Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/314

 

Т.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Т.Ц-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1035 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ц-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2405 00374 1281 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-ын Ц, 1978 онд Увс аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ресторанд мах бэлтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, (РД:...) урьд:

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 3 сарын хугацаагаар хорих ял,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан;

Т.Ц- нь 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төвийн караоке бааранд хохирогч Д.О-ыг “хоолой шахаж боосон” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа удаа дараа цохиж, эрүү ясны хугарал, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэн дээд уруулын дотор салстад шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Т.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-оос хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.О-т олгож,

хохирогч Д.О- нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх ам бүл 6, эхнэр Б.О, 10-20 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Дунд хүү Ц.С 12 настай, 9 сартай байхдаа халуун тогоотой буцалсан усанд бөгсөн бие, баруун гараараа орж, 90 хувийн түлэгдэлтэй Гэмтлийн эмнэлгийн сэхээнд 20 гаруй хоног хэвтэж, 2 хөлийн дээд хэсэгтээ арьс нөхүүлж, 1 хөлийн арьс нь тогтохгүй унаад, эдгэсэн боловч арьс тогтсон баруун хөлийн 2 хурууны шөрмөс нь дээш татагдан эгц дээшээ болж, гутал өмсөж чадахгүй, шөрмөс нь арьсаа цоолоод идээлээд, шөрмөс сунгах хагалгаанд яаралтай орох болсон. Охин Ц.Н 20 настай боловч 4 настайдаа моринд тархиндаа өшиглүүлж, унаж татдаг, саажилттай болсон тул сургуульд сураагүй, байнгын хажууд нь хүн байх шаардлагатай асаргаанд байдаг, хөгжлийн бэрхшээлтэй. Эхнэр Б.О нь 2 хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүүхдээ хараад гэртээ байдаг.

Урьд “О” ХХК-д туслах ажилтнаар, Баянзүрх дүүргийн “...” ресторанд мах бэлтгэгчээр ажиллаж, сарын 1,500,000 төгрөгийн цалинтай бөгөөд ганцаараа гэр бүлээ тэжээн тэтгэж, үр хүүхдүүдийнхээ эмчилгээнд цалингаа зарцуулдаг.

Би 2020 онд ахуйн ослоор байшингаас унаж, баруун гарын 5 хурууны сарвуугаа хугалж, зүүн гарын бугалгаа хугалж, хадуулсан. Мөн 2021 онд осолд орж, хэвлийдээ мэс засалд орсон ба хагалгаанд орох үед шинжилгээ өгөхөд элэгний В, С вирустэй, элэгний церрозтой гэсэн. Маш сайн эмчилгээ хийлгэхгүй бол хүндэрч, амь насанд аюултай гэсэн тул элэгний эмчийн хяналтад орох болсон. Миний хамраас байнга цус гарч, тогтдоггүй нь элэгний өвчнөөс болж байгаа гэсэн. Эхнэр даралт өндөр, 180 хүрдэг, түргэний эмчид байнга үзүүлдэг, шулуун гэдэсний шархтай, байнга доошоо цус гардаг тул цус багадалттай болж ухаан алддаг болсон. Мэс засалд орох шаардлагатай боловч хүүхдүүд асрах хүн байхгүй, өөрийн гэр оронгүй, түрээсийн хашаа байшинд сарын 400,000 төгрөг төлдөг.

Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.О-ын эрүүл мэндийн тусламж авсан 2,938,000 төгрөгийг нөхөн төлнө. Харин сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн надад оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, миний эрүүл мэндийн байдал, ар гэрийн аргагүй хүнд байдал, 2 хүүхдийн асаргаа, эрүүл мэнд, миний ажил зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг хохирол төлбөр төлөөгүй гэж үзсэн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байхад сэтгэл санааны хохирол гаргуулсан. Шүүх шинжилгээний байгууллага шинжилгээний дүгнэлтийг гаргана гэж үзэж байна. Иймд сэтгэл санааны хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүгдэгч нь 2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бөгөөд хамгийн бага хүүхэд нь төрөлхийн унаж татдаг өвчтэй, байнга асаргаанд байдаг. Дунд хүүхэд нь шөрмөс нь татаад мэс засалд зайлшгүй орох шаардлагатай. Эхнэр нь өвчтэй хүүхдээ асардаг, ажил хийх боломжгүй тул түүний хувийн байдлыг харгалзаж  түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Ц- гэм буруутай нь бүрэн тогтоогдсон гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Хохирогчид учирсан сэтгэл санааны хохиролд 3,300,000 төгрөгийг аргачлалаар батлагдсан маягтын дагуу гаргаж, хэргийн оролцогч нарт танилцуулсан. Хохирогч энэ талаар хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ түүний гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Т.Ц-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч Д.О-ын: “...Би 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хадам дүүгийн хамт гэрийн ойролцоо байдаг “М” караокед орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн караокед байсан 2-3 залуучуудтай муудалцаж байснаа санаж байгаа бөгөөд зарим зүйлийг нь санахгүй байна. Өглөө сэрсэн чинь эрүү өвдөөд байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд чихэнд зүсэгдсэн шарх байна гээд 3-4 оёдол тавиулсан. Эрүү хугарсан, яаралтай хагалгаанд орох ёстой гэж хэлсэн...” (хх 10-14),

-гэрч Г.Г-ийн: “...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орой 12 цаг болох гэж байхад хүргэн ах Д.О-тай хамт “Т” төвийн караокед орж, 0.5 литрийн шилтэй “Сэнгүр” пиво хүний гурвыг ууж, нэлээн сууж байгаад 02 цагийн үед би гарч тамхи татаж байгаад буцаад орж ирэхтэй зэрэгцэн миний өөдөөс хүргэн ах Д.О- үл таних 2 хүнтэй зууралдаж, заамдалцаад гарч ирсэн. Тэгээд тухайн караокены үүдний урт коридорт зодолдоод салахгүй байхаар нь би очиж нөгөө 2 ахыг салгах гэж унагааж, холдуулсан. Хүргэн ах тасарчихсан, нэлээн муудчихсан байсан. Савхин бээлийтэй ах үүдний шилэн хаалган дээр цохиод ахыг унагаасан. Ах босож ирэхэд чихний ар талд нэлээн зүсэгдсэн гэмээр шархтай, цус нь тогтохгүй байсан...” (хх 15-17),

-гэрч Б.Б-ийн: “...Тэр өдөр хүргэн Т.Ц- бид хоёр хорооллын эцэст “Т” төв дээр ирсэн, тэнд манай хүргэн хүнтэй муудалцаж байсныг санаж байна. Би цаа бугын гутал, кепкен хар малгай, жинсэн өмд, хөх болон улбар шар өнгийн саарал хөндлөн судалтай цамцтай байсан...” гэх (хх 18-20) мэдүүлгүүд,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 392 дугаар “...Д.О-ын биед эрүү ясны хугарал, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэн, дээд уруулын дотор салстад шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх 28-33),

-хар бараан өнгийн малгайтай, малгайгаа нугалж эргүүлэн 2 чихээ гаргасан хар бараан өнгийн куртиктэй, хар бараан өнгийн өмдтэй, 2 гартаа хар бараан өнгийн бээлийтэй эрэгтэй босож ирэн анх хаалгаар гарах гэж байсан эрэгтэйг баруун гараараа баруун хажуу талаас нь нүүр болон толгой хэсэг рүү нь чиглэн цохиж байгааг тэмдэглэсэн “Т” төвийн караоке баарны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 42-49) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;

шүүгдэгч Т.Ц- нь 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчим “Т” төвийн караоке бааранд “хоолой шахаж боосон” гэх шалтгаанаар хохирогч Д.О-ын нүүр хэсэгт гараараа удаа дараа цохиж, эрүү ясны хугарал, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэн дээд уруулын дотор салстад шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд анхан шатны шүүх эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.Ц-ын хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

1.Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүнчлэн урьд 2 удаа санаатай гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийгээгүй түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Ийнхүү цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Анхан шатны шүүхээс хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгох ялаар солих” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Харин “сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх шүүгдэгчийн гомдлыг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй байна.

Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг ойлгох ба мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд, түүний хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 ...) хуульчлан зохицуулжээ.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.

Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг)-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.

Гэтэл хэрэгт хохирогч Д.О-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хэрэв учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байхад анхан шатны шүүх мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй.

Иймд, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хуульд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолын гэм хорын хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, хохирогч Д.О- нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлт оруулав.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Ц-ын гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1035 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-оос хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.О-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.О- нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.О- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН