Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/01469

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

                                                                                            хэрэгсэхгүй болгох тухай        

                                                                

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******ид холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 576,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.*******оос хүүхдийнхээ эрүүл мэнд, гоо сайхныг нь алдагдуулсан, хичээл сургуульдаа жигд явахгүй байгаа учир нөхөн төлбөр нэхэмжилж байна. ...Хүү бид хоёр сая хот руу явж ирэхэд ирж, очих зардал 182,800 төгрөг, эмнэлэгт үзүүлэхэд 60,000 төгрөг, хамрын зураг авахуулахад 90,000 төгрөг, эмний мөнгө 184,000 төгрөг, ирж, очиход бусад зардал 60,000 төгрөг, нийт 576,800 төгрөг болсон. Тиймээс энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* /утас *******/, хариуцагч Т.******* /утас *******/ нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Бид доорх байдлаар эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү.

1. Хариуцагч Т.******* миний бие нэхэмжлэгч Л.*******д 576,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ба энэ төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 200,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэх 376,800 төгрөгийг тус тус төлж, бүрэн барагдуулна.

2. Нэхэмжлэгч Л.******* миний бие хариуцагчийн төлөх хугацаа, хуваарийг нь хүлээн зөвшөөрч байгаа ба төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гаргуулах болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь тус шүүхэд хариуцагч Т.*******ид холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 576,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Т.******* нар “хариуцагч Т.******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 576,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 200,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэх 376,800 төгрөгийг тус тус төлж, бүрэн барагдуулахаар” тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Т.******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 576,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 200,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэх 376,800 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Л.*******д бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 8,977 төгрөг /576,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 17,954 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай..

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ