Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/194

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,  

 Улсын яллагч П.Итгэл,

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

       Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д,

       Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай ирүүлсэн Д.Э-т холбогдох эрүүгийн 1838003850209 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Э.

Шүүгдэгч  Д.Э нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ахмадын амралтын цонхоор нэвтрэн иргэн С.Ц-н гар утсыг хулгайлж 150.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.Э нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ахмадын амралтын цонхоор нэвтрэн иргэн С.Ц-н гар утсыг хулгайлж 150.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг аймгийн ахмадын амралтын газраас Ж-1 маркийн хар өнгийн хоёр симтэй гар утас алга болсон байсан. Бид хоёр гарахдаа хаалгаа түгжсэн бөгөөд агаар оруулах зорилгоор нэг цонхоо хагас онгорхой орхисон байсан юм. Түүгээр хулгайч ороод авсан байж магадгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17 дугаар хуудас/,

Гэрч Ц.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн үед над руу залгаад амралтын өрөөнөөс утсаа алдчихлаа гэсэн. Тэгээд цагдаад хандсан. Тэр утас нь 30 минут хэртэй дуудаж байснаа холбогдох боломжгүй болсон юм. Тэр утсыг би 2017 оны 02 дугаар сарын үед Хөвсгөл аймгийн Мобикомын төв салбар дээрээс 350.000 төгрөгөөр худалдан авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний орой хүргэн Э гэгчийнд очоод 21 цаг 45 минутын үед гэртээ ирсэн. Тэгээд байж байтал манай эхнэр Ө.Э над руу залгаад утас зарах гээд хүн ирсэн байна хүрээд ирээч гэхээр нь яваад очтол зүс таних Ч гэдэг хүүхэн байсан. Тэр Ч ганцаараа эрүүл явж байсан. Эгчийнх нь утас, мөнгө хэрэг болоод байна гээд 20.000 төгрөгөнд зараад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Гэрч Ө.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд гараад бие засах гээд явж байтал буудалд ирж байсан зүс таних Чимгээ эгч ирээд утас зарна авах уу эгчийн дүү гэсэн. Үзье гэсэн чинь эгчийг нь хүмүүс дээрэлхээд байна ийшээ явъя гээд нойл руу явсан. Харанхуйд очоод ийм утас байна гээд Ж-1 маркийн хар өнгийн асаалттай утас гаргаж ирсэн. Тэгээд үзэж байгаад 20.000 төгрөг өгөөд авсан. Тэр Ч эгч би бүжиг рүү орвол дээрэмдүүлэх байх гээд уруудаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 34 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Д.Э нь дээрх гэмт хэргийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байх үедээ үйлдсэн болох нь Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай:

1. Д.Э нь 25 насандаа сэтгэцийн эмгэгээр өвдөж байнгын сэтгэцийн эмчийн хараа хяналтанд байдаг.

     2. Д.Э-н түр зуур намжих үе шатандаа байгаа боловч байнгын сэтгэц нөлөөт эм хэрэглэдэг.

     3. Д.Э нь сэтгэцийн эмгэгтэй-шизофрени

     4. Д.Э нь хэрэг хариуцах чадваргүй.

     5. Д.Э нь эмнэлгийн хяналтанд энгийн дэглэмд хэвтэж эмчлэгдэх шаардлагатай гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

     Д.Э-н эмнэлгийн магадлагааны хуулбар /хх-ийн 53 дугаар хуудас/,

     2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний эрүүл мэндийн байдал, зан төлөв, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын дүгнэлт, шинжээч эмч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дүгнэлтийн хоёрдугаарт Э гэдэг үгний ард өвчин гэсэн үгийг орхисон байхыг харлаа. ...Э нь шизоапектив солио буюу шизолеркин зонхилон сэтгэх ба хүртэхүйн өвөрмөц өөрчлөлт сэтгэлийн тохироо алдагдах, сэтгэлийн хөдөлгөөний нарийн мэдрэмж буурах байдлаар илэрдэг даамжрах явцтай дотоод шалтгаантай сэтгэцийн архаг өвчин гэсэн оношоор эмчийн хяналтанд байдаг. Яг энэ оношоороо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв болон тус төвөөр эмчлүүлж байна. Д.Э энгийн нөхцөлд Хөвсгөл аймгийн Сэтгэцийн эрүүл мэндийн сэтгэл зүйн төвд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. ...ойролцоогоор 1-3 сарын хугацаанд эмчилгээ хийлгэхэд гайгүй болоод гардаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, прокурорын санал зэргийг үндэслэн өөртөө, эсхүл бусдад аюул учруулах, нийгэмд аюултай гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох, түүнийг эмчилж эдгэрүүлэх, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн сэтгэл зүйн төвд эмчлүүлэх, хууль ёсны төлөөлөгч Д.Д-д асран халамжлуулахаар шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Д.Э нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Э-н хууль ёсны төлөөлөгч Д.Д-с 20.000 төгрөгийг гаргуулж Ө.Э-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 4.3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг Д.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ үйлдсэн болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Д.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн сэтгэл зүйн төвд 1 /нэг/ сарын хугацаагаар эмчлүүлж, асран хамгаалагч Д.Д-д халамжлуулахаар шилжүүлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэчимэгийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-с 20.000 /хорин мянга/ төгрөгийг гаргуулж Ө.Э-д олгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.НЯМСҮРЭН