2001848 төгрөг нийт 4987184 төгрөгийг төсвийн орлого болгохоор тогтоосон /хх-ийн 5,6 дугаар хуудас/ байх ба үүнээс нөөцөд тавигдсан 1982469 төгрөгийн төлбөрөөс 2013 оны сүүлийн хагас жилийн дүн буюу 1414319 төгрөгийн, сумдуудын 2001848 төгрөгийн төлбөрийн 2013 оны 06 дугаар сарын 136935 төгрөг, мөн сумдуудын сүүлийн хагас жилийн буюу 2013 оны 07 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны 1041014 төгрөгийн төлбөр болох бүгд 2592268 төгрөгийн төлбөрийг хуваан төлүүлэхээр тогтоосноор нэхэмжлэгч Н.Мд хамаарч байгаа нь дээрх акт болон хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн тухайн үед төлбөрийг тогтооход үндэслэл болгосон санхүүгийн баримтуудыг үндэслэж гаргасан тооцоо бүхий жагсаалт /хх-ийн 44-р хуудас/, мөн энэ талаар ирүүлсэн тайлбар /хх-ийн 118-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. 
     Актаар тодорхойлсон зөрчилд холбогдуулан төлбөр гаргуулах шийдвэрийн үндэслэл болгож тухайн үед улсын байцаагч нараас хяналт шалгалтдаа хамруулсан санхүүгийн баримтуудыг шүүхээс шаардсаны дагуу Эм эргэлтийн Сан ОНӨААТҮГазраас гарган ирүүлснээр үзэхэд  нийт 12 сумын Эмийн сан нь 2013 оны 06 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 1177949 төгрөгийн, Нөөц гэх буюу Дорноговь аймгийн Эм,эргэлтийн Сан ОНӨААТҮГазар нь мөн 2013 оны 7, 9 дүгээр сард нийт 1414319 төгрөгийн эм, тариа, эмийн бодис зэргийг акталсан, хугацаа дууссан, хагарсан гэх үндэслэлээр зарлагын болон бараа материалын тайлан гэсэн санхүүгийн баримтуудыг үйлдэж данс бүртгэлээсээ хассан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан сум тус бүрийн Эмийн сангууд болон Нөөц / Дорноговь аймгийн Эм,эргэлтийн Сан ОНӨААТҮГазар/ -өөс гаргасан зарлагын болон бараа материалын тайлан гэх баримтууд түүнд бичигдсэн байдлаар /хх-ийн 45-109-р хуудас/ тогтоогдож байхын хамт дээрх эм, тариа, бодисыг акталж, данс бүртгэлээс хасах талаар холбогдох этгээдээс гаргасан тушаал шийдвэр байхгүй, мөн тэдгээрийг устгасан талаарх баримт байхгүй зэрэг байдал нь энэ талаарх баримтууд зарлагын болон бараа материалын тайлангуудад хавсаргагдаагүй байгаа байдлаар, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс нэхэмжлэгчээс асуусан тайлбар дахь “ ...  миний ажиллаж байх үед эрх бүхий этгээдээс эм актлах талаар гаргаж байсан тушаал болон эмийг устгасан талаар тэмдэглэл үйлдэж эмийг акталж байсан тохиолдол гарч байгаагүй, ... эмийг акталж устгах тухай журам, заавар танилцуулагдаж байгаагүй, ... сумдууд нь актлах талаар гарсан тушаал, шийдвэр зэргийг бүрдүүлэн хавсаргаж ирүүлдэггүй байсан...” гэсэн  тайлбар /хх-ийн 113-114-р хуудас/, мөн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу асуусан гэрч Цгийн “... 2013 оны үед манай байгууллага дээр актлах эмийг устгах талаар гаргасан тушаал, журам байгаагүй бөгөөд ийм эмийг устгаагүй байсан, одоо ч устгаагүй байна билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123-124-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
      Дээрх байдлаас үзэхэд сумдуудын болон нөөцийн Эмийн сангууд нь тухайн үед зарлагын болон бараа материалын тайлан гэх санхүүгийн холбогдох анхан шатны баримтуудыг үйлдсэн байх боловч энэ нь тэдгээр эм, тариа, бодисыг акталж, устгаснаар ажил, гүйлгээнээс гарсан болохыг бүрэн нотолсон баримт болж чадахгүй, түүнчлэн уг байдлыг нотлох бусад нотолгоо болох эм, тариаг акталж данснаас хасаж, устгах  талаар эрх бүхий этгээдээс гаргасан тушаал, шийдвэр, мөн устгасан тухайг нотолсон ямар нэг баримтгүй байхад зөвхөн зарлагын баримт, бараа материалын тайлан гэсэн баримтуудыг үндэслэж акталсан гэснээр данс бүртгэлдээ тусгаж явсан нь актад үндэслэл болгосон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ”анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” ойлгохоор заасан байгааг болон мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
        Улсын байцаагч нар нь актдаа мөн Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2002 оны 249/201 тоот тушаалаар баталсан “Эрүүл мэндийн байгууллагын хог, хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах журам”-ын 9.1-д заасныг зөрчсөн талаар үндэслэл болгосон байх боловч дээрх журам нь Эрүүл мэндийн сайдын 2011 оны 305 тоот тушаалаар хүчингүй болсон байсан ба харин актыг үйлдэх үед дээрх 305 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах, түр журам” болон мөн Эрүүл мэндийн сайдын 2011 оны 158 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах заавар” тус тус мөрдөгдөж байжээ.
     Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эм хангамжийн байгууллагад дараахь байгууллага хамаарна” гэж зааснаар уг зүйлийн 9.1.2, 9.1.3 дахь зүйлүүд дэх эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан нь тус байгууллагад багтаж байх ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Эм хангамжийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан үүргийг хүлээнэ” гэснээр Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйл дэх “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх” үүргийг хүлээж байгаагийн хувьд Эм хангамжийн байгууллага буюу Дорноговь аймгийн Эм эргэлтийн Сан ОНӨААТҮГазар болон тус аймгийн сумдуудын Эмийн сангууд нь мөн хууль /Эрүүл мэндийн тухай хууль/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх зүйлд заасан “эрүүл мэндийн байгууллага”-д хамаарч байна.
      Гэтэл Дорноговь аймгийн Эм эргэлтийн Сан ОНӨААТҮГазар болон тус аймгийн сумдуудын Эмийн сангууд нь “эрүүл мэндийн байгууллага” болохынхоо хувьд Эрүүл мэндийн сайдын 2011 оны 305 тоот тушаалын 2-т “Энэхүү журмыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, улсын болон хувийн хэвшлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай” гэж заасан байгаагаар уг тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах, түр журам”, мөн сайдын 2011 оны 158 дугаар тушаалын 2-т “Энэхүү зааврыг  хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн нэгдэл, улсын болон хувийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай” гэж зааснаар уг тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах заавар” зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож актлагдсан эм, тариа, бодис зэргийг устгахаар байгаа атал дээрх журам, зааврын дагуу холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлээгүйгээс Улсын байцаагчийн актаар төлбөр болгон тогтоосон эм, тариаг хэрхсэн талаарх баримтууд санхүүгийн анхан шатны баримтанд бүрэн авагдаагүй байна.

       Иймд дээрх нөхцөл байдлуудаар Дорноговь аймгийн Эм эргэлтийн Сан ОНӨААТҮГазар болон тус аймгийн сумдуудын Эмийн сангуудын үйл ажиллагаа нь холбогдох хууль, журмыг зөрчсөн байгаа тул Улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчил, түүнтэй холбогдуулж ногдуулсан төлбөр нь үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
    3. Гэтэл нэхэмжлэгч Н.М нь Улсын байцаагчийн дээрх актыг эс зөвшөөрч тухайн байгууллагад орж ажиллаагүй байсан үеийн төлбөрийг хариуцахгүй, улсын байцаагч нарын зүгээс актыг тогтоохдоо дүнг зөрөөтэй гаргасан, түүнчлэн сумдууд нь актлах эм тариаг өртөгөөр буюу худалдаж авсан үнээр болон зарах үнээр гэсэн хоёр төрлийн тайлан бичиж, жагсаалтаар гарган актлах талаар гарсан тушаал, шийдвэрийг бүрдүүлэн хавсаргаж ирүүлдэггүй байсан учраас нягтлан бодогчийн журналд тусгах үндэслэлгүй гэж үзэж данснаас хасаагүй тул сумдуудын акталсан эмийн төлбөрийг би хариуцахгүй гэсэн үндэслэлүүдээр маргаж байгаа ба гэтэл актаар тогтоогдсон төлбөр нь түүний тус байгууллагад орсноос хойш буюу 2013 оны 05 дугаар сараас хойш хугацаанд хамаарч байгаа нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дээр дурдсан сумдуудын болон нөөцийн эмийн сангуудын зарлагын баримт, бараа материалын баримтуудад бичигдсэн хугацаагаар тогтоогдож байх ба мөн уг баримтууд дахь үнийн дүн нь актаар тогтоосон төлбөрийн үнийн дүнтэй тохирч байгаагаар улсын байцаагч нарын зүгээс тухайн үед үйлдэгдсэн баримтууд буюу зарлагын болон бараа материалын тайланд бичигдсэн байгаа үнийн дүнгээр төлбөрийг тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.
     Түүнчлэн түүний сумдуудын актлах эмийг баримт дутуугаас нягтлан бодогчийн журналд бүртгэж тусгаагүйгээр холбогдох төлбөрийг хариуцахгүй гэсэн тайлбартай холбогдуулан Дорноговь аймгийн Эм эргэлтийн Сан ОНӨААТҮГазрын архивын баримт дахь 2013 оны “Гүйлгээ журнал” гэсэн баримтанд шүүхээс явуулсан үзлэгээр /хх-ийн 120-12-р хуудас/ сумдуудын Эмийн сангуудын акталсан гэх эм, тариа, бодисыг  нэхэмжлэгчийн зүгээс актлах эмийн бүртгэлийн данс болох 8701010000 тоот дансаар бүртгэж тусгаагүй байдал нь тогтоогдож байгаа хэдий ч уг үйлдлийг зөвтгөх боломжгүй байх ба учир нь нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед  сумдуудын гаргаж буй санхүүгийн дээрх зөрчилтэй байдлыг ерөнхий нягтлан бодогчийн хувьд зохих шаардлагыг албан ёсоор тавьж, зөрчлийг арилгуулсны үндсэн дээр нягтлан бодогч дээр хөтлөгддөг Нягтлан бодох бүртгэлийн журналыг зохих журмын дагуу хөтлөхөөр байгаагаар түүний хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарч байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь хариуцлагыг хүлээхгүй байх шалтгаан болохгүй юм.
        Уг байдлуудаас үндэслэн нэхэмжлэгчийн гаргаж буй тайлбарыг хүлээн авах боломжгүй байх бөгөөд харин аймгийн Эм эргэлтийн Сан ОНӨААТҮГазрын ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэж байсны хувьд нэхэмжлэгч Н.М нь тухайн үед Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/ дахь “Нягтлан бодогчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах”, 19 дүгээр зүйлийн 19.1.2-д "батлагдсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг гаргах …", 19.1.3-т “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах” гэж заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байдал нь актаар тогтоогдсон зөрчлийг гаргахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний уг байдалтай нь холбогдуулан хариуцагч нарын зүгээс дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэж заасныг үндэслэн тухайн актаар тогтоосон зөрчилд ногдуулсан хариуцлагыг Дорноговь аймгийн Эм эргэлтийн Сан ОНӨААТҮГазрын захирал болон ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан этгээдүүдэд хамтран хүлээлгэхээр шийдвэрлэж, улмаар Төрийн хяналт шалгалтын тухай хууль дахь “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх”-ийг зохицуулсан 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох ...”, 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд №11-08-023/113 тоот Улсын байцаагчийн актыг үйлдсэн нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Мгийн гаргасан Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын Газрын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №11-08-023/113 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
      4. Харин уг актаар тогтоосон  2592268 төгрөгийн төлбөрөөс Хөвсгөл сумын Эмийн санд холбогдох баримт болох “Тооцоо бодсон акт” гэх /хх-ийн 69-р хуудас/ баримтанд тооллогын үед бэлнээр байсан мөнгө болох 82200 төгрөгийг акталсан гэх эмийн төлбөрт оруулан тооцож гаргасан нь үндэслэлгүй байх ба төлбөрт тооцогдсон уг 82200 төгрөгийг үндэслэлгүй тавигдсан төлбөр болохыг хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа хүлээн зөвшөөрч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж заасныг үндэслэн уг акт дахь 2592268 төгрөгийн төлбөрийн хэмжээг дээрх 82200 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
          Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын байцаагчийн акт болон нягтлан бодох бүртгэлийн журналын тайлангийн зөрүүг мэргэжлийн шинжээчээр хянуулж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж байсан боловч тухайн актаар тогтоосон зөрчил нь тогтоогдсон байдал, зөрчлийн үндэслэл болох төлбөрийн дүн нь улсын байцаагч нарын зүгээс хяналт шалгалтын явцад үндэслэсэн баримтууд болох зарлагын болон бараа материалын тайланд тодорхой тусгагдсан, уг баримтууд дахь нийт дүн нь актаар тогтоосон төлбөрийн дүнтэй зөрүүтэй байдал тогтоогдоогүй зэрэг байдлуудаас үндэслэн тооцоо, тоо бүртгэлийн талаар тусгай мэдлэг шаардагдахгүй байх тул мэргэжлийн шинжээч томилох шаардлагагүй  гэж үзсэнийг  дурдах нь зүйтэй байна.

          Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.14 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

        1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.2 дахь зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.7, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 19.1.3 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Н.Мгийн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын Газрын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №11-08-023/113 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, №11-08-023/113 тоот актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрөөс үндэслэлгүй тогтоосон 82200 төгрөгийг хасаж төлбөрийг 2510068 төгрөг болгон багасгасугай. 

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ЦЭНД