Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01554

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01554

 

 

 

А.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01366 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.А хариуцагч Б Х З хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, Монгол банкин дахь А ХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 21 279 750 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Амартүвшин миний бие 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Анод банкны 1 дүгээр төвөөс эрхийн улсын бүртгэлийн 22010125408, 2201012721 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2 дугаар гудамж, 9 тоот хашаа байшин, найман нэрийн дэлгүүрийг барьцаалан 12 000 000 төгрөг зээлдэн авсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 602 дугаар шийдвэрээр надаас 15 169 200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах хэсэгт шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 012 дугаартай акт үйлдэж хөрөнгийг хураан авч битүүмжилсэн. Анод банкнаас танай хашаа байшинг 4 500 000 төгрөгөөр худалдан борлуулах гэж байна гэхээр нь би хямд зарах гэж байгаа бол би өөрөө худалдаж авъя гэж удаа дараа хэлэхэд таньд зарахгүй өөр хүнд зарна гэж хэлээд худалдсан гэсэн. Үүнээс хойш дахиж шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Анод банкнаас надтай холбогдоогүй. Бүх өрийг уг үл хөдлөх хөрөнгөөрөө төлчихсөн гэж бодож байсан. Гэтэл 13 жилийн дараа буюу 2018 онд над руу шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас залгаад та Анод банкинд 10 969 200 төгрөгийн өр төлбөртэй байна гээд миний дансыг битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нэхэмжлэгчийн хөрөнгийг хураан авсан 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн актаа хөндлөнгийн гэрч байлцуулаагүй, хууль зөрчсөн ажиллагаа болсон гээд 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүчингүй болгосон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг дэлгүүр, хашаа байшингийн одоогийн өмчлөгч болох Д.Дондовдоржтой хэд хэдэн удаа уулзаж, шүүхэд гэрчээр асуусан. Тэрээр үл хөдлөх эд хөрөнгийг А.Амартүвшингээс худалдаж аваагүй, Анод банкнаас худалдаж авсан. Гэхдээ хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна. Тухайн үед Анод банкинд төлбөрийг 2 хувааж төлсөн гэж мэдүүлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, 64, 66 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураадаг. Үүний дараа 3 хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, захиран зарцуулах эрхийг хязгаарлахаар заасан. Дараа нь 1 сарын дотор төлбөрөө сайн дураар төлөхийг мэдэгдэж, төлөөгүй бол тухайн хөрөнгөд үнэлгээ хийлгэх, албадан дуудлага худалдаанд оруулах, дуудлага худалдаагаар хөрөнгийг худалдан борлуулж төлбөр барагдуулах ажиллагааг гүйцэтгэдэг. Мөн тухайн үеийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар Шийдвэр гүйцэтгэлийн гэрээг төлбөр авагчтай заавал байгуулдаг байсан. Үүний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Анод банк хөндлөнгөөс оролцохгүй байх, мөн гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл энэ үүргүүдээ биелүүлээгүй. Хөрөнгийг битүүмжилж, хураасан атлаа Улсын бүртгэлд захиран зарцуулах эрхийг хязгаарласан бичгийг хүргүүлээгүй, үнэлгээ хийх, дуудлага худалдаанд оруулах ажиллагааг гүйцэтгээгүй. Хэрэв шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн үед хуульд заасан ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид хохирол учрахгүй байсан. Мөн хэрэгт авагдсан баримтаар Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч буюу төлбөр авагч татан буугдаж байхгүй болсон байхад төлбөр гаргуулахаар ажиллагааг явуулсаар байна. Иймд нэхэмжлэгчийн өмчилж байсан хоёр үл хөдлөх хөрөнгийг анх үнэлж улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан үнээр хохирлоо тооцон 21 060 000 төгрөг, мөн татварын буцаалт олголтоор нэхэмжлэгчийн дансанд орсон байсан ч битүүмжилж төлбөрт авсан 237 750 төгрөг, нийт 21 279 750 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 603 дугаар шийдвэрээр А.Амартүвшингээс 15 169 200 төгрөг гаргуулан Анод банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилогдсон Хадгаламж, Зоос, Анод банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгийг Нийслэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах харьяалалыг тус албанд тогтоосны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраac дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч А.А хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2-09 тоот хашаа байшинд шийдвэр гүйцэтгэх ажиллагaa явуулахад уг хаяганд оршин суугч Д.Дондовдоржийн эхнэр Н.Өлзийсайхан хашаа байшинг банкинд барьцаалаад хураагдах гэж байхад нь 2007 онд А.Амартүвшингээс худалдаж авсан талаар тайлбар өгсөн. Мөн төлбөр төлөгч А.Амартүвшин барьцаа хөрөнгийг 2007 онд иргэн Д.Дондовдоржтой худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж, төлбөрөөс 4 500 000 төгрөгийг тушааж үлдэгдэл 10 969 200 төгрөг байгаа талаар төлбөр авагч Анод банкны албан тоотоор тогтоогдож байна. Мөн төлбөр төлөгч А.Амартүвшинтэй уулзсан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд А.Амартүвшин төлбөрөөс 4 500 000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй талаар тайлбар байна. 2005 онд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулснаас хойш 2007 онд хөрөнгө Д.Дондовдоржид шилжих хүртэлх хугацаанд ямар нэг ажиллагаа хийгдээгүй байдаг. 2013 онд хөрөнгө хураасан тогтоолыг манай байгууллага хүчингүй болгосон гэдэгт маргахгүй. Гэхдээ хөрөнгийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гадуур өөрсдөө худалдан борлуулж төлбөртөө тохиролцон тооцсон байдаг тул манай байгууллагад хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.      

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлгүй тул Б Х З хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдох гэм хорын хохиролд 21 279 750 төгрөг гаргуулах  нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 348 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунсайханы давж заалдах гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч А.Амартүвшин нь 2003 онд А ХК-аас 15 169 200 төгрөг зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн хоёр үл хөдпөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлээ төлж чадаагүйн улмаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгчийн эд хөрөнгийг 2005 оны 12 сарын 07-ны өдөр 012 дугаартай акт үйлдэж хураан авч битүүмжилсэн. А.Амартүвшин нь өөрийн хөрөнгөөрөө үүргийг гүйцэтгэсэн гэж гэж бодоод гадаад улс руу явсан. Гэтэл эх орондоо 2013 онд ирэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгчийг Анод банкинд 10 969 200 төгрөгийн өртэй талаар сануулж, банкны данс болон гадагш явах эрхийг хязгаарласан. А.А гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан хоёр хариуцагчид хоёуланд нь холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн ч хариуцагч А ХК-тай холбоотой ямар ч ажиллагаа шүүхээс хийгдээгүй, ганц хариуцагчтай мэт ажиллагаа явагдсаар байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, холбогдох хуулиудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ХК нь хуулийн этгээдийн хувьд татан буугдсан талаар Монгол банкны лавлагаа ирсэн. Үүний дагуу шүүгч иргэний хэрэг үүсгэсэн захирамждаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу өөрчлөлт оруулах байсан ч шүүх уг ажиллагааг хийгээгүй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Үүний улмаас шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн үйлдэл эс үйлдэхүйгээр шалтгаалан нэхэмжлэгчид 21 279 750 төгрөгийн гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй байна" гэжээ. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад одоогийн өмчлөгч, гэрч Д.Дондовдоржийн мэдүүлгээр банкны барьцаанд байсан хөрөнгийг банкны өр барагдуулах албанаас худалдаж авсан нь тогтоогддог. Хариуцагчийн хэнийг нь буруутай, хэнийг нь буруугүй гэж үзээд байгаа эсэхийг тодорхойлоогүй, хариуцагч байгууллагуудыг тус тусд нь салгаж дүгнэлт хийгээгүйгээс гэм хорын шалтгаант холбоог тогтоогоогүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шинээр Улсын бүртгэлийн газраас А ХК нь хуулийн этгээдийн хувьд татан буугдсан эсэх нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй атлаа гомдол гаргах эрхгүй гэж үзсэн. Гэтэл уг тогтоолд 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч А ХК-г уг үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулахад ямар байдлаар оролцсоныг тодорхойлоогүй байж болох ч тухайн эд хөрөнгө А ХК-ийн барьцаанаас хэрхэн яаж чөлөөлөгдөж одоогийн өмчлөгч иргэн Д.Дондовдоржийн нэр дээр шилжсэн эсэх үйл баримтанд шүүх дүгнэлт хийгээгүй. Д.Дондовдоржийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуусан боловч хэрэгт хамааралтай зүйлсийг хангалттай нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч А.Амартүвшин нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Б Х З хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, А ХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гэм хорын хохиролд 21 279 750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагууд эс зөвшөөрч маргасан.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 602 дугаар шийдвэрээр А.Амартүвшингээс зээлийн гэрээний үүрэгт 15 169 200 төгрөг гаргуулж, А ХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг А.А өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2 дугаар гудамжны 09 тоот хаягт байрлах 46.75 м.кв 1 давхар хашаа байшин, мөн хаягт байрлах 64 м.кв 1 давхар дэлгүүр зэрэг үл хөдлөх хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх5-6/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцааны хөрөнгийг 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 012 тоот тогтоолоор хураах ажиллагааг явуулсан боловч Шийдвэр гүйцэтгэх албаны улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 011 тоот актаар барьцаа хөрөнгийг хураахдаа хөндлөнгийн гэрчийг байлцуулалгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгожээ. /хх7, 9/

 

Уг эд хөрөнгө хураасан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэх шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Нэхэмжлэгч нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Дондовдорж, Н.Өлзийсайхан, Ө.Үйтүмэн, Д.Энхтүвшин нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2 дугаар гудамжны 09 тоот хаягт байрлах 46.75 м.кв 1 давхар хашаа байшин, мөн хаягт байрлах 64 м.кв 1 давхар дэлгүүрийг худалдаж, дээрх нэр бүхий иргэд нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 7/2167 тоот албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орон сууц, дэлгүүр худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд гаргасан өргөдөл зэрэг хэрэгт авагдсан бичиг баримтуудаар тогтоогдож байна. А ХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт гаргажээ. /хх31-42, 131/

 

Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэн захиран зарцуулах хэлцэл хийхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нөлөөлсөн, өмчлөгчийн эрхэд халдсаны улмаас хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хөрөнгийн одоогийн өмчлөгч болох Д.Дондовдорж гэрчээр мэдүүлэг өгөхдөө хашаа байшинг Анод банкны өр барагдуулах албанаас худалдаж авсан, газрыг А.Амартүвшингээс худалдаж авсан .., нийт 7-10 сая төгрөгөөр худалдаж авсан санагдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар төлөхийн тулд худалдах, худалдан авах гэрээний үнийг багасгаж мэдүүлсэн гэжээ. /хх94-95/

Төлбөр авагч А ХК-аас нэхэмжлэгч А.Амартүвшинд 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгийг 4 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан, уг төлбөрийг 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр банкинд төлсөн. 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс 10 969 200 төгрөгийн үлдэгдэлтэй тул төлж барагдуулна уу гэх агуулгатай албан бичгийг хүргүүлсэн нь хэргийн 164 дугаар талд авагдсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгө хураах тогтоол гаргахдаа зохих журмын дагуу явуулаагүй байх боловч төлбөрт хураагдсан хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг хийгээгүй, өмчлөгчийн эрхийг зөрчих замаар гэм хор учруулсан гэх шалтгаант холбоо байхгүй байна. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь иргэн Д.Дондовдоржтой харилцан тохиролцож хөрөнгөө худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрөөс нь хасаж тооцсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлснийг буруутгах боломжгүй байна.

Хэргийн 30 дугаар талд авагдсан Монгол банкны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б-10/164 тоот албан бичгээс үзэхэд Монгол банк нь банкны эрх хүлээн авагчийн нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгохоор заасны дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны А-66 дугаар тушаалаар А ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болсонд тооцож, 2015 оны А-67 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд А ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болж, хуулийн этгээдийн хувьд татан буугдсан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх уг этгээдийг хариуцагчаар тооцон хэрэг үүсгэсэн хэдий ч нэхэмжлэл гардуулах зэрэг ажиллагаа явуулаагүй байна. Гэвч уг этгээдэд холбогдох нэхэмжлэлийг хангасан зэрэг эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

А ХК-ийн өмнө нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэсэн нэхэмжлэгчийн төлөх өр төлбөр дуусгавар болсон эсэх, уг асуудлаар албадан гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжтой эсэх асуудалд энэхүү шүүхийн шийдвэр хамааралгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ