| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435000000294 |
| Дугаар | 2025/ДШМ/14 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/14
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.Б-д холбогдох, 2435000000294 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С ургийн овогт О-ийн Б
1. Шүүгдэгч О.Б 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн х сумын х багийн нутаг “х” гэх газарт байрлах өөрийн гэртээ Ө.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч С овогт О-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
- ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
- шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авч шийдвэрлэжээ.
4. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхээс О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2025/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоол гарсан.
Шийтгэх тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу төрсөн аав болох Ө.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт: “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тус тус заасан.
Гэтэл анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруутайд тооцох хэсэгт “...эрүүгийн 2435000000294 дугаартай хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй баримт болох Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай “...үзүүлэгч Д.Б-ийн...” гэх дүгнэлтийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Б.Г-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов” гэж шүүгдэгчийн нэрийг зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжин оролцож байна. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн.
Учир нь, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй буюу үзүүлэгч Д.Б гэх нэртэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Г-д гэж шүүгдэгчийн нэрийг буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул эсэргүүцэл бичсэн.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч О.Б-д холбогдох, 2435000000294 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэв.
2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэг /Шүүхийн шийдвэр/-т шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц, тавигдах шаардлага, шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт тусгавал зохих асуудлууд зэргийг нэг бүрчлэн зааж тусгасан ба шүүхээр хэрэг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь энэхүү хуульд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч О.Б-д холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарсан, анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтуудыг тусгахдаа, тус хэлэлцэж буй хэрэгт авагдаагүй, тухайн хэрэгт хамааралгүй баримт болох Д.Б гэх хүний биед үзлэг, шинжилгээ хийсэн Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 361 дүгээр дүгнэлтийн агуулгыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т: шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасныг зөрчсөн байна.
2.2. Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдаагүй, хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлж, шүүгдэгч О.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-т: “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно”, мөн зүйлийн 9-т: “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасантай нийцээгүй байна.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй байх бөгөөд дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан ноцтой зөрчилд хамаарч, шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
4. Дээрх үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын “шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруутайд тооцох хэсэгт “...эрүүгийн 2435000000294 дугаартай хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй баримт болох Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай “...үзүүлэгч Д.Б-ийн...” гэх дүгнэлтийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
5. Шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд гарсан шийтгэх тогтоолын 4 дэх тал /хх-ийн 84-р тал/-д ..Б.Г-д... гэж шүүгдэгчийн нэрийг буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.
6. Шүүгдэгч О.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН