Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 0106

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Ж.У , Ж.Мөнхдөл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир, улсын ахлах өмгөөлөгч М.Найдан,

Шүүгдэгч Г.Б , Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нарт холбогдох эрүүгийн 1815000740046 дугаартай, 163/2018/0091/Э индэкстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багт оршин суух, 4 удаагийн ял шийтгэлтэй, С овогт  Б.Б  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын офератор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, аавын хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, 1 удаагийн ял шийтгэлтэй, Бовогт Г.Б

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Б.Б , Г.Б  нар нь бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багт байрлах “Бүрэг-Солонго” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж 395700 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг 5 дугаар гудамжны 5 тоотод байрлах иргэн Д.Цолмонгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 114000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багт оршин суух иргэн Ж.У ын 4 тооны үхрийг хулгайлан авч 3600000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-2 байрны орцонд иргэн Н.А хүч хэрэглэн эд зүйлсийг нь дээрэмдэн 215000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөдөө гэрээсээ Б хамт Бүрэгхангай сумын төв орж 2 ямааны арьс байсныг тушааж “Бүрэг-Солонго” дэлгүүрт орж 2 шил архи бусад хэрэглээний зүйлс авч дэлгүүрийн ард талын гудамжинд 2 шил архиа уугаад даараад байхаар нь Доогий гэх айлд хонохоор явж байгаад согтуудаа андуурч хойд талынх нь айл болох Цолмон гэх айлд орж 1 шил архи авсан. Тэр айлаас хүрэм авсан асуудлыг би мэдээгүй. Тэгээд би хойшоо мотоцикль байсан газар руугаа явж архиа уучихаад согтоод унтсан. Намайг сэргэтэл Г.Б  байхгүй байхаар нь хайгаад явж байтал гудамжны үзүүрээс гарч ирсэн. Бид 2 хамт явж байгаад дэлгүүрийн хойд талын гудамжинд архидсан. Тэгээд Бүрэгхангай сумын эрүүлжүүлэхэд хонож 3 дугаар сарын 01-ний өглөө хэсгийн төлөөлөгч бид хоёрыг манай гэррүү авч явж үзлэг хийж амбаарын цоож эвдсэн байсан. Тэр үед У  гэх хүн ирсэн байсан. Намайг 4 үхэр авсан гэсэн. Би тэр 4 үхрийг 11 сард нядалсан байсан. У ын үхэр нь 2 дугаар сарын 23-24 шилжих шөнө алга болсон гэж байсан. Тэр өдөр би  хөдөө гэртээ ганцаараа байсан ба хамаатныхаа хүнийд мал хариулж хоол унд идчихээд тэднийд байж байгаад орой нь гэртээ ирж унтсан. У  намайг гэртээ иртэл миний 4 үхрийг хулгай хийсэн байна гэсэн. Манай амбаарын цоожийг эвдэлж орсон байсан. 2018 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө намайг ганцаараа 4 үхрийг хулгай хийсэн гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй гэх мэдүүлэг,          

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  өгсөн:  2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б.Б бид 2 тамхи, есийн тос, давс худалдаж авахаар Бүрэгхангай сумын төв орсон. Тухайн үед бид хоёрт мөнгө байхгүй байсан учраас 2 ямааны арьсыг 45000 төгрөгөөр зарсан. Тэгээд Бүрэг-Солонго дэлгүүрээс 0.5, 0.75 граммын ерөөл нэртэй архи, улаан вэст тамхи, 4 эсгэгч, 1 том ундаа авсан. Дэлгүүрээс гараад харалдаах гудмаар нь чигээрээ гарч явж байгаад мотоциклийн маань конс эвдэрч консоо засах гэж хуучин айлын буулгасан метр гаруй өндөртэй хундам байсан газар 2 шил архи уусан. 2011 онд надтай хамт цэргийн алба хаасан Доржпүрэвийн гэр нь иргэн Цолмонгийн байшингийн урд талд байдаг юм. Өмнө нь би нэг удаа тэднийд очиж байсан боловч тухайн үедээ согтуу байсан болохоор Цолмон гэх айлын хаалгыг сүхээр цоожийг нь эвдэж ороод талын хар гэх 0,5 литрийн архийг, өлгүүрт байсан ногоон өнгийн хантаазыг авсан. Тухайн үед би дээлтэй явж байсан ба дээлний суганы товч тасарчихсан байсан учраас хулгайлсан хантаазыг өмссөн. Тэр хооронд Б.Б Доржпүрэвийн ард талд бөөлжөөд байж байсан. Б.Б нилээн согтсон байсан бөгөөд эргэж мотоцикль дээрээ очиж  талын хар архийг уусан. Миний санахын 10 цаг өнгөрч байсан байх Б.Б нь хундамаа налсан чигээрээ согтоод унтсан. Тэгээд би эргэж “Бүрэг-Солонго” гэх дэлгүүр рүү очиж цонхны гадна талын решотк төмрийг эвдэж тогийг нь тасдаж, цонхыг хагалж арвын гялгар уутанд боодолтой байсан 590000 төгрөг, 8 шил архи авчихаад дэлгүүрийн ар талаар тойроод Б.Б дээр очих гээд явж байтал Б.Б миний урдаас дуу дуулчихсан алхаад ирж байсан. Б.Б намайг хааччихаад ирсэн юм бэ гэхээр нь би өвөртөө байсан 8 шил архинаас  Б ын өвөр рүү 4-5 шил архийг авч хийсэн. Тэгээд цаашаа явж байтал араас Г  гэх залуу намайг барьж авсан. Дараа нь Б ыг барьж авч цагдаа нар удалгүй ирсэн. Өглөө нь Бүрэгхангай сумын байцаалт авсан байцаагч Бямбажав 8-9 цагийн алдад бид хоёрт мульти гэх саванд талаас доогуур архи, ус хийж өгөөд “та 2 энийг шартаж байвал уу” гээд архи уулгасан. Б аас байцаагч цаг шахуу байцаалт авсан. Дараа нь намайг дуудаж байцаалт авахад би эхлээд болсон процессоо үнэнээр нь хэлэхэд намайг худлаа яриад байна гэж Б ын мэдүүлгийг надад уншуулсан. Б ын мэдүүлэгт Б.Б надтай нийлж иргэн Цолмонгийн байшингаас эд зүйл авсан гэж худлаа мэдүүлэг өгсөн байсан. Тэгээд байцаагч Б.Б ингэж мэдүүлэг өгсөн байхад чи худлаа ярьж байна гэхээр нь би Б ын мэдүүлгээр өгсөн. Тухайн үед Б ыг яагаад тэгж мэдүүлсэн гэдгийг ойлгоогүй. Дараа нь 2018 оны 03 сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр Б ын байшин руу Бүрэгхангай сумын байцаагч бид нар үзлэг хийхээр очсон. Б ыг байцаагч амбаараа онгойлго гэхэд Б.Б түлхүүр байхгүй мотоциклийн түлхүүртэй цуг амбаарын түлхүүр байгаа гэсэн. Тэгээд төлөөлөгч амбаарын хаалга татахад шууд онгойсон. Харин хажуу талын амбаарын хаалганы модыг хөрөөдсөн, сүхээр цавчсан байдалтай эвдсэн байсан. Намайг цаана байхад байцаагч үхрийн махны талаар Б аас асуухад Б.Б 11 сард гаргасан мах гэж хариулж байсан. У  гэх  хүн морьтой ирж хоорондоо юм ярьцгаасан. 2008 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би Эрдэнэт хотод байх үедээ хамт ажиллаж байсан найз А 4 цагийн алдад утсаар дуудаж 1 шил архи ууя гэж хэлж хамт архи уусан. Дараа нь Вансэмбэрүүгийн тэр хавьд хамтдаа 1 шил архи уучихаад гэр гэр рүүгээ явсан. Би охинтойгоо хамт хонохоор эхнэрийнхээ дүү Чимгээгийнд очсон. Тэднийд очоод Чимгээгийн утсаар Алтан-Эрдэнэ рүү залгасан. Дараа нь А над руу 8-9 цагийн алдад залгаж архи ууя гээд ахмын буудал дээр очиход Алтан-Эрдэнэ архи уусан байдалтай 0.75 литрийн архитай ирсэн. Тэгээд бид 2 гадаа хүйтэн байсан болохоор 5-2-р байрны орцонд 11 цаг хүртэл архи уусан. Тэгээд би явах гэтэл тендерийн машин зогссон байсан. Тухайн үед би Алтан-Эрдэнэтэй маргалдаж куртикийг нь авч өөрийнхөө куртик малгайг Алтан-Эрдэнэд өгчихөөд явсан. Маргааш нь А куртикны халаасанд нь утас байсан гэдгийг Улаанбаатар хот руу явсан үедээ мэдсэн. А утас Улаанбаатар хотод миний цүнхтэй хувцсанд байгаа гэх мэдүүлэг,          .    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.У ын өгсөн: Манайх ноднин өвс ургаагүй учраас өвөлжөөндөө өвөлжих боломжгүй болж хойшоо “Шуунтаг” гэх газар буюу Б ын ард талаар очиж хашаа барьж тэнд өвөлжсөн. Тэр газар өвөлжихөд их цас орж үхрээ дагуулж Б ынхаас 700-800 метрийн зайд байдаг Батсайхан гэх айлд 1 дүгээр сард үхэр, хүүхэдтэйгээ хамт тэнд аваачсан. Тухайн үед би үхрээ байнгын хариулж хойд хундад нь хурааж байсан. Батбаяр, Б.Б нар нь өвлийн турш тэнд хамтдаа байсан. Батбаяр, Б.Б нар нь манай үхрийг мэдэхгүй гэж худлаа ярьж байгаа ба Б.Б манай үхрийг байнга харж байсан. Цагаан сарын дараа үхрээ ачиж уяж, гэр, машинаа хаячихаад би нэг удаа хонио тууж өвөлжөөндөө ирсэн. Тэгээд би хүүхэд, үхэр хоёроо тэр айлд байлгаж байгаад үхрээ тэр айлаас авчирахаар болсон. Тэгээд үхэр машин хоёроо авчирахаар болсон. Миний хувьд 22-24-ний хооронд Батбаяр, Б.Б нарыг 4 үхрийг хулгайлсан гэж үзэж байна. Би хүүхдээ үхрээ бөөгнүүлчихээд аавыгаа дуудаарай хоёулаа хамт тууж ирье гээд байж байтал 4 үхэр байхгүй болохоор нь Батсайхан гэх хүнээс морь авч 2 өдөр үхрээ ирсэн. Тэр үед би бодохдоо цастай байхад Батбаяр, Б.Б хоёроос өөр хулгайлах хүн байхгүй гэж бодож, Б ынд очиход хүн байхгүй байсан. Тэгээд би Б ын амбаарт нь юу байдаг талаар хүмүүсээс асуусан. Батбаяр, Б.Б нар нь сарын өмнө Б ын турж үхэх гэж байгаа бухыг алж 2 гуя хийж байсан байна лээ. Тэгээд би Б ынд очтол хүн байхгүй байсан ба амбаарын хаалгыг доогуур нь татаж харахад үхрийн шир харагдаж байсан. Тэгээд амбаарын хаалгыг нь татаж орсон. Харин тэдний цоожийг эвдэж орсон гэдэг нь худлаа буюу амбаарын хаалгыг татах үед никл төмөр нь наашаа орж тагандаа ороогүй байгаад онгойсон. Амбаарт нь ортол 4 үхрийг ширэнд боогоод тавьсан байсан. Би 4 үхрээ тэдний амбаараас үзээд доод талын айлын утаснаас цагдаад мэдэгдсэн. Гэхдээ үхрийн маань толгой нь олдоогүй. Миний хувьд өөрийн 4 үхрээ мэднэ. Б.Б нь өөрийн малыг нядалсан гэж худлаа ярьж байгаа. Учир нь 11 дүгээр сард тэр хавиар машин явж байсан ба 1-2 сарын хооронд машин явахгүй болсон. Шүүгдэгч Б.Б дандаа худлаа хэлж байгаа ба Батбаяр, Б.Б нар нь хамтдаа хулгай хийсэн гэж бодож байна. Манай нутгынхан Батбаяр, Б.Б нарыг хулгай хийдэг гэдгийг мэддэг учраас тэднийг ийш тийшээ явах тоолонд ирж явсныг нь мэддэг гэх мэдүүлэг,         

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Мөнхдөлийн өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос бараанд яваад ирж байсан. Манай хүүхдийн ангийн хүүхэд болох Үйлс /гэр нь манай дэлгүүрээс 6 метрийн зайтай байдаг ба цонх нь манай дэлгүүр рүү хардаг/ гэх хүүхэд “би айгаад байна” гэж эгч рүүгээ утсаар ярьсан байсан ба энэ талаар эгч нь манай эхнэр рүү ярьсан. Тэгээд дараа нь манай эхнэр над руу утасдаж дэлгүүрт хулгай орж байгаа талаар ярихад  нь би одоохон очлоо жижиг машинаа асааж бай гээд цагдаагийн алба хаагчийг машинаараа авчирсан. Тэгээд би манай дэлгүүрийн ард талын хашаанд байдаг Г  гэх дүү рүүгээ залгаж “ дэлгүүрт хулгай орж байна хараарай” гэж хэлсний дараагаар манай дүү өөрийнхөө гудамжны тэнд байж байтал 2 хүн өгсөж явж байсныг харж араас нь барьж авах гээд гүйтэл Б.Б зугтааж, харин нөгөө Батбаярыг нь дэгээдэж унагаасан гэсэн. Тэгээд Б ыг зутгаагаад явсны дараа түүнийг хайж айлын хашаанаас барьж авахад 0.75 литрийн “Шар Чингис” архийг талд нь ортол уусан байдалтай хашааны буланд суусан байхад нь барьж авсан. Төлөөлөгч хэргийн газрын үзлэг хийхэд дэлгүүр дотор архи уусан байсан. Гэрч хүүхэд бол “Болор архи, дарс ав” гэж хэлж байсан, харин эмэгтэй хүн байсныг мэдэхгүй байна гэж надад хэлж байсан. Манай камер 4 метр гаруй өндөрт байдаг ба оролтын камерийн утсыг угаар нь сүхээр тасалсан байсан. Манай дэлгүүр гаднаа 1, дотроо 2 камер тавьсан байсан. Төлөөлөгч нь манай хамар хашаа учраас Батбаяр, Б.Б нарыг би өөрөө барьж цагдаад авчирч өгсөн. Хэргийн газрын үзлэг хийх үед манай дэлгүүрийн худалдагч 610000 төгрөг алга болсон гэж хэлэхэд Анхбаяр гэх цагдаа миний машин дотрыг үзье гээд үзтэл запас дугуйны завсраар хойд суудлын доогуур хийсэн байсан. Шүүгдэгч Батбаяр, Б.Б нар нь манай дэлгүүрт хулгай хийх гэж орж архи согтууруулах ундааны зүйл уусан байсан. Харин шүүгдэгч Б.Б нь зугтааж түүнийг гудамны захын айлаас барьж авсан. Тухайн өдөр мотоциклийг нь олоогүй ба Батбаяр, Б.Б нарыг цагдаад аваачиж өгч, хэд хоногийн дараагаар мотоциклийг манай дэлгүүрийн хойд талын гудамны дунд байдаг эзэнгүй газраас олсон. Гомдол санал байхгүй. Хураагдсан архиа авсан ба 2-3 шил архи аваагүй. Мөн шүүгдэгч нар нь манай лангууны шилийг хагалсан боловч эдгээрийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,

                                                                                                     

1815000740046 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:  

Хохирогч Д.Цолмонгийн өгсөн: Манай гэр хөдөө байдаг бөгөөд сумын төвд манай байшин бас байдаг юм. Би хэрэг гарах үед хөдөө байсан бөгөөд манай төрсөн дүү Чимгээ 2018 оны 03 дугаар сарын 01-ний өглөө над руу утсаар яриад та байшиндаа ирж хоноо юу гэхээр нь үгүй гэсэн чинь тэгвэл танай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд өвгөн бид хоёр байшинд очиход манай байшингийн  цоожийг юмаар цохиж онгойлгосон бололтой эвдэж онгойлгоод орсон байсан. Манайх хоёр авдартай бөгөөд нэг цоожгүй авдраас хоёр шил ерөөл архи, нэг шил талын хар нэртэй архи нийт 3 шил архи байсныг авсан байсан. Цоожтой авдраас цоожийг нь эвдлээд дотор нь байсан миний ногоон өнгийн шинэ хүрмийг авсан байсан. Авдарны цоожийг эвдлээд хаалгыг нь сэтлээд муухай болгосон байсан. Манай гэрт архиа уусан юм шиг байсан гэх мэдүүлэг /хх -63-67 тал/,

Гэрч М.Нацагийн өгсөн: Би хөгшинийхөө хамт хөдөө гэртээ байж байтал манай эхнэрийн дүү Чимэгээ нь утсаар яриад танай байшин чинь онгорхой байна та хоёр хаана байгаа юм бэ гэж асуухад нь бид 2 хөдөө гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд хүн байхгүй байхад яагаад онгорхой байдаг билээ гээд бид хоёр сумын төв орсон. Тэгтэл байшинд хулгай орсон байсан. Тэгээд бид хоёр цагдаа дуудаад хамт гэртээ очсон. Тэгсэн манай байшингийн гадна хаалганы цоожийг хөшиж онгойлгоод орсон байсан. Дотор ортол манай жижиг сервант, авдар, шкаф, хөлдөөгч зэргийг онгойлгож ухсан байсан. Мөн миний 2016 онд “Алтан гадас” авахад маань сумын тамгийн газраас өгсөн хүндэтгэлийн жааз байсныг хагалж хаясан байсан. Гэр дотор байсан эд зүйлс эмх замбараагүй байдалтай байсан ба авдарт байсан 3-4 шил архи, манай эхнэрийн цагаан сараар хийлгэсэн ногоон өнгөтэй хүрэм алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-68-71 тал /,

Гэрч Д.Чимгээгийн өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 0930 цагт гэрээсээ гартал Цолмон эгчийн байшингийн хаалга нь онгорхой байхаар нь хүн ирчихсэн юм байх гэж бодоод яваад ортол гэрийнх нь эд хогшил нь замбараагүй байдалтай болж хулгай орсон байсан. Тэгээд Цолмон эгч рүү утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Гэрийнх нь хаалгыг эвдээгүй, цоожийг нь эвдэж орсон байсан гэ мэдүүлэг /хх-71-72 тал/,

Гэрч Ж.Г ын өгсөн: Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 09 цагт ажилдаа явсан. Тэгэхэд манай хажуу талын айлд хулгай орсныг мэдээгүй. Өдөр гэртээ ирээд эхнэрээсээ мэдсэн. Урьд нь шөнө нь бид хоёр эрт унтаж амарсан бөгөөд гадаа ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй гэх мэдүүлэг /хх-74-75 тал/,

Гэрч Б.Гантөгсийн өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумаас малын хулгай болон орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх М.Б , Г.Б  нарыг Эрүүгийн нохойн төлөөлөгч Ц.Батзаяа авчирсан. Тухайн үед Эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэд хурандаа М.Баяртогтох нь М.Б , Г.Б  нарыг шалгаж байсан ба М.Б , Г.Б  нар нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед Булган сумын төвд байрлах гэртээ харина гэж яваад маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ирээгүй оргон зайлсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймагт М.Б , Г.Б  нар нь байна гэх мэдээлэл авагдсаны дагуу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгаас Орхон аймаг руу явж М.Б , Г.Б  нарыг эрэн сурвалжилж “Цэцэгчин” гэх нэртэй баарнаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь дайчлан баривчилж Булган аймгийн Цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлэх, баривчлах байранд хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-76-77 тал/,

Хохирогч Э.Мөнхдөлийн өгсөн: Намайг Улаанбаатар хотоос бараагаа татаад сумын төв рүү явж байхад Г  гэдэг залуу над руу ярьж танай дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г ыг ахын дүү гялс гүйгээд очоодох гэсэн чинь за гэсэн. Тэгээд би сумын төв рүү ороод жижиг машинаа асаагаад яваад очиход Г  гэдэг залуу хулгай хийсэн хоёр залуугийн намхан залууг нь гудамжинд газар унагаагаад барьчихсан байсан ба нөгөө өндөр залуу нь зугатаагаад алга болсон байсан. Г  бид хоёр араас нь хайгаад гудамж тойроод айлын хашаа руу орсон байхад нь Б ыг олж барьж авсан. Тухайн үед шөнийн 01 цаг болж байсан. Тэгээд Г.Б гэдэг залуу дээр ирэхэд удалгүй цагдаа ирсэн. Батбаяр, Б.Б хоёр манай дэлгүүрийн цонхны хаалтыг эвдээд, цонхыг нь хагалаад цонхоор орж хулгай хийсэн байсан. Г.Б ,  Б.Б хоёрын өврөөс нь манай дэлгүүрээс авсан архи болон тамхи, бэлэн мөнгө гарч ирсэн. Тэгээд бөөнөөрөө цагдаагийн хэсэг дээр очсон. Тэр хоёр залуу нэлээн согтуу байсан, манай дэлгүүрт ороод 100 грамтай ерөөл архи 2 шилийг уугаад шилийг нь лангуун дээр тавьсан байсан. Манай дэлгүүрийн гадна цахилгааны утсыг таслаж камерыг ажиллагаагүй болгосон байсан. Тэр хоёр залуу манай дэлгүүрээс авсан архи, тамхи зэрэг зүйлүүдээ хуваагаад өвөрлөсөн байсан. Манай дэлгүүрээс хулгай хийхдээ хамт хийсэн гэж үзэж байна хамт явж байгаад Г ыг хараад Б.Б нь зугатаасан байсан. Дэлгүүр рүү орохдоо хоёулаа орсон эсэхийг мэдэхгүй байна, ямарч байсан хоёулаа хамт хулгай хийсэн гэдэг нь ойлгомжтой байсан. Мөн манай дэлгүүүрийн худалдагч хүүхэн Ууганцэцэгийн өөрийнх нь түрүүвчинд хийгээд лангуун доороо хийсэн байсан бэлэн 620000 төгрөгөөс 590000 төгрөгийг хулгайлсан байсан. Тэр хоёр залууг цагдаа дээр авч ирээд мөнгө авсан эсэхийг шалгахад мөнгө байхгүй байсан, тэгэхэд цагдаагийн машины суудлын хажуугаар хийсэн байсныг олж авсан. Ууганцэцэг өөрийнхөө мөнгийг эргүүлээд авсан. Би хулгайд алдсан зарим нэг архи, тамхиа хүлээж авсан одоо миний тооцоолсонооор 0,75 грамын Шар чингис архи 1 ширхэг, 0.75 грамын Соёрхол архи 1 ширхэг, Болор архи 1 ширхэг, Нобел дарс 1 ширхэг, 2 хайрцаг тамхи аваагүй. Эдгээр архи дарсыг яасан гэдгийг нь мэдэхгүй байна, энд тэнд хаяж нуусан байх гэж бодож байна. Мөн манай дэлгүүрийн лангууны шил, цонхны шил, цонхны тор, цахилгааны утас зэрэг зүйлүүдээ төлүүлж авмаар байна гэх мэдүүлэг /хх-79-83 тал/,

Гэрч Г.Ууганцэцэгийн өгсөн: Би тус дэлгүүрт худалдагч хийдэг бөгөөд 2018 оны 02-р сарын 28-ны орой 20 цагт дэлгүүрээ хааж явсан. Тэгээд гэртээ хариад байж байтал шөнө 00 цаг өнгөрч байхад надруу Ганаа эгч утсаар залгаад дэлгүүрт чинь хулгай орсон байна гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд гарахад Дарханаа, Г  2 ирчихсэн зогсож байсан. Тэгээд бид нар дэлгүүр дээрээ ирсэн чинь цонхыг нь хөшөөд хулгайч орсон байсан. Цагдаа ирж үзлэг хийгээд дэлгүүр дотор ороход хойд лангуун дээрээс архи, дарс, хөргөгчнөөс сүү, гоо сайхны лангуунаас 2 ширхэг савтай шампонь, тамхи зэрэг зүйлс авсан байсан. Мөн миний хүнд өгөх гэж байсан 610000 төгрөгийг бас авсан байсан. Намайг дэлгүүр хаахын өмнө гаднаас ээжийг нь Март гэдэг түүний хүү  Б / Бааяа,/ танихгүй намхан бор залуутай орж ирээд 0,75 грамын Ерөөл архи, 2 хайрцаг улаан вест тамхи, нэг давс, нэг асаагуур зэрэг зүйлийг аваад гарсан. Удалгүй түүнтэй хамт явсан намхан бор залуу нь орж ирээд 0,5 грамын Ерөөл архи 5 ширхэг түргэн исгэгч аваад гарсан. Тэгээд би дэлгүүрээ хаасан. ... Б.Б /Бааяа/-г урд нь шоронд орж байсан хулгай хийдэг гэж хүмүүсээс сонсож байсан. Тэгээд ч хамгийн сүүлд орж ирсэн. Мөн намайг дэлгүүрээ хааж байхыг мэдсэн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-88-89 тал/,

Гэрч Г.Урангоогийн өгсөн: Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өглөө ажилдаа иртэл манай дэлгүүрийн тог тасарч хөргөгчинд байсан зайрмаг гэсэж нялцайсан байсан. Тэгээд хажуугийн дэлгүүрт ортол урд шөнө манай дэлгүүрт хулгай орж тогийг маань тасласан байна чи тогоо шалгаарай гэхээр нь буцаж орж ирээд хартал гаднах тогны утсыг тасласан байсан. Дэлгүүрийн эзэн Наранчимэг рүү ярьж хэлтэл тэрээр ирж цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-90-91 тал/,

Гэрч М.Солонгийн өгсөн: Би 2018 оны 02-р сарын 28-ны шөнө Улаанбаатар хотоос Мөнхдөл ахтай дэлгүүрийн бараагаа авч ирээд бараа ачсан машинаа Мөнхдөл ах хашаан дотроо тавиад би хойшоо ахынхруугаа явсан. Манай нэг дэлгүүр голын арын хороонд байдаг юм. Нэр нь “Бүрэг Солонго” гэсэн дэлгүүр. Манай тэр дэлгүүрийн арын гудажинд нэг ахынх байдаг юм. Би тийшээ явж байгаад дэлгүүрийн хажуугаар гартал манай дэлгүүрийн хаалганы хажуугийн цонхны хамгаалалт төмрийг хөшөөд хулгай орсон юм шиг байсан. Тэгэхээр нь би шууд Мөнхдөл ахруу утсаар ярьж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан цагдаа ч ирсэн. Мөн нөгөө 2 хулгайч баригдсан гэх мэдүүлэг /хх-92-93 тал/,

Гэрч Ц.Г ын өгсөн: 2018 оны 02-р сарын 28-ны шөнө гэртээ унтаж байхад манай урд талд байдаг дэлгүүрийн Солонго эгч залгаад дэлгүүр ухаад байна гэнээ очоод үзээдэхээч гэхээр нь би босоод шууд яваад очиход Солонго дэлгүүрийн цонхыг хөшөөд цонхны шилийг нь хагалчихсан хулгай орсон шинжтэй байсан. Тэгэхээр нь дэлгүүрийн арын гудамжаар яваад үзсэн чинь хоёр залуу явж байсан бөгөөд өвөртөө дүүрэн архи хийсэн байсан би нэг залууг нь бариад авсан чинь нэг залуу нь зугатаачихсан. Тэр үед манай эгчийн хүүхэд Эрхэмбаяр гүйгээд ирсэн. Тэгээд би Эрхэмбаярт барьсан залуугаа харуулж үлдээгээд нөгөө зугтаасан залуугийн араас гүйгээд айлын хашаанд ороод нуугдсан байхад нь барьж авсан. Тэр үед миний араас Мөнхдөл ах Солонго эгчтэй хамт, эхэлж барьсан залууг аваад миний араас ирсэн юм. Удалгүй цагдаа нар ирээд нөгөө хоёр залуугийн өвөрт нь байсан архийг нь гаргаж үзээд хурааж аваад цагдаагийн хэсэг рүү авч явсан. Би тэр хоёр залууг ер нь танина Булган аймагт сурч байхад манай доод үед сурч байсан  Батбаяр,  Б.Б гэдэг хоёр залуу байсан. Г.Б нь ирэхдээ замдаа архинуудаа тараагаад хаячихсан байсныг бид нар олж авсан. Нийт 8-9 шил архи өврөөс нь гарч ирсэн санагдаж байна. Тэр үед шөний 01 цаг болж байсан байх нэлээн орой болсон байсан. Манай дүү Эрхэмбаяр надтай хамт амьдардаг юм манай гэр дэлгүүрийн арын гудамжинд байдаг юм гэх мэдүүлэг /хх-94-95 тал/,

Гэрч З.Оюунбилэгийн өгсөн: Манай гэр Солонго дэлгүүрийн арын гудамжны хоёр дахь айл байгаа юм. Мөнх-Үйлсийн гэр нь дэлгүүрийн зүүн урд талын үзүүрийн айл байгаа юм. Мөнх-Үйлс надад хэлэхдээ унтах гээд зурагт үзээд хэвтэж байсан чинь Солонго дэлгүүрт чимээ гараад байхаар нь цонхоороо харсан чинь хүмүүс дэлгүүр ухаж байсан гэсэн. Тэгээд хэсэг харж байгаад айгаад хэлж чадахгүй явсных нь дараа манайд гүйж ирж хэлж байна гэсэн. Мөнх-Үйлсийн байшингийн жижиг өрөөний арын цонхоор Солонго дэлгүүр харагддаг юм. Тэр цонхоороо хараад байсан юм шиг байсан. Мөнх-Үйлс тухайн үед ганцаараа байшиндаа байсан. Мөнх-Үйлс өөрөө 8-р ангийн сурагч бөгөөд аав, ээж нь хөдөө байдаг юм. Хэдэн хүн хулгай хийсэн талаар надад нарийн хэлээгүй. Манай араар согтуу хүмүүс яваад байсан тэр хүмүүс л хулгай хийсэн юм шиг байсан. ... Солонго дэлгүүрийг Мөнхдөл, Солонго эгч хоёр ажилуулдаг юм. Тухайн үед бараандаа яваад Улаанбаатар хотоос яг орж ирж байна гэж байсан. Би Солонго эгч рүү залгаж хулгай орсон талаар хэлсэн юм гэх мэдүүлэг /хх-96 тал/,

Гэрч М.Эрхэмбаярын өгсөн: Би Г  ахын гэрт хамт амьдардаг бөгөөд 2018 оны 02-р сарын 28-ны шөнө бид хоёр хоёулаа хонож байсан. Тэгтэл шөнө 01 цагийн үед Г  ах руу хүн утсаар яриад Г  ах хувцасаа өмсөөд намайг араас гүйгээд ирээрэй гэж хэлээд гараад гүйсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд араас нь гарахад гудамжинд Г  ах нэг хүн барьчихсан байсан тэгээд би гүйгээд очтол намайг барьж байгаарай гэж хэлээд цааш нь гүйсэн. Тэгээд удалгүй Солонго эгч Мөнхдөл ахтай хамт ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө Г  ахын араас очиход Г  ах бас нэг хүн бариад авчихсан айлын хашааны үүдэнд байж байсан. Тэр хоёр ах дэлгүүрээс хулгай хийсэн юм шиг байсан өвөртөө баахан архи хийсэн байсан. Удалгүй араас хэсгийн төлөөлөгч цагдаа нар ирээд тэр хоёр ахыг аваад явсан. ...Тэр хоёрыг хулгай хийж байгааг нь хараагүй манай урд талын Солонго дэргүүрийн цонхоор ороод архи хулгайлчихсан гэж байсан. Мөнх-Үйлс гэдэг манай найзынх Солонго дэлгүүрийн хажууд байдаг бөгөөд тэр шөнө хулгай хийж байгааг нь харсан гэсэн. Тэгээд айгаад хэлж чадаагүй гэж надад хэлсэн. Мөнх-Үйлсийн гэр нь хөдөө байдаг бөгөөд сумын төвд ганцаараа сургуульд сурч амьдардаг юм. Тэр шөнө ганцаараа байж байхдаа гадна чимээ гараад байхаар нь гараад харсан чинь хоёр хүн Солонго дэлгүүрийн цонхыг эвдлээд орж байхаар нь хажуухан талд байдаг ахынхаа гэрт гүйж очиж хэлсэн гэсэн. Тэр ахын эхнэр нь Солонго эгчид хэлсэн гэж надад хэлсэн. Тэр ах, эгч хоёрын нэрийг нь санахгүй байна эгчийг Омбого гэж дуудаад байдаг Оюунбилэг гэдэг санагдаж байна. Тэр хоёр ах хоёулаа дэлгүүр рүү орж хулгай хийсэн юм шиг байсан гэх мэдүүлэг /хх-97 тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.Мөнх-Үйлсийн өгсөн: 201/ оны 02 сард яг хэдэн гэдгийг сайн санахгүй байна. Намайг гэртээ зурагт үзээд хэвтэж байхад шөнө 00 цагийн үед манай гэрийн ард цонх хагараад юм танчигнах чимээ гарахаар нь цонхоор хартал Солонго дэлгүүрийн гадна 2 хүн зогсож байснаа машины гэрэл тусахад нуугдаад байсан. Тэгээд нэг нь дэлгүүрийн цонхоор орж нэг нь гадаа нь үлдэж ийм тийм юм ав, дээд талд байгаа архинаас ав гэж зааж өгөөд байсан. Тэгээд нөгөө хүн нь гарч ирээд авсан архинуудаа хувааж авч өвөртөө хийгээд дэлгүүрийн араар тойроод яваад өгсөн. Тэгэхээр нь би Оюунбилэг эгчид очиж хэлсэн. Тэдний арын гудамжинд явж байхад нь Г  ах барьж авсан гэх мэдүүлэг /хх-98-99 тал/,

Хохирогч Ж.У ын өгсөн: Би 2018 оны 02-р сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд 4 үхрээ хайгаад олоогүй. Уг манай үхэр байнгийн хариулгатай байдаг юм.  Манайх энэ үеэр “Шуугдаг гацаа” гэдэг газраас нүүгээд “Цахиур” гэх газарт нүүж очсон. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуучин өвөлжиж байсан газраасаа машинаа авах гээд үхэр харж байсан хүүхэд дээрээ очиж машинаа аваад сумын төв орж 50 боодол өвс авч ирэх гээд шөнө яваад сумын төвд хоноод маргааш нь ирсэн. Тэгээд гэртээ ирчихээд манай хүү Мэндбаяр хуучин байсан газраасаа үхрээ тууж ирнэ гээд явсан. Хүүгээ ирэхэд нь үхрээ тоолоод үзтэл хүрэн халзан соёолон үхэр, улаан халзан соёолон үхэр, улаан халзан хязаалан үхэр, хар хүрэн халзан хязаалан үхэр байхгүй байсан. Манай үхрүүд бүгд ижил имтэй. ...Манай үхрийг хар баяа буюу Б , түүнтэй хамт байсан залуу хоёрыг авсан гэж хардаж байна. Учир нь тэрээр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай адууг гэр рүүгээ туугаад явж байхад нь манай нутгийн залуу Агваандугар таарсан байсан. Тэр үед манай 4 тооны адуу алга болсон. Тэрээр манай малыг байнга шахуу харж, дурандаж хүнтэй байна уу, үгүй юу гэж харж байдаг. ...Б.Б нь миний алдсан 4 үхрийг арьсанд нь махыг нь боогоод  өвөлжөөнийхөө амаарт хийсэн байсан. Би гомдолтой байна үхрүүдээ төлүүлж авмаар байна гэх мэдүүлэг /хх-101-108 тал/,

Гэрч М.Булганбаярын өгсөн: Би 2018 оны 03-р сарын 06-ны өдөр Б.Б надруу яриад хөдөө амбаарт 4 үхрийн махыг арьсанд нь боогоод тависан байгаа та тэр үхрийн мах, арьсыг нь очиж аваад зараадах гэж хэлхээр нь би Орхон аймгаас таксигаар Улаанбаатар хот ороод тэндээсээ Заамар сумын Туулын гүүрэн дээр ирээд нөгөө очиж авах махыг худалдаж авах дэлгүүр байгаа талаар ганц нэг дэлгүүр орж асуучихаад явж байтал Чука ах таарсан. Тэгээд танд 20 литр түлш хийгээд өгье би хөдөө байдаг гэрээсээ мах авч ирэх гэсэн юм гээд дагуулаад 2-р багийн нутаг "Цахт" гэх газар руу хамт явсан. Тэр үед Чука ах ногоон өнгийн “Стано” маркийн машинтай явсан. Орой 17 цагийн үед гараад 19 цагийн үед хөдөө гэртээ ирсэн. Тэгээд би хонио харсан боловч байхгүй байсан болохоор нь шууд амбаарт орсон чинь 4 үхрийн махыг ширэнд нь боосон байсан. Тэгээд ширтэй нь гаргаад машинд ачих гэсэн чинь хаалгаар нь багтахгүй байсан болохоор нь нөгөө махыг нь ширнээс нь салгаад машин дотор ачиж авч явсан. Тэндээсээ гараад шууд Туулын гүүр рүү явсан. Тэгтэл Туулын гүүрэн дээр цагдаа зогсоогоод саатуулж шалгасан. Тэгээд маргааш нь Бүрэгхангай сумын цагдаагаас хүмүүс ирээд авч явсан гэх мэдүүлэг /хх-110-111 тал/,

Гэрч Б.Чүлтэмжамцын өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн заамар сумын Туулын гүүр гэх газарт түрээсийн байрандаа байж байхад 12 цагийн орчимд Бугалаа гэх залуу орж ирсэн. Тэгээд надад би мах зарах гэсэн юм та яваад ачаад авч ирээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би шатахуун яах юм бэ гэхэд Бугалаа буюу Булганбаяр нь та зохицуулчих аа. Би махаа зараад танд 20 литр түлшний мөнгө, 40000 төгрөг өгье гэсэн. Тэгээд тэнд идэшний адууны мах байгаа та нар махгүй байгаа юм байна ав гэсэн. Тэгээд хамт ажилладаг хүмүүсээ “Өл” гэх  газарт  хүргэж  өгчихөөд буцаж  ирээд  хоол  хийж  идчихээд  Булганбаярын гэр рүү 17 цагийн орчимд явсан. Тэгээд бид явж очоод шууд амбаарын гадаа зогсоод яваад ороход ширэнд нь боосон 4 ширхэг мах байсан. Тэгээд задлаад зөөж ачсан. Булганбаяр ойр орчимд байгаа малаа харчихаад буцаад Туулын гүүр явсан. Туулын гүүрэн дээр ирэхэд Цагдаа нар зогсоосон. Тэгээд бид нарыг сов яв гээд дагаад явсан. Манай эхнэр Ерөөлтмаа бууж үлдсэн. ... Тухайн үхрүүдийн толгой нь байгаагүй. 2 улаан, 1 хүрэн, 1 хар үхрийн шир байсан гэх мэдүүлэг /112-113 тал/,

Гэрч С.Ерөөлтмаагийн өгсөн: 2018 оны 03-р сарын 24-ний өдөр Төв аймгийн заамар сумын Туулын гүүрийн дэргэд байрлаж байхад манай нөхөр Чүлтэмжац надад Бугалаа гэх залуу намайг машинтайгаа хөдөө гэр рүүгээ яваад өгөөч гэрээсээ мах авч ирээд дэлгүүрт өгөх гэсэн юм гэж байна гэсэн. Тэгээд би хамт явж байгаа хүмүүсээ ажил дээр нь “Өл” гэх газарт багажтай нь буулгачихаад иргэж ирээд байрлаж байгаа газраа хоол хийж идчихээд манай нөхөр Чүлтэмц,  Бугалаатай хамт явсан нэг залуу бид 4 хамт өөрийнхөө Истана маркийн 84-49 ОРХ улсын дугаартай машинтайгаа Бүрэгхангай сумын нутагт байх Бугалаа гэх залуугийн гэр рүү явсан. Очоод бид нар Бугалаагийн гэр рүү ороогүй амбаарт нь ортол арьсанд нь боосон үхрийн махнууд байсан. Бугалаа надад та шуудай олоод махнуудаас ав гэсэн. Нөгөө арьсанд боосон махнуудыг тэр 3 ачсан. Тэгээд бид нар шууд Туулын гүүр явсан. Тэгээд гүүр орж байхад цагдаа нар ирээд би бууж үлдээд нөгөө гурвыг аваад сов явсан гэх мэдүүлэг /хх-114-115 тал/,

Гэрч О.Үүрийнхаяагийн өгсөн: 2018 оны 03-р сарын 22-ны өдөр Булган аймгийн төвөөс мал хайх ажлаар Байшинт гэх газраас гарсан. Тэгээд малаа хайгаад Орхон сумын Сээр, Шувуут, Холчийн хөндий, Эрдэнэ уул гэх газруудаар хайж яваад 2018 оны 03-р сарын 23-ны өдөр шатахуун дуусахаар нь Туулын гүүр орж шатахуун авахаар гүүр гартал Булганбаяр гүүрны тэнд байж байсан. Тэрээр хотоос ирсэн Бүрэгхангай явж мал дээрээ очно, манай дүү Б.Б 4 үхэр хийчихсэн байгаа тэрийг зарах гэсэн юм  гэсэн. Тэгээд бид 2 туулын гүүрны тэнд байдаг дэлгүүр орж эзнээс нь мах авах талаар асуухад дэлгүүрийн эзэн нь авна гэсэн. Тэгээд орой болчихсон байж байтал таньдаг 2 хүнтэй таараад дагаж яваад танихүй айлд очиж хоносон. Маргааш нь мах ачих унаа хайгаад явж байтал Булганбаяр танидаг хүнтэйгээ таарсан чинь тэр хүн надтай хамт ажиллаж байгаа хүн машинтай гэсэн тэгээд тэр хүмүүстэй нь таараад Булганбаяр 20 лирт түлш хийж өгье дээр нь 40000 төгрөг өгье гэсэн. Тэгэхэд нөгөө 2 хүн тэгье гээд ажилчидаа “Өл” гэх газар хүргэж өгөөд  Булганбаярын гэр рүү явсан. Бүрэгхангайн Бичигт гэх газарт очиж амбаар буюу воганчиг байсан тэр дотроос 4 ширэнд боосон үхрийн мах байсан. Тэр махнуудыг задлаад мөч мөчөөр нь гаргаж ачсан. Мөн 2 шихрэг ямааны мах, 2 үхрийн гэдэс, адууны идэж байсан мах байсныг ачсан. Тэгээд буцаад гүүр орж байхад урдаас цагаан машинтай 2 цагдаа ирээд бид нарыг дагуулаад Сов явсан. ... Тухайн 4 үхрийн арьсанд нэг, нэг үхрийн мах хийж боосон байсан. 2 улаан зүстэй, 1 нь хар, 1 нь халтар зүстэй 4 шир байсан. Үхрийн толгой шийр байгаагүй гэх мэдүүлэг /хх-116-118 тал/,

Гэрч Л.Баттөгөлдөрийн өгсөн: Би Б ыг танина манай багийн иргэн   байгаа юм. Б.Б нь Бүрэгхангай сумын 2-р баг Цахт багт оршин суудаг. Манай багт багаасаа амьдарч байгаа юм. Б ын ээж Дагвадорж овогтой Март гэж хүн байдаг, Б ын мал нь Март гуайн нэр дээр байдаг 2017 оны мал тооллогоор 15 адуу, 11 үхэр, 40 хонь, 52 ямаа нийт 118 толгой мал тоолуулсан байна. Энэ жил Б.Б хөдөө малаа маллаж өвөлжсөн бөгөөд Г.Б гэдэг залуутай хамт өвөлжсөн, гэртээ байхаас бараг байхгүй шахуу л байдаг тэр хавийн айлууд нь малыг нь хараад байх шиг байдаг. ... Б.Б хичнээн үхэр зарсан нядалсан талаар сайн мэдэхгүй байна. Мал тооллого 2017 оны 12-р сарын 07-10-ны хооронд явагдахад 11 үхэр тоолуулсан байна. Тэрнээс өмнө хичнээн үхэртэй байсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Б.Б 2017 оны намар 10 сараас хойш мал дээрээ байгаа Ууганбаяр ирж очоод яваад байх шиг байдаг. Булганбаяр Эрдэнэт рүү нүүгээд 2 жил гаран болж байгаа байх. Б , Г.Б хоёр хамт шахуу байгаад байх шиг байсан. ... Б ын ойр хавьд айлууд ер нь ховор  байдаг. У  2018 оны 2 сард 4 үхрээ алдсан талаараа надад хэлж байсан. У  өөрөө надад хэлж байсан, “Шуугдаг

Гацаа” гэдэг газраас “Цахиурт” гэдэг газар руу нүүгээд үхрээ эзэнгүй орхисон тэр хооронд 4 үхрээ алдчихлаа гэж надад хэлж байсан, ямар зүсмийн үхэр гэдгийг нь санахгүй байна. Тухайн үед тэмдэглэж авч байсан улаан халзан үхэр гэж байсан санагдаж байна. Б ын гэр нь У ын байсан газраас 5-6 км орчим зайтай газар байгаа, нүүгээд буусан газраас нь 20 км орчим байгаа байхаа. ...Б ын амбаарт 4 үхрийн махыг арьсанд нь боогоод тавьсан байсан. Тэр нь миний үхэр мөн байна гэж яриад байх шиг байсан. Яг мөн бишийг нь би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-119 тал/,

Гэрч Д.Мартын өгсөн: Би 3 хүүтэй бага нь Б.Б байгаа юм. Том хүү Ууганбаяр ажилгүй Эрдэнэтэд надтай  хамт байдаг, эхнэр хүүхэд нь Солонгос явсан. Дунд хүү Булганбаяр ажилгүй, уг нь хөдөө мал дээрээ байдаг байсан боловч энэ жил 2 хүүхэд нь цэцэрлэгт ороод эхнэр хүүхэдтэйгээ хамт Эрдэнэтэд амьдардаг. Манай мал Бүрэгхангай суманд хөдөө байдаг бөгөөд Б.Б хөдөө малаа харж байгаа. Манайх нийт мал 100 гаран, үхэр 20 гаран байгаа. Энэ жил манай малыг Б.Б 2017 оны 08 сараас хойш хариулж маллаж байгаа юм. Б.Б ганцаараа мал дээрээ байгаа бөгөөд Г.Б гэдэг Б ын найз нь хамт хөдөө байгаа юм шиг байсан. Г.Б ирж очоод яваад байдаг юм шиг байсан. Яг хэзээ очсон гэдгийг нь мэдэхгүй байна. ... Б ыг ямар хэрэгт холбогдсон талаар сайн мэдэхгүй байна. Цагдан хоригдож байгаа талаар мэдээд өнөөдөр хүүтэйгээ уулзлаа. Холбогдсон хэргийнхээ талаар яриагүй. Манайд 20 гаран үхэр байгаа байх. Тугалах 10-аад үхэр байгаа байх, эр үхэр шүдлэн гээд үхрүүд байгаа би зүс насыг нь сайн мэдэхгүй юмаа гэх мэдүүлэг /хх120-121 тал/,

Хохирогч Н.Алтан-Эрдэнийн өгсөн: Намайг гэрт  байж байхад  манай  танил  Г.Б  миний  утас  руу залгаад хороололын эцэст хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би хороололийн эцэст очиход ганцаараа байсан ба тэрээр Рашаант багт байдаг нэг айлд очно гээд хамт очиход хүн байхгүй байсан. Бид хоёр Бүрэнбүст багийн 5-2-р байранд нэг шил архи авч ороод хувааж уусан. Би нэлээн согтсон байсан бөгөөд Г.Б миний нүүр, толгой хэсэг рүү цохиж зодоод миний куртик, малгай, LG G-4 загварын гар утас зэрэг эд зүйлүүдийг аваад явсан. ...Би Батбаярийг 3-н жилийн өмнөөс таньж мэддэг болсон гэр нь хаана байдгийг мэдэхгүй. Миний нүд хөхөрсөн мөн толгой өвдөж байгаа би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-9-10 тал/,

Гэрч Г.Ганчимэгийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цагийг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан манай гэрт согтуу орж ирээд миний гар утсаар нэг хүнтэй ярьж байгаад аваад явсан. Тэгээд тэр өдөр манайд ирээгүй. Маргааш нь нөгөө утаснаас нь нэг эгч залгаад Г.Б хаана байна гээд надаас асуугаад хүүхдийн куртик дээрэмдээд аваад явсан байсан, хаана байгааг нь хэл гээд надаас асуугаад цагдаад өглөө шүү гээд байсан. Тэгэхээр нь би Г.Б гэх хүн манайд байхгүй миний утсаар ярьчихаад явсан гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй гэдгээ тухайн үед утсаар асуугаад байсан эгчид хэлсэн гэх мэдүүлэг /2 хх-12 тал/,

Гэрч Г.Б ын өгсөн: 2018 оны 01 сард байсан өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр Алтан-Эрдэнэ над руу өөрийнхөө дугаараас залгасан, харин би дугаарыг нь мартсан байна. Над руу ярихдаа ганц юм уух уу гэсэн, тэр үед би эхнэр Ганцэцэгийн гэрт байсан. Тэгээд Цагаанчулуут багийн Вансэмбэрүү дэлгүүрийн хажууд уулзаад гадаа архи уух гэхэд хүйтэн байсан учраас хоёулаа горд ороод орцонд архи аа ууя гэж ярилцсан. Тэгээд бид хоёр Мэнд-Амар худалдааны төвийн ар талын 9 давхар байранд ороод 0,5 грамын архи хувааж уусан. Би өөрийнхөө өмсөж явсан куртикийг томдоод байна солиж өмсөх үү гэтэл Алтан-Эрдэнэ зөвшөөрөөд солиж өмссөн. Тэгээд архиа ууж дуусаад би харихаар явсан, Алтан-Эрдэнэ ганцаараа орцонд үлдсэн. ...Алтан-Эрдэнийн өмсөж явсан улаан өнгийн малгайтай куртикны халаасанд гар утас нь байсан, тэр утсыг би халаасанд нь байсныг маргааш нь мэдсэн, мөн тухайн үед саарал өнгийн малгайгаа солин өмссөн гэх мэдүүлэг /2 хх-13 тал/,

Гэрч Ч.Буянтогтохын өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Алтан-Эрдэнэ утсаар ярьж байгаад гараад явсан. Тэгээд гэртээ шөнө 02 цагийн үед гаднаас орж ирэхдээ хүнд зодуулчихсан орж ирсэн. Зүүн билүү баруун талын хөмсөг нь задраад цус гарсан харагдсан, өөр ямар гэмтэл байсныг нь санахгүй байна. Дээгүүрээ фудболкатай байсан санагдаж байна. Би Алтан-Эрдэнэд шинээр куртка авч өгсөн байсан ба тэр куртка яасан гэж асуусан чинь хүнд зодуулаад тэр хүн авсан гэж хэлсэн. Тэгээд хэнд зодуулсан талаар асуухад эхлээд хэлэхгүй байснаа сүүлдээ Г.Б намайг зодоод куртка аваад явсан гэж надад хэлсэн. Тэгээд би нүцгэн ирсэн юм уу гэхэд Батбаярын гээд нэг куртка өмсөж ирсэн байсан ба гэрийн гадаа тайлаад тэгээд гэртээ орж ирсэн байсан. Одоо тэр куртка нь байж л байгаа, саарал өнгийн куртка байсан. Тэгээд би хүү Алтан-Эрдэнээс асууж байгаад Батбаярын дугаар руу залгаад ярьсан чи хаана байна яагаад хүүхдийн гар утас, куртка, малгай авсан юм бэ гэхэд би одоо юмыг нь аваад яваад очлоо гэж хэлсэн. Тэгээд ирэх юм байх гэж бодоод хүлээж байсан чинь утас нь холбогдохоо болиод алга болсон. Би Г.Б гэх залуугийн эхнэрийн дугаар гээд нэг дугаар руу залгаад Г.Б манай хүүхдийг зодоод гар утас, куртка, малгай зэрэг эд зүйлийг нь аваад явсан байна гэж хэлэхэд эхнэрийнх нь дүү нь гэж нэг эмэгтэй утсыг нь авч манайд нэг удаа ирээд явсан манай гэрт байхгүй байгаа, би мэдэхгүй гэж хэлж байсан. … Би Алтан-Эрдэнэд 2017 оны 12 сарын сүүлээр Улаанбаатар хотоос шинээр 280000 төгрөгөөр  куртка авч  өгсөн ба  улаан өнгийн малгайтай, гарын хоёр талаар хар эмжээртэй куртка байсан. Харин тэр гар утсыг нь бол би барьдаг байсан, тухайн үед манай хүү барьж ашиглаж байсан гэх мэдүүлэг /2 хх-16-17 тал/,

Б.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг: Би Булган аймгийн Бүрэгхангай сумын 2-р багт ээжийн хамт амьдардаг бөгөөд одоохондоо ганцаараа амьдарч байгаа. Манайх 140 гаран бог мал 10 гаран үхэр малладаг. Г.Б гэдэг манай найз манайд ирээд бид хоёр хамт амьдарч байгаа юм. 2018 оны 02-р сарын 27-ны өдөр Бүрэгхангай сумын төв орж давс, тамхи ойр зуурын хэрэглээний зүйлээ цуглуулах гэж сумын төв орсон юм. Би хөдөөнөөс 2 ширхэг ямааны арьстай ирсэн бөгөөд арьсаа зарж 45000 төгрөг болгоод тэр мөнгөөрөө Солонго гэдэг дэлгүүрээс 0.5, 0.75 грамын 2 шил архи авч дэлгүүрийн харалдаа гудамжны үзүүрт байшингийн хундааман дээр сууж уусан. Тухайн үед 22 цаг болж байсан байх нэлээн орой болсон байсан. Тэгээд бид 2 нэлээн согтсон бөгөөд мотоциклио унаж чадахааргүй болоод хонох шаардлагатай болсон. Сумын төв дээр таних айл гэвэл Батбаярын он жав Доогий гэж дууддаг залуу байдаг. Тэднийд очих гэж гэрийг нь хайж яваад  нэг хашаа руу орсон чинь эзэнгүй байшин байсан. Тэгэхээр нь тэр байшин руу орох гэхэд цоожтой байсан. Г.Б татсан чинь онгойчихоор нь тэр байшин руу орсон чинь дээр сервантан дээр нь 0.5 грамын шилтэй архи байхаар би авч гараад мотоциль байгаа газар дээрээ очиж уусан. Тэгээд би тасраад унтаад өгсөн байсан. Хэсэг унтаад даараад сэрсэн чинь Г.Б байхгүй байсан. Тэгэхээр нь босоод баруун тийш алхаж байсан чинь Г.Б өөдөөс хүрээд ирсэн. Тэгээд миний өвөр рүү архи хийгээд байсан удалгүй цагдаа ирээд бид хоёрыг бариад авсан.  Бид хоёр хөдөөнөөс ирэхдээ хулгай хийнэ гэсэн санаа зорилготой ирээгүй. Архи уугаад согтсон бөгөөд хонох газар байхгүй болоод Батбаярын он жав Доогий гээд байдаг залуугийн гэрийг олж хонохуу гэж ярьж байсан. Би Доогийгийн гэрийг мэднэ бид хоёр андуураад нэг айлын хашаа руу ороод байшин нь цоожтой байхаар нь цоожийг нь татсан чинь онгойчихсон. Тэгээд тэр айл руу орсон юм. Авдар сав онгойлгосон асуудал байхгүй. Би  зарим  нэг үйлдлээ сайн санахгүй байна. ...Би мотоциклийнхоо хажууд ирээд тасарсаны дараа Г.Б яваад дэлгүүрээс хулгай хийсэн байсан. Г.Б юу хулгай хийсэн талаар мэдэхгүй, миний өвөр рүү архи хийгээд байсан. Маргааш өглөө нь хулгай хийсэн гэдгийг нь мэдсэн. 8 шил архи, бэлэн 590000 төгрөг хулгай хийсэн байсан. Надад ямар нэг хулгай хийсэн асуудал байхгүй. Г.Б дэлгүүрийн цонхоор орж хулгай хийсэн гэж байсан. Бид  хоёр  хулгай  хийх талаар хоорондоо  ярьж  байгаагүй  ойр  зуурын юм цуглуулах гэж сумын төв орсон юм. Г.Б хулгай хийсэн архи, мөнгөө эзэнд нь буцаагаад өгсөн. Айлаас авсан архиа уучихсан. Талын хар гэдэг архи байсан. Би Батбаяртай хамт хулгай хийсэн асуудал байхгүй. Би мотоциклийн хажууд тасраад унтаад өгсөн байхад Г.Б ганцаараа яваад хулгай хийчихсэн байсан. Би нэг сэргээд алхаж явахад миний өөдөөс хүрээд ирсэн өвөртөө 7-8 шил архи хийсэн байсан ба миний өвөр рүү архи хийгээд байсан. Дэлгүүр нь миний мотоцикль байсан газраас урд талын гудамжны нөгөө захад байдаг юм. Хоорондоо нэг гудамны зайтай байдаг юм. Би сэрэхэд Г.Б байхгүй байхаар нь гайхаад хаачсан юм болоо гээд босоод гудам руу ороод явж байхад надтай таарсан юм тэгэхэд хулгай хийсэн юм байна гэж ойлгосон. ...Г.Б  ногоон өнгийн хантааз өмссөн  байсныг дараа нь анзаарч мэдсэн гэх мэдүүлэг /хх-160-165 тал/,

Г.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг: Би Булган аймгийн Булган суманд төрсөн, ам бүл 4-үүлээ амьдардаг. Аав, ээж хоёр Өмнөговь аймгийн Тэгшт Палант нэртэй уурхайд ажилладаг. Манай гэр Булган аймгийн Булган сумын төв 36-14-14 тоотод байдаг. Би Улаанбаатар хотод байж байгаад 2018 оны 02 сард Бүрэгхангай суманд байдаг найз Б ын гэрт нь очсон. Тэгээд бид хоёр 2018 оны 02 сарын 27-ны өдөр 17 цагийн үед Б ын ахын Даюун маркийн мотоцикльтой Бүрэгхангай сумын төв рүү орж дэлгүүрээс 2 шил 0.5, 075 лиртийн ерөөл нэртэй архи аваад гадаа уусан. Манай цэргийн он жав Доржпүрэв гэдэг залуу Бүрэгхангай сумын төв дээр байдаг бөгөөд тэднийд очих санаатай гэрийг нь сайн мэдэхгүй нэг хашаа руу орсон чинь байшин байсан. Тэгээд хаалга нь цоожтой байхаар нь татсан чинь онгойчихсон. Бид хоёр тэр айл руу орсон чинь хүн байхгүй, гал тогооны ширээн дээр нь талын хар гэдэг нэртэй хар шилтэй архи байхаар нь авч гараад архи уусан газартаа очиж хувааж уугаад нэлээн согтсон бөгөөд Б.Б мотоциклийнхоо хажууд унтаад өгсөн. Би эргэж нөгөө айлынхаа хашаа руу ороод амбаарынх нь хажууд байсан сүхийг аваад хажуухан талд нь байсан Солонго гэдэг дэлгүүрийн цонхны хаалтыг нь сүхээр эвдээд цонхыг нь хагалж ороод лангуун дээр байсан 8 шил архийг авч өвөртлөөд, лангууны доор цаасан хайрцагтай байсан гялгар уутанд боосон байсан боодолтой мөнгийг аваад эргэж цонхоороо гараад Б.Б дээр очих гээд явж байтал Б.Б өөдөөс явган хүрээд ирсэн. Тэгээд Б ад 4-5 шил архи өгөөд бид хоёр мотоцикль дээрээ очих гэж явж байгаад цагдаад баригдсан. ...Би Б ыг сургуульд байхын танина сургуульд байхад манай нөгөө ангид сурдаг байсан найзууд байгаа юм. Би хааяа Б ын гэрт нь очдог юм. Бид хоёр хөдөө хоёулахнаа байгаа бөгөөд сумын төвөөс 30 гаран км зайтай байдаг. Бид хоёр хөдөөнөөс сумын төв рүү орж давс, тамхи авах гэж орсон юм. Хөдөөнөөс 2 ширхэг ямааны арьстай ирээд арьс нэхий авдаг айлд 45000 төгрөгөөр өгөөд тэр мөнгөөрөө Солонго дэлгүүрээс архи авч уусан. Архи уусан халуундаа хулгай хийсэн юм. Миний авсан архинууд ямар ч байсан 8 шил архи байсан, мөнгийг нь тоолж үзээгүй болохоор хэдэн төгрөг байсныг нь сайн мэдэхгүй байна. Хохирогчийн хэлсэнээр 590000 төгрөг байсан гэж байсан. Тэр багцаа мөнгө байсан байх. Айлаас авсан архи нь 0,5 грамын талын хятад архи байсан. Сүх нь модон иштэй түлээний сүх байсан. Б.Б эхний айл руу ороход надтай хамт орсон ба дэлгүүр рүү би ганцаараа орсон. Намайг хулгай хийсэн гэдгийг Б.Б мэдээгүй байж байгаад цагдаад баригдах үед хулгай хийсэн гэдгийг мэдсэн. Бид хоёр хулгай хийх талаар хоорондоо ярьж байгаагүй. Б ыг унтаад байхаар нь дэлгүүр рүү ганцаараа орчихсон юм.  Би дэлгүүрээс архи авч уух гэж хулгай хийсэн, тэгээд бэлэн мөнгө байсан болохоор авчихсан юм. Б.Б энэ хэрэгт хамаагүй гэж бодож байна. …Айлд ороод авдрыг нь уудалж үзээд юм байхгүй болохоор нь гарах гэхэд үүдэнд өлгүүрэн дээр ногоон өнгийн хантааз өлгөөтэй байхаар нь би тэр хантаазыг аваад өмссөн гэх мэдүүлэг /хх-167-173 тал/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №2 тоот дүгнэлтээр Д.Цолмонгийн хулгайд алдсан эд зүйлийг 114000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-124 тал/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №3 тоот дүгнэлтээр Ж.У ын хулгайд алдсан эд зүйлийг 3600000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-132 тал/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №1 тоот дүгнэлтээр Ж.Мөнхдөлийн хулгайд алдсан эд зүйлийг 395700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-147 тал/,  

“Бан Хас” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №2018/Э-0057 тоот дүгнэлтээр хохирогч Н.Алтан-Эрдэнийн дээрэмдүүлсэн эд зүйлийг 215000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2 хх-19-20 тал/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /хх- 4-5, 7-8, 10-11, 2хх-1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6, 2хх-6 тал/,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-42 тал/, эд мөрийн баримт хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-50 тал/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-51 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-52-55 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-179-180, 197, 205, 2хх-39-41 тал/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-182-188, 206-222 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-231-235, 2хх-43 тал/, бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б , Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багт байрлах “Бүрэгсолонго” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж 395700 төгрөг, Г. Ууганцэцэгт 610000 төгрөгийн хохирол, мөн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг 5 дугаар гудамжны 5 тоотод байрлах иргэн Д.Цолмонгийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 114000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багт оршин суух иргэн Ж.У ын 4 тооны үхрийг хулгайлан авч 3600000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-2 байрны орцонд иргэн Н.Алтан-Эрдэнэд хүч хэрэглэн эд зүйлсийг нь дээрэмдэн 215000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.   

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг заан мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч М.Нацаг, Д.Чимгээ, Ж.Г , Б.Гантөгс, Э.Мөнхдөл, Г.Ууганцэцэг, Г.Урангоо, М.Солонго, Ц.Г , З.Оюунбилэг, М.Эрхэмбаяр, Г.Мөнх-Үйлс, М.Булганбаяр, Б.Чүлтэмжамц, С.Ерөөлтмаа, Ү. Үүрийнхая, Л.Баттөгөлдөр, Д.Март, Г.Ганчимэг, Ч.Буянтогтох нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №1, 2, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №3, “Бан Хас” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №2018/Э-0057 тоот эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохиролын зарим хэсгийг биет байдлаар буцаан төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.    

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

   Шүүгдэгч Б.Б нь  Г.Б тай бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багт байрлах “Бүрэг-Солонго” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, шүүгдэгч Г.Б  нь дэлгүүрээс эд зүйл авахдаа ганцаараа орсон Г.Б ын оролцоо байхгүй,  шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багт оршин суух иргэн Ж.У ын 4 тооны үхрийг хулгайлаагүй гэж мөрдөн байцаацаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлзжээ.

Дээрхи хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б , Г.Б  нар нь бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багт байрлах “Бүрэг-Солонго” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.У ын 4 тооны үхэр хулгайлсан болох нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заан мэдүүлсэн хохирогч Э.Мөнхдөлийн өгсөн: Намайг Улаанбаатар хотоос бараагаа татаад сумын төв рүү явж байхад Г  гэдэг залуу над руу ярьж танай дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би сумын төв рүү ороод жижиг машинаа асаагаад яваад очиход Г  гэдэг залуу хулгай хийсэн хоёр залуугийн намхан залууг нь гудамжинд газар унагаагаад барьчихсан  нөгөө өндөр залуу нь зугатаагаад алга болсон байсан. Г  бид хоёр араас нь хайгаад гудамж тойроод айлын хашаа руу орсон байхад нь Б ыг олж барьж авсан. Батбаяр, Б.Б хоёр манай дэлгүүрийн цонхны хаалтыг эвдээд, цонхыг нь хагалаад цонхоор орж хулгай хийсэн байсан. Г.Б , Б.Б хоёрын өврөөс нь манай дэлгүүрээс авсан архи болон тамхи, бэлэн мөнгө гарч ирсэн. Тэгээд бөөнөөрөө цагдаагийн хэсэг дээр очсон. Манай дэлгүүрийн гадна цахилгааны утсыг таслаж камерыг ажиллагаагүй болгосон байсан. Тэр хоёр залуу манай дэлгүүрээс авсан архи, тамхи зэрэг зүйлүүдээ хуваагаад өвөрлөсөн байсан. Мөн манай дэлгүүүрийн худалдагч хүүхэн Ууганцэцэгийн өөрийнх нь түрүүвчинд хийгээд лангуун доороо хийсэн байсан бэлэн 610000  төгрөгийг хулгайлсан байсан. Тэр хоёр залууг цагдаа дээр авч ирээд мөнгө авсан эсэхийг шалгахад мөнгө байхгүй байсан, тэгэхэд цагдаагийн машины суудлын хажуугаар хийсэн байсныг олж авсан. Ууганцэцэг өөрийнхөө мөнгийг эргүүлээд авсан. Би хулгайд алдсан зарим нэг архи, тамхиа хүлээж авсан одоо миний тооцоолсонооор 0,75 грамын Шар чингис архи 1 ширхэг, 0.75 грамын Соёрхол архи 1 ширхэг, Болор архи 1 ширхэг, Нобел дарс 1 ширхэг, 2 хайрцаг тамхи аваагүй нэхэмжлэхгүй  гэх мэдүүлэг /хх-79-83 тал/,

хохирогч Г.Ууганцэцэгийн өгсөн:  Намайг дэлгүүр хаахын өмнө гаднаас ээжийг нь Март гэдэг түүний хүү  Б.Б / Бааяа,/ танихгүй намхан бор залуутай орж ирээд 0,75 грамын Ерөөл архи, 2 хайрцаг улаан вест тамхи, нэг давс, нэг асаагуур зэрэг зүйлийг аваад гарсан. Удалгүй түүнтэй хамт явсан намхан бор залуу нь орж ирээд 0,5 грамын Ерөөл архи 5 ширхэг түргэн исгэгч аваад гарсаны дараа.   2018 оны 02-р сарын 28-ны орой 20 цагт дэлгүүрээ хааж явсан.  Гэртээ хариад байж байтал шөнө 00 цаг өнгөрч байхад надруу Ганаа эгч утсаар залгаад дэлгүүрт чинь хулгай орсон байна гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд гарахад Дарханаа, Г  2 ирчихсэн зогсож байсан. Тэгээд бид нар дэлгүүр дээрээ ирсэн чинь цонхыг нь хөшөөд хулгайч орсон байсан. Цагдаа ирж үзлэг хийгээд дэлгүүр дотор ороход хойд лангуун дээрээс архи, дарс, хөргөгчнөөс сүү, гоо сайхны лангуунаас 2 ширхэг савтай шампонь, тамхи зэрэг зүйлс авсан байсан. Мөн миний хүнд өгөх гэж байсан 610000 төгрөгийг бас авсан байсан. Намайг дэлгүүрээ хааж байхыг мэдсэн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-87-88 тал/,

 гэрч Ц.Г ын өгсөн: 2018 оны 02-р сарын 28-ны шөнө гэртээ унтаж байхад манай урд талд байдаг дэлгүүрийн Солонго эгч залгаад дэлгүүр ухаад байна гэнээ очоод үзээдэхээч гэхээр нь би босоод шууд яваад очиход Солонго дэлгүүрийн цонхыг хөшөөд цонхны шилийг нь хагалчихсан хулгай орсон шинжтэй байсан. Тэгэхээр нь дэлгүүрийн арын гудамжаар яваад үзсэн чинь хоёр залуу явж байсан бөгөөд өвөртөө дүүрэн архи хийсэн байсан би нэг залууг нь бариад авсан чинь нэг залуу нь зугатаачихсан. Тэр үед манай эгчийн хүүхэд Эрхэмбаяр гүйгээд ирсэн. Тэгээд би Эрхэмбаярт барьсан залуугаа харуулж үлдээгээд нөгөө зугтаасан залуугийн араас гүйгээд айлын хашаанд ороод нуугдсан байхад нь барьж авсан. Удалгүй цагдаа нар ирээд нөгөө хоёр залуугийн өвөрт нь байсан архийг нь гаргаж үзээд хурааж аваад цагдаагийн хэсэг рүү авч явсан.   Г.Б нь ирэхдээ замдаа архинуудаа тараагаад хаячихсан байсныг бид нар олж авсан. Нийт 8-9 шил архи өврөөс нь гарч ирсэн. гэх мэдүүлэг /хх-94-95 тал/,

гэрч З.Оюунбилэгийн өгсөн: Манай гэр Солонго дэлгүүрийн арын гудамжны хоёр дахь айл, Мөнх-Үйлсийн гэр нь дэлгүүрийн зүүн урд талын үзүүрийн айл байгаа юм. Мөнх-Үйлс надад хэлэхдээ унтах гээд зурагт үзээд хэвтэж байсан чинь Солонго дэлгүүрт чимээ гараад байхаар нь цонхоороо харсан чинь хүмүүс дэлгүүр ухаж байсан гэсэн. Тэгээд хэсэг харж байгаад айгаад хэлж чадахгүй явсных нь дараа манайд гүйж ирж хэлж байна гэсэн гэх мэдүүлэг /хх-96 тал/,

насанд хүрээгүй гэрч Г.Мөнх-Үйлсийн өгсөн: 2018 оны 02 сард яг хэдэн гэдгийг сайн санахгүй байна. Намайг гэртээ зурагт үзээд хэвтэж байхад шөнө 00 цагийн үед манай гэрийн ард цонх хагараад юм тачигнах чимээ гарахаар нь цонхоор хартал Солонго дэлгүүрийн гадна 2 хүн зогсож байснаа машины гэрэл тусахад нуугдаад байсан. Тэгээд нэг нь дэлгүүрийн цонхоор орж нэг нь гадаа нь үлдэж ийм тийм юм ав, дээд талд байгаа архинаас ав гэж зааж өгөөд байсан. Тэгээд нөгөө хүн нь гарч ирээд авсан архинуудаа хувааж авч өвөртөө хийгээд дэлгүүрийн араар тойроод яваад өгсөн. Тэгэхээр нь би Оюунбилэг эгчид очиж хэлсэн. Тэдний арын гудамжинд явж байхад нь Г  ах барьж авсан гэх мэдүүлэг /хх-98-99 тал/,

хохирогч Ж.У ын өгсөн: Би 2018 оны 02-р сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд 4 үхрээ хайгаад олоогүй. Уг манай үхэр байнгийн хариулгатай байдаг юм.  Манайх энэ үеэр “Шуугдаг гацаа” гэдэг газраас нүүгээд “Цахиур” гэх газарт нүүж очсон. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуучин өвөлжиж байсан газраасаа машинаа авах гээд үхэр харж байсан хүүхэд дээрээ очиж машинаа аваад сумын төв орж 50 боодол өвс авч ирэх гээд шөнө яваад сумын төвд хоноод маргааш нь ирсэн. Тэгээд гэртээ ирчихээд манай хүү Мэндбаяр хуучин байсан газраасаа үхрээ тууж ирнэ гээд явсан. Хүүгээ ирэхэд нь үхрээ тоолоод үзтэл хүрэн халзан соёолон үхэр, улаан халзан соёолон үхэр, улаан халзан хязаалан үхэр, хар хүрэн халзан хязаалан үхэр байхгүй байсан. Манай үхрүүд бүгд ижил имтэй. ...Манай үхрийг хар баяа буюу Б , түүнтэй хамт байсан залуу хоёрыг авсан гэж хардаж байна...Б.Б нь миний алдсан 4 үхрийг арьсанд нь махыг нь боогоод  өвөлжөөнийхөө амаарт хийсэн байсан. Би гомдолтой байна үхрүүдээ төлүүлж авмаар байна гэх мэдүүлэг /хх-101-108 тал/,

гэрч М.Булганбаярын өгсөн: Би 2018 оны 03-р сарын 06-ны өдөр Б.Б надруу яриад хөдөө амбаарт 4 үхрийн махыг арьсанд нь боогоод тависан байгаа та тэр үхрийн мах, арьсыг нь очиж аваад зараадах гэж хэлэхээр махыг нь ширнээс нь салгаад машинд  ачиж авч яваад “Туулын” гүүрэн дээр цагдаа зогсоогоод саатуулж шалгасан. гэх мэдүүлэг /хх-110-111 тал/,

гэрч Б.Чүлтэмжамц, С.Ерөөлтмаа нарын өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн заамар сумын Туулын гүүр гэх газарт түрээсийн байрандаа байж байхад Бугалаа гэх залуу орж ирээд мах зарах гэсэн юм та яваад өгөөч гэхээр нь шатахуун яах юм бэ гэхэд  та зохицуулчих аа. Би махаа зараад танд 20 литр түлшний мөнгө, 40000 төгрөг өгье гэсэн. Тэгээд тэнд идэшний адууны мах байгаа та нар махгүй байгаа юм байна ав гэсэн. Тэгээд хамт ажилладаг хүмүүсээ “Өл” гэх  газарт  хүргэж  өгчихөөд буцаж  ирээд  хоол  хийж  идчихээд  Булганбаярын гэр рүү 17 цагийн орчимд явсан. Тэгээд бид явж очоод шууд амбаарын гадаа зогсоод яваад ороход ширэнд нь боосон 4 ширхэг мах байсан. Тэгээд задлаад зөөж ачсан. ... Тухайн үхрүүдийн толгой нь байгаагүй. 2 улаан, 1 хүрэн, 1 хар үхрийн шир байсан гэх мэдүүлэг /112-113-115 тал/,

гэрч О.Үүрийнхаяагийн өгсөн: 2018 оны 03-р сарын 23-ны өдөр шатахуун дуусахаар нь Туулын гүүр орж шатахуун авахаар гүүр гартал Булганбаяр гүүрны тэнд байж байсан. Тэрээр хотоос ирсэн Бүрэгхангай явж мал дээрээ очно, манай дүү Б.Б 4 үхэр хийчихсэн байгаа тэрийг зарах гэсэн юм  гэсэн. Тэгээд бид 2 туулын гүүрны тэнд байдаг дэлгүүр орж эзнээс нь мах авах талаар асуухад дэлгүүрийн эзэн нь авна гэсэн. Маргааш нь мах ачих унаа хайгаад явж байтал Булганбаярын таньдаг хүн таарч  20 лирт түлш, 40000 төгрөг өгье гэж тохиролцсон. Бүрэгхангайн Бичигт гэх газарт очиж амбаар буюу воганчиг байсан тэр дотроос 4 ширэнд боосон үхрийн мах байсан. Тэр махнуудыг задлаад мөч мөчөөр нь гаргаж ачсан. Мөн 2 шихрэг ямааны мах, 2 үхрийн гэдэс, адууны идэж байсан мах байсныг ачсан. Тэгээд буцаад гүүр орж байхад урдаас цагаан машинтай 2 цагдаа ирээд бид нарыг дагуулаад Сов явсан. ... Тухайн 4 үхрийн арьсанд нэг, нэг үхрийн мах хийж боосон байсан. 2 улаан зүстэй, 1 нь хар, 1 нь халтар зүстэй 4 шир байсан. Үхрийн толгой шийр байгаагүй гэх мэдүүлэг/хх-116-118 тал/,

гэрч Д.Мартын өгсөн: Манай мал Бүрэгхангай суманд хөдөө байдаг бөгөөд Б.Б 2017 оны 08 сараас хойш хариулж маллаж байгаа  нийт мал 100 гаран, үхэр 20 гаран байгаагаас тугалах 10-аад үхэр байгаа байх, эр үхэр, шүдлэн гээд үхрүүд байгаа би зүс насыг нь сайн мэдэхгүй юмаа гэх мэдүүлэг /хх 120-121 тал/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Б ыг бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Г.Б ыг ганцаараа болон бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б , Г.Б т нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цолмонд 114000 төгрөг, Ж.Мөнхдөлд 395700 төгрөг, Г.Ууганцэцэгт 610000 төгрөг, Ж.У т 3600000 төгрөг, Н.Алтан-Эрдэнэд 215000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Д.Цолмонд хүрэмийг биет байдлаар, хохирогч Г.Ууганцэцэгт 610000 төгрөгийг, хохирогч Ж.Мөнхдөлд эд зүйлийн зарим хэсгийг биет байдлаар тус тус буцааж өгсөн байх ба хохирогч Ж.Мөнхдөл нь үлдэх эд зүйлийн хохирлыг нэхэмжлэхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул хохирлоос хасч тооцон шүүгдэгч Б.Б аас 3619500 төгрөг гаргуулж хохирогч Д.Цолмонд 19500 төгрөг, Ж.У т 3600000 төгрөг, шүүгдэгч Г.Б аас 234500 төгрөг гаргуулж хохирогч Д.Цолмонд 19500 төгрөг, Н.Алтан-Эрдэнэд 215000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б , Б.Б нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогдоогдоогүйг дурдаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ялыг оногдуулах нь зүйтэй байна.    

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Б ын цагдан хоригдсон 105 хоног, шүүгдэгч Б.Б ын цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан 90 см урттай төмөр лоом 1 ширхэг, 40 см урттай модон иштэй, 13x1см хэмжээтэй, төмөр толгой бүхий хэсэгтэй сүх 1 ширхэг, никль өнгөтэй хятад цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, таньж олуулах ажиллагааы явцад хийсэн бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

              ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б.Б ыг бүлэглэн удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг,

шүүгдэгч Г.Б ыг бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих,

шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б ыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил, 2 /хоёр/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ад оногдуулсан 5 /тав/ жил, 2 /хоёр/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ял, Г.Б т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын 105 /нэг зуун тав/ хоног, Г.Б ын 105 /нэг зуун тав/ хоног цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Б аас 3619500 /гурван сая зургаан зуун арван есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Д.Цолмонд 19500 /арван есөн мянга таван зуу/ төгрөг, Ж.У т 3600000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Б аас 234500 /хоёр зуун гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Д.Цолмонд 19500 /арван есөн мянга таван зуу/ төгрөг, Н.Алтан-Эрдэнэд 215000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

8. Энэ хэрэгт шүүдэгч нарын бичгийн баримт шүүхэд ирээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн 90 см урттай төмөр лоом 1 ширхэг, 40 см урттай модон иштэй, 13x1см хэмжээтэй, төмөр толгой бүхий хэсэгтэй сүх 1 ширхэг, никль өнгөтэй хятад цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, таньж олуулах ажиллагааы явцад хийсэн бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б , Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,   38.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.                                                                                                                       

       11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б , Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ