Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/13

 

    Г.Г, Б.Г, А.Д, Д.Н,

О.О, О.О, Э.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

    Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Э.Т-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч А.Д, шүүгдэгч Г.Г, Э.Т,  О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нарыг оролцуулан,

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, гаргасан шүүгдэгч А.Д,  Г.Г нарын  гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн хул нарт холбогдох, 2335000000160 дугаартай, 8 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

       -  Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-ын Г;

       - Монгол Улсын иргэн, З ургийн овогт Б-ын Г;

      - Монгол Улсын иргэн, Х ургийн овогт А-ын Д;

      - Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Д-ийн Н;

       - Монгол Улсын иргэн, Б ургийн овогт О-ын О;

      - Монгол Улсын иргэн, Баргад ургийн овогт Э-ийн Т;

       - Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Б-ийн Д.

1. Холбогдсон хэргийн талаар:

     Увс аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Г.Г, Б.Г, А.Д нарыг бүлэглэн Увс аймгийн х сумын х багийн нутаг “х” гэх нэртэй газраас 2023 оны 3 дугаар сард иргэн Ж.Т-ын 3 тооны адуу хулгайлж, хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт;

    - шүүгдэгч Г.Г, Б.Г, О.О, Д.Н нарыг бүлэглэн Увс аймгийн Х сумын х баг, “х” гэх нэртэй газраас 2023 оны 3 дугаар сард иргэн Ц.Т-ийн 2 тооны,  Ц.Б-ийн 1 тооны  нийт 3 тооны адуу буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч нарт 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт;

     - шүүгдэгч Г.Г, А.Д нар бүлэглэн иргэн Ц.Б-ийн малаа маллуулахаар итгэмжлэн хариуцуулсан бог малаас 2 тооны эр хонийг 2023 оны 4 дүгээр сарын  15-ны үед завшиж, 500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

      - шүүгдэгч Г.Г-г Увс аймгийн Х сумын х багийн нутаг дэвсгэр “х” гэх нэртэй газраас 2023 оны 3 дугаар сарын 16-17-ны өдрийн үед хохирогч Э.У-ийн хээр зүсмийн гүүг хулгайлж, 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

     - шүүгдэгч Г.Г-г Увс аймгийн Х сумын х багийн нутаг дэвсгэрт байрлах “х” гэх газарт нутаглаж байсан иргэн Д.Н-ын гэрээс 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 10.8 килограмм ямааны ноолуур хулгайлж, нийт 1,404,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн  Увс аймгийн Х сумын х багийн нутаг дэвсгэрт байрлах “х” гэх нэртэй газар нутаглаж байсан иргэн Ц.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 6 килограмм ямааны ноолуурыг хулгайлж, хохирогчид 780,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт;

     - шүүгдэгч Б.Г, А.Д нарыг бүлэглэн Увс аймгийн Х сумын х багийн нутаг дэвсгэр “х” гэх нэртэй газраас 2023 оны 01 дүгээр сард иргэн Д.Г, И.Т  нарын 3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч нарт нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт;

      - шүүгдэгч Э.Т, О.О нарыг Б.Г, А.Д нарын хулгайлсан 3 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

     - шүүгдэгч Г.Г, Б.Г нарыг бүлэглэн Увс аймгийн Х сумын х багийн нутаг “х” гэх нэртэй газраас 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бусдын 4 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч нарт нийт 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

     2. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолоор:

     - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г, Г, Д, Н, О, Т, Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2335000000160 дугаартай хэргээс шүүгдэгч Г, Г, Д нарын үйлдсэн хохирогч Э.Т-ын 3 тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

       - шүүгдэгч Т овогт Г-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”,

      -  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бусадтай бүлэглэж завшсан”,

       - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлсан”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

       - шүүгдэгч Х овогт А-ын Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бусадтай бүлэглэж завшсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

    - шүүгдэгч З овогт Б-ын Г, Т овогт Д-ийн Н, Б овогт О-ын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

       - шүүгдэгч Б овогт Э-ийн Т, Ш овогт Б-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, эзэмшсэн” заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

       - шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

     шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

      шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

     шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

      шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

       шүүгдэгч Э.Т, О.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 06 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар,

       - шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож,

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн гэх 180 цагийн ажлыг,

       - шүүгдэгч А.Д-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн гэх 180 цагийн ажлыг,

      - шүүгдэгч Э.Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 01 жил 04 сарын хорих ялаас тусад нь эдлүүлж,

       - шүүгдэгч Г.Г, А.Д, Б.Г, Д.Н, О.О нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 59 хоногийг, А.Д-ын цагдан хоригдсон 87 хоног, Д.Н-ын цагдан хоригдсон 73 хоног, Б.Г-ын цагдан хоригдсон 31 хоногийг, О.О-ын цагдан хоригдсон 17 хоногийг тус бүр эдлэх ялд оруулж,

      - шүүгдэгч Э.Т-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 33 хоногийг, шүүгдэгч О.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 45 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус хасаж тооцож,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч О.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Х сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэж,

      - шүүгдэгч Г.Г, А.Д, Д.Н, О.О, Б.Г нарт хорих ял оногдуулсан тул тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч О.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Т тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 04 сарын хорих ял шийтгүүлж уг ялыг эдэлж байгаа болохыг дурдаж,

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г, О.О, Б.Г, Д.Н нараас гэмт хэрэг үйлдэх үед уналга болгон ашигласан Б.О-ын эзэмшлийн х маркийн автомашины үнэлгээ 3,650,000 төгрөгийг хувь тэнцүүлэн  /912500төг/ гаргуулж, шүүгдэгч Г.Г-ын эзэмшлийн улсын номер дугааргүй х маркийн мотоцикл, А.Д-ын эзэмшлийн халиун зүсмийн 9 настай морь, Б.Г-ын эзэмшлийн хээр зүсмийн 7 настай морь тус бүрийг хурааж улсын орлого болгохоор тус тус  шийдвэрлэжээ.

     3. Шүүгдэгч А.Д давж заалдах гомдолдоо: “...Би эхнэр 2 хүүхдийн хамтаар Увс аймгийн Х суманд мал маллаж амьдардаг. Өөрийн хийсэн хэргээ ойлгож ухамсарласан ба дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн.

     Намайг хоригдсон үеэс хойш манай гэрийн амьдрал хэцүүхэн нөхцөл байдалтай байна. Эхнэр маань бага насны 2 хүүхэдтэйгээ хөдөө мал дээр ганц гэрээрээ байгаа. Манай гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад нэг удаа итгэл хүлээлгэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү” гэжээ.

     4. Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдолдоо: “...Хэргийн бүрдэл, зүйлчлэлийн талаар миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

     Учир нь миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргүүдийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно.

Миний бие Увс аймгийн Х суманд ам бүл 5, өндөр настай аав, ээж, ах, дүүгийн хамтаар амьдардаг. Иймд миний хувийн байдал болон хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

     5. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж эсэргүүцэлдээ: “ Анхан шатны шүүхийн  шийдвэр нь хууль зүйн  үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж байна.

      Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Г, Г.Г, А.Д нарын үйлдсэн хохирогч Э.Т-ын 3 тооны адууг хулгайлсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

     Учир нь, шүүгдэгч Б.Г, Г.Г, А.Д нарын үйлдсэн хохирогч Э.Т-ын 3 тооны адууг хулгайлсан болох нь Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 193-196-р хуудас/, хохирогч Ж.Т-ын мэдүүлэг /4-р хх-ийн 199-200-р хуудас/, гэрч Ц.А-ийн мэдүүлэг /4-р хх-ийн 202-р хуудас/ шинжээчийн 29 дугаартай дүгнэлт болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон ба шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхой дурдаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

     Түүнчлэн шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар  шүүгдэгч Б.Т, О.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атлаа 5 дахь заалтад шүүгдэгч Э.Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял гэж,

     Мөн Тогтоох хэсгийн 7 дахь заалтад шүүгдэгч Э.Т-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 33 хоногийг, шүүгдэгч О.О-ын цагдан хоригдсон 45 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус хасаж тооцсугай гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

     Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

     6. Шүүгдэгч Г.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Өөрийн гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

     7. Шүүгдэгч А.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэв.

     8. Шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “ мөрдөн шалгах ажиллагааны явцад  Г.Г, Б.Г, А.Д нарын өгсөн мэдүүлгийг үндэслэж тэдгээрийг яллагдагчаар татсан нь Улсын Дээд шүүхийн тайлбарыг зөрчиж байна. Шүүгдэгч нар хэргийн бодит байдлыг нотлох, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэж хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд шүүх хуралдааны шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно гэж заасан. Уншиж сонсгочихоод шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа уншиж сонсгосон шийдвэрээ өөрчилж болохгүй. Шүүх хуралдааны явцад уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь бичгээр үйлдсэн тогтоох хэсгээс зөрөөтэй гарсан учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

     9. Шүүгдэгч Э.Т-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “ Миний үйлчлүүлэгч нарын хувьд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн төрлийн хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Шүүгдэгч нарын хувьд Э.Т-ын цагдан хоригдсон 33 хоног, О.О-ын цагдан хоригдсон 45 хоногийг шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус хассан. Өмгөөлөгчийн зүгээс шүүхээс гарсан шийтгэх тогтоолыг ар гэрийнхэнд нь танилцуулахад миний хүүхэд 1 жилийн ялтай юм уу, 6 сарын ялтай юм уу гэдэг байдлаар хэрэг шийдэгдсэнээс хойш яваад байгаа.

     Шүүх хуралдаанаар уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь бичгээр үйлдсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрөөтэй гарсан тул зөвтгөх үүднээс анхан шатны шүүх рүү буцааж хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү” гэв.

      10. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул миний бие  шүүгдэгч Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Прокуророос Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 262 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн, уг эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

       Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлж өгнө үү” гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Г, А.Д нарын гомдол болон прокурорын  эсэргүүцлийг тус тус үндэслэн Г.Г, А.Д, Д.Н, Б.Г, О.О, Э.Т, О.О нарт холбогдох, 2335000000160 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэхдээ гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

      2. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г, А.Д, Д.Н, Б.Г, О.О, Э.Т, О.О нарт холбогдох  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр  хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс  дүгнэлээ.

    2.1. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон, шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн хүсэлтээр шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийг шинжлэн судалсан ба уг бичлэгээр шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг талууд, оролцогчдод гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан, мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй гэж үзэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна.

      Тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г, А.Д, Д.Н, Б.Г, О.О, Э.Т, О.О нарт холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 12 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарсан шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчдод уншин сонсгохдоо:

    - шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар хоёр жилийн хорих ялаар шийтгэсүгэй гэж,

       - мөн энэ хэрэгт цагдан хоригдсон  Г.Г-ын 58 хоног, А.Д-ын 86 хоног, Д.Н-ын 72 хоног, Э.Т-ын 32 хоног, О.О-ын 17 хоногийг тус тус энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудаас нь хасаж тооцсон” гэж тус тус уншиж сонсгосон байна.

       Харин шүүхээс шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулахдаа шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсгээс дараах байдлаар зөрүүтэй бичиж гаргасан байна.  Үүнд:   

     - шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар хоёр жил зургаан сарын хорих ялаар шийтгэсүгэй гэж,   

      - мөн Г.Г-ын цагдан хоногийг 59, А.Д-ын 87 хоног, Д.Н-ын 72 хоног, Э.Т-ын 33 хоног, О.О-ын 45 хоног гэж уншиж сонсгосноос тус тус зөрүүтэй тооцож, шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудаас хасаж тооцсон  байна.

      Дээрхи нөхцөл байдлууд нь  шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь бичгээр үйлдэж талууд, оролцогчдод гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан гэж үзэх үндэслэл болж байна.

      Мөн түүнчлэн шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй болох нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр  шинжлэн судалсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу дүрсний  бичлэгээр нотлогдож байна.

      2.2. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа өөрчлөх эрхгүй бөгөөд  шүүгдэгч Г.Г, А.Д, Д.Н, Б.Г, О.О, Э.Т, О.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоол нь шүүх хуралдаанд уншиж сонгосон шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан, мөн шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-т  зааснаар тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

    2.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т: “ шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасны дагуу шүүхээс гарах эрхийн актад тусгагдсан асуудлууд нь утга найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна холбогдох хуулийн зүйл заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дээрх  шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны шаардлагад нийцээгүй байна.

      Тухайлбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтаар шүүгдэгч Э.Т, О.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн атлаа  тогтоолын 5 дугаар заалтад: “шүүгдэгч Э.Т-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 01 жил 04 сарын хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй” гэж, тогтоолын 7 дугаар заалтад: “шүүгдэгч Э.Т, О.О нарын энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг энэ тогтоолоор оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж” гэж тус тус өөр өөрөөр тусгасан байна.  

     Шүүхээс шүүгдэгч Э.Т, О.О нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар хэмжээгээр оногдуулсан нь тодорхой бус, уг шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлыг бий болгосон байх ба энэхүү алдаа нь шүүхийн шийдвэрт залруулга хийх үндэслэлд хамаарахгүй болно.

      3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчлүүд гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

       Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

      4. Прокурор давж заалдах шатны шүүхэд: “анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч Э.Т, О.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атлаа шийтгэх тогтоолын 5, 7 дугаар заалтад тэдгээрт зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан мэтээр үйлдсэн нь ойлгомжгүй, эргэлзээ бүхий байна.  

      Мөн шүүгдэгч Б.Г, Г.Г, А.Д нарын үйлдсэн хохирогч Э.Т-ын 3 тооны адууг хулгайлсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий  эсэргүүцэл,

     -  шүүгдэгч А.Д, Г.Г нар давж заалдах шатны шүүхэд: “анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгатай гомдол тус тус гаргажээ.

      4.1. Прокурорын гаргасан эсэргүүцлээс “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны шаардлагыг хангаагүй” гэх хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.

   4.2. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцлийн “хохирогч Э.Т-ын 3 тооны адууг хулгайлсан шүүгдэгч Б.Г, Г.Г, А.Д нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх хэсэг болон шүүгдэгч А.Д, Г.Г нарын “шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдолд энэ удаа хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

      5. Хэргийн баримтаар, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэж шүүхэд ирсэн гэх үндэслэлүүдээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Г, О.О, А.Д, Д.Н, Б.Г нарт цагдан хорих, шүүгдэгч О.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

      2. Шүүгдэгч Э.Т Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял эдэлж байгааг дурдаж, хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Г, О.О, А.Д, Д.Н, Б.Г нарт тус тус цагдан хорих, шүүгдэгч О.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

      3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                                                                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                                                ШҮҮГЧ                               М.НЯМБАЯР

                                                        ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ