| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0193/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/200 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Я.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.С-д холбогдох эрүүгийн 1838003010172 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Я.С.
Шүүгдэгч Я.С нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвд иргэн Ш.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Я.С нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвд иргэн Ш.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Я.С-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Мөнхөөг тийм зан гаргаад байхаар нь би барьж аваад хавсарч унагаагаад унахаар нь нүүр рүү нь гараараа нэг удаа цохичихоод орхиод явсан. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Намайг хавсарч унагаахад Мөнхөө унахдаа нүүрээрээ дэлгүүрийн урд талын цементэн дээр унаад нүүр нь халцарчихсан юм” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн үед Эрдэнэбулган сумын төвд иргэн Я.С намайг зодож биед минь гэмтэл учруулсан. Тухайн үед би согтуу байсан. Манай гэрийн гадаа Эрдэнэдаваа бид хоёр архи уусан. Тухайн үед С-той хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Намайг зодож байхад Э, С нар байсан. Маргааш нь С-с асуухад та өөрөө эхэлж яв гэж хэлсэн гэж байсан өөр юм яриагүй. Би С гэх залуугаас унаа эмчилгээний зардалд нийт 300.000 төгрөг авч гомдол саналгүй болж эвлэрлийн гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай нөхөр М 2018 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 45 минутын орчимд гэртээ Э-н хамт ирсэн. М их уусан байсан ухаан санаа нь орон гаран байсан. М гэртээ орж ирэхдээ баруун талын нүд нь хавдсан, баруун талын шанаа халцарсан, доод уруул нь бага зэрэг сэтэрсэн, дээд уруул нь хавдсан байсан. Хүнд зодуулсан гэж яриагүй толгой өвдөөд байна гэж байгаад унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч У.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний орой 21 цаг өнгөрч байхад М бид хоёр дэлгүүр орж 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад гарч ирчихээд би дахин дэлгүүр рүү орж юм аваад гарч ирэхэд М-г С гэдэг залуу газар унагаачихсан дэвсэж байсан. Тэгтэл С гэх залуу ирээд тэр хоёрыг салгаад М бид хоёрыг М-нд аваачиж өгсөн. Би М-г гэрт нь оруулж өгчихөөд гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Г.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад гэртээ байхад дүү Б манай гэрт орж ирээд М ахыг хойно хүн зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад “Их-Ундарга” гэх дэлгүүрийн гадна очиход Э ах суучихсан, М ах хэвтчихсэн байж байсан. Тэгээд Э ахыг М ахыг босгоод миний араар суулга би хүргээд өгье гээд М ахыг мотоциклийн араар суулгаж байтал С ирсэн. Тэгтэл С-г М ах чи цаашаа бол гээд хэлэхэд чи юу яриад байгаа юм бэ гээд цохиж аваад мотоциклиос чирж буулгаад толгой дээрээс нь дэвссэн. Тэгэхээр нь би С-г боль гээд өөрийнхөө гэр рүү авч яваад аавынд аваачиж өгчихөөд эргээд М ахын байсан газар очиход хүн байхгүй байсан. Тэгэхээр нь С-г гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд би харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Болороогийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 190 тоот
1. Ш.М-н биед дух, баруун хацарт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, доод уруул язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838003010172 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Я.С нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.С нь хохирогч Ш.М-той эвлэрч 300.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 36-37 дугаар хуудас/, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 38 дугаар хуудас/, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838003010172 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.С-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Я.С нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838003010172 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН