| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2435000000272 |
| Дугаар | 2025/ДШМ/16 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/16
Д.У-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд: прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Я.Батханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Д.У-д холбогдох, 2435000000272 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Д-ийн У.
1. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.У нь 2024 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын х багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг х караокены гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ албан үүргээ гүйцэтгэж явсан Н.М, А.А нарыг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх явцдаа х улсын дугаартай, х загварын тээврийн хэрэгслийн зүүн талын хаалга, зүүн урд талын крыло зэргийг өшиглөж 800,000 төгрөгийг хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Ц ургийн овогт Д-ийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.У-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Д.У-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,
- шүүгдэгч Д.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн дуу-дүрсний бичлэг бүхий, 1 ширхэг DVD дискийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Д.У нь бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд түүний хувийн байдлыг тогтоогоогүй байдаг.
Шүүгдэгч Д.У нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн ба учруулсан хохирлоо нөхөн төлсөн.
Д.У нь 2016 онд Г.Г-тэй гэр бүл болсон бөгөөд /1 хавтаст хэргийн 196 дугаар тал/ Г.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч, Бүгд найрамдах Солонгос улсад зорчсон ба Д.У нь бага насны 3 хүүхдийн хамт Увс аймагт түр оршин суухаар үлдсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулсан бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний төрлийг сонгож хэрэглэдэг.
Гэтэл Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх ар гэрийн болон бага насны хүүхдүүдийн Үндсэн хууль болон хүүхдийн эрхийн конвенцод заасан эрхийг харгалзан үзэлгүй Д.У-д 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан байна.
Мөн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлээ тайлбарлахдаа: “шүүгдэгч Д.У нь урьд энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүйн улмаас хорих ялаар солиулж байсан тул улсын яллагчийн санал /торгох ял оногдуулах/ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон бусад байдлыг харгалзан үзэж Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ09 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлэн, хасаж эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч Д.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Би цагдаагийн алба хаагч болон албаны эд зүйлд нь халдсандаа маш их харамсаж байна. Миний бие 2-9 насны 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр Г.Г БНСУ-д ажиллаж байгаа. Би өөрийн үйлдэлд дүгнэлт хийж, цаашид ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэдгээ амлаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү” гэжээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргасан байгаа. Үүнд:
1-рт, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоогоогүйгээс өнөөдрийг хүртэл 3-10 насны 3 хүүхдийн Үндсэн хууль болон Хүүхдийн эрхийн конвенцод заасан эрхүүд нь зөрчигдсөн. Эхнэр болох Г.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 37 минутад Монгол улсын хилээр гарч Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Энэ нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс хүүхдийн асран хамгааллын асуудал хөндөгдсөн.
Миний үйлчлүүлэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудаас харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар 61 хоног хоригдож байгаа, энэ хугацаанд өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийсэн байдаг.
Хамгийн гол нь бага насны 3 хүүхдийн асран хамгаалах асуудал хөндөгдөж байгаа учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан, гомдлоо дэмжиж байна” гэв.
7. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгчийн хувийн байдлыг харуулсан нотлох баримттай танилцлаа. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд хэлэх зүйл байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ганц бие эцэг, эх хорих ял шийтгүүлэхээр хэрэгт яллагдагчаар татагдсан тохиолдолд тухайн оршин сууж байгаа газрын сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж сум, дүүргийн Засаг даргаас асран хамгаалагч, харгалзан дэмжиж томилдог зохицуулалт байгаа.
Г.Г болон Д.У нар гэрлэлтээ цуцлуулаагүй, эхнэр нөхөр хэвээр байгаа. Харин эхнэр нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа, нөхөр нь Монгол улсад оршин сууж байгаа учраас хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудал яригдахгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж болохоор хуульчилсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд өөрчлөлт оруулах эсвэл хорихоос өөр төрлийн ял оногдуулах эрх хэмжээ нь давж заалдах шатны шүүхэд байгаа.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт хэрэгт тогтоогдсон ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал болон давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн ял хөнгөрүүлэхтэй холбоотой, хувийн байдал тогтоосон баримт зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шийдвэр гаргах байх гэсэн тайлбар дүгнэлтийг гаргаж байна” гэв.
8. Шүүгдэгч Д.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Хоригдож байх 2 сарын хугацаанд маш их зүйлийг ухаарч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ шүүх бүрэлдэхүүнд амлаж байна. Миний бие бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр маань Солонгос улсад ажил хийж амьдардаг. Хүүхдүүдийг маань харж, харгалзах хүн байхгүй, манай найзууд хичээлд нь хүргэж байгаа, хүүхдүүддээ их санаа зовж байгаа. Эрхэм шүүгч та бүхэн миний ар гэрийн нөхцөл байдал болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөөч гэж гуйж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гомдлыг үндэслэн Д.У-д холбогдох, 2435000000272 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэргийг мөрдөн шалгах явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч Д.У нь согтуугаар, 2024 оны 10 дугаар сарын 5-06-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын х багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг х караоке дээр иргэн Ж.А-ийн бусдад зодуулсан гэх дуудлагын дагуу очсон хууль сахиулагч буюу Н.М, А.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь халдсан, улмаар х улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хаалга, урд талын крыло зэргийг өшиглөж гэмтээх зэргээр албаны эд зүйлд халдаж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минутаас 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэгчээр цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу ажиллаж байсан. Ерөнхий жижүүрээс 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 00 цаг 30 минутад “Ж.А гэх хүн х сумын х багийн нутагт байрлах х караокед бусдад зодуулсан” гэх дуудлага ирсэн. Тухайн өдөр дуудлага руу яаралтай оч гэсний дагуу жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан А.А-ын хамтаар х караокены гадна очиход үүдэн хэсэгт үл таних залуучууд зогсож байсан.
Би автомашинаас буух үед нэг залуу хүрээд ирэхээр нь би “та цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн үү?” гэхэд “би бишээ, дуудлага өгсөн хүн караоке дотор байгаа” гэж хэлсэн. Би караоке руу орох гэхэд караокены үүдний хэсэгт байсан хоёр залуу гарч ирсэн ба нэг нь миний зүс таних Ж.А гэх залуу байсан. Ж.А нь би дуудлага өгсөн гэж хэлсэн. Би өөрийгөө танилцуулаад юу болсон талаар асуухад Ж.А нь “бид нар маргалдаад учраа олоод зохицчихлоо, одоо цагдаагийн шаардлага байхгүй” гэж хэлсэн. Тэр үед гадна зогсож байсан залуучуудаас Д.У гэгч нь “яасан та нар, энд юугаа хийж яваа юм, муу гөлөгнүүд минь зодолдчих уу, үзэх үү?” гээд хүрээд ирсэн. Би түүнд хандаж, “би дуудлагын дагуу явж байна, та цаашаа байж бай” гэж хэлэхэд Д.У нь миний зүүн хацар, шанааны хэсэг рүү гараараа цохьсон. Би түүний хоёр гараас нь бариад авахад гараа татаж, миний нүүрний хэсэгт дахин нэг удаа гараараа цохьсон. Тэр үед хамт явсан гэх залуучууд нь бидний дундуур ороод салгасан. Би түүнд, “Та хууль ёсны шаардлага биелүүл, цагдаагийн алба хаагчийн биед халдаж болохгүй” гэж хэлэхэд Д.У нь намайг зодох гээд над руу дайраад би барьцалдахад миний баруун талын хацар, шанааны хэсэг рүү гараараа цохьсон. Түүний улмаас миний малгай газар унасан. А.А нь хажууд салгах гээд оролцож байсан. Д.У тухайн үед “лалрын муу цагдаа нар, үзэх үү, зодолдчих уу, зодолдъё” гэж хэлээд дайрч байсан ...Д.У түүний дараагаар бид нарыг доромжилж, “муу сайн гөлөгнүүд” гээд жижүүрийн албанд ашиглаж буй х улсын дугаартай автомашины зүүн урд талын крыло хэсэгт өшиглөсөн.
Д.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан ба А.А-г зүгээр зогсож байхад нь баруун, зүүн гараараа нүүр рүү нь ээлжилж цохиод газар унагаасан. Би тэр үед Д.У-г холдуулах гээд хойш нь түлхэхэд буцаагаад миний нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохиод унагаасан. ... А.А-г цохихоос өмнө Д.У намайг цохисны дараагаар би цагдаагийн газрын жижүүр рүү ярьж, бусдад зодуулсан талаараа мэдэгдсэн. А.А-г цохисны дараа би гар утсаар бичлэг хийсэн ба намайг Д.У цохиод унагаачихсан. ...Тэр үед цагдаа, зохицуулагч С.Л, сонсогч Б.Ө нар ирсэн. Би бичлэг хийгээд зогсож байхад Д.У миний бөгс рүү нэг удаа өшиглөж, савхин хүрмийн энгэр хэсгээс татаж урсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас);
- хохирогч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.М-ийн хамтаар дуудлагаар, х караокены газрын гадна очиход гадна талын хэсэгт үл таних залуучууд зогсож байсан. Автомашинаас хэсгийн байцаагч Н.М буугаад дуудлага хэн өгсөн талаар асуухад “Их Өргөө” караокены гадна талын хэсгээс хоёр залуу “би дуудлага өгсөн” гэж хэлсэн. Тэгтэл хүмүүсийн дуу чангараад би автомашинаас буухад автомашины урд талын хэсэгт Д.У нь Н.М-ийн нүүр рүү цохиж байсан. Би Ж.А гэх хүнтэй хамт зогсож байхад Д.У нь миний элэг, цээжний хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон.
Н.М ах дундуур орж салгаад, “та автомашинд суучих” гэхэд түүний нүүр рүү цохьсон. Д.У-тай хамт явсан гэх залуучууд тэднийг салгасан. Бичлэг хийж байхад Д.У гэгч нь намайг хоёр удаа баруун зүүн гараараа нүүр рүү цохиход би унасан. Би босоод ирэхэд Д.У-тай хамт явсан гэх залуу намайг түлхэж холдуулсан ба Н.М түлхэхэд Д.У нь гараараа цохиж түүнийг унагаасан. Д.У-тай хамт явсан хүмүүсийг бид нар салгасны дараа Д.У нь намайг албаны автомашины урд талын хэсэгт дарж байгаад нүүр рүү гарын алга хэсгээр алгадаж цохиход Н.М дундуур орж салгасан. Тэр үед цагдаа зохицуулагч С.Л, сонсогч Б.Ө нар ирсэн. Бичлэг хийгээд зогсож байхад Д.У нь Н.М-г нэг удаа өшиглөж, савхин куртканы энгэрийн хэсгээс татаж урсан. ...Бид нарыг зодох үедээ Д.У “чи юу юм, намайг авч явж чадах юм уу, ална шүү” гэж дайрч давшлаад “пизда, гөлөг” гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. ...машины зүүн талын толь хэсэг рүү өшиглөж, толь хойш хагас эвхэгдсэн. Мөн зүүн урд талын крыло хэсэгт өшиглөсний улмаас хонхойсон. ...миний толгой өвдөж, нүүр халуу дүүгээд байна, миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон, элэг, цээжний хэсэг рүү удаа гараараа цохьсон. ...би албан үүргээ биелүүлж явахад ямар ч шалтгаангүйгээр миний болон хамт явсан алба хаагчийн биед халдаж зодсонд гомдолтой байна. Би сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудас);
- гэрч З.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...улаан цоохор өнгийн шоотой цамцтай, бүдүүн залуу дуудлагаар ирсэн 2 цагдааг үгийн зөрүүгүй хэл амаар доромжилж, нүүр рүү нь гараараа цохиж, хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө хэд хэдэн удаа цохьсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас);
- гэрч Ж.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...улаан цоохор өнгийн шоотой цамцтай залуу цагдаагийн хоёр алба хаагчийг хэл амаар доромжилж, цохиж, зодож байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас);
- гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.У гэх залуу хоёр цагдаагийн алба хаагч руу уурлаж, дарж унагаад цохиод байсан. Мөн цагдаагийн машиныг хөлөөрөө жийж өшиглөсөн. ...Д.У гартаа ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл бариагүй бөгөөд гар болон хөлөөрөө хэд хэдэн удаа хоёр цагдаагийн алба хаагчийг цохиж зодсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас);
- гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цагдаа ирсний дараа Д.У, цагдаагийн алба хаагч нартай маргалдаж зууралдсан. Би дундуур нь ороод салгах гэхэд Д.У дийлдэхгүй байхаар нь зайгаа аваад холдчихсон. Д.У дуудлагаар ирсэн хоёр цагдаагийн алба хаагчийг цохиод унагаасан уу, түлхээд унагаасан уу, ямартаа ч цагдаагийн алба хаагч нар газар унаж байхыг би харсан. Х.Г, Ө.Ш нар салгах гээд дундуур нь ороод байсан. Би Д.У-д ганц, хоёр удаа “болиоч” гэж хэлсэн.
Цагдаагийн хоёр алба хаагч ирээд Д.У-д шаардлага тавиад авч явах гэхэд Д.У зөвшөөрөөгүй, эсэргүүцээд цагдаагийн алба хаагч нарыг цохиж, түүнээс болоод цагдаа нар болон Д.У нар хоорондоо маргалдсан, Д.У нь миний харснаар нэг удаа цагдаагийн автомашины зүүн урд талын хэсэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас);
- гэрч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар хоорондоо ярилцаад, уучлалт гуйгаад караокеноос гараад тамхи татчихаад автомашинд сууж байхад 2 цагдаагийн алба хаагч ирсэн. Нэг нь Н.М гэх цагдаа, түүнтэй хамт намхан бор цагдаа ирсэн. Би цагдаад “энэ залуу дуудлага өгсөн, текний охин цагдаа дуудчихсан байна, бид учраа олчихлоо” гэж хэлээд зогсож байхад Д.У ах уурлангуй “яасан, юу болсон” юм гээд асуусан. Цагдаагийн алба хаагч дуудлагын дагуу явж байна гэж хэлсэн. Би Н.М цагдаатай ярилцаад зогсож байхад Д.У ах цагдаатай барьцалдаад, маргалдаад эхэлсэн. Би дундуур нь ороод салгахад Д.У ах уурлаад миний нүүр хэсэгт нэг удаа цохьсон. Д.У ах дахиад цагдаагийн алба хаагч нартай маргалдаад тэднийг цохиж унагаасан. Н.М ах тухайн үедээ “чи цагдаагийн албаны автомашинд гэмтэл учруулсан байна гээд ярьж байсан. ...Н.М нь мөн “чи миний куртик урсан” гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас);
- гэрч Ө.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар караокеноос гарсны дараа Д.У эхлээд ирсэн цагдаагийн алба хаагчтай маргалдаж байсан би дундуур нь ороод салгах гэж ороод салгаж чадсан эсэхээ мэдэхгүй байна. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, их согтсон байсан учраас болсон үйл явдлыг сайн санахгүй, зарим хэсгийг нь санаад байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас);
- гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зодуулчихсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөрөө ч тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учраас нэлээн согтсон байсан юм. Хамт явсан Ц.О намайг гараад яах юм бэ? цагдаа нар ирэхээр гаръя гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар автомашинтай ирэхээр нь гарахад Н.М цагдаа, дэд ахлагч цолтой цагдаатай хамт ирсэн. “Дуудлага хэн өгсөн бэ?” гэхээр нь “би байна, эд нар намайг бүлэглэж зодлоо” гэж хэлсэн. Тэгтэл Д.У нь Н.М-г алгадаж, зодсон. Хамт явсан дэд ахлагч цагдааг гараараа цохьсон. Д.У-тай хамт явсан залуучууд над руу дайраад байхаар нь би зайгаа аваад холдоод зогсчихсон. Д.У цагдаагийн албаны автомашиныг өшиглөж, цохиод цагдаа нар руу дайраад зодоод байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас);
- хохирогч Н.М-ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 428 дугаартай “...Үзүүлэгч Н.М-ийн биед үзлэг хийх үед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас);
- хохирогч А.А-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 433 дугаартай “...Үзүүлэгч А.А-ын биед үзлэг хийх үед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас);
- Увс аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийн х загварын, х улсын дугаартай автомашинд хийсэн техникийн шинжилгээний 24/24 дугаартай “...х загварын х улсын дугаартай автомашинд үзлэг шалгалт хийж, уг автомашинд үүссэн эвдрэл гэмтлүүдийг тогтоов. Үүнд:
Уг автомашины зүүн гар талын урд хаалганы дээд хэсэгтээ өргөн нь 3.5 см, урт нь: 6 см, гүн нь: З мм, мөн хаалганы дундах гадаргууд өргөн нь 3.5 см, урт нь 3.5 см, гүн нь: 2 мм-ийн хэмжээс бүхий хоёр хэсэг гадаргуу дотогш хонхойсон, тус автомашины зүүн гар талын урд крыло урд хэсгээрээ өргөн нь: 6.5 см, урт нь: 9 см, гүн нь: 4 мм, мөн гадаргуун хойд хэсгээр өргөн нь: 14 см, урт нь: 32 см, гүн нь: 6 мм-ийн хэмжээс бүхий гадна гадаргуун тус тус дотогш хонхойсон эвдрэл гэмтлүүд үүссэн байв. Зүүн гар талын урд крыло урд хэсгээрээ өргөн нь: 6.5 см, урт нь: 9 см, гүн нь: 4 мм үүссэн гэмтэл нь өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Бусад гэмтлүүд шинэ үүссэн гэмтлүүд байна. ...Уг автомашинд үүссэн эвдрэл гэмтлийг сэргээн засварлаж зам тээврийн хөдөлгөөнд оролцуулах нь зүйтэй гэж дүгнэлээ” гэх дүгнэлт, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 150-157 дугаар хуудас),
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас);
- х караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас);
- х караокены хяналтын камерын дүрс бичлэг хадгалах төхөөрөмжөөс хуулбарлан авсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас);
- Увс аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийн х загварын, х улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас);
- хохирогч А.А-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас);
- шүүгдэгч Д.У-н согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас);
- хохирогч А.А, Н.М нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас);
- хохирогч А.А, Н.М нарын тус өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах томилгоо, ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 53-68 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхитэй үйлдэл байхыг шаардах бөгөөд энэ гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга байгууламжид халдаж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т зааснаар зүйлчлэхээр хуульчилсан.
“Албаны үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тайлбарласан байна.
Хавтаст хэргийн 56-68 дугаар талд авагдсан, Увс аймгийн Цагдаагийн газрын даргын Б/52 дугаар тушаал, Н.М, А.А-ын албаны үнэмлэх, албан тушаалын тодорхойлолтоор Н.М нь Увс аймгийн Цагдаагийн газрын х, А.А нь тус газрын х ажилтай болох нь тогтоогдсон ба эдгээр алба хаагчид нь гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд албан үүрэг гүйцэтгэж байсан нь /хх-ийн 53 дугаар тал/ Увс аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх албан хаагч нарыг томилсон шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан, Увс аймгийн Цагдаагийн газрын үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хэргийн 70-71 дүгээр тал/ зэрэг баримтуудаар х улсын дугаартай, х загварын автомашин нь Увс аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийн, албаны үйл ажиллагаанд ашиглагддаг тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон байна.
Цагдаагийн хаагч Н.М, А.А нар 2024 оны 10 дугаар сарын 5-06-нд шилжих шөнө албан үүрэг гүйцэтгэхдээ уг тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байсан ба тухайн цаг үед, шүүгдэгч Д.У нь цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцэн хүч хэрэглэх явцдаа уг тээврийн хэрэгсэлд халдаж, эвдэж гэмтээн, 800.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэргийн баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгчийг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэж үзнэ.
5. Шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
5.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.
5.2. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэг жил, зургаан сарын хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
6. Шүүгдэгч Д.У-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл, түүнчлэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. Шүүгдэгч Д.У-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.У-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ