Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00664

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00664

 

 

М.Цэндхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00147 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Цэндхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 5 300 005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Цэндхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Цэндхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагч байгууллагын даргын 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон. Ажилгүй байсан хугацааны цалин буюу 3 сарын 493 000 төгрөг, 4 сарын 1 318 500 төгрөг, 5 сарын 1 662 100 төгрөг, 6 сарын 790 500 төгрөг, ээлжийн амралтын зөрүү 550 000 төгрөг, жилийн үр дүнгийн шагналт цалингийн зөрүү 713 792 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг нийт 6 527 892 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр олгосон мөнгө 1 227 887 төгрөгийг хасч үлдэх 5 300 005 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийнм 995 дугаар шийдвэрээр М.Цэндхүүг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1 227 887 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Б/209 дугаар тушаалаар засварын цехийн эргэх механизмын засварчнаар 6 сарын хугацаагаар ажиллуулж ажилгүй байсан хугацааны цалин 1 227 887 төгрөг олгосон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед М.Цэндхүүд гэрээний хугацаа дуусч байгаа талаар мэдэгдэл хүргүүлэхэд би банкнаас зээл авчихсан байгаа, зээлээ дуустал 1 жилийн хугацаанд ажиллуулаад өгөөч гэсэн хүсэлт гаргасныг компанийн зүгээс түүнд боломж олгож 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/416 тоот тушаалаар механик цехийн реле хамгаалалтын монтёроор ажиллуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар М.Цэндхүүгийн өмгөөлөгчид төлсөн 1 000 000 төгрөг нь зайлшгүй гарах зардал биш тул төлөх үндэслэлгүй. Мөн сар, жилийн үйл ажиллагааны үр дүнгийн шагнал нь ажилтанд заавал олгох цалин биш ба тухайн ажилтны ажлын үр дүнг харгалзан ажилласан цагт ногдох албан тушаалын болон цаг зэргийн үндсэн цалингаас тооцож олгодог. М.Цэндхүү болон түүний өмгөөлөгч нар нь заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт "Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжпэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй" гэж заасан байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар М.Цэндхүүгийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү болон өмгөөлөгчийн хөлс нийт 5 300 005 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ХХК-иас 2 148 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цэндхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 151 335 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49 328 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. .

Хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэндавж заалдах гомдолдоо:

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол шүүх хүлээн авахаас татгалзах байсан ба хэрэв шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан бол мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байна гэсэн тайлбар өгсөн байхад шүүх "...хариуцагч нь М.Цэндхүүгийн нэхэмжпэлийг хүлээн авч шийдвэрлэсэн тул дахин шийдвэрлэх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна" гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт "гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй" гэж заасан байдаг ба М.Цэндхүү нь эрх нь зөрчигдсөн гэж үзсэн бол Үйлдвэрчний эвлэлийн хороондоо хандаж үнэгүй өмгөөлөгчөөр хангагдах эрхтэй байсан. Гэтэл шүүх өмгөөлөгчийн зардлыг М.Цэндхүүд учруулсан хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүх нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан ба 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарган шүүх хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутад зарлаж процессын ноцтой зөрчил гаргасан тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Цэндхүү нь хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц- ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 5 300 005 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, уг маргаан өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн гэж тайлбарласан маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 183/ШШ2017/00995 дугаар шийдвэрээр М.Цэндхүүг Дулааны 3 дугаар цахилгаан станцТӨХК-ийн засварын цехийн зуухны эргэх механизмын засварын бригадын засварчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1 227 887 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, М.Цэндхүүд олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8-10 тал/

 

Дээрх шийдвэрийг биелүүлж хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Б/209 дугаар тушаалын дагуу нэхэмжлэгч М.Цэндхүүг засварын цехийн эргэх механизмын засварчнаар 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс түр ажиллуулахаар томилжээ. /хх-ийн 11, 31 тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулна гэж тодорхойлсон байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч буюу ажил олгогч байгууллага нь нэхэмжлэгч М.Цэндхүүг ажлаас хууль бусаар халсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр биелүүлж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон байх тул дээрх хугацааны нөхөн олговрыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн ажилгүй байсан хугацааны 29 хоногтой тэнцэх хэмжээний олговорт 1 148 670 төгрөгийн нөхөн олговрыг гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Нэхэмжлэгч М.Цэндхүү хуульч, өмгөөлөгч Д.Энхцэцэгтэй 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өмгөөллийн хөлс болох 1 000 000 төгрөгийг өмгөөлөгч Д.Энхцэцэгийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 15-16 тал/ Ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, эрх нь зөрчигдсөнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч хөлсөлсөн үйл баримт тогтоогдож байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО