| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/10490/И |
| Дугаар | 191/ШШ2025/11230 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11230
2025 12 01 191/ШШ2025/11230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, *******ын *******ы /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, хороо, хороолол, байр, тоот хаягт оршин суух, гийн *******т /РД: / холбогдох
31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Гэрч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.******* нь 2000 оноос 22 худалдааны төвд зогсоол түрээслэн Япон улсаас авто машин оруулан ирж худалдан борлуулах ажлыг эрхэлж байна. 2022 оны 07 сарын 09-ний өдөр Ш.*******ы 10 жилийн ангийн найз Э.******* нь авто машин хэрэгтэй байна гэхээр нь түүнд 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2022 оны 06 сард Монгол улсын хилээр орж ирсэн, гаалийн бичигтэй, тоёота приус 41 маркийн авто машиныг 31,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон.
Машиныг Э.*******ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Машины мөнгийг удахгүй өгнө гэсэн. Утсаар ярихаар хэд хоног хүлээчих гэдэг мөртлөө нэг ч төгрөг өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Ш.******* ангийн найз Э.*******т итгэн машинаа түүнд зээлээр худалдсан.
Арга буюу 2024 оны 04 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандахад Э.******* 2024 оны 04 сарын 30-ны өдөр авто машиныг цааш нь зарсан, одоогоор орлогогүй гэх тайлбарыг, 2024 оны 05 сарын 06-ны өдөр би одоогоор орлогогүй байна, 31,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Өр төлбөртөө газар шилжүүлж өгье гэсэн бөгөөд ингээд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа дуусгавар болсон.
Ингээд Э.*******т холбогдуулан 2024 оны 07 сард Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар түүнийг нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.*******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан ба мөн шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгасан.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2-р хэлтсийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 30ж3-2/6568 тоот албан бичгээр Э.*******ийг Баянзүрх дүүрэг, хороо, хороолол, байрны тоот хаягт оршин сууж байгааг мэдэгдсэнээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Э.*******ээс 31,000,000 төгрөгийг гаргуулж Ш.*******д олгож өгнө үү гэв.
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд Ш.*******ы гаргасан тоёота приус 41 маркийн машины мөнгө болох 31,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Э.******* миний бие 2022 оны 07 сарын 09-ний өдөр ангийн найз Ш.*******той утсаар ярьж манай байрны С. гэдэг хүн машин авах гэсэн юм, баярын дараа мөнгө нь орж ирнэ, чамд машин байна уу гэхэд байгаа гэсэн. Найз нь Да Хүрээ зах дээр алга байна. чи өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад мөнгө орж ирэхээр тэр хүн рүүгээ нэрийг нь шилжүүлчих, зах дээр хуурай дүү маань зогсож байгаа гэсэн.
Хуурай дүүтэй нь холбогдож машиныг миний н нэр рүү шилжүүлж, С. машиныг авч явсан. Үүнээс хойш сар хүрэхгүй хугацаанд С. нь машины мөнгийг Ш.*******ы эхнэр Х.гаас мөнгө зээлж авахаар болсон гэсэн бөгөөд Х. нь машины мөнгийг нөхөр Ш.*******д би шилжүүлчихнэ гээд 2022 оны 08 сарын 04, 05-ны үед хэлсэн.
Машины мөнгийг Ш.******* авсан учир С.аас машины мөнгийг нэхэхээ больсон. Улмаар С. нь одоо тэр машин Х.гийн мэдлийн машин болсон учир Х. бид хоёрт ярьсан, тохиросн зүйл байгаа, чамд хамаагүй гэх болсон.
Ингээд машиныг бартерт өгч том машин болгоод уурхай явах хэрэгтэй байна, наад машины бичиг баримтыг шилжүүлж өг гэдэг болсон. Манай хятадууд ороод ирсэн, уурхай явж ажлаа эхлүүлж байж мөнгөтэй болох гээд байгаа. Х.гаас машин бартерт явуулах зөвшөөрөл авчихсан гэхээр нь Х.гаас асуухад хурдан мөнгөө олж авмаар байна, уурхайгаа эхлүүлчихвэл мөнгө нь орж ирэх юм байна, гэрчилгээгээ шилжүүлчих гэж зөвшөөрсөн учраас машиныг бичиг баримтыг С.ын хамт ирсэн хүнтэй нотариат дээр уулзаж, шилжүүлж өгсөн.
С., Х. нар хоорондоо юу гэж ярьж тохирсныг би мэдэхгүй. Гэтэл 2023 оны 04 сарын сүүлээр Х. гэрт ирж С.аас мөнгөө авч чадахгүй байна, цагдаад өргөдөл гаргаж мөнгөө олж авмаар байна гэж удаа дараа шахаж шаардсан бөгөөд Х.г чи өөрөө цагдаад өг гэхээр машины бичиг баримт чиний нэр дээр байсан, мөн чи С.аас зөндөө авлагатай биз дээ гэж шахсаар байгаад надаар цагдаад өргөдөл өгүүлсэн.
Одоо Баянзүрх дүүргийн 3-р хэлтэс дээр С.тай холбогдох хавтаст хэрэгт нээгдээд мөрдөгч н.Суманхүү дээр шалгагдаж байгаа болно.
Нэхэмжлэлд дурдсанаар машины төлбөрт газар шилжүүлж өгье гэж миний бие яриагүй бөгөөд энэхүү асуудал нь Баянзүрх дүүргийн 11-р хороонд 360м2, 410м2 тус бүр 2 айлын газар эзэмших гэрчилгээтэй байсан.
Тухайн үед Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжаар цуцлагдах гээд байсан учир Х., Ш.******* хоёрт Баянзүрх дүүргийн засаг дарга Х.гийн ангийн хүүхэд биз дээ, миний энэ газрыг цуцлагдахгүй байх талаар хөөцөлдөөд өгөөч, тэгвэл 1 газрыг нь та 2 ав гэж хэлж байсныг машины өр төлбөрт төлье гэж хэлсэн мэт болгож мөн анхнаасаа миний бие төлж чадахгүй гэж хэлээгүй байхад хэлсэн мэтээр шүүхийн нэхэмжлэл болон эвлэрүүлэн зуучлах тэмдэглэлд гуйвуулан бичсэн байна.
Мөн Х., Ш.******* хоёр нь миний амьдардаг байрыг мэддэг, манайхаар байнга ирж очдог найзууд байсан. Х. манай хажуу байранд хураасан барилгын материалаа ирж авахад тааралдаад шүүхэд өгсөн талаар огт дурсаагүй. Намайг хаана амьдардагыг маш сайн мэддэг хэрнээ шүүхээр эрэн сурвалжлуулах захирамж гаргуулан оргон зайлсан залилагч мэт харагдуулахаар цагдаагаар хайлгуулан эрэн сурвалжлуулж миний нэр төр, алдар нэрийг санаатайгаар гутаан доромжилсонд гомдолтой байна.
Иймд миний бие Ш.*******оос машин худалдан авч хохироосон асуудал байхгүй, С. хариуцагч учир миний нэр дээр ирсэн уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.******* нь миний ээж. Авто машиныг С. авсан гэдгээ тайлбарлаж байх тул машины мөнгийг түүнээс авах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Э.*******ийн хаягийн талаарх Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн тодорхойлолт,
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай 2024 оны 06 сарын 24-ний өдрийн тэмдэглэл /Ш.*******ы Э.*******т холбогдуулан гаргасан 31,000,000 төгрөг гаргуулах өргөдөлтэй холбоотой/,
Ш.******* нь Хаан банк дахь тоот дансны хуулга, Х.гийн Хаан банк дахь тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Э.******* нь иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбараа баримтаар ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс ZVW 41-3328393 арлын дугаартай, УАТ улсын дугаартай, тоёота приус 41 маркийн авто машины тээврийн хэрэгслийн лавлагааг,
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 3-р хэлтсээс С.д холбогдох хэрэг бүртгэлтийн 230602678 дугаартай хэргээс С.ын мэдүүлгүүдийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Авто тээврийн үндэсний төв 2025 оны 02 сарын 12-ны өдөр, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 3-р хэлтэс 2025 оны 04 сарын 25-ны өдөр баримтуудыг ирүүлжээ.
Тус шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/12230 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Э.*******ийн хүсэлтээр С.аас,
2025 оны 05 сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/22211 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ийн хүсэлтээр Х.гаас гэрчийн мэдүүлэг тус тус авахаар шийдвэрлэсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.******* нь Гаалийн бичигтэй тоёота приус 41 маркийн авто машиныг Э.*******т 2022 оны 07 сард 31,000,000 төгрөгөөр худалдсан тул мөнгөө авна,
Хариуцагч Э.******* Тухайн авто машиныг С. авсан учир би хариуцагч биш гэж тус тус тайлбарлаж байна.
Ш.******* нь Э.*******т холбогдуулан 31,000,000 төгрөг гаргуулах тухай өргөдлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2024 оны 04 сарын 22-ны өдөр гаргасан ба уг ажиллагааны явцад эвлэрэлд уригдсан тал Э.******* 2024 оны 04 сарын 30-ны өдөр Би өөрөө тэр машиныг аваагүй. Нэр дээрээ шилжүүлээд цааш өөр хүнд өгсөн. Надаас машин шилжүүлж авсан хүн мөнгөө өгөхгүй байгаа. ...,
2024 оны 05 сарын 06-ны өдөр Хүүхэд маань сэтгэц мэдрэлийн эмнэлэгт өвчтэй хэвтсэн тул өргөдөлтэй очиж танилцах ямар ч боломж алга. Өргөдөл гаргагчид өр төлбөртөө газар шилжүүлж өгье гэхээр үгүй гээд байгаа. Одоогоор би ямар ч орлогогүй тул нэхэмжилсэн 31,000,000 төгрөгийг төлөх боломжгүй байна гэх хариуг өгч байжээ.
Эвлэрүүлэн зуучлагч нь уригдсан тал болох Э.*******ийн 99090976 дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа аваагүй, холбогдох боломжгүй байх тул Баянзүрх дүүрэг, хороо, хороолол, байр, тоот хаягаар Э.*******т мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн хорооны засаг даргын тодорхойлолт ирүүлсэн тул 2024 оны 06 сарын 24-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
Гэрч Х. 2025 оны 05 сарын 23-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
Ш.******* нь миний нөхөр. Бид Э.*******тэй найзууд. 2022 оны 07 сарын 09-ний өдөр н.******* ланд 200 машин авах гээд найзтайгаа явж байна. Ланд 200 машинаа авч амжихааргүй боллоо. Чамд зарах машин байна уу гэсэн байсан.
Манай нөхөр приус 41 машин Да Хүрээ зах дээр байгаа. Миний машиныг зарж байгаа хүн байгаа. Тэр хүнээс нэр шилжүүлээд авчих гээд нэрээ шилжүүлээд авсан юм байна лээ. Тэд найзууд учраас итгээд утсаар яриад өгсөн.
Манай нөхөр танихгүй хүнд нэр шилжүүлэхгүй учраас н.******* өөрөө хариуцна гээд өөрийн нэр дээр авсан.
2022 оны 07 сарын 20 гараад 08 сарын 01-ний өдрөөс өмнө манай нөхөр дараагийн машинаа авах гээд мөнгөө нэхэж байна гэхэд н.******* С.тай Хэнтий аймагт байна. Бид хамт явж байна. Хот ороод мөнгө өгнө гэж хэлсэн.
н.*******ээс мөнгөө нэхэж байсан. 2023 оны 01 сард н.*******т хандан машины мөнгө өгөхгүй байгаа бол машинаа авья найзаа гэхэд өөр хүнд зарсан гэсэн. Машиныг өөр хүнд шилжүүлснийг тухайн үед нь мэдээгүй нилээн сүүлд мэдсэн.
Би зөвшөөрөл өгөх боломжгүй. 2022 оны 07 сарын сүүлээр манай нөхөр н.*******ийн утас холбогдохгүй байна. Чи н.*******тэй холбогдсон уу гэж надаас асуусан. Тэр үед н.*******ийн утас холбогдохгүй байж байгаад холбогдсон. Тэр үед гааль, татвараа чи аргалж байгаач, нөхөртөө түр өгч байгаач гэхээр нь би хүүхдийнхээ хадгаламжаас мөнгө аваад нөхөртөө мөнгө өгсөн. Үүнийг н.******* н.д өгсөн гэж ярьдаг. Би н.ыг огт хараагүй, танихгүй. н.д би мөнгө өгөөд тэр мөнгийг н. манай нөхөрт өгсөн зүйл байхгүй.
н.******* мөнгийг 1 хоногийн дараа миний данс руу буцааж өгсөн.
н.тай нэлээдгүй олон удаа утсаар ярьсан. Учир нь манай 2005 онд төрсөн хүүхэд 2 жилийн өмнө Япон явах гээд н.*******ийн өгсөн н.ын дугаараар залгахаар хааяа нэг утсаа авдаг. Мөнгө өгнө л гэдэг хариу хэлдэг байсан. Утсаар ярихаар янз бүрийн зүйл хэлдэг /Идэш өгнө/. Тэр нь бүгд худал. н.тай утсаар ярьсан болохоос танихгүй. Нэг удаа н.******* намайг дагуулж гэрт нь орсон.
н.******* 07 сарын 09-ний өдөр машинаа авчихаад тухайн өдрийн орой манайд ирээд найз нь танай нөхрөөс машин авчихлаа. Найзтайгаа нийлээд бизнес хийх гэж байгаа л гэж ярьсан. Би тэр талаар хуулгаа гаргаад өгч болно.
Гэхдээ н.******* машинтай холбоогүй түр н.ын данс руу мөнгө хийгээд өг гээд тэр мөнгийг нь хийсэн. Тэр мөнгийг н.******* надад буцаагаад өгсөн. Энэ асуудал 07 сард болсон асуудал бөгөөд энэ мөнгийг машинтай холбож болохгүй. н.******* бид хоёрын хооронд машинаас өөр мөнгө төгрөгний асуудал байхгүй.
н.******* өөрөө хариуцна гэж машиныг авчихаад бид 2022 оны 07 сараас хойш мөнгөө нэхээд байхад өгөхгүй байж байгаад бидэнд хэлэхгүй машиныг зарсан. Гэхдээ машиныг хэн гэж хүнд зарснаа ч хэлээгүй зарсан хэрнээ хариуцахгүй гэж байгаа нь шударга бус байна.
Манай нөхөр зах зээлийн үнээрээ машины үнийг 31,000,000 төгрөг гэсэн. гэжээ.
/ХХ-ийн 111-115 дугаар тал/
Гэрч С. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
Тоёота приус 41 маркийн авто машины 31,000,000 төгрөгийг би өгөх ёстой. Э.******* нь 2022 оны 07 сарын 08-ны өдөр найз Ш.*******, Х. нараас зээлж авч өгсөн.
Би тухайн машиныг 2022 оны 07 сараас хойш нилээн хэдэн сар унаад зарсан. Э.******* тухайн авто машиныг машины ченжид өгөөд зарсан. 31,000,000 төгрөгийг төлнө.
Э.******* намайг цагдаад өөрийг нь залилсан гээд гомдол гаргасан. Уг хэрэг шалгагдаж дуусаагүй гэжээ.
/ХХ-ийн 58-63 дугаар тал/
арлын дугаартай, тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл 2022 оны 06 сарын 22-ны өдөр Монгол улсад импортлогдсон бөгөөд уг тээврийн хэрэгсэл 2022 оны 07 сарын 08-ны өдөр Э.*******ийн эзэмшилд 21-22 УАТ улсын дугаар олгогдон бүртгэгдсэн ба тэрээр уг авто машиныг 2022 оны 10 сарын 19-ний өдөр иргэн од шилжүүлсэн,
Иргэн ийн 2022 оны 11 сарын 28-ны өдөр Батчулуун Баатархүүгийн эзэмшилд тус тус шилжүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн лавлагаагаар тогтоогдлоо.
Мөн уг тээврийн хэрэгсэл 2022 оны 06 сарын 22-ны өдөр Монгол улсад импортлогдсон нь Smartcar.mn тээврийн хэрэгслийн цахим нэг цонх мэдээллийн сан дахь мэдээлэлд тусгагдсан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
/ХХ-ийн 35-37 дугаар тал/
Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Ш.*******ы эхнэр Х.гийн Хаан банк дахь тоот дансанд 2022 оны 07 сарын 09-ний өдөр 12:17 цагт 3,000,000 төгрөг, 12: цагт 3,000,000 төгрөгийг тус тус Энхээгээс д гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн нь тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийн төлбөртэй хамааралгүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон болно.
/ХХ-ийн 106 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Дээр дурдсан байдлуудаас дүгнэж үзэхэд хариуцагч Э.******* нь 2022 оны 07 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ш.*******оос гаалийн бичиг бүхий улсын дугаар аваагүй, 31,000,000 төгрөгийн үнэ бүхий тоёота приус 41 маркийн авто машиныг зээлээр худалдан авч, тухайн өдрөө уг авто машинд улсын дугаар авч өөрийн эзэмшил, өмчлөлд бүртгүүлсэн нь болох нь тогтоогдлоо.
Тэрээр УАТ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг 2022 оны 10 сарын 19-ний өдөр бусдад худалдсан Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон ба худалдан авагч Э.******* өөрийн худалдан авсан авто машины төлбөрийг худалдагч Ш.*******д төлөх үүрэгтэй.
Хариуцагч Э.******* нь өөрийн худалдан авсан авто машины эзэмшил ашиглалтыг найз гэх С.д шилжүүлсэн нь түүнийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Э.*******ээс 31,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Э.******* өөрт хохирол учирсан гэж үзвэл С.аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Э.*******ээс 31,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 312,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН