| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0194/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/201 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 1838005260254 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т.
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах “Номин агуулах худалдааны төв”-ийн гадаа талбайд иргэн Г.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах “Номин агуулах худалдааны төв”-ийн гадаа талбайд иргэн Г.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэгэхээр нь тэр залууг боль гэж түлхэж холдуулаад байж байхад тэр залуу миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгэхээр нь би уурандаа зөрүүлээд нэг удаа гараараа цохьсон. Тэгэхэд л тэр залуу газарт унасан” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д-н араас яваад очиход Д “Номин”-гийн урд талд нөгөө хоёр залуугийнхаа А гэх залуутай маргалдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би Д-г салгасан. Д-г салгаад байж байхад А намайг бацаан гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би уурандаа үүрч явсан цүнхээ газарт тавиад А-тай маргалдаж байхад Д болиулсан. Би маргалдаж байгаад болиод газраас цүнхээ аваад А-той уулзъя гэж бодоод очих гэтэл Т гэх залуу намайг А руу явуулахгүй хоолой руу маань түлхээд байсан. Тэгэхээр нь би уурандаа Т-г гараараа нүүр рүү нь чиглүүлээд цохисон. Тэгэхэд Т намайг зөрүүлээд цохисон. Түүнд цохиулаад л би шууд ухаан ороод сэрэхэд эмнэлэг дээр хүргэгдчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд манай найз шивээстэй залуутай маргалдаж байгаад шивээстэй залуу манай найзыг эхэлж цохиход манай найз зөрүүлж цохисон. Тэгээд би сахалтай залуутай маргалдсан. Тэр үед Соната-5 маркийн автомашинаас дөрвөн залуу бууж ирсэн. Дээгүүрээ хувцасгүй залуу надтай ирж уулзаад найзыг маань яаж байна аа гээд манай найзыг цохиж аваад тэгээд бид хоёр явмаар байна гэхэд явуулахгүй гэхээр нь за за цус гарчихсан байна түргэн, цагдаа дуудсан юм уу учраа олъё гэж хэлээд түргэн дуудсан. ...Тэр үед цагдаа ирээд манай найз бид хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Л.Л-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...баар хаах дөхөх үед Д, Э хоёр түрүүлээд гараад явсан. Би тэр хоёрыг гараад явсны дараа удалгүй араас нь гарахад тэр хоёр хоёулаа байхгүй байхаар нь Энхбаярын гар утас руу нь залгаад хаана байгаа юм бэ гэж асуухад Номингийн урд алхаад явж байна хүрээд ир гэж байсан. Тэгэхээр нь би яваад очиход Э, Д хоёр танихгүй залуутай маргалдаж байсан. Намайг яваад очихын хооронд нэг танихгүй залуу Э-н нүүр рүү гараараа цохиод унагаачихсан. Би Э-г уначихаар нь яваад очиход түүнээс нил цус гарчихсан, ухаангүй байдалтай газар хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 336 дугаартай:
1.2. Г.Э-н биед дээд уруулд шарх, 1,0 ширхэг шүдэнд булгаралт, 1,0 ширхэг шүдэнд сулрал, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ.
4. Г.Э-н биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, 2.4.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварын 5% тогтонги байдлаар алдагдана” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838005260254 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Т нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т нь хохирогч Г.Э-тай эвлэрч, эмчилгээний зардалд 160.000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 57 дугаар хуудас/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Т-с 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-т олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838005260254 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838005260254 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Т-с 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН