Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/310

 

Н.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Д.Түмэнжаргал, М.Ариунболд,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Г.Ичинхорол, М.Ариунболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.М-д холбогдох 2308 02631 0188 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Н-ийн М, 1982 онд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, “М” ХХК-ийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Н.М- нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/139 дүгээр тушаалаар “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа төсөлтэй холбоотой хэмнэгдсэн хөрөнгөөр Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто зам, аймгийн төв хэсгийн Цагаан хаалга-Жаст ойл шатахуун түгээх станц хүртэлх гэрэлтүүлэг тавих ажлыг зохион байгуулж, уг ажлыг өөрийн хамаарал бүхий, үйл ажиллагааг нь өөрөө хариуцдаг “А Т” ХХК-ийн нэр дээр гүйцэтгүүлэн, ашиг олох зорилгоор албан тушаалын байдлыг ашиглаж, авто замын их засварын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Э К Б” ХХК-ийн удирдлагад хууль бусаар нөлөөлөн, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Э К Б” ХХК болон “А Т” ХХК-ийн хооронд 513,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээний төлбөрт 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 390,000,000 төгрөгийг “А Т” ХХК-ийн дансаар авч, уг мөнгөнөөс өөрийн яллагдагчаар татагдсан эрүүгийн 2202 00020 0160 дугаартай хэрэгт учруулсан хохирлыг төлөх, “А Т” ХХК-ийн татварын өрийг төлөх зэргээр албан тушаалын эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, улмаар “Э К Б” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Н.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.М-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-гаас 140,000,000 төгрөг гаргуулан хохирогч “Э К Б” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс нийтийн албан тушаалтан гэж үзсэн нь үндэслэлгүй тухайд өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Г.Ичинхорол нарын гомдлыг дэмжиж байна.

Тус төслийн хүрээнд нийт 603,361.20 ам.долларын хэмнэлт гарсан. Тус хэмнэгдсэн болон магадалшгүй ажлын зардлаас зайлшгүй хийх шаардлагатай ажлуудын талаар гүйцэтгэгч, зөвлөх компани “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, ... аймгийн Засаг дарга нараас ирсэн албан бичгийн хүрээнд 2022 оны 09 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамны авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын түр орлон гүйцэтгэгч төслийн захирал Ж.Т- үүрэг чиглэл өгч, зураг төсөв зохиогч зургийн автор “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А-д хийх ажлуудын жагсаалтыг өгч, яаралтай зураг, төсөв хийх үүрэг өгсөн. Улмаар хэмнэгдсэн болон магадалшгүй ажлаар хийгдэх ажлын тоо (2хх 80) хэмжээ, төсөв, эскиз зургийг зургийн автор мэргэшсэн төсөвчин мэргэжилтэн нарын гарын үсэг, тамга, тэмдэг бүхий ажлын зураг төсвийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас баталж, төсөл хэрэгжүүлэгч нэгжид ирүүлсэн. Улмаар 2022 оны 28, 29-ний өдрүүдэд төслийн талбайд ажиллаж, захиалагч зургийн автороор зөвшөөрсөн ажлын эскиз зураг, тоо хэмжээ, төсөв зэргийг зөвлөх компани, гүйцэтгэгч гэрээний хугацаанд хийж дуусгах талаар хуралдаж хүлээлгэн өгсөн. Үүний дагуу төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс тус ажлуудыг хүйтний улирал эхлэхээс өмнө хийж эхлүүлэх, эрчимжүүлэх талаар 2022 оны 10 дугаар сарын 18, 31, 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд албан бичиг хүргүүлсэн. Төслийн удирдах хорооны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/003 хурлаар магадалшгүй болон хэмнэгдсэн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг Ж.Т-ын 2022 оны 09 дүгээр сард батлагдсан зураг төслийг Төслийн удирдах хорооны хуралд оролцсон гишүүд дэмжиж, Төслийн удирдах хорооны дарга С.Б- хавсралт 1-ээр баталсан (хх 18-20, 2хх 21-27).

... аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/506 дугаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Б-од хандсан дэмжлэг хүсэх тухай албан бичиг байдаг (1хх 161).

Гэрч А.И- “намайг замын ажлаас хэмнэгдсэн зардал гарч байгаа, уг зардлаас танай аймгийн хуучин цагаан хаалга хүртэл замын гэрэлтүүлэг, төлбөр хураах цэгийн шинэчлэл камержуулалт зэргийг шийдэх боломж байна, танайх Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга руу энэ талаар нэг хүсэлт явуулчихаач” гэж мэдүүлсэн нь гэрч Б.М- (1hh 181-182), С.А- (1хх 114) нарын мэдүүлгээр үгүйсгэгдэнэ.

Гэрч Ж Х, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б- (1хх 114) нарын мэдүүлгүүд нь “тус ажлыг намайг санал болгосон, заавал хийх ёстой, хийлгээд эхэлчихвэл төсөвт тусгуулаад хурдан зохицуулаад өгнө, гэрэлтүүлгийн ажлаар “А Т” ХХК-тай гэрээ байгуулчих” гэх мэт намайг ор үндэслэлгүй, өөр хоорондоо зөрүүтэй, хэргийн бодит үнэнд нийцэхгүй мэдүүлгээр буруутгаж байна.

Уг хэрэгт гол гэрчээр “Э К Б” ХХК-ийн дэд захирал М-аас мэдүүлэг авч оролцуулах шаардлагатай. Тус туслан гүйцэтгэгчийг санал болгосон эсэх талаар тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

Төслийн зөвлөх “А С” ХХК нь гэрээний үндсэн үүрэгт захиалагчийн өмнөөс өдөр тутмын технологийн хяналт хийх үе шатын ажил бүрд зөвшөөрөл өгөх, чанар байдалд хяналт тавих захиалагчийн өмнөөс ажиллах үүрэгтэй. Захиалагч зураг зохиогчийн гаргасан ажлын зураг төсөв, тоо хэмжээнд өөрчлөлт оруулсан зөвшөөрлийг шууд хэрэгжүүлэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх дэмжигдээгүй зөвлөх компанийн шийдвэрийг үндэслэсэн мэтээр буруутгасан нь үндэслэлгүй. Харин ч хэмнэгдсэн болон магадалшгүй ажлыг гүйцэтгэгч компаниар бүрэн хэрэгжүүлж дууссаны дараа улсын комисс ажиллуулах саналыг хүргүүлэх ёстой байсан. Төслийн удирдах хорооны тогтоол зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй, зарим нэмэлт ажлыг хийлгэхгүй болсон шалтгааныг тодорхой гаргаж өгөөгүй. Зөвлөх компанийн дэмжээгүй гэх асуудал нь намайг ажил өгснөөс хойш 3 сарын дараа дүгнэлт гаргасан (2хх 131).

Азийн хөгжлийн банкаар дэмжигдээгүй талаарх баримтуудаар тогтоогдоогүй. Санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банкнаас гэрэлтүүлгийн ажлыг хийх зөвшөөрлийг олгоогүй талаар албан бичгээр ирүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Төслийн удирдах хорооны төслийн магадалшгүй болон хэмнэгдсэн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг дэмжсэн албан бичгийг даргад ирүүлсэн (2хх 149).

Магадалшгүй болон хэмнэгдсэн хөрөнгөөр хийгдэх ажил дунд гэрэлтүүлгийн ажлыг хасаагүй, төсвийг олгосон шийдвэр гаргасан. Мөн Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл хэрэгжүүлэх төслийн зохицуулагч Т.У-аас ирсэн албан бичигт Хавсралт 1-р баталсан ажлууд дунд Арвайхээр замын төгсгөлөөс хуучин цагаан хаалга хүртэлх гэрэлтүүлгийн ажил 141,680 ам.доллароор тусгагдсан санхүүжүүлэх Азийн хөгжлийн банкны зүгээс гэрэлтүүлгийн ажил гэх мэт зарим нэмэлт ажлыг санхүүжүүлэх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсний дагуу одоогоор зарим нэмэлт ажлууд талбайд хийгдээгүй байна гээд мэдээлэл, танилцуулга явуулсан нь тус ажлыг одоо байнга төслийн зохицуулагч, төсөл хэрэгжүүлэх нэгжээс захиалагч санхүүжүүлэгчийн магадалшгүй болон хэмнэгдсэн хөрөнгөөр хийгдэх ажлуудын шийдвэр тогтоол төсөв батлагдсан байхад зөвлөх гүйцэтгэгч компаниар хийлгэж дуусгаагүй. Зөвлөх компанийн зураг зохиогчоос тодруулга, захиалагчаас зөвшөөрөл авч, зохих зураг төслийг хийж, хэрэгжүүлэх ёстой байсан.

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээний нэмэлт, өөрчлөлт 1 дүгээр гэрээг захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам, санхүүжүүлэгч, зөвлөх, гүйцэтгэгч компани магадалшгүй болон хэмнэгдсэн зардалд 957,828.43 ам.доллар нэмэлт санхүүжилт олгосон.

Намайг ажлаа хүлээлгэж өгснөөс хойш 7 сар 18 хоногийн дараа нэмэлт санхүүжилт олгосон гэрээ байгуулагдсан.

Надад нэгдмэл сонирхолтой компани байхгүй. Прокурор хамаарал бүхий гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлаж, хүн яллаад байж болохгүй.

Тус компанийг санал болгосон гэх үйлдэлд гэрч Л.М-, Г.П-, Н.Г- нарын мэдүүлгээс өөр баримт байхгүй. Шийтгэх тогтоолд 140,000,000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг дахин авч үзэх шаардлагатай. Шийтгэх тогтоолд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрэлтүүлгийн нэмэлт ажилтай холбоотой шийдвэр, хурлын тэмдэглэл, албан бичиг, хариу мэдэгдэл зэргийг дүгнэн үзэхэд, хоорондоо цаг хугацаа болон үйл явдлын дэс дараагаар харилцан уялдаагүй, болсон үйл явдлыг хангалттай сэргээн тогтоогоогүй, баримтуудад үгүйсгэсэн эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Надад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Н.М- нь төслийн удирдах хорооны ажилд шийдвэр гаргах эрх хэмжээтэй оролцож байгаагүй ба тус хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар, 2014 оны 20 дугаар тогтоол болон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод заасан төрийн албан тушаалтанд “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч Н.М- нь хамаарахааргүй.

Харин Н.М- нь “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам” болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах 295 дугаар гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Уг журмын 7.9-т төслийн зохицуулагч нь Төсвийн тухай хуулийн 16.4.16-д заасан этгээд байна, харин Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.16-д “Засгийн газрын шугамаар авч байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн нэгжийн дарга” гэж заасан. Төслийн удирдах хорооны шийдвэрийн дагуу төслийн зохицуулагч нь үйл ажиллагаагаа явуулдаг ба уг журмын 7.10.7-д заасны дагуу нарийн бичгийн даргын ажлыг давхар гүйцэтгэн, саналын эрхгүй хуралдаанд оролцдог байсан. Журмын 8 дугаар зүйлийн 8.1, 8.3.1-т зааснаас харахад, шүүгдэгч Н.М- нь Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчтай хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэдэг хуулийн этгээдийн эрхгүй ажилтан, хувь хүн байна.

УИХ-ын ХЗБХ-ны 2012 оны 5 дугаар тогтоолын 2.2.9-д /Олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч удирдах албан тушаалтан нэгэн адил хамаарна/ гэж заасан. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т тодорхойлсноор “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар, арчлалтын төсөл” нь хуулийн этгээдийн эрхгүй.

Мөн шийтгэх тогтоолд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 1 дүгээр зүйлийн (а)-д заасныг шууд иш татан, төсөл захиалагчийг гүйцэтгэх засаглал гэж үзэж, шүүгдэгч Н.М-г төсөл захиалагчийг төлөөлөн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэдгээр нийтийн албан тушаалтан гэж тодорхойлсон нь үндэслэлгүй.

2.“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл” төслийн удирдах хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр нийт 603,361,20 ам.долларын хэмнэлт болон магадалшгүй ажлын зардлаас зайлшгүй хийгдэх төлбөр хураах цэгийн засвар шинэчлэлт, гэрэлтүүлгийн ажлыг хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр гаргах үе шатанд Н.М- нь журам болон АБТ-д заасны дагуу саналын эрхгүй оролцсон. Мөн энэхүү ажлын талаар төслийн зураг, төсөв зохиогч, зургийн автор, зөвлөх компанийн захирал Б.А зөрүүтэй мэдүүлэг өгөхийн зэрэгцээ тухайн гэрэлтүүлгийн ажлын зураг төсөлд гарын үсэг зурж, тамга дарснаа баталгаажуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Н.М-г ажиллаж байх хугацаанд болон түүнийг ажлаа хүлээлгэн өгснөөс хойших хугацаанд Азийн хөгжлийн банкнаас гэрэлтүүлгийн ажлыг хасах болон зогсоох талаар санал хүргүүлж байгаагүй. Харин ч тухайн ажлын хэмнэгдсэн хөрөнгө болон магадалшгүй ажлын зардлаар нэмж ажлуудыг хийж гүйцэтгэхийг зөвшөөрсөн албан бичгийг ЗТХЯ-ны ТНБД М.Б-од 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр англи хэл дээр ирүүлж байсан /2хх 149/.

Гэрч Б.А- болон Азийн хөгжлийн банк, ЗТХЯ-ны газрын дарга Ч.С-ийн албан бичиг зэргээс Азийн хөгжлийн банкаар дэмжигдээгүй, өөртөө эдийн засгийн давуу байдал олгох зорилгоор Н.М-г зохион байгуулсан гэх нь үгүйсгэгдэнэ.

3.Зөвхөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэсэн байх ба гэрчүүдийн мэдүүлгийг өөр бусад нотолгооны эх сурвалжаар харьцуулан үзэж, нягтлаагүй. Хохирогчоос шилжүүлэн авсан 390,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, эсхүл “А Т” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан хэмээн 2 өөр янзаар дүгнэсэн нь ойлгомжгүй.

4.Албан тушаалын гэмт хэргийн үндсэн шинжид анхан шатны шүүхээс Н.М-гийн үйлдэлд нийгэм болон төрд учруулсан хор уршгийн талаар нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг хийж чадаагүй.

5.Хэрэгт авагдсан итгэмжлэлд “А Т” ХХК, болон Н.М-тай холбоотой ямар нэгэн үйлдэл хийх эрхийг буюу хууль хяналтын байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах, хохирол нэхэмжлэхтэй холбоотой зүйлийн талаар огт дурдаагүй. “Э К Б” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гомдол гаргаагүй, хэргийн хохирогчийг анхнаас нь зөв тогтоогоогүй.

6.Хохирогч гэх компанийн зүгээс шилжүүлсэн мөнгөн дүнг Н.М- хувьдаа бүгдийг завшсан мэтээр буруу дүгнэлт хийсэн. “Э К Б” ХХК болон “А Т” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээгээр шилжүүлсэн дүнгээс бараа материалын үнэд 88,410,000 төгрөг, материалд 21,000,000 төгрөг, Татварын ерөнхий газрын дансанд 9,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, гэрээний дагуу хийгдэх ажилд зарцуулагдсан болох нь гэрч нарын мэдүүлэг болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог. /2хх 51-52/. Хохирлын хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг мөр зөв тооцох ёстой байсан.

7.Шийтгэх тогтоолын үндэслэл нь дан ганц гэрч нарын мэдүүлэгт үндэслэсэн байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эх сурвалжийг нь тодруулаагүй авсан гэрчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон.

8.Хавтаст хэрэгт Азийн хөгжлийн банкнаас тухайн төслийг дэмжээгүй тухай албан бичиг авагдаагүй 2 дугаар хавтаст хэргийн 149 дэх талд тухайн банкны англи бичиг байх ба албан бусаар орчуулан үзэхэд, хэмнэгдсэн хөрөнгөөр ажил хийхийг зөвшөөрсөн утга бүхий агуулгатай байдаг.

Дээр дурдсан байдлаар Н.М-д холбогдох хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, хэргийн бодит байдал, хохирлыг зөв тооцоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шүүгдэгч Н.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүгдэгчийн хувьд 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд уг нэгжийн төслийн зохицуулагчаар ажиллаж байсан.

... аймгийн Засаг дарга А.И-ийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны албан тоотоор энэхүү ажлыг хийлгэх талаар анх санал гаргасан. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн, Зам, тээврийн хөгжлийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотуудыг үнэлээгүй.

Н.М- нь Төслийн удирдах хорооны гишүүн биш, хороонд санал өгөх, шийдвэр гаргах эрхгүй болох баримтуудыг үнэлээгүй. Төслийн удирдах хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар уг нэмэлт ажлуудыг баталсан.

 “А Т” ХХК-ийг удирдан авч явдаг талаар нэг ч нотлох баримт байхгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдийн мэдүүлгээр гэм буруутайд тооцсон. Тухайн компанийн захирлын гарын үсгийн дардас хайж үзлэг хийсэн баримтаас дардас олдоогүй, компанийн дансны хөдөлгөөнийг хийдэг, тухай компаниас шүүгдэгчийн болон гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн данс руу гүйлгээ хийсэн гэх нотлох баримтгүй байхад тухайн компанийг удирдаж, үйл ажиллагааг нь явуулдаг гэж шүүх бодит байдлаас буруу дүгнэсэн.

Зээлийн хэлэлцээрийн үнийн дүнд багтаж байгаа тохиолдолд хэмнэгдсэн зардал болон магадалшгүй ажлын төсвөөр хийгдэх нэмэлт ажлуудад Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрөл авах ёстой гэсэн ямар ч гэрээ, хууль, дүрэм, журам байхгүй. Зөвхөн Төслийн удирдах хорооны шийдвэрээр л хэрэгжээд явах хууль, дүрэмтэй.

Энэхүү нэмэлт ажлууд нь Төслийн удирдах хорооны хурлаар орж батлагдаад, зөвшөөрөл өгсөн. Гэтэл шүүх зөвшөөрөлгүй ажлыг өөрөө санаачлаад, өөрийн хамаарал бүхий компанидаа авч өгсөн гэх мэтээр буруутгасан нь зүйд нийцэхгүй.

Ерөнхий гүйцэтгэгч “Э К Б” ХХК-ийн дэд захирал М-аас мэдүүлэг аваагүй. Хамгийн гол бүх ажлыг хийсэн хүн нь М- тул түүнийг асуух талаар хүсэлт гаргаад байхад шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Ерөнхий гүйцэтгэгч компани уг нэмэлт ажлуудыг бусдаар гүйцэтгүүлээгүй байж одоогийн байдлаар тухайн үед улсаас оногдох төсвийг авсан.

2. 2022 оны 09 дүгээр сараас хийлгэхээр нийт 26 ажлыг Төслийн удирдах хороо баталсан. Тухайн ажлууд хийгдэх үед гэрээний нэмэлт, өөрчлөлтийг батлахад уг 2 ажил хасагдсан. Гэтэл энэхүү 2 ажил хасагдсан талаарх нотлох баримт байхгүй, ахиж нэмэгдэж орсон, нэмж оруулахдаа мөн л Төслийн удирдах хорооны шийдвэр гарах ёстой. Гэтэл хавтаст хэрэгт уг баримтууд байхгүй.

Цаг хугацааны хувьд шүүгдэгчийг ажлаа өгснөөс хойших үйл явдалд болсон үйл фактуудтай холбоотойгоор гэрчүүдээс мэдүүлэг авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход нотлох баримтаар ашиглаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна.

Хохирол тооцохтой холбоотой үнийн дүнг буруу тооцож, шүүгдэгчээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг зөрчиж байна. Тухайн компани руу шилжиж ороогүй, улсын төсвөөс гараагүй төлбөрийг хохирол учирсан мэтээр тогтоож, гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах санхүүжүүлэх хяналт тавих журмын 7.11.8-ыг удирдлага болгон Н.М-г төслийн зохицуулагчийн албан тушаалтанд томилсон. Тус журмын 7.1.18, 7.9, Төсвийн тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 16, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалтын 1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4, 4.1.4, 23.1, Авлигын эсрэг хуулийн 4.1.8, Хууль зүйн байнгын хорооны тогтоолын жагсаалтад заасан албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан тэднийг тухайн албанд томилогдохын өмнө болон томилогдсоны дараа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргах үйл ажиллагаандаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлан ажиллах үүрэг хүлээдэг. Н.М- нь 2020-2022 онд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж, нийгмийн даатгал төлж байсан. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын нэгдүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудаар тус тус нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа нь тогтоогдсон. Иймд шүүхээс Н.М-г нийтийн албан тушаалтан мөн гэж үзсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэрч нарын зөрүүтэй мэдүүлгийг арилгуулах талаар өмгөөлөгч нар хүсэлт гаргаагүй. Шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулах хугацаанд шүүгчийн захирамжид заасан, хүсэлтэд дурдагдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн. Улмаар Н.М-г гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорол, Д.Түмэнжаргал нараас хохирол нөхөн төлөхтэй холбоотойгоор 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан. Шүүгдэгч Н.М- 5 хоногийн хугацаанд хохирлыг барагдуулж, үүнд үндэслэн шүүх Н.М-г хохирлыг барагдуулсан гэж дүгнэсэн. Н.М-г хохирол барагдуулаагүй байхад шүүхийн шийтгэх тогтоолд хохирол барагдуулсан мэтээр дүгнэсэн гэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хүсэлт гаргаж, шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн гэх баримтаа гаргаж өгөөд, үлдэгдэл хохирлоо төлж чадаагүй талаараа хэлсэн. Гэтэл өнөөдөр шүүгдэгч Н.М- хохирол төлөөгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэрч нарын мэдүүлгийг зөвхөн үндэслэл болгоогүй. Түүнээс гадна 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “М” ХХК, “А Т” ХХК-ийн оффист нэгжлэг хийж, “А Т” ХХК-ийн тамга, холбогдох баримтуудыг хурааж авсан. Мөн 390,000,000 төгрөгийг өөр, өөр дансанд шилжүүлсэн байсан. Эдгээр данснуудад үзлэг хийж, данс эзэмшигч нараас гэрчийн мэдүүлэг авсан. Түүнтэй холбогдуулан Н.М-гийн холбогдсон өөр хэргийн шийтгэх тогтоолыг шинжлэн судлахад, залилангийн хэргийн хохирлыг Н.М- “Э К Б” ХХК-иас авсан 390,000,000 төгрөгөөс төлсөн нь тогтоогдсон.

Тухайн компанийн татварын өр төлбөрийг тус 390,000,000 төгрөгөөс төлж барагдуулсан. Шүүх дүгнэлтийг гаргахдаа дансны хуулга, мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, тэдгээрийн цаг хугацааг уялдуулан нотлох баримтуудыг сэргээн дүрсэлж, бодит байдалд хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийг өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх нөлөө буюу төслийн зохицуулагч гэх албан тушаалын эрх хэмжээг ашиглаж, өөртөө 390,000,000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн. Мөн гэрэлтүүлгийн шон хийх ажил одоог хүртэл хийгдээгүй. Өмгөөлөгч нар хавтаст хэргийн хүрээнээс хальсан гомдлыг шүүхэд гаргаж байна. Гэрч Н.Г-, П.С-, Г.П-, Л.М-, С.А-, А.И- нарын мэдүүлэг зэргээр гэрэлтүүлгийн шон хийгдээгүй нь тогтоогдсон. Тухайн ажлыг урьдчилан хийнэ гэж хэлээд, тодорхой хэмжээний мөнгө зарлагадсан. Шон аваачиж, ... аймагт байрлах айлын хашаанд тавьсан. Зориулалтын үйл ажиллагаанд захиран зарцуулагдаагүй. Үүнтэй холбоотой хор уршгаа төрийн байгууллага, “Э К Б” ХХК-иас нэхэмжлэх, эсхүл одоо байгаа айлын хашаанаас очиж авч, худалдан борлуулах эсэх асуудал нь тусдаа иргэний журмаар жич нэхэмжлэх асуудал юм. “Э К Б” ХХК-иас гаргасан 390,000,000 төгрөгөөс үлдсэн бодит хохирлыг шүүгдэгч Н.М-гаас гаргуулахаар заасан нь үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэл болгоогүй. Өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг тухай бүрд нь хангаж шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.М-гийн гэм буруутай болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

1.“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн удирдах хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд Н.М- нь төслийн хүрээнд гарсан 603,361.20 ам.долларын хэмнэлт болон магадалшгүй ажлын зардлаас зайлшгүй хийгдэх “Төлбөр хураах цэгийн засварын шинэчлэлт”, “Гэрэлтүүлгийн ажил”, “Бусад ажлууд буюу ажлын явцад шаардлагатай болсон нэмэлт газар шороо, далангийн ажлууд” гэх 3 ажлыг танилцуулжээ.

Тухайн хурлаар төслийн хүрээнд хэрэгжиж буй Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын барилгын ажлын явцад гарсан нэмэлт ажлуудыг гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний магадалшгүй ажлын зардал болон хэмнэгдсэн зардлаас санхүүжүүлэхийг Төслийн удирдах хорооны гишүүд дэмжсэн байна (2хх 21-27).

2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлд Төслийн зохицуулагч Н.М-: “Гэрэлтүүлгийн талаар ЗТХЯ-с гарын үсэг зурж баталгаажсан эскиз зургийг өмнөх 2022 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдөр талбайн шалгалтын үеэр өгсөн. Тиймээс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл авто замын гэрэлтүүлгийн ажлыг яаралтай хийж дуусгах хэрэгтэй” гэж хэлжээ (2хх 38-40).

Тус эскиз зургийн (2хх 51-60) талаар:

-гэрч, “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А-: “Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн автозамын Цагаан хаалга-Жаст ойл ШТС хүртэлх гэрэлтүүлгийн зураг төсөл /эскиз зураг/” гэх 7 хуудас зургийг манай компани боловсруулаагүй. Гэхдээ гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер Ч.Б манай ажил дээр ирж надтай уулзаад “Хүйтний хөндий-Арвайхээр" чиглэлийн автозамын магадалшгүй зардал болон хэмнэгдсэн хөрөнгөөр хийгдэх нэмэлт ажлын төсвийг хийгээд өг” гэсэн. Тухайн үед манайх төсөвчингүй байсан тул төсөв хийх боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд Ч.Б “би өөрөө мэргэшсэн төсөвчин учраас төсвөө өөрөө боловсруулаад аваад ирье, танайх боловсруулсан гээд гарын үсгээ зураад, тэмдгээ дараад өг” гэхээр нь би зөвшөөрсөн...” (1хх 151, 152-153),

-гэрч, Зам, тээврийн хөгжлийн яамны ахлах мэргэжилтэн Д.О-: Миний оролцсон 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар гэрэлтүүлгийн ажлын талаар огт хэлэлцээгүй. Надад үзүүлж буй 7 хуудас эскиз зургийг би анх удаа харж байна. Миний мэдэхээр манай яамны С даргын гарын үсэгтэй албан бичгээр “А” ХХК-нд хандаж зөвхөн Онгийн голын гүүрний төлбөр авах цэгийн шинэчлэлийн ажлын зургийг нэмэлтээр гүйцэтгүүлж байсан. Гэрэлтүүлгийн ажлын зураг хийлгэсэн эсэхийг би мэдэхгүй байна. Уг зургийн хянасан хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Гэхдээ би уг зурагт гарын үсгээ зурснаа санахгүй байна. Зураг зохиогч компанийн захирал нь өөрөө уг зургийг үйлдээгүй гэж хэлснээс харахад уг зургийг хэн нэгэн хуурамчаар үйлдэж, миний гарын үсгийн хуулбарыг тавьсан байж магадгүй гэж бодож байна...” (1хх 167) гэж мэдүүлсэн байна.

Төслийн зохицуулагч Н.М- нь:

-“Э К Б” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 01/KH/37 дугаар “...магадалшгүй зардал болон хэмнэгдсэн хөрөнгөөр хийгдэх нэмэлт ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллана уу...” (2хх 43-46),

-“Ай Си Ти” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 01/KH/38 дугаар “...Авто замын төгсгөлөөс Арвайхээрийн хуучин цагаан хаалга хүртэлх гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийг яаралтай сонгон шалгаруулж, бэлтгэл ажлууд хангах албан шаардлагыг үүгээр дахин хүргүүлж байна...” (2хх 48-60),

“Э К Б” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 01/KH/39 дүгээр “01/KH/38 дугаар албан бичигтэй адил агуулга бүхий” (2хх 62-63),

“А С” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 01/KH/41 дүгээр “...гэрэлтүүлгийн ажлыг 11 дүгээр сарын 07-ний өдрийн дотор бүрэн хийж гүйцэтгэх албан шаардлагыг үүгээр дахин хүргүүлж байна...” (2хх 72-74),

“Э К Б” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 01/KH/42 дугаар адил агуулга бүхий (2хх 76-77) албан бичгүүдийг хүргүүлсэн байна.

Улмаар “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн удирдах хорооны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/003 дугаар тогтоолоор төслийн хүрээнд хэрэгжиж буй Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын барилгын ажлын явцад гарсан нэмэлт ажлуудыг магадалшгүй ажлын зардал болон хэмнэгдсэн хөрөнгөөс санхүүжүүлж, гэрээний нэмэлт өөрчлөлтийн дүнг хавсралтаар баталж, ажлын хэрэгжилтийг хангаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Төсөл хэрэгжүүлэх нэгж (Н.М-)-д үүрэг болгожээ (2хх 18).

Гэвч “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-нэмэлт санхүүжилт” гэрээний нэмэлт өөрчлөлтөд гэрэлтүүлгийн талаар тусгагдаагүй байна (2хх 150-158).

Ийнхүү хэмнэгдсэн хөрөнгөөр гэрэлтүүлэг хийх нэмэлт ажил нь төслийн зөвлөх “А С” ХХК болон санхүүжүүлэгч “Азийн хөгжлийн банк”-аар дэмжигдээгүй, тухайн ажил нь хийгдээгүй талаар мэдүүлсэн:

-хохирогч “Э К Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ын: “...Захиалагч талаас манайхтай байгуулсан гэрээнд гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх талаар нэмэлт өөрчлөлт ороогүй, шинээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, санхүүжилтийг шийдвэрлээгүй тул гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх ямар ч шаардлагагүй болж, манай компани 390,000,000 төгрөгөөр хохирсон....” (1хх 108-109),

-гэрч, “Э К Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж Хы: “...Мөнгө авснаас хойш “А Т” ХХК нь гэрээнд заасан гэрэлтүүлгийн ажлаа огт хийгээгүй бөгөөд 2022 оны 11 дүгээр cap гарч, хүйтний улирал эхлэн тухайн жилийн ажил зогссон. Ингээд дараа жил буюу 2023 оны хавар болж засварын ажил эхлэхэд захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам, санхүүжүүлэгч “Азийн хөгжлийн банк”, зөвлөх “А С” компаниудаас гэрэлтүүлгийн ажил хийхийг зөвшөөрөөгүй бөгөөд нэмэлт санхүүжилт нь огт шийдэгдээгүй, зураг төсөвт өөрчлөлт ороогүй болохыг мэдсэн...” (4хх 117-118),

-гэрч, Зам, тээврийн хөгжлийн яамны Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл хэрэгжүүлэх нэгжийн авто замын инженер А.Э-ын: “...Би байгууллагын бичиг хэрэг, архиваас Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57,56 км автозамын гэрэлтүүлгийн ажилтай холбоотой бүхий л баримтуудыг хайж байж уг гэрэлтүүлгийн эскиз зураг гэх A3 хэмжээтэй 7 хуудас зургийг олсон. Архивд уг зургийн эх хувь байгаагүй. Олдсон цорын ганц өнгөтөөр хэвлэсэн хуулбар хувийг танай байгууллагад хүргүүлсэн. Уг зургийг хийлгэхээр “А” ХХК-д манайхаас болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас хандсан албан бичиг байгаагүй. Харин төлбөр авах цэгийн зургийг хийлгэхээр Зам, тээврийн хөгжлийн яамнаас “А” ХХК-д хандсан бичиг байсан. Тийм учраас би гэрэлтүүлгийн зургийг хийлгэхээр хандсан бичиг байна уу гэж архивын баримтыг ухсан боловч уг зургаас өөр баримт олдоогүй. Төслийн удирдах хорооны тогтоолоор хэмнэгдсэн зардлаас санхүүжүүлэх ажлын жагсаалт, төсвийг баталсан боловч уг ажлыг гүйцэтгэх шийдвэр гараагүй. Мөн ерөнхий гүйцэтгэгчтэй гэрэлтүүлгийн ажлыг хийх талаар нэмэлт гэрээ байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл, захиалагч талаас уг ажлыг хийх шийдвэр гараагүй...” (1хх 134),

-гэрч, тухайн үед ... аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И-ийн: “...Төслийн явцад хэд хэдэн удаа аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд төсөл хэрэгжүүлэх нэгж, гүйцэтгэгч компани, зөвлөх компани болон манай аймгийн холбогдох мэргэжилтнүүд оролцсон уулзалтууд болж байсан. Уг уулзалтаар замын явц байдал, гүйцэтгэл, тулгамдаж байгаа зэрэг асуудлыг ярилцан, санал солилцож, манай зүгээс шийдэх боломжтой зүйл байвал шийдэх зэргээр ярилцдаг байсан. 2022 оны 07, 08 дугаар сарын үед Тамгын газрын 203 тоотод талуудтай уулзалт хийгээд тарах үед буюу гүйцэтгэгч “Э К Б”, зөвлөх компанийн төлөөллүүд өрөөнөөс гарсны дараа төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Н.М- надтай уулзсан. Тэгэхэд Н.М- “замын ажлаас хэмнэгдсэн зардал гарч байгаа, ур зардлаас танай аймгийн хуучин цагаан хаалга хүртэл замын гэрэлтүүлэг, төлбөр хураах цэгийн шинэчлэл камержуулалт зэргийг шийдэх боломж байна, танайх Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга руу энэ талаар нэг хүсэлт явуулчихаач” гэхээр нь би “тэгэлгүй яахав, аймаг орон нутагт бүтээн байгуулалт хийгдэж л байвал дэмжинэ” гэдгээ хэлээд тухайн үеийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.М-ад үүрэг өгч уг албан бичгийг боловсруулж, өөрөө хянаж гарын үсэг зураад Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад илгээсэн боловч уг албан бичгийн хариу ирээгүй таг болсон бөгөөд гэрэлтүүлгийн ажил огт хийгдээгүй. 2023 оны 04, 05 дугаар сарын үед Зам, тээврийн хөгжлийн сайд асан н.Халтар төслийн талбай дээр биечлэн ирэх үед би төслийн нэгжийн инженер Батмөнхөөс “нэмэлтээр гүйцэтгэх ажлууд юу болсон юм” гэж асуухад “санхүүжилт нь шийдэгдвэл удахгүй хийгдэх байх” гэж хэлж байсан боловч уг ажил хийгдээгүй...” (1хх 178-179),

-гэрч Б.А-гийн: “...Манай гүйцэтгэсэн зураг төсөлд Цагаан хаалга-Жаст ойл ШТС хүртэлх гэрэлтүүлгийн зураг тусгагдаагүй. Нэмэлтээр гүйцэтгэсэн зүйл ч байхгүй...” (1хх 152-153),

-гэрч, “Э К Б” ХХК-ийн бичиг хэргийн ажилтан С.А-ийн: “...Захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ажлын зурагт гэрэлтүүлгийн шонгийн ажил байгаагүй юм байна лээ...” (1хх 114) гэх мэдүүлгүүд,

-Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замд “Жаст-Ойл” ШТС-аас “Арвайхээр” цагаан хаалга хүртэлх 2,7к км авто замын 2 талаар гэрэлтүүлгийн шон болон суурь байхгүй байгаа талаарх мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн авто замд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 54-58);

2.“Э К Б” ХХК нь “А Т” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, уг гэрээний төлбөрт 390,000,000 төгрөг шилжүүлсэн талаар мэдүүлсэн:

-хохирогч “Э К Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ын: “...Манай компани нь “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”- ийн хүрээнд зарласан Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57,56 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх тендерт ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч уг ажлыг гүйцэтгэсэн. Манай компаниас захиалагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх талаар огт тусгагдаагүй. Гэтэл 2022 оны 10 дугаар сард Н.М- нь “Гэрэлтүүлгийн ажлыг ажлын гэрээ, төсөвт тусгагдаагүй ч заавал хийх ёстой, ажлаа хийгээд эхэлчихвэл би төсөвт тусгуулаад хурдан зохицуулаад өгнө, харин гэрэлтүүлгийн ажлыг “А Т” ХХК компанитай гэрээ байгуулаад хийлгэчих” гэсний дагуу манай компаниас гэрэлтүүлгийн ажлыг “А Т” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд тус компаниас гэрээний урьдчилгаанд 390,000,000 төгрөгийг “материалын зардал, ажилчдын цалинд өгнө” гэж нэхсээр авсан...” (1хх 102, 108-109),

-гэрч, “Э К Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж Хы: “...Манай компани Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57,76 км автозамын их засварын ажлыг гүйцэтгэх явцад 2022 оны 09 дүгээр сарын үеэс төслийн ерөнхий зохицуулагч Н.М- нь надтай уулзахдаа “засварын ажлын гэрээнд заагдаагүй боловч нэмэлтээр Онгийн голын төлбөр хураах цэг, аймгийн төвийн автозамын төгсгөлөөс “Жаст ойл” шатахуун түгээх станц хүртэл замын хоёр талаар гэрэлтүүлгийн шон суулгах ажлыг гүйцэтгэх шаардлагатай байна” гэж санал тавьж эхэлсэн. Мөн Н.М- нь 2022 оны 10 дугаар сард болсон зөвлөх, захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд явагдсан талбайн хурлууд дээр “нэмэлтээр гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх шаардлагатай" талаар хэлж байсан ба Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар арчлалтын төслөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 01/КН/37 дугаар албан бичгээр магадалшгүй зардал болон хэмнэгдсэн хөрөнгөөр хийгдэх ажлын төсөв гэгчийг манай компанид ирүүлсэн. Уг албан бичиг ирсний дараа Н.М- ... аймагт төслийн талбай дээр надтай уулзаад “...хүйтний улирал эхэлж замын ажил зогсохоос өмнө ... аймгийн хуучин цагаан хаалганаас шатахуун түгээх станц хүртэл замын хажуугаар гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх шаардлагатай байна, санхүүжилт нь яамнаас дэмжигдсэн, удахгүй батлагдана...” гэж хэлсэн. Тэгээд Н.М- надад “гэрэлтүүлгийн ажил хийдэг “А Т” гэдэг компани байгаа, энэ компани гэрэлтүүлгийн ажлын төсөв гаргасан, 513,000,000 төгрөгөөр хийх юм байна, чи гэрээ байгуулчих” гэхээр нь би нэгэнт төслийн зохицуулагч, захиалагчийг төлөөлж байгаа Н.М- өөрөө хэлж байгаа тул гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх талаар нэмэлт гэрээ хийгдэх юм байна гэж ойлгоод зөвшөөрсөн. Тэгээд удалгүй Н.М-гийн хэлсний дагуу “А Т” ХХК-тай манай компани “гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх” 513,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараахан Н.М- намайг “А Т” компани ажлаа эхлэх гэхэд мөнгөгүй болчихоод байна, чи урьдчилгаа мөнгө шилжүүлчих, яаралтай ажлыг нь эхлүүлье” гэхээр нь би зөвшөөрч гэрээний урьдчилгаа төлбөр 390,000.000 төгрөгийг гурав хувааж “А Т” ХХК-ийн данс руу шилжүүлж байсан. “А Т” ХХК-ийн менежер Г.П- гэх хүн манай нарийн бичиг Ариунгэрэлтэй холбогдож ярьдаг байж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон...” (4хх 117-118),

-гэрч, “Э К Б” ХХК-ийн бичиг хэргийн ажилтан С.А-ийн: “...2022 оны 10 дугаар сарын дундуур манай захирал надад Арвайхээр-Хүйтний хөндий чиглэлийн 57 км замын гэрэлтүүлгийн ажлын гэрээ хүн авч ирж өгнө, уншиж танилцаад надад авч ирж батлуулаарай гэсэн үүрэг өгөөд Г.П- гэдэг хүний утасны дугаар өгч байсан. Тэгээд удалгүй би Г.П- гэдэг хүнтэй холбогдоход тэр хүн манай байгууллага дээр ирж захирал Ж Хтай мөнгө төгрөгөө яриад гэрээ хийхээр болж надад өөрийгөө “А Т” ХХК-ийн төлөөлөгч гэж танилцуулсан. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай ажил дээр гэрээ хийхээр болоод надаас гэрээний 2 хувийг эх хувиар нь аваад явсан. Өөрсдөө гэрээнд гарын үсэг зурж батлуулаад үлдсэн хувийг нь өгнө гээд явсан боловч нэг хувиа авчирч өгөхгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хийсэн зураг явуулсан бөгөөд тэрийг нь би архивлаад аваад үлдсэн. Харин эх хувийг захирал дарга нар авсан үгүйг нь би мэдэхгүй байна.Түүнээс хойш уг байгууллага нь ажлын гүйцэтгэлийн талаар мэдэгдэхгүй болохоор нь би Г.П-той утсаар нь холбогдоод асуухаар надад бүх юм нь бэлэн байгаа харин бичиг цаас болон бусад зөвшөөрөл хүлээж байна гээд өөрийнхөө фейсбүүк хаягаас баахан гэрлийн шон болон гэрлийн зураг явуулдаг байсан боловч эдний байгууллага гүйцэтгэлийн талаар нотломж нэхэхээр хариу өгөхгүй за гэчихээд алга болоод байсан, мөн ажил нь хийгдэхгүй болохоор нь дахин холбогдоход Г.П- нь “би “А Т” ХХК-ийн ажлаасаа гарсан одоо хамааралгүй болсон” гэж хэлээд утсаа авахаа болиод бүр алга болсон юм. “А Т” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх 513,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулж, урьдчилгаанд 390,000,000 төгрөгийг шилжүүлсэн...” (1хх 111-112, 114),

гэрч Г.П-ийн: “...Н.М- надад хэлэхдээ “Э К Б” ХХК-ийн захиалгаар ...н зам дээр гэрэлтүүлгийн шон хийх ажил авсан, уг гэрэлтүүлгийн шон, суурийг намайг өөрийнхөө үйлдвэр дээр ажиллаад хийгээд өг” гэж гуйхаар нь л зөвшөөрсөн. Би Н.М-гийн захиалгаар хувиараа түүний үйлдвэр дээр ажиллаж төмөр шонгууд л хийсэн, уг мөнгийг аваагүй. Тухайн үед би Н.М-д “урьдчилгаа мөнгө өгөхгүй бол материал авч чадахгүй, яаралтай ажлаа эхэлмээр байна” гэхэд “чи тэгвэл энэ гэрээг очоод зуруулчих, тэгвэл мөнгөө аваад ажлыг чинь эхлүүлмээр байна” гэсэн болохоор л би очиж гарын үсэг зурсан юм. Н.М-д би 100 ширхэг гэрэлтүүлгийн шон, бетон суурийн материалын зардал, ажилчдын цалин, хоолны тооцоог бодоод нийт 88,410,000 төгрөгөөр хийх боломжтой гэдэг тооцоог гаргаж өгсөн. 2022 оны 11 дүгээр сард Н.М- намайг “М” ХХК-ийн оффис дээр очоод мөнгөө авчих гэхээр нь би очиж нягтлан Н.Г-, Мөнхжаргал нартай уулзаж 88,410,000 сая төгрөгийг бэлнээр авч байсан. Би уг мөнгөөр материал, хийцээ авч, 8 хүн цалинжуулж ажиллуулсан бөгөөд Н.М-гийн өөрийнх нь Зунжингаас хойно байдаг “Уай эл эм” ХХК-ийн үйлдвэрт би 100 ширхэг гэрэлтүүлгийн шон, бетон суурийг тохирсон ёсоор хийж өгч бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Н.М- надад хэлэхдээ “бусад газар шорооны ажил, цахилгааны холболт, суваг, шуудуу, тэжээлийн эх үүсвэрийг ... аймгийн “А Х” гэдэг компани хийнэ” гэж байсан. Тэгээд намайг ... руу очиж уг компанитай уулзаж, гэрээ байгуулаад ир гэсний дагуу би ...д очиж “А Х” гэдэг компанийн захиралтай уулзахад уг ажлыг хийнэ гэсэн тул “А Т” ХХК-аар гэрээ байгуулсан. Тэр компани нийт 40 орчим сая төгрөгөөр уг ажлыг хийнэ гэж байсан бөгөөд урьдчилгаа 20 гаруй сая төгрөг авна гэж байсан. Тэр мөнгийг өгсөн үгүйг би мэдэхгүй. С.А- намайг “шонгийн ажил юу болж байгаа бол, та хийсэн юмныхаа зургийг явуулаач” гэхээр нь би зураг явуулж байсан...” (1хх 136-137, 139-140) гэх мэдүүлгүүд,

-“А Т” ХХК болон “Э К Б” ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх” гэрээ (1хх 16-18),

-“Э К Б” ХХК-аас “А Т” ХХК руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 390,000,000 төгрөг шилжүүлсэн баримт (1хх 19-21),

-мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “А Т” ХХК, Н.М- нарын арилжааны банкууд дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1хх 51-52, 53);

3.Шүүгдэгч Н.М- нь “А Т” ХХК-ийн үйл ажиллагааг далд хэлбэрээр удирдан авч явдаг талаар мэдүүлсэн:

-гэрч, “А Т” ХХК-ийн захирал Л.М-ийн: “...Н.М- нь миний үеэл юм. 2016 онд манай үеэл дүү Н.М- “М” ХХК-ийн захирал ажилтай байх үедээ надад “ахаа, таны нэр дээр зам засвар ашиглалтын компани нээгээд өгье, таныг ерөнхий захирлаар нь тавиад хамтарч ажиллая” гэсэн санал тавихаар нь би зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сард Н.М- надад “А Т” ХХК-ийг өөрийн таньдаг хүнээс авсан гээд Улсын бүртгэлтийн ерөнхий газарт дагуулж очоод миний нэр дээр шилжүүлж, намайг ерөнхий захирлаар нь тавиад миний нэр дээр компанийн бичиг баримт гарсан боловч бичиг баримт, тамга тэмдэг, компанийн данс тооцоог бүгдийг нь өөрийн болон өөрийнхөө ээж М эгчид хадгалаад хариуцдаг болсон. Анх Н.М- нь Г.П-ийг явуулаад миний гарын үсгээр тушаал шийдвэр гаргаж байгаад 2017 оноос хойш би өөрийнхөө гарын үсгийн дардсыг хийлгээд тэр дардсаа Н.М-д өгч, Н.М- ашигладаг болсон. Ямар нэгэн нэр байхгүй том М үсгээр эхэлсэн дээшээ таван шүд хамгийн сүүлийнх нь доошоо нэг шүд бүхий гарын үсэг байгаа бөгөөд яг тэр гарын үсгээрээ дардас хийлгэсэн дардас одоо болтол Н.М-д байгаа. Надад үзүүлсэн “А Т” ХХК, “Э К Б” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээнд зурагдсан гарын үсэг нь уг дардас биш байна. Зүгээр миний нэрийг бичсэн байна...” (1хх 122-123, 125-126),

-гэрч Г.П-ийн: “А Т” ХХК нь Н.М-гийн компани юм. Би уг компанид ажиллаж байгаагүй. Би Н.М-гийн хэлсний дагуу “Э К Б” ХХК дээр очиж гэрээ байгуулсан. Гэрээн дээр би өөрийгөө “А Т” ХХК-ийн менежер гэж гарын үсэг зурсан...” (1хх 136-137),

-гэрч, “А Т” ХХК-ийн нягтлан бодогч Н.Г-ийн:...Миний бие 2013 оноос “М” ХХК-д нярваар ажилд орж, 2016 оноос “А Т” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байна. Гэхдээ “А Т” ХХК нь бараг үйл ажиллагаа явуулдаггүй, хааяа нэг ажил хийдэг. “М" ХХК-ийн захирал Мөнхжаргалын хүү Н.М-гийн хамаатан нь Л.М- гэж залуу “А Т” ХХК-ийн захирал гэж явдаг ч үйл ажиллагаанд оролцдоггүй, харин Н.М- уг компанийг хариуцдаг. Би Л.М-тэй бараг уулзаж байгаагүй. “А Т” ХХК нь 2022 оны 10 дугаар сард “Э К Б” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм байна лээ. Гэрээн дээр Л.М- гэж бичсэн боловч өөрөө байгуулаагүй гэж би ойлгосон. Компанийн Хаан банкны ... тоот данс руу “Э К Б” ХХК-иас гурван удаагийн гүйлгээгээр нийт 390,000,000 төгрөг орсон бөгөөд Н.М- захирал намайг уг мөнгийг бэлнээр авахыг үүрэг өгсөн тул би авсан. Уг мөнгөнөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр авсан 88,410,000 төгрөгийг Н.М- захирлын хэлсний дагуу авч Г.П-ид өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг Н.М-гийн хэлсний дагуу бэлнээр аваад Н.М-гийн өөрийнх нь данс руу хийсэн санагдаж байна. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 150,000,000 төгрөгийг Н.М-гийн хэлснээр бэлнээр аваад “байрны мөнгө” гэсэн утгаар Худалдаа хөгжлийн банкны данс руу хийсэн. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөгийг мөн Н.М-гийн хэлсний дагуу өөрийнх нь данс руу хийсэн санагдаж байна. Дээрх бэлэн мөнгөний тайлан, баримт надад байгаа...” (1хх 142-143) гэх мэдүүлгүүд,

-“А Т” ХХК нь Н.М-гийн үеэл ах Л.М-ийн нэр дээр байдаг талаарх баримтууд (2хх 198-225) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;

шүүгдэгч Н.М- нь албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, магадалшгүй ажлын зардал болон хэмнэгдсэн хөрөнгөөр гэрэлтүүлэг хийх нэмэлт ажлыг зохион байгуулж, Төслийн удирдах хороогоор батлуулсан ч төслийн зөвлөх “А С” ХХК болон санхүүжүүлэгч “Азийн хөгжлийн банк”-аар дэмжигдээгүй байхад өөртөө эдийн ашиг олох зорилгоор “Э К Б” ХХК-ийн удирдлагад нөлөөлж, тус компани болон өөрөө үйл ажиллагааг нь далд хэлбэрээр удирдан явуулдаг “А Т” ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан, гэрээний төлбөрт 390,000,000 төгрөг авч, уг хэмжээгээр хохирол учруулсан байна.

Улмаар Н.М- нь уг мөнгөнөөс өөрийн яллагдагчаар татагдсан 2202000200160 дугаартай эрүүгийн хэргийн учруулсан хохирлыг төлсөн талаар:

-гэрч П.С-: “...М З багш 2021 онд Монгол Улсад ирэхдээ надтай уулзаад “Н.М- гэдэг хүнд нүүрс тээврийн хөрөнгө оруулалт хийх зорилгоор 100,000 ам.доллар өгөөд залилуулчихлаа” гэж хэлсэн. Ингээд энэ асуудалд өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр намайг орж өгөөч гээд надад итгэмжлэл хийж өгч байсан. Энэ хэрэгт би хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Уг хэрэг нь шүүхээр хэлэлцэгдэж, Н.М- нь М З-д хохирлын 100,000 ам.доллар олгохоор шийдвэрлэсэн. 100,000 ам.доллар нь хэрэг үйлдэгдэх үеийн ханшаар нийт 233,000,000 төгрөг болж байсан. Уг хохирлын мөнгөө Н.М- нь миний Хаан банкны 5069109311 тоот данс руу 2022 оны 12 дугаар сарын 31, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус тус хоёр хувааж шилжүүлж байсан. Гүйлгээний утга дээр “зээл төлөв” гэж бичсэн байсан. Тухайн 233,000,000 төгрөг нь ямар нэгэн зээлийн төлбөр биш, харин М Збагшийн хохирлын мөнгө юм. Би уг мөнгийг М Збагшид өөрт нь шилжүүлж байсан...” (1хх 176) гэж мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгийг давхар нотолсон мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “А Т” ХХК, Н.М- болон П.С-ийн арилжааны банкнууд дахь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1хх 51-52, 53), гэрэлтүүлгийн болон бусад ажил хийгдээг/й талаарх мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн авто замд үзлэг хийсэн тэмдэглэл (1хх 54-58), хамаарах бусад баримтаас үзэхэд: Н.М- нь албан тушаалаа урвуулж “Э К Б” ХХК- ийн шилжүүлсэн 390,000,000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий “А Т” ХХК-ийн дансанд, улмаар өөрийн данс руу шилжүүлэн авч, бусдад төлөх өр төлбөртөө буюу П.С-ийн данс руу 233,000,000 төгрөг; “А Т” ХХК-ийн данснаас Татварын ерөнхий газрын дансанд 9,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байхаас гадна Н.М- нь өөрийн хамааралтай “У Э Э” ХХК-ийн үйлдвэрт танил Г.П- гэх хүнээр гэрэлтүүлгийн шон, бетон суурийг 88,410,000 төгрөгөөр хийлгэсэн гэх боловч анхнаасаа хийх ёстой ажил огт хийгдээгүй, ашиглагдаагүй байх тул Н.М- нь “Э К Б” ХХК-аас авсан 390,000,000 төгрөгийг өөрийн болон өөрөө үйл ажиллагааг нь удирдан явуулдаг, хамаарал бүхий хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зарцуулсан болох нь тоггоогджээ.

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Гэрчүүдийн тодорхой, хоорондоо ноцтой зөрүүгүй мэдүүлж буй үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “Э К Б” ХХК-д учирсан 390,000,000 төгрөгийн хохирол болон Н.М-гийн үйлдэл хоорондын шалтгаант холбоог шалгаж тогтоосон байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийдэг.

Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд “гэрч” хэмээх нэр томьёог “эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж, хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа, мэдүүлэг өгөх чадвартай, мэдэж байгаа зүйлийнх нь талаар мэдүүлэг авахаар дуудагдсан хүн” гэх агуулгаар тайлбарлан хэрэглэдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд гэрчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” болохыг хуульчлан заасан.

Иймд хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх хүнээс худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг сануулсны үндсэн дээр хөндлөнгийн дарамт, шахалтгүйгээр мэдүүлэг авагддаг тул гэрчийн мэдүүлэг нь нотолгооны ач холбогдол ихтэй, чанарын хувьд шууд нотлох баримтаар тооцогддог.

Харин объектив хүчин зүйлийн улмаас хэргийн нөхцөл байдлыг бодитоор тусгаж авч чадаагүй, эсхүл тусгалыг зөв илэрхийлж чадаагүй тохиолдолд гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй бөгөөд хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчүүдийн мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Н.М-гийн гэм бурууг нотлоход хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо уялдаатай үйл баримтыг зөрүүгүй мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.М-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Авлигын эсрэг Нэгдэн Үндэстний Байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн а-д зааснаар төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон хүнийг хэлнэ.

Тус конвенцод нэгдэн орсон Монгол Улсын дотоодын хууль тогтоомжид ямар этгээдийг нийтийн албан тушаалтан гэж үзэх талаар дараах байдлаар хуульчилжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”,

Авлигын эсрэг хуулийн 4.1.8-д “эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан”,

Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын хавсралт “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-ын 1.2-д “Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийг захиран зарцуулж байгаа Засгийн газрын тусгай сангийн удирдах албан тушаалтан /олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч, удирдах албан тушаалтан нэгэн адил хамаарна/” гэж заасан байна.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын Н.М-г төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн зохицуулагчаар томилсон Б/139 дүгээр тушаал (2хх 183)-аас үзэхэд, “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 7.11.8-д “Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төслийн зохицуулагчийг нээлттэй сонгон шалгаруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэжээ.

Дээрх журмын 7.9-т “Төслийн зохицуулагч нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, төсөл, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, тайлагнах Төсвийн тухай хуулийн 16.4.16-д заасан этгээд байна”,

Төсвийн тухай хуулийн 16.4.16-д “Засгийн газрын шугамаар авч байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн нэгжийн дарга тухайн төслийн төсвийн шууд захирагч байна”,

мөн хуулийн 4.1.38-д “төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгоно” гэж тус тус заасан.

Тус журмын 8.2-д “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай зөвхөн хөлсөөр ажиллах гэрээ байгуулах...” гэж заасны дагуу Н.М-тай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ байгуулжээ (2хх 184-188).

Төслийн зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолт (2хх 189-194)-д ажлын байрны зорилгыг “Азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд баригдах авто замын барилгын ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан хугацаанд чанартай гүйцэтгэх, Зээлдэгч, Захиалагчийн нэрийн өмнөөс төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу явуулах, хэрэгжилтэд хяналт тавих, зээлийн гэрээнд заасан Засгийн газраас хүлээсэн үүргийн биелэлтийг цаг тухайд нь тайлагнах, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Зээлдэгч, Захиалагч, Банк, Гүйцэтгэгч, Зөвлөх, орон нутгийн байгууллага, бусад байгууллагатай хамтран ажиллаж, холбогдох зохицуулалтаар хангах, төслийн бүрэн хэрэгжилтийг хариуцах” гэж тодорхойлсон байна.

Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Н.М- нь “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн зохицуулагчаар ажиллаж байсан тул түүнийг Зам, тээврийн хөгжлийн яамыг төлөөлөн төслийн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа этгээд ба Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлэх төсөлд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийг захиран зарцуулж буй хуулийн этгээдийн зохицуулагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Н.М- нь 2020-2022 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн Төслийн зохицуулагч албан тушаалд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж байжээ (2хх 169-180).

Иймд шүүгдэгч Н.М-г Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан мөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,

мөн хэсгийн 3.1.4-д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” тус тус ойлгоно.

“Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 1.3-д “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд оролцогч төсөл хэрэгжүүлэх нэгж, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд оролцогч бусад иргэн, хуулийн этгээд энэ журмыг мөрдлөг болгоно.”

6.8-д “Гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь хөгжлийн түнш зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсныг хүлээн зөвшөөрснөөр эхэлнэ”,

6.9-д “Төсөл хэрэгжүүлэгч байгууллага зээлийн гэрээ, төсөл, арга хэмжээний баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд саналыг холбогдох үндэслэл, тооцоо, судалгаа, нотлох баримтын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”,

6.10-д “Ерөнхий хэлэлцээр, зээлийн гэрээнд тусгайлан заагаагүй бол зээлийн гэрээ, төсөл, арга хэмжээний баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөгжлийн түнштэй зөвшилцөж, харилцан албан бичиг солилцох замаар шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулжээ.

Шүүгдэгч Н.М- нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахих зарчмыг зөрчин, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор магадалшгүй ажлын зардал болон хэмнэгдсэн хөрөнгөөр гэрэлтүүлэг хийх нэмэлт ажлыг зохион байгуулж, төслийн зөвлөх “А С” ХХК болон санхүүжүүлэгч “Азийн хөгжлийн банк”-аар дэмжигдээгүй байхад “Э К Б” ХХК-ийг өөрөө үйл ажиллагааг нь далд хэлбэрээр удирдан явуулдаг “А Т” ХХК-тай гэрээ байгуулуулан, уг гэрээний төлбөрт 390,000,000 төгрөг авч, хийх ёсгүй үйлдэл хийсэн нь албаны хэвийн ажиллагаа доголдох, олон нийтийн шударга ёсны үзэл санаа алдагдах эрсдэлийг бий болгож, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны болоод шударга ёсны зарчим аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон, их хэмжээний буюу 390,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон ял оногдуулахаас гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Шүүгдэгч Н.М-гийн гэмт үйлдэл буюу хохирогч “Э К Б” ХХК-аас 390,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд үйлдэгдсэн байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх агуулгаар ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүгдэгч Н.М-гийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, их хэмжээний хохирол учруулсан болон тухайн хохирол бүрэн төлөгдөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл” нь Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэгдсэн төсөл бөгөөд уг төслийн хүрээнд хэмнэгдсэн хөрөнгөөс гэрэлтүүлгийн нэмэлт ажлыг хийхээр болсон талаар гэрч, “Э К Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж Х: “...Азийн хөгжлийн банкнаас авсан Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтээс “А Т” ХХК руу 390,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэж мэдүүлсэн (1хх 119-120).

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, “Э К Б” ХХК нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээс “А Т” ХХК-ийн данс руу 390,000,000 төгрөг шилжүүлсэн байх боловч нэгэнт уг гэрэлтүүлгийн нэмэлт ажлыг Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрөөгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, санхүүжилт олгоогүй тул “Э К Б” ХХК-ийг уг төлсөн дүнгээр хохирсон гэж үзэж, хохирогчоор тогтоосныг үгүйсгэх баримт тогтоогдсонгүй.

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Жан Ван Зунаас Ж Хд олгосон итгэмжлэлээр Ж Х нь тус компанийг үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд төлөөлж, хэлцэл хийх эрхтэй ба Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засвар болон гүйцэтгэлд суурилсан засвар арчлалтын ажилд “Э К Б” ХХК-ийг бүрэн төлөөлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Э К Б” ХХК-ийн захирал Ж Х нь Н.Б-д итгэмжлэл олгож (1хх 97), уг итгэмжлэлийн үндсэн дээр мөрдөгч Н.Б-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Жан Ван Зунаас Н.Б-д олгосон итгэмжлэлд түүнд эрүүгийн хэргийн бүх ажиллагаанд тус компанийг бүрэн төлөөлөх эрхийг олгосон байна (4хх 123).

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилдэг.

Шүүгдэгч Н.М-гийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй буюу хохирлоос 140,000,000 төгрөг төлөгдөөгүй байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад шүүгдэгч Н.М-гийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн Ү-... дугаартай, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоот 400 м.кв хэмжээтэй орон сууц битүүмжилсэн прокурорын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, прокурорын тогтоолоор битүүмжилсэн тус үл хөдлөх хөрөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж өөрчлөх нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Харин Зам, тээврийн яамны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн удирдах хорооны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/003 дугаар тогтоолоор төслийн хүрээнд хэрэгжиж буй Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын барилгын ажлын “магадалшгүй ажлын зардал болон хэмнэгдсэн хөрөнгө”-өөс нэмэлт ажлуудыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн гэх тухайн ажлууд огт хийгдэлгүйгээр хууль бусаар захиран зарцуулагдсан төслөөс 390,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.М-гаас гаргуулан хэрэгт цугларсан үйл баримтын хүрээнд төслийн ерөнхий гүйцэтгэгч болох “Э К Б” ХХК-нд олгож шийдвэрлэж байгаа боловч хэрэв Зам, тээврийн яам, түүний харьяа эрх бүхий нэгжээс дээрх төслийн нэмэлт ажлуудын талаар маргаан бүхий байдал үүссэн тохиолдолд хууль тогтоомжийн дагуу жич шийдвэрлэгдэх асуудал болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Нийслэлийн прокурорын газрын 2024.05.08-ны өдрийн 04 дүгээр прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.” гэснийг “...Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Н.М-гийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн Ү-... дугаартай, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоот 400 м.кв хэмжээтэй орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Г.Ичинхорол, М.Ариунболд нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-гийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 60 (жар) хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН