| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2435000000296 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/110 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.О-д холбогдох, 2435000000296 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Ц-ын О.
1. Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ц.О 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн х сумын х багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Ж-ийн эзэмшлийн лангуунаас монетин гинж, кулон, монетин ээмэг нэг хос, монетин бөгж 2 ширхэг зэрэг эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2,116,800 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас яллагдагч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/110 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар: яллагдагч Ц.О-д холбогдох эрүүгийн 2435000000296 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, Ц.О-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Яллагдагч Ц.О нь Увс аймгийн х сумын х багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Ж-ийн эзэмшлийн лангуунаас 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10 цаг 30 минутын үед монетин гинж, кулон, монетин ээмэг нэг хос, монетин бөгж 2 ширхэг, нийт 2,116,800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан,
Мөн тухайн өдөр 13 цагийн үед тус багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг х төвийн 1 дүгээр давхарт байрлах иргэн Ц.А-ны гоо сайхны лангуунаас нэг ширхэг 45,000 төгрөгийн үнэлгээ бүхий Volume Bio Tox нэртэй 100 гр хэмжээтэй тосыг хулгайлсан үйлдэл тогтоогдож байна.
Яллагдагч Ц.О-ын дээрх 2 үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд яллагдагч Ц.О нь давтан үйлдлээр хоёр өөр объектод, хоёр өөр хохирогчийн нийт 2,161,800 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан болох нь тогтоогдож байна.
Иймд түүний эхний үйлдэл буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр х төвийн иргэн Ч.Ж-ийн эзэмшлийн лангуунаас нийт 2,116,800 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан нь тогтоогдсон ба уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие даасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Харин Ц.О-ын “х” төвийн 1 дүгээр давхарт байрлах иргэн Ц.А-ны гоо сайхны лангуунаас нэг ширхэг тос хулгайлсан үйлдлийн улмаас Ц.А-д 45,000 төгрөгийн хохирол учирсан байх ба түүний учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан бага хэмжээний хохиролд хүрэхгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй тул уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл юм.
Дээрх үйлдлүүд нь хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэрэг, зөрчлийн шинжийг агуулсан тул нэгтгэн үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/110 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх яллагдагч Ц.О-д холбогдох эрүүгийн хэргийг 40,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан зөрчлийн үйлдэлтэй нэгтгэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхээр прокурорт хэргийг буцаасан нь үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн 1 гэмт хэрэг байна гэж үзсэнийг прокурорын хувьд хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа.
Учир нь яллагдагч 2 өөр цаг хугацаанд 2 өөр объектоос хулгай хийсэн. Эхний үйлдэл нь 2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, дараагийн үйлдэл нь 40,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл бөгөөд гэмт хэргийн шинжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан бага бус хэмжээнээс дээш хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа учраас зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзсэн.
Үүнийг тус тусад нь зүйлчилж, гэмт хэрэг, зөрчлөөр нь шийдвэрлэх ёстой байтал шүүхээс эдгээр 2 үйлдлийг үргэлжилсэн 1 гэмт хэрэг гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/110 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Ц.О-д холбогдох, 2435000000296 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас яллагдагч Ц.О-ыг Увс аймгийн х сумын х төвийн иргэн Ч.Ж-ийн эзэмшлийн лангуунаас 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2,116,800 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
3. Анхан шатны шүүх Ц.О-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичжээ.
4. Ц.О-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Анхан шатны шүүх Ц.О-д холбогдох эрүүгийн хэрэгт өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаахдаа, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцдог. Мөн өөр өөр цаг хугацаанд, эсхүл нэг цаг хугацаанд өөр өөр объектод халдаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүдийг нэгтгэн зүйлчилдэг хууль хэрэглээний жишиг тогтсон. Тодруулбал, яллагдагч Ц.О нь бусдын 2,116,800 төгрөгийн үнэ бүхий монетон кулон, гинж, ээмэг, бөгж хулгайлсан үйлдэлдээ эрүүгийн 2435000000296 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан тул тус өдөр бусдын 40,000 төгрөгийн үнэ бүхий нүүрний тос хулгайлсан үйлдлийг ч энэхүү эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгах ёстой” гэж дүгнэж, энэ үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан нь нэг объектод хэд хэдэн удаагийн үйлдлээр халдаж, Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэргийн шинжийг бүрдүүлэхийг ойлгоно.
Тухайлбал, хулгайлах гэмт хэргийн хувьд, гэм буруутай этгээд нэг санаа сэдлээр, хэд хэдэн үйлдлээр нэг объектод үргэлжлэн халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан байвал, нийт үйлдлүүдийн улмаас учирсан хохирлыг хооронд нь нэмж хохирлын хэмжээг тогтоон, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцдог. Харин өөр өөр цаг хугацаанд, өөр өөр объектод халдаж эд зүйл хулгайлсан үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй болно.
Прокуророос, яллагдагч Ц.О-ын 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10.30 цагийн үед х сумын х багийн нутаг дэвсгэрт байрлах, “х” тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Ж-ийн эзэмшлийн лангуунаас 2,116,800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан,
- мөн тухайн өдрийн 13 цагийн үед х сумын х багийн нутаг дэвсгэрт байрлах, х төвд үйл ажиллагаа явуулдаг, иргэн Ц.А-ны эзэмшлийн лангуунаас 40,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэх үйлдлүүдээс, иргэн Ч.Ж-ийн эзэмшлийн лангуунаас 2,116,800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж ялласан яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Яллагдагч Ц.О-ын өөр өөр цаг хугацаанд, өөр өөр объектод халдаж эд зүйл хулгайлсан үйлдэл бүрийг үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, нэгтгэн шалгах нь үндэслэлгүй болно.
5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон сувъектив шинжүүдийн нэгдлийг ойлгоно. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж тодорхойлсон боловч мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаар, бусдын эд хөрөнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасны дагуу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээтэй бол хулгайлах гэмт хэрэгт тооцохгүй гэж ойлгоно.
Иргэн Ц.А-ны эзэмшлийн лангуунаас 40,000 төгрөгийн үнэ бүхий нүүрний тос хулгайлсан гэх яллагдагчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуульд заасан хулгайлах зөрчлийн шинжтэй байх тул уг үйлдлийг эрүүгийн хэрэгтэй нэгтгэн шалгах үндэслэлгүй болно.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, бусдын эд хөрөнгөд бага хэмжээний хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заагаагүй байх тул тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг хангаагүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаанд үл хамаарах хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцох нь хууль ёсны зарчимд нийцэхгүй.
5. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул эсэргүүцлийг хангаж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/110 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
6. Яллагдагч Ц.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/110 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Ц.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ