Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 0108

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч О.Э , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Очирхүрээгийн О.Э д холбогдох эрүүгийн 1815001540106 дугаартай 163/2018/0107/Э индэкстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт О.Э  

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Э  нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутагт Д.Э нүүрэн тус газарт нь архины шил шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

 

1815001540106 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Э өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд манай найз Лувсангийн хүүхдийн үсний найр болсон юм. Би тухайн өдрийн оройн 23 цагийн орчим Лувсангийн гэрт очсон. Шөнийн 00 цагийн орчим хүмүүс яваад гэрт байсан хүмүүс унтсан. Лувсан гэрийн баруун талын орон дээр, Баттөмөр, Сугарсүрэн нар гэрийн хойд талын орон дээр унтсан. Би гэрийн зүүн талын орон дээр унтахаар хэвтэж байхад Энхайтван гэх хүн гэрийн хойморьт байх ширээний баруун талд 0,75 литрийн "Соёрхол" нэртэй архийг ганцаараа уугаад сууж байсан. Үүр цайгаад нар гарахын алдад 05-06 цагийн орчимд унтаж байхад нэг юм миний зүүн хөмсөгний дээд талд тас хийгээд цохих шиг болохоор нь сэрсэн чинь О.Э  ширээний баруун талд сууж байсан ба орноос өндийгөөд харахад 0,75 литрийн "Соёрхол" нэртэй архины хоосон шил миний доор хэвтэж байсан. О.Э  гэх хүнээс бусад нь бүгд унтаж байхаар нь “та яаж байна аа” гэхэд “чамайг цохоё гэж бодсонгүй” гэж хэлсэн. Миний зүүн хөмсөгнөөс их хэмжээгээр цус гарсан ба гэрт унтаж байсан хүмүүс босоод хажуу айлаас машин дуудаад Рашаант сумын эмнэлэг рүү хүргэсэн. Сумын эмнэлэгт ирээд зүүн хөмсөгний дээд талд 4 оёо тавиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Гэрч Г.С өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн дүү Лувсан хүүхдийнхээ үсийг авна гэхээр нь Д.Э ын хамт очиж 2 шил архи уучихаад амарцгаасан. Баттөмөр бид 2 хойд орон дээр, Лувсан эхнэрийнхээ хамт зүүн талын орон дээр, Д.Э  зүүн талын орны урд унтсан. Тэгэхэд ойролцоо айлынхан О.Э  гэх хүн нэлээн согтсон байсан ба тэрээр тал шил Соёрхол архи уугаад ширээний баруун хойд талд сууж байсан. ...Өглөө нь эрт Д.Э ын зовхиноос цус гараад байна гэхээр нь би сэрсэн. Хэн цохисоныг хараагүй, бид нар бүгд унтаж байсан. О.Э  ах л унтаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Гэрч Ц.Өөгсөн: Тэр өдрийн өглөө 07 цагийн үед байх, Д.Э  хүнд зодуулсан гэж ирж их л эрт ирж үзүүлсэн юм. Би яг хаанаас ирсэн гэдгийг нь одоо санахгүй байна. Засаа идэх гэж айлд очсон гэж ярьж байсан шиг санаж байна. Тэр хүн ирэхдээ зүүн хөмсөгөнд духнаас хөмсөг рүү чиглэж хөмсөгийг дайрсан 3-4 см орчим гүн язарсан шархтай ирсэн. Нэлээн гүн шархтай цус их алдаж байсан тул яаралтай цусыг тогтоох арга хэмжээ авч, 4-5 оёдол тавьж цусыг тогтоон боолт хийсэн. Өвдөлт намдаах эмчилгээ хийж, НОВ буюу цусны ерөнхий шинжилгээ авахад хүнд зэргийн цус багадалттай байсан тул цус сэлбэх шингэн хийх арга хэмжээ авсан. Д.Э  нь тэгээд тэр өдөртөө Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлнэ гээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/,

Гэрч С.О өгсөн: Би Дашинчилэн сумын Лах багт байрдах Өрхтий гэх газарт мал маллан амьдардаг. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай ойролцоо байдаг Лувсан гэдэг залуугийнх хүүхдийнхээ үсийг авч хөл ихтэй байсан.  Тэгээд би 10 цагийн үед худгийн моторыг нь гуйх гээд очиход Рашаант сумын Д.Э  гэдэг залуу зүүн талынхаа нүдийг дараад цус гарчихсан байж байсан. Намайг мотор авахад сум руу дөхүүлээд өгөөч гэхээр нь би машиндаа суулгаад урагшаа хөдлөөд Мухрын ам гэх газар цуг явсан хүн дээр нь хүргэж өгсөн. Д.Э  цус их алдсан цонхигор царайтай, дуу муутай бие нь их өвдөж байгаа байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Гэрч Л.Оөгсөн: Би О.Э  гэдэг хүнийг 2006 оноос танина. Манай сумын Хараат багт туслах малчингаар ирж байхад нь би багийн засаг дарга хийж байсан. Тэгээд анх танилцаад манай багт айлд туслах малчин хийгээд овоо хэдэн малтай болоод өөрөө бие даан малаа маллан амьдарч байна. О.Э  нь архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг, үг дуу цөөтэй, хүнд их тусархуу тийм л хүн гэж боддог гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Гэрч Г.Б өгсөн: ...Би нэлээн согтоод нам унтсан байна лээ. Өглөө хүмүүс шуугилдахад сэрсэн чинь Д.Э ын хөмсөгнөөс цус гарчихсан байхаар нь Очирсүрэнг дуудаж машинаар нь Рашаант сум руу эмнэлэгт үзүүлэхээр явуулсан. Би Д.Э ыг хэн цохисоныг хараагүй, О.Э  архины шилээр цохидог нь яаж байгаа юм бэ гээд байсан. Д.Э ын урд нь Соёрхол нэртэй архины 0,75 литрийн шил байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Гэрч Ч.Л өгсөн: 2018 оны 05-р сарын 18-ны өдөр манайх хүүхдийнхээ үсийг аваад хамаатан садан, ах дүү нар ирээд эхнээсээ буцсан. Орой нь унтаж амрах гээд байж байхад манай нөхрийн ах Сугарсүрэн хамаатан Д.Э  нар 22 цаг болж байхад ирэхэд нь манай нөхөр Лувсан 1 шил Соёрхол, 1 шил Улаанбаатар архи гаргаж өгөөд О.Э , Сугаа, Элбэгээ ах, манай нөхөр Лувсан нар хувааж уусан. Баттөмөр ах эрт унтсан болохоор босож ирээгүй. Тэр хэд шөнийн 01 цагийн үед унтаж амарсан ба Баттөмөр ах хойд орон дээр, О.Э  ах эхнэртэйгээ баруун орон дээр, Сугаа ах Элбэгээ ах хоёр зүүн орны урдуур унтсан. Өглөө 05 цаг өнгөрөөгөд босоход О.Э  ах ганцаараа ширээний баруун талд Соёрхол архины үлдэгдлийг уугаад сууж байсан. ... Намайг босоод үнсээ асгаад хонио хөдлөгчихөөд ороод ирсэн чинь Элбэгээ ах цустай хутгалдчихсан байсан. Манай нөхөр шил дуугарахаар нь босоод ирлээ гээд сандарчихсан байж байсан. Тэгэхэд гэрт О.Э  ах л ганцаараа босчихсон  байсан гэх мэдүүлэг /хх-32-34 тал/,

Гэрч Г.Лувсангийн өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манайх хүүхдийнхээ үсийг аваад ах дүү нараа цай уулгаад орой тарж байхад манай төрсөн ах Сугарсүрэнтэй хамт Рашаант сумын Д.Э  цуг ирээд хоол унд идээд манайд 1 шил Соёрхол, 1 шил Улаанбаатар гэдэг архи уугаад оройны 11 цаг нэлээн өнгөрсөн байхад унтах гээд хэвтэцгээсэн. Би эхнэртэйгээ зүүн орон дээр, хойд орон дээр Баттөмөр ах, баруун талын орон дээр О.Э гийн эхнэр, газраар Сугараа ах Элбэг хоёр унтсан. Манай ширээн дээр уугаад үлдээсэн 0,75 шилтэй Соёрхол архи талаасаа дээгүүр задлаад 4 хундага архи хийж өгөөд үлдсэн байсан чинь өглөө босоход байхгүй болсон байсан. Гэрт хүмүүс бүгд унтсан байсан ба шөнө дунд О.Э  ах Элбэгээг бос гээд цаадах нь та ямар сонин хүн бэ унтуулахгүй гээд байх шиг байсан. Тэгээд үүрээр хүн ёо ёо гээд босоод ирэхээр нь би босоод хартал Элбэгээ нүдээ дараад нил цус болсон байсан. Тэгээд цусыг нь тогтоох гээд даавуугаар дараад Рашаант сумын эмнэлэг рүү явуулсан гэх мэдүүлэг /хх-35-36 тал/,

Яллагдагчаар О.Э ы өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай нагац талын хамаатан Лувсан гэж айл хүүхдийн үс авч найр хийсэн. Тэгээд найранд уригдаж очоод архи дарс хэрэглээд согтчихсон байсан. Тэр айлдаа хоносон ба архи сайн гараагүй өглөө үүрээр сэрсэн чинь ширээн дээр Соёрхол нэртэй архины шилэнд жаахан архи үлдсэн байснаас хийж уучихаад хоосон шилийг нь шидчихсэн чинь унтаж байсан Д.Э ын толгойг онож гэмтэл учруулсан юм. Тухайн шөнө тэр найранд очсон хүмүүс болоод айлын хүмүүс гээд нэлээд хэдэн хүн хоносон ба би гэрийн баруун талд газар суугаагаараа унтчихсан байсан. Хохирогч Д.Э  гэрийн зүүн талаар газарт унтаж байсан юм билээ. Тэгээд архи гараагүй байхдаа тэр архины шилийг гэрийн хөндий рүү шидчихлээ гэсэн зүүн талруу нь шидээд Д.Э ын толгойг оночихсон юм. Нэг удаа шидээд л оносон. Ийм л юм болсон. Д.Э  бид 2 ямар нэгэн асуудлаас болж хэрэлдэж маргалдаж таарамжгүй асуудал үүсээгүй. Түүнээс өмнө ч гэсэн бидний хооронд ямар нэгэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-52-53 тал/,

Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №7294 тоот

1. Д.Э биед зүүн нүдний ухархайн дээр хана, дух ясны нийлмэл хугарал, хамар ясны далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамар, духны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь биед  аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна гэх дүгнэлт /хх-38 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/, хохирогчийн өвчний түүх /хх-41-49 тал/,  иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 57 тал/, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 58-59 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар О.Э  нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Э нүүрэн тус газарт нь архины шил шидэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. 

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Э , гэрч Г.Сугарсүрэн, Ц.Өсөхбаяр, С.Очирсүх, Л.Очирбат, Г.Баттөр, Ч.Лхагвасүрэн, Г.Лувсан нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч О.Э ы хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Э ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч шүүгдэгч О.Э  нь хохирогчид  эмчилгээ оношлогоотой холбоотой гарсан зардалд 1850000 төгрөгийг  төлсөн байна.

 Харин хохирогч Д. Д.Э  нь  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 Шүүгдэгч О.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж, гэм хорыг арилгахаа илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээ оношлогоотой холбоотой гарсан зардлыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:    

1. Х овогт О.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч О.Э ыг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасанаар 6 сарын хорих ял оногдуулж, түүнийг ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч О.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж үзвэл хохиогч Д.Э  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНДУЛАМ