| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0102/Э |
| Дугаар | 00101 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00101
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн 1815001320097 дугаартай, 163/2018/0102/э индэкстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган суманд оршин суух, ял шийтгэлгүй, С овогт Б.А
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Х.Х тэй маргалдаж түүний цээжин тус газарт нь 1 удаа хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
1815001320097 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Х.Х өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би Б.А очсон бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэднийд очиж Амгаланбаатар, Отгонбаатар, бид нар 2 шил шил архи хувааж уусан юм. Отгонбаатар түрүүлээд гэртээ харина гээд явчихсан байсан. Тэгээд Б.А бид 2 муудалцсан юм шиг байна лээ. Яг юунаас болж маргалдсан талаараа мэдэхгүй байгаа юм. Б.А миний цээжин тус газарт нэг удаа хутгалсан. Тэгээд цусаа Амгаланбаатараар тогтоолгуулаад тэдний гэрээс гараад эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч хутганы шархыг зүрхнээс 1 см зайтай байна гэж хэлсэн. Тухайн үед би архи нилээн их уусан байсан болохоор болсон асуудлын талаар санахгүй байгаа. Маргааш нь цагдаа ирж шалгахад Амгаланбаатарыг хутгалсан гэдгийг санасан ба Б.А өөрөө ч хэлсэн. Миний зүгээс Амгаланбаатарт гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Тэрээр эмчилгээний зардлыг төлнө гэсэн гэх мэдүүлэг /хх -11-14 тал/,
Гэрч Д.Болорчимэгийн өгсөн: Манай нөхөр ер нь хүмүүстэй их ойр дотно элэгсэг, аягүй гэнэн цагаан нөхөрсөг, тусархуу зантай гүндүүгүй хүн байгаа юм. Тэрээр архи дарс хэрэглэдэг ч гэрээсээ гарч архи дарс уудаггүй. Манайх 04-20 насны 6 хүүхэдтэй айл байгаа юм. Тэгээд манай нөхөр гэртээ хувиараа сураар юм хийгээд гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Архи дарс хэрэглэсэн үедээ бол ямар нэгэн гаж буруу ааш авир гаргаад байдаггүй. Тухайн хэрэг гарах үед би өөрөө эзгүй байсан болохоор яг юунаас болж ийм байдалд хүрсэн талаар мэдэхгүй байна. Би өөрөө Улсын бүртгэлийн хэлтэст үйлчлэгчийн ажил хийдэг. Миний сарын цалин 300000 төгрөг ба үүнийхээ 250000 төгрөгийг цалингийн зээлэндээ өгдөг. Үлдсэн 50000 төгрөгөөр нь тог цахилгаан гэх мэт зүйлд зарцуулдаг. 4 бага хүүхэд маань сар бүр олгодог хүүхдийн мөнгө авдаг ба сард нийлээд 80000 төгрөг авч амьдардаг. Манайх өрхийн амьжиргаа доогуур өрхөд улсаас олгодог 88000 төгрөгийн хүнс авдаг. Түүгээрээ л амьдардаг айл байгаа юм. Манай нөхөр мөн суудлын өвчинтэй гээд 10 гаран жил явсан ба өнгөрсөн жил хөөцөлдөж яваад группт орсон. Түүнийхээ мөнгийг зээлдээд авчихсан учраас гар дээрээ бол мөнгө авдаггүй. Өөрөө сураар ногт хазаар, бугуйл, чөдөр, ташуур гэх мэт зүйлсийг хийдэг. Түүнээсээ бага хэмжээний орлого олж цагаан идээ, мал ахуйгаар солиод болдог юм. Өнгөрсөн жилээс л эхлэж хийж эхэлсэн ба сүүлийн үед л иргэд сур ширэн эдлэл хэрэглэх нь арай дээрдэж байгаа. Манай 4 хүүхэд сургуульд сурч байна. Энэ жил 1 охин маань 12 дугаар анги төгссөн. Нөхөр маань даарч хөрөх, хүнд хүчир ажил хийх, хатуу зүйл дээр суух, удаан хугацаагаар суудлын ажил хийх зэрэг хэцүү л байдаг юм. Энэ өвчинөөр өвчлөөд 10 гаран жил болчихлоо гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
Насанд хүрээгүй гэрч А.Б өгсөн: Тэр өдөр аав бид нарыг гэртээ байж байхад Х.Х ах өөр нэг ахтай жаахан халамцуу орж ирсэн. Удалгүй хамт явсан ах яваад өгсөн ба Х.Х ах 2 шил архи авч ирээд аавтай нэг шил архиа хувааж уусан. Тэгээд Хашаа ах бид нарт картаа өгөөд дэлгүүр орж юм авч ид гээд явуулаад бид нар дэлгүүр ороод юм авах гэсэн чинь картанд нь мөнгө байхгүй байсан. Тэгээд буцаж ирээд Хашаа ахад хэлсэн чинь миний картанд мөнгө байхгүй байна гэж байх уу, муусайн хумхын тоос, гунигын бороонуудаа гээд загнаад байсан. Тэгээд л аав гэрт байсан ажлын багажнаасаа юм авах шиг болоод боссон чинь Хашаа ах аавруу тонгойгоод дараад унасан. Тэгээд л аав хатгачих шиг боллоо гээд асуусан чинь Хашаа ах хатгаагүй, зүгээр гээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 17 тал/,
Б.А яллагдагчаар өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байхад Х.Х манайд 0.75 литрийн 2 шил архи авчирсан. Тэгээд 1 архийг нь задлаад бид 2 хувааж ууцгаасан ба тэрээр архиа ууж байхдаа манай хүүхдүүдийг гунигийн бороо, хумхын тоос гээд 4 бага хүүхдийг босгоод суулгачихсан байхаар нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь арагшаагаа ухарч байгаад намайг өшиглөх гэхээр нь бултчихсан. Тэгээд ширээн дээр миний хөдөлмөрийн багаж байсан ба тэндээс би сур зүсдэг модон иштэй хутга авсан. Тэгсэн Х.Х намайг хамаад л дээрээ дараад уначихсан ба тэгэхэд л миний баруун гарт барьчихсан байсан хутга түүний цээжний баруун дээд хэсэгт нь зүсчихсэн юм. Тухайн үедээ би Хаш-Эрдэнийг чи хутганд хүрчихлээ гэхэд хүрээгүй, зүгээр гээд байсан ба би цээжний шархан дээр нь хөвөнгөөр дарж өгсөн. Тэгээд л Х.Х манайхаас явсан. Цагдаа, эмнэлэг дуудах уу гэхэд яахын бэ ямар санаатай ингэсэн биш, би танд ямар нэгэн гомдол санал байхгүй гээд яваад өгсөн. Ийм л асуудал болсон. Тэгээд эмнэлэгт очихоор нь эмнэлэгээс цагдаад хандсан юм шиг байсан. Тэгээд тэр хатгасан хутгаа шалгаж байсан байцаагчид хураалгасан. Тэр хутга бол манай гэрийн хутга бөгөөд миний сураа зүсдэг л хутга байгаа юм. ... Хүний биед мэс хүргэж гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Х.Х тэй энэ асуудлаас хойш хэд хэдэн удаа уулзсан. Бидний хооронд ямар нэгэн таарамжгүй харьцаа, өс хонзонгийн асуудал байхгүй. Хуурай ах дүүгийн л харьцаатай юм. Тэрээр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн гэх мэдүүлэг /хх-28 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаартай
1. Х.Х биед цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 19 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/ тал, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-8-10/ тал, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33-35/ тал, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-40-41/ тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Х.Х тэй маргалдаж түүний цээжин тус газарт нь 1 удаа хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн Б. Амгаланбаатарын яллагдагчаар өгсөн:... 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байхад Х.Х манайд 0.75 литрийн 2 шил архи авчирсан. Тэгээд 1 архийг нь задлаад бид 2 хувааж ууцгаасан ба тэрээр архиа ууж байхдаа манай хүүхдүүдийг гунигийн бороо, хумхын тоос гээд 4 бага хүүхдийг босгоод суулгачихсан байхаар нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь арагшаагаа ухарч байгаад намайг өшиглөх гэхээр нь бултчихсан. Тэгээд ширээн дээр миний хөдөлмөрийн багаж байсан ба тэндээс би сур зүсдэг модон иштэй хутга авч цээжний баруун дээд хэсэгт нь зүсчихсэн юм. Тухайн үед цээжний шархан дээр нь хөвөнгөөр дарж өгсөн. Цагдаа, эмнэлэг дуудах уу гэхэд яахын бэ ямар санаатай ингэсэн биш, би танд ямар нэгэн гомдол санал байхгүй гээд яваад өгсөн. ... Хүний биед мэс хүргэж гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн /хх-28 тал/,
мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Х.Хаш-Эрдэний өгсөн:, : 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би Б.Амгаланбаатарынд очсон бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэднийд очиж Амгаланбаатар, Отгонбаатар, бид нар 2 шил шил архи хувааж уусан юм. Отгонбаатар түрүүлээд гэртээ харина гээд явчихсан байсан. Тэгээд Б.А бид 2 муудалцсан юм шиг байна лээ. Яг юунаас болж маргалдсан талаараа мэдэхгүй байгаа юм. Б.А миний цээжин тус газарт нэг удаа хутгалсан. Миний зүгээс Амгаланбаатарт гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Тэрээр эмчилгээний зардлыг төлнө гэсэн гэх мэдүүлэг /хх -11-14 тал/,
тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Д.Болорчимэг, А.Билэгт-Очир нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 94 дүгнэлт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Амгаланбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.А ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг ял хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.А гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гэм хорын болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүйг болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай, ажлын хэсгийн урт 13 см, модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б. А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Амгаланбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ялыг сар бүр хоёр зуун хорин таван мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг хоёр сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай, ажлын хэсгийн урт 13 см, модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ