Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 100

 

Х.Оюунжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч О.Баатарсүх, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Р.Ганулууны гаргасан давж заалдах гомдлоор Х.Оюунжаргалд  холбогдох эрүүгийн 201611000039 дугаартай хэргийг 2016 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1978 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багт оршин суух, ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, биеийн байдал сүрьеэ өвчтэй, Бодонгууд овогт Хуягбаатарын Оюунжаргал  /РД - ЖВ78010104/.

Х.Оюунжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Баатарцогттой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нуруун тус газар хутгалж цээжний хөндийд хий болон шингэн хуралдалт буюу амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор: Хуягбаатарын Оюунжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол  Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Хуягбаатарын Оюунжаргалыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Оюунжаргалд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг  жирийн  дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлэн энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Х.Оюунжаргалын ЖВ78010104 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Х.Оюунжаргалын эзэмшлээс 1300000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай эсгий гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 18-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол"-ыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Х.Оюунжаргалын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 8 сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

            Ялтны өмгөөлөгч Р.Ганчулуун давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Х.Оюунжаргал Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн билээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ЭБШХ-ийн 80.1-д заасан буюу хаана үйлдэгдсэнийг тодорхойлж чадаагүй. Мөн гэрийн гадна хохирогч Оюунжаргалд зодуулсан, өөрөөр хэлбэл модоор цохиулсан гэж мэдүүлсэн гэрч Батцэцэг, гэрч Наранцэцэг нарын мэдүүлгийг болон гэрийн гадаа хохирогч Баатарцогт Оюунжаргалыг зодсон талаарх гэрчийн мэдүүлэг, гэрт орж ирээд хутгалуулсан гэсэн мэдүүлэг, мөн хохирогч, ялтан нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байна. Энэ мэдүүлгийн зөрүүг мөрдөн байцаалтаар тогтоолгох шаардлагатай ба хэдийгээр “гэртээ” гэж тодорхойлсон боловч хохирогч, ялтан, гэрч нарын мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй. Харин яллах дүгнэлтэд “5 дугаар багийн нутаг дэвсгэрт” гэж ерөнхийлөн заасан нь ЭБШХ-ийн 80.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Гол нь хохирогч гадаа хутгалуулсан гэдэг. Мөн хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн боловч хохирлын тооцоог нарийн тооцож гаргаж чадаагүй. Хохирогч нүүр рүү нь 1 удаа цохисон гэж байгаа боловч Оюунжаргалын 3 шүд нь унасан, үс нь зулгарсан, уруул нь язарсан зэрэг гэмтлүүдийг хаана авсан нь тодорхойгүй байна. Хэдийгээр энэ үйлдэл нь эвлэрснээр хэрэгсэхгүй болсон боловч, хохирогч мэдүүлгүүдээ худал, зөрүүтэй өгдөг зэрэг нь хууль зөрчсөн асуудал юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Х.Оюунжаргал нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутагт орших өөрийн гэртээ, хохирогч Н.Баатарцогтоос үүсгэсэн “бэлэн хоол надад өгсөнгүй” гэдгээр шалтагласан маргаан, зодооны явцад хохирогч Н.Баатарцогтын нуруунд хутгалж амь биед нь аюултай гэмтэл учруулсан болох нь хохирогч Н.Баатарцогтын “...Би унтаж байгаад сэрсэн чинь Оюунжаргалын охин Батцэцэг намайг барьчихсан, Оюунжаргал намайг модоор цохиж байсан. ...Оюунжаргал гэр рүүгээ орсон, үүнээс хойш удалгүй миний ар нуруу хэсэг рүү юм хатгах шиг болоод амьсгаа давчдаад юу болов гээд эргээд харсан чинь Оюунжаргал үзүүртэй урт хутга барьчихсан дахиад хатгах гээд далайгаад зогсож байсан. Тэгэхэд нь би Оюунжаргалд хандаж дахиад намайг хутгалах юм бол би тэсэхгүй үхэж магадгүй шүү гэж хэлсэн чинь гэрээс Оюунжаргалын охин Батцэцэг гарч ирээд Оюунжаргалыг гэр рүүгээ авч орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч Б.Батцэцэгийн “эмээ Наранцэцэг, аав Базарханд, ээж Оюунжаргал, Баатарцогт ах нар нийлж архи уусан. ...бэлэн хоол өгсөнгүй гэж Баатарцогт ах ээж Оюунжаргалтай маргалдсан. Тэр хоёр гэрээс гарсан. Харсан чинь Баатарцогт ах ээжийн үсийг зулгааж цохиж байсан. Тэгээд би гүйж очоод Баатарцогт ах ээж хоёрыг салгаад ээжийг гэрт оруулсан. Тэр хоёр дахин эвлэрээд гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа Баатарцогт ах гэрт орж ирэхдээ хутгалуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56/, шинжээч С.Сайнзаяагийн “Н.Баатарцогтын биед цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас цээжний хөндийд хий болон шингэн хуралдалт бүхий гэмтэл үүссэн нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 79/ зэрэг хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх Х.Оюунжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ. 

            Ялтны өмгөөлөгч Р.Ганчулууны гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Тухайлбал ялтны өмгөөлөгч Р.Ганчулуун нь “мөрдөн байцаалтаар хохирогч гэртээ эсхүл гадаа хутгалуулсны алин болохыг тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80.1.1 дэх заалтыг зөрчсөн” гэж давж заалдах гомдол гаргасан байна.

            “Х.Оюунжаргал хохирогч Н.Баатарцогт нар нь Х.Оюунжаргалын гэрт маргасан ба улмаар Х.Оюунжаргал гэрийн гадаа, хашаан дотор хохирогч Н.Баатарцогтыг хутгалсан” болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Батцэцэгийн мэдүүлгээр нотлогдсон байна. Хохирогчийн ар нуруунаас хутгалсан байдлаас үзвэл “Х.Оюунжаргал гэрийн гадаа, миний ар талаас хутгалсан” гэх хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/ бодит байдалд нийцсэн байх бөгөөд харин шүүгдэгчийн “би шүүгээ мөргөж унасан, амиа хамгаалах гэж хутга авч ийм хэрэг болсон” гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна. 

            Түүнчлэн өмгөөлөгч Р.Ганчулуун нь “хохирлын тооцоог нарийн тооцож гаргаж чадаагүй”, “нүүр рүү нь нэг л удаа цохисон гэх хохирогч Н.Баатарцогтын мэдүүлэг нь Х.Оюунжаргалд учирсан 3 шүд унасан, үс нь зулгарсан, уруул нь язарсан зэрэг гэмтлүүдтэй эрс зөрүүтэй байна” гэх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргажээ. Гэвч  эдгээр нь хэрхэн шүүхийн тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэл болж байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдаагүй тул хүлээн авах боломжгүй байна.

            Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтны өмгөөлөгч Р.Ганчулууны  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны  өмгөөлөгч Р.Ганчулууны гаргасан  давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                       А.ЭНХБААТАР

                        ШҮҮГЧИД                             О.БААТАРСҮХ

Л.НАРАНБАЯР