| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0192/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/199 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ж-д холбогдох эрүүгийн 1838000000249 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Ж.
Шүүгдэгч Н.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвд иргэн Г.С-н нүүрэн тус газар гараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвд иргэн Г.С-н нүүрэн тус газар гараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...би С-г нэг удаа нүүр рүү нь алгадчихсан юм. ...Хүүг маань болихоо мэдэхгүй цохиж зодоод байхаар нь л би алгадчихсан юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай хадам аав Ж, хадам дүү Э, эхнэр Э нар над руу дайрсан. Тэгэхэд манай хадам аав Ж хадам дүү Э хоёрын хэн нь цохисныг мэдэхгүй байна. Миний хамар руу цохисон, тэгэхэд миний хамарнаас цус гоожсон. Тэр үедээ би нэг их тоогоогүй өвдөөд яваад байсан. Тэгж байгаад өвдөөд болохгүй болохоор нь шүүх эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С намайг цохиж зодоод байхаар нь аав боль гээд С-г нэг удаа алгадсан. Алгадахдаа С-н аль хэсэгт алгадсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Хохирогч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай дүү Э С-г нэг ч удаа цохиогүй, манай аав харин С-г нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 224 тоот
1.2. Г.С-н биед хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Г.С-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838000000249 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.Ж нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч Г.С нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Н.Ж-тай хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838000000249 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838000000249 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН