Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/00279

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/00279

 

 

Араан суу ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02249 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Араан суу ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Бэст рөүд групп ХХК, Нью стар финанс ББСБ ХХК-д тус тус холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 96 029 031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Бат-Ирээдүй, өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэст рөүд групп ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 13/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын эхлэлийн 00 цэгээс 13.875 км хүртэлх 2х2х2-ын дөрвөлжин хоолой Зш, 1 метрийн хоолой 11ш, 1.5-ын хоолой 4ш нийт авто замын 18 хоолойг 393 000 000 төгрөгийн өртөгт багтаан хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Гэвч захиалагч Бэст рөүд групп ХХК нь гүйцэтгэгч талыг ажлаа гүйцэтгэж эхлэх үед гэрээний дагуу 78 600 000 төгрөг төлөх ёстой байсан ч гэрээгээ зөрчин 1 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн. Ингээд гүүр хоолойн ажлын явцад захиалагчаас, гүйцэтгэгч талд зөвхөн материал болон техник тоног төхөөрөмжийн зардалд нийт 296 970 969 төгрөг төлсөн. Харин үлдэгдэл 96 029 031 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэн гүүр хоолойн ажлыг дуусган 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 02/37/14 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл 27 гаруй ажилтан тус гүүр хоолойн ажлыг 2 жил гаруйн хугацаанд хийж гүйцэтгээд манай компаниас цалин, хөлсөө авч чадаагүй байна. Бид гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө захиалагч талаас дутуу авсанаас болж 27 гаруй ажилтны цалин, хөлс болон тус гүүр хоолойн ажлыг хийж гүйцэтгэх явцдаа Дорнод аймагт байрлах хүнс, барилгын материалын дэлгүүр, малчдад мөнгөний ихээхэн хэмжээний өр, ширтэй болсон. Эдгээр хүмүүс мөнгөө байнга нэхэн дарамтлах болж компани санхүүгийн хүнд байдалд орсон. Иймд Бэст рөүд групп ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 96 029 031 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зам тээврийн яам, Хөгжлийн банктай 2013 оны 06-р сарын 14-ний өдөр Гашууны гол ХХК-ийн байгуулсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Гашууны Гол ХХК нь үндсэн гүйцэтгэгчээр, Бэст рөүд групп ХХК нь туслан гүйцэтгэгчээр дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр авсан. Бэст рөүд групп ХХК нь Араан суу ХХК-тай 2013 оны 08-р сарын 5-ны өдөр 13/01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус гэрээгээр 18 ширхэг хоолойг 393 000 000 төгрөгийн өртөгт багтаан 45 хоногт багтаан хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлд 391 553 700 төгрөгийг Араан суу ХХК-д бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэн өгсөн. Араан суу ХХК нь гэрээгээр тохиролцсон үр дүнг бий болгоогүй бөгөөд доголдолтой ажлын үр дүнг бий болгосон байдаг. Ажил гүйцэтгэгч хөлсөө авахад ажлын үр дүн гарсан буюу үр дүнг захиалагч хүлээн авсан нь ач холбогдолтой байхаас үйл ажиллагаа явуулсан нь хамаагүй. Бэлэн болсон ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөс өмнө хөлс төлөхийг шаардах эрх үүсэхгүй. Төлөх хөлсний хэмжээ ч гэсэн амласан үр дүнг хэдий хэмжээнд бий болгосноос шалтгаалан буурч болно. Араан суу ХХК нь ажлын гүйцэтгэл дутуу 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх ёстой ажлын гүйцэтгэлийг 2013-2014 оны хооронд жил дамнан хийж гүйцэтгэсэн байдаг. Бэст рөүд групп ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн ихэнх хэсгийг буюу 391 553 700 төгрөгийг гүйцэтгэсэн. Бэст рөүд групп ХХК нь Араан суу ХХК-ийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж үндсэн гүйцэтгэгч Гашууны Гол ХХК-аас удаа дараа ажлын гүйцэтгэл дутуу, чанаргүй гэх мэт шалтгаануудаар санхүүжилтээ хасуулж дутуу авч ирсэн. Үндсэн гүйцэтгэгч Гашууны гол ХХК нь дутуу чанаргүй Араан суу ХХК-ийн гүйцэтгэсэн 18 ширхэг гүүр хоолойн ажлыг өөрсдийн ажилчид, тоног төхөөрөмж, санхүүжилтээр хийж гүйцэтгэж 2014 оны 12-р сарын 23-ны өдөр 02/37/14 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн байна. Араан суу ХХК нь Бэст рөүд групп ХХК-д ажлын гүйцэтгэлээ хүлээлцэх актаар хүлээлгэн өгч байгаагүй. 2014.12.23-ны 02/37/14 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт нь Бэст рөүд групп ХХК, Араансуу ХХК-ийн хооронд хийгдсэн ажил хүлээлцэх акт биш тул талуудын хооронд ажил хүлээлцсэн акт үйлдэгдээгүй байдаг. Мөн гэрээний үнийн дүнгээс НӨАТ 10% -39 300 000 төгрөг, Баталгаат хугацаа 3 жилийн барьцаа гэрээний үнийн -5%-19 650 000 төгрөг суутгалгүй захиалагч тал шилжүүлэн өгсөн байдаг. Иймд Бэст рөүд групп ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан Бэст рөүд групп ХХК, Ньюстар финанс ББСБ ХХК нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 96,029,031 төгрөг гаргуулах Араансуу ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 638,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Манай компани ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 18 ширхэг гүүр хоолойг бүрэн хийж гүйцэтгэн 2014 оны 8 сарын 1-ний өдөр Бэст рөүд групп ХХК-д шилжүүлсэн болох нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 02/37/14 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар нотлогддог /хх-74-75/. Ажлын үр дүнг актаар хүлээлгэж өгөөгүй гэдэг нь үндэслэлгүй. Иргэний хуулинд ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөх хуулийн шаардлага байхгүй, харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасны дагуу захиалагчийн өмчлөлд шилжүүлэх ёстой юм. Мөн Иргэний хуулийн 351 дүгээр зүшшйн 351.1.2-т "Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах" нь захиалагчийн үүрэг болохоос гүйцэтгэгчийнх биш. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т заасны дагуу акт үйлдсэн эсэхээс үл хамаарч "Бэст рөүд групп" ХХК-г гүүр хоолойн ажлыг хүлээн авсанд тооцно. Мөн ерөнхий гүйцэтгэгч Гашууны гол" ХХК-ийн хувьд нийт ажлыг хүлээн авснаар туслан гүйцэтгэгчид хөлс төлөх нөхцөл бүрдэнэ. Учир нь гүүр хоолойн ажил нь нийт гүйцэтгэгдэх ажлын нэг хэсэг төдийгүй, гүүр хоолойн дээр "Бэст рөүд групп" ХХК нь замаа тавьж, улсын комисс актаар хүлээн авсан байдаг. Гүүр хоолойн ажил хийгдээгүй бол 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 02/37/14 дугаар барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарах боломжгүй.

Талууд гүүр хоолойн ажлыг 100% хийж гүйцэтгэсэн эсэх дээр маргаагүй, төлбөрийг бүрэн төлсөн, төлбөрөө бүрэн аваагүй гэж маргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч нь нийт ажлын 70 хувийг хийж гүйцэтгэсэн, хариуцагч ажлын хөлсөнд нийт 296 970 969 төгрөг"-ийг төлсөн хэмээн маргааны үйл баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Мөн "Араан суу" ХХК болон "Бэст рөүд групп" ХХК нь анх 2013 оны 08 сарын 05-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан бөгөөд 2013 оны 08 сарын 01-ний өдөр гэрээ байгуулахаас өмнө төлбөр тооцооны үлдэгдлээ баталгаажуулах боломжгүй юм. Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хуулийн этгээд бичгээр хэлцэл хийх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдах байгууллага болох эрх баригч гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарсан байхыг ойлгоно. Мөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад гарын үсэг зурсан Билгээ гэх хүн манай компанид ажилладаггүй бөгөөд "Араан суу" ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх нь баримтаар нотлогддоггүй. Э.Бат-Ирээдүйгээс олгосон итгэмжлэл, баримт хавтаст хэрэгт байдаггүй. Ийнхүү хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдаагүй, төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус юм. Дээрх байдлаар "Бэст рөүд групп" ХХК-г хүчин төгөлдөр бус баримтаар төлбөр тооцоог дуусгасан, барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч "Бэст рөүд групп" ХХК төлбөр төлсөн гэх татгалзлаа баримтаар нотлох ёстой боловч ямар ч баримт гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны баримтаар манай компанид нийт 180 418 726 төгрөгийн бараа материал, бусад зардалд 116 825 143 төгрөг нийт 297 243 869 төгрөг төлсөн байдаг. /хх-69-73/ Манай компани нь №13/01 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ"-гээр зөвхөн гүүр хоолойн ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон. "Гашууны гол" ХХК-иас 2014 оны 11 сарын 03-ны өдөр "Бэст рөүд групп" ХХК-д өгсөн албан бичгээр дутуу болон чанаргүй хийгдсэн ажлуудын алдаа дутагдлыг засч янзлахыг анхааруулсан байдаг. Тус албан бичигт дурдсан төмөр бетон хоолойн арматур ил гарсан"-аас бусад бүх ажлууд нь "Бэст рөүд групп" ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой ажлууд байна. "Гашууны гол" ХХК манай компанийн хийж гүйцэтгэсэн гүүр хоолойн ажлын барилгын үндсэн хийцтэй холбоотойгоор гомдлын шаардлага гаргаагүй "төмөр бетон хоолойн арматур ил гарсан" гэх цэвэрлэгээтэй холбоотой гомдлын шаардлага гаргасан. "Гашууны гол" ХХК "Бэст рөүд групп" ХХК-ийн гэрээний төлбөрөөс дутуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг суутгасан болох нь баримтаар тогтоогддоггүй. "Бэст рөүд групп" ХХК нь ажлын үр дүн доголдолтой байсан бол манай комнанид мэдэгдэж, доголдлыг арилгуулах ёстой байсан. Ийнхүү "төмөр бетон хоолойн арматур ил гарсан" гэдгийг манай компанид мэдэгдсээр байхад бид ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол "Бэст рөүд групп" ХХК нь уг доголдлыг арилгаж, түүнтэй холбоотой зардлаа нөхөн төлүүлэх, суутгах естой. Гэвч "Бэст рөүд групп" ХХК нь манай компанид гүүр хоолойн ажилтай холбоотой ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Ийнхүү бидэнд мэдэгдээгүй байж ажлын үр дүн доголдолтой, өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүн болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой.

Нэхэмжлэгч Араан суу ХХК нь хариуцагч Бэст рөүд групп ХХК-д холбогдуулж ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 96 029 031 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 13/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Араан суу ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын эхлэлийн 00 цэгээс 13.875 км хүртэлх 2х2х2-ын дөрвөлжин хоолой З ширхэг, 1 метрийн хоолой 11 ширхэг, 1.5-ын хоолой 4 ширхэг, нийт 18 хоолойг 393 000 000 төгрөгийн өртөгт багтаан хийж гүйцэтгэх, захиалагч Бэст рөүд групп ХХК нь ажил эхлэхэд урьдчилгаа төлбөр 78 600 000 төгрөг, ажлын гүйцэтгэл 50 хувьтай болсны дараа 196 500 000 төгрөг, ажлын гүйцэтгэл дуусахад 117 900 000 төгрөгийн ажлын хөлсийг тус тус төлөхөөр тохиролцжээ.

Дээрх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн эсэх, гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан эсэх үйл баримтын талаар талууд маргаантай байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дээрх ажил гүйцэтгэх 13/01 тоот гэрээ болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/37/14 тоот актыг заасан бөгөөд захиалагчаас гүйцэтгэгчид 296 970 969 төгрөгийг зөвхөн материал болон техник тоног төхөөрөмжийн зардалд шилжүүлсэн гэж тайлбарласан нэхэмжлэгчийн уг тайлбар, баримтыг хариуцагч үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүйгээс гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад нийт 296 970 969 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн талаар маргаагүй гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.10-т энэхүү гэрээ нь Зам Тээврийн яам, Хөгжлийн банктай 2013.06.14-ний өдөр Гашууны гол ХХК-ийн байгуулсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон Гашууны гол ХХК Бэст рөүд групп ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний салшгүй хэсэг... гэж заасан байхад анхан шатны шүүх Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/37/14 тоот актыг зохигчдын хоорондын маргаанд хамааралгүй баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт дээрх 2 гэрээ авагдаагүй боловч зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан улсын комиссын акт, Гашууны гол ХХК-ийн албан бичиг зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаас үзэхэд Гашууны гол ХХК нь Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.75 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний хооронд барьж дуусган ашиглалтад оруулахдаа Бэст рөүд групп ХХК-тай хамтран ажиллах гэрээ, Бэст рөүд групп ХХК нь нэхэмжлэгч Араан суу ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан, нэхэмжлэгчийн хийсэн ажлын үр дүн болох 18 хоолой нь улсын комиссын дээрх актаар хүлээн авсан барилга байгууламжийн бүтцэд багтаж ашиглагдаж байгаа болох нь тогтоогдсон.

Нөгөө талаар Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй бөгөөд гэрээний 3.7-д захиалагч гүйцэтгэсэн ажлыг хүндэтгэх шалтгаангүйгээр хүлээн авахгүй бол ажлыг гүйцэтгэсэнд тооцож эцсийн тооцоо хийх, учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасан байна.

"Гашууны гол" ХХК-иас "Бэст рөүд групп" ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдээр дутуу болон чанаргүй хийгдсэн ажлуудын алдаа дутагдлын талаар анхааруулсан гэх боловч хариуцагч Бэст рөүд групп ХХК нь Гашууны гол ХХК-ийн хувьд гүйцэтгэгч бөгөөд Араан суу ХХК-ийн хувьд захиалагчийн хувьд гэрээний 2.3, 2.5д зааснаар болон Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дах хэсэгт зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлыг хэзээ хүлээн авахад ажлын ямар доголдол илэрсэн, гүйцэтгэгчид энэ талаар гомдлын ямар шаардлага, хэзээ гаргасан зэргийг нотлох баримт хэрэг авагдаагүй байна.

Иймд хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй ба гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан, ажлын гүйцэтгэлээ хүлээлцэх актаар хүлээлгэн өгч байгаагүй гэсэн хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. Түүнчлэн "Бэст рөүд групп" ХХК-ийн тамга бүхий 390 553 700 төгрөгийн төлөлт хийсэн гэх тооцооны үлдэгдлийн баталгаанд Араан суу ХХК-ийн ажилтан, түүний төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч Араан суу ХХК ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ажил гүйцэтгэгчийн үүргээ дутуу, эсхүл доголдолтой гүйцэтгэсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, талуудын хооронд хийгдсэн гэрээгээр ажлын үнийн нийт дүнг 393 000 000 төгрөг гэж тогтоосон, гэрээгээр хүлээсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 96 029 031 төгрөгийн төлбөр хийх үүргээ хэрхэн биелүүлсэн болохоо захиалагч нотлоогүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд 96 029 031 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шаардлагаа нотолсон, хариуцагч үүргээ биелүүлээгүй байхад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт дээр дурдсанаар үндэслэлгүй байх тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх хариуцагч Нью стар финанс ББСБ ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэж, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/02249 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Бэст рөүд групп ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 96 029 031 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Араан суу ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Ньюстар финанс ББСБ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж гэж өөрчилж, хариуцагч Бэст рөүд групп ХХК-иас 638 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Араан суу ХХК-д олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Араан суу ХХК-ийн төлсөн 638 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ