Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01804

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01804

 

 

 

Э.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02166 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.Ф ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Н-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 109 206 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Улаанбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Оюумаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Ф ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н- нь манайхтай 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 14/14 тоот зээлийн гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүү, сарын 0.6 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Н-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2204002515 дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 28 дугаар гудамжны 341а тоот хаягт байршилтай 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэтгээгүй, байгууллагын зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг амаар болон бичгээр шаардсан боловч зээлдэгч нь удаа дараа хойшлуулах хүсэлт тавьсаар өдийг хүрээд байна. Зээлдэгч Г.Н- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг, хүү 64 480 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 726 000 төгрөг, нийт 109 206 000 төгрөг байгаа тул түүнээс уг төлбөрийг гаргуулж шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Э.Ф ББСБ ХХК-аас зээл аваагүй, зээлийг миний найз Д.Алтанцэцэг авсан бөгөөд улмаар зээлийг төлж дуусгасан гэж хэлсэн. Тус банк бус санхүүгийн байгуулага нь Д.Алтанцэцэгт зээлийг төлж дуусгасан талаар баримт өгсөн. Дээрх зээлийн гэрээг сүүлд хийж гарын үсэг зуруулчихаад зээл авсан гэж зээлийн төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд Э.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28 гудамж, 344А тоот 607 м.кв газрын гэрчилгээг барьцаанаас суллаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Н-ээс 58 256 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 50 950 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Н- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Г.Н-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28 дугаар гудамжны 341-А тоотод орших улсын бүртгэлийн Г-2204002515 дугаартай 607 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон, нэгж талбарын 18646311496601 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 774 180 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Н-ээс 519 430 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Э.Ф ББСБ ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс 39 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин хэрэгсэхгүй болгосон дүнгээс 11 500 000 төгрөгт холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрч байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд бодогдсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийг гэрээ, Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөх үүргийг хүлээдэг. Хугацаа хожимдуулсан нь тухайн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хуульд энэхүү хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй байх нөхцөл, журмыг тогтоож өгөөгүй тул ямар ч тохиолдолд энэ үүргээс чөлөөлөгдөхгүй. Зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж хугацаа хожимдуулсаны улмаас их хэмжээний хүүний төлбөрт орсон бөгөөд үүнд зээлдүүлэгч байгууллагын зүгээс ямар ч буруугүй юм.

 

Шүүхийн зүгээс тухайн зээлийг нэгэнт төлөгдөх нь тодорхойгүй болсон учраас банк бус санхүүгийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх байсан, ийнхүү нэхэмжлэл гаргаад шийдэгдвэл нөгөө талдаа шударга хандаж байгаа хэлбэр бөгөөд давуу байдлаа зүй ёсны болгож байгаа гэж хэлж байгаа нь хэт өрөөсгөл дүгнэлт байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээлдэгчийн хамгийн сүүлийн төлөлтөөс шүүхэд хандах хүртэлх хугацаанд зээл төлүүлэх талаар ажиллагааг хийж байсан бөгөөд зээлдэгч талтай байнга утсаар холбогдож, уулзалт хийж шаардлага тавьж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан зээлдэгч Г.Н- болон түүний эхнэр Л.Алтанцэцэгийн өргөдлүүдээр нотлогдоно.

 

Иймд шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь нэхэмжлэгчийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул шийдвэрийн зарим хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлагаас 39 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 97 706 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа, Г.Улаанбаатар нар давж заалдах гомдолдоо: Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Зээлийг Д.Алтанцэцэг авсан ба зээлийн гэрээнд хүү Н.Жавхлантөгс гарын үсэг зурсан. Г.Н-ийн хувьд нэг ч төгрөг гардаж аваагүй, мөнгийг захиран зарцуулаагүй. Зээлийг төлж дууссан гэж Д.Алтанцэцэг ярьж байсан. Хүү Н.Жавхлантөгс гадаадад явах болоход Э.Ф ББСБ ХХК нь хүүхдийнхээ оронд зээлийн гэрээнд гарын үсэг зур гэж гарын үсэг зуруулсан. Г.Н- нь сүүлд аваагүй мөнгөний гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Зөвхөн Д.Алтанцэцэг мөнгө төлж байхад шүүх энэ нотлох баримтыг яаж үнэлж байгаа нь ойлгомжгүй. Мөн нэхэмжлэгч эхний авсан 100 000 000 төгрөгийг Н.Жавхлантөгс төлөөд дууссан гэсэн мөртлөө Г.Н- үргэлжлүүлэн зээл авсан гэх ба дахин өөр зээл авсан гэх ойлгомжгүй тайлбар гаргаж байхад шүүх Г.Н-ээс 58 256 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн дагуу гарсан шийдвэр биш. Иймд хэргийн хүрээнд нотлох баримтыг нарийвчлан судалж авсан гэх 100 000 000 төгрөгийг Д.Алтанцэцэг 170 000 000 төгрөг төлж зээл дууссан гэж бичиг хийж өгсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Э.Ф ББСБ ХХК нь хариуцагч Г.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 109 206 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ...зээлийг найз Д.Алтанцэцэг авч, улмаар төлөлтийг хийж дуусгасан гэсэн... гэх үндэслэл заан маргажээ.

 

Талууд 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 14/14 дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулж, зээлдэгч Э.Ф ББСБ ХХК нь 100 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Г.Н- гэрээгээр тохирсон хуваарийн дагуу мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэг тус тус хүлээсэн болох нь хэргийн 9 дэх талд авагдсан гэрээгээр нотлогдож байна. Гэрээ байгуулсан үйл баримтад талууд маргаагүй, харин зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитойгоор авсан эсэх асуудлаар маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд талууд гэрээний 3.1.4-т зээлийг бэлэн хэлбэрээр олгохоор тохирсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Улмаар нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох мөнгийг хариуцагч Г.Н-д хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 52 дахь талд авагдсан кассын зарлагын баримтаар нотлогдож байна.

Хариуцагч талын ...зээлээр авсан мөнгөн хөрөнгийг Г.Наранцэцэг ашигласан, буцаан төлөх үүргийг гүйцэтгэж байсан... гэх тайлбар нь гэрч Г.Наранцэцэг, Л.Алтанцэцэг нарын мэдүүлгээр нотлогдож байгаа хэдий ч Э.Ф ББСБ ХХК, Г.Наранцэцэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм. Учир нь дээрх зээлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нар өөрсдөө зээлийн гэрээний агуулгаа тодорхойлон, хүсэл зоригийн үндсэн дээр байгуулж мөнгийг олгосон, мөн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байдаг. Түүнчлэн хариуцагч Г.Н- нь Д.Алтанцэцэгээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж байсан нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасанд нийцэх тул Э.Ф ББСБ ХХК, Г.Н- нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймээс нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээгээр хариуцагч нь үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 18 000 000 төгрөг, нийт 118 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч энэ хугацаанд биелүүлээгүй, харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 4 000 000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 02-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 95 000 000 төгрөг, нийт 114 050 000 төгрөг зээлийн үүрэгт төлсөн болох нь Капитрон банкны орлогын баримтаар нотлогджээ. /хх73-75,77/

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх төлсөн мөнгөнөөс эхлээд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, эцэст нь үндсэн зээлийг суутган тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журамд нийцээгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг зөвтгөн, зээлийн үүргийг тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт харшлахгүй гэж үзлээ.

Хариуцагч Г.Н- нь гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн үүрэгт 114 050 000 төгрөг төлсөн тул түүний хамгийн сүүлийн зээлийн төлөлт хийсэн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр үндсэн зээл 100 000 000 төгрөг төлөх үүрэг биелэгдсэнд тооцохоор байна. Харин хариуцагчийн төлөх зээлийн хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүгийн үүргийг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцвол 61 000 000 /100 000 000 х 3%= 3 000 000 х 20 сар 10 хоног/ төгрөг байх бөгөөд үүнээс дээрх зээлийн үүргийн үлдэгдэл 14 050 000 төгрөгийг хасч, 46 950 000 төгрөгийг хариуцагч Г.Н-ээс гаргуулах нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин хариуцагч тал дээрх өдрөөр үндсэн зээлийн үүргийг төлж дууссан тул түүнээс нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах боломжгүй юм. Учир нь зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүйгээр нэмэгдүүлсэн хүү төлж болохоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заажээ. Хариуцагч тал 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үндсэн зээлийн үүргийг төлсөн тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаагаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардаж буй нь хуулийн үндэслэлгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Талууд зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Г.Н-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгийн 28 дугаар гудамж, 341-А тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204002515 дугаартай, нэгж талбарын 18646311496601 дугаар бүхий 607 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан байна. /хх 13-14 дэх тал/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба энэ талаар маргаангүй.

Анхан шатны шүүх хариуцагчийг шүүхийн шийдвэрээр тогтоосон үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх барьцааны гэрээний дагуу түүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 58 256 000 гэснийг 46 950 000, 50 950 000 гэснийг 62 256 000 гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 519 430 гэснийг 392 700 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 449 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД