Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 127

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 09 өдөр                                                           2018/ШЦТ/117                                                  Өмнөговь аймаг

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Н.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-т холбогдох 1728000000090, 1728000000090А тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018   оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1993 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, дагавар хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг Жаал-Уулын 4-29 тоотод оршин суух,  урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх Н.М регистрийн дугаар КК00000000,

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Н.М нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд хамтран амьдрагч С.Э-ийн бие эрх чөлөөнд халдан толгойн тус газар нь цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүгдэгч Н.М-ыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

       Шүүгдэгч Н.Мөнх-Очир шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:”...

        Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед Цоглог худалдааны төвийн хажууд байдаг махны дэлгүүрт ажиллаж байгаа нөхөр /хамтран амьдардаг/ Н.М-т хоол цай аваачиж өгсөн. Миний утсанд дуудлага ирж утсаа автал нэг эмэгтэй хүн “Очироо ахтай яръя” гэсэн. “Хэн бэ” гэтэл “Чи өөрөө хэн бэ” гэж хэлэхээр нь би нөхөртөө гар утсаа өгөөд наад утсаа чанга яригч дээр нь тавиад наад хүнтэйгээ ярьчихаа гэж хэлсэн чинь Н.М учиргүй гэнэт уурлаад намайг үсдэж аваад толгой руу цохьсон. Би өөдөөс нь гараараа түлхтэл намайг гараараа татаад /заамдаж байгаад/ намайг газар хүчтэй шалан дээр унагахад би шалан дээр толгойгоороо унасан. Миний ухаан балартаад сонин болоод жаахан ухаан алдсан. Нэг сэрсэн чинь Н.М миний дээрээс юмаар сэвж байсан. Би хашхирлаа шүү гэж хэлтэл Н.М миний амыг гараараа дарсан. Би шалан дээр гараараа тэмтрэхэд гарт нэг юм тааралдахаар нь тэр зүйлийг аваад Н.М луу дээш шидтэл Н.М намайг тавьчихаад толгойгоо дараад доошоо суусан. Би босоод Н.М-оос утсаа авъя гэхэд миний гар утсыг өгөхгүй байсан. Орой нь гэртээ хоёулаа харьж амарцгаасан. Манай гэрт тухайн үед манай дүү, миний хүүхэд хоёр байсан тул гэртээ амарсан. Маргааш өглөө хоёр хүүхэд 07 цаг гээд хичээлдээ явсан. Би Н.М-ыг Хоёулаа одоо больё, салъя” гэхэд уурлаад “больё” гээд гэрийн хойд талд байсан мөлхөө шүүгээ, хувцасаа аваад гэрийн гадаа гаргасан. Би гэрээ цоожлоод гадуур ажилтай явж байгаад буцаад гэртээ өдөр 11 цагийн үед ирэхэд гэрийн хаалгыг юмаар хөшөөд цүүг нь эвдээд гэрт орчихсон байхаар нь би Мөнх-Очир луу утсаар залгаад “Яагаад гэрийн цүү, цоож эвдсэн юм” гэхэд “Би одоо очиж байна” гэж хэлсэн. Удалгүй гэрт хүрч ирээд эвдсэн цүү, цоожоо янзалж байгаад гэрт байсан эд зүйлийг хөлөөрөө өшигчөөд байхаар нь “Гэрээс гар, чиний юм энэ гэрт байхгүй” гэтэл “Намайг барьж аваад толгой, уруул, шанаа руу 2-3 удаа алгадаж аваад, үсдэж аваад газар унагачихаад зүүн гуя руу өшиглөж байгаад гэрээс гараад явчихсан. Би Мөнх-Очиртой албан ёсоор гэрлэсэн зүйл байхгүй. Бид хоёр хамтран амьдраад 6-7 сар болж байна. Гар утаснаас болж Мөнх-Очир хардаад хэрүүл маргаан зодоон болсон. Өмнө нь хоёр удаа цохиж зодож байсан. Тухайн үед ямар хүмүүс хамт байсныг нь санахгүй байна. Тухайн үед эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлж байгаагүй, Мөнх-Очир дахиж гар хүрэхгүй гэж хэлэхээр нь би өрөвдөөд эргээд суудаг байсан. Хань нөхөр болоод амьдарчих болов уу гээд итгээд явдаг байсан. Миний биед Мөнх-Очир л гар хүрсэн. Өмнө нь цагдаад мэдэгдэж байгаагүй. Мөнх-Очирын толгой буюу дух хавьд шалбарсан байгаа харагдсан, өөр гэмтэл харагдаагүй. Би ухаан алдаж байхдаа гар, хүзүүг нь самардсан байж магадгүй, бусдаар бол ямар нэгэн зорилгоор самардсан зүйл байхгүй. Би өмнө нь Н.Мөнх-Очиртой маргалдаад самардчихсан байдаг юм. Хаана нь яаж самардсаныг санахгүй байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөнх-Очир надад толгойны эм авч өгсөн, мөн хоёр удаа бариачаар авчирч бариулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цоглог худалдааны төвийн хажууд байдаг махны дэлгүүрт байж байхад өдөр 13 цагийн үед манай эхнэр Эрдэнэзул надад цай, хоол авчирсан. Би Эрдэнэзулын авчирсан хоол цайг уугаад байж байтал манай эхнэр Эрдэнэзулын гар утас дуугарсан. Эрдэнэзул утсаа аваад надад өгөхөөр нь би гар утсыг аваад ярьтал манай эгчийн хүүхэд байсан. “Очироо ах уу, Цагаан хаданд нэг сая төгрөгийн ажил байна ирж хийх үү” гэж хэлсэн. Манай эхнэр Эрдэнэзул намайг хардаж сэрдээд байхаар нь “Манай эгчийн хүүхэд ярьж байна” гэж хэлээд  утсаа салгаад хувцасныхаа халаасанд хийсэн. Үүнээс болж хэрүүл эхэлж бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал Эрдэнэзул өрөөнд байсан зуухыг хөлөөрөө өшиглөөд унагахад өрөөнд дүүрэн үнс тоос болж лангуун дээр байсан махыг хөргөгчинд хийсэн. Эрдэнэзул над руу хүрч ирээд хүзүү рүү нэг удаа самардсан. Би хоёр гарыг нь бариад цааш түлхтэл шалан дээр уначихсан. Эрдэнэзул газар унаад нэг сонин болчихоор нь би толгойг нь өвдөг дээрээ тавиад “Яасан бэ?” гэтэл нүүр царай нь сонин болчихсон байсан. Э “Толгой өвдөөд байна эмч дууд” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэр лүүгээ харьсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гэж байгаад Э-тай дахиад маргалдаж байгаад гэрийн хойд талд байгаа мөлхөө шүүгээг аваад гадаа гаргаж тавьчихаад би гэрт эргэж ирээд Э-ыг барьж байгаад хоёр удаа алгадаад цохиж авсан. Би өмдөө аваад гэрээс гараад гадаа гарчихаад гудамж уруудаад явж байх замдаа нэг портер машиныг зогсоогоод жолоочоос нь дугаарыг нь авчихаад байж байтал миний ажлын 2 ширхэг түлхүүр байхгүй байсан. Би буцаад гэртээ очиход гэр цоожтой байсан. Гэрийн цоожийг эвдээд гэрт ороод 2 ширхэг түлхүүрээ хайгаад олоогүй. Гэрийн зуухаа ухтал түлхүүр тэндээс гарч ирсэн. Би түлхүүрээ аваад гэрээс гараад нөгөө портер машины жолооч руу залгахад “Завгүй байна” гэж хэлсэн. Гудамжинд унаа хайгаад зогсож байтал Э над руу залгаад эвдэлсэн цүү, цоожийг янзал гэж хэлсэн. Би гэрт очоод гэрийн цүү, цоожийг янзалчихаад би гэрээс нь гараад явсан. Би хоёр удаа гараараа алгадаж авсан. Урьд орой нь шалан дээр түлхэж унагасан. Өөр зодсон зүйл байхгүй. Би Э зүгээр бай гээд түлхэж унагасан бусдаар бол зодсон зүйл байхгүй. Орой гэртээ байж байхдаа тархи толгой өвдөөд байна гэж хэлсэн. Унахдаа тархи толгой нь хөдөлсөн байх. Харин маргааш өглөө нь 2 удаа хацар руу алгадчихсан. Би Э-ыг хоёр удаа алгадсан нь үнэн. Үсдэж өшиглөсөн гэдэг нь худлаа. Э миний хүзүүг базсан, духны дээд хэсэгт самардсан сорви байна. Дандаа гараараа самарддаг. Намайг хардаж хэрүүл маргаан болдог. Би Э-тай албан ёсоор гэрлэсэн зүйл байхгүй. Бид хоёр хамт амьдраад 8 сар болж байна. Өмнө нь Эрдэнэзулыг цохиж зодсон зүйл байхгүй. Э архи уугаагүй, эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би ажил дээрээ байж байгаад М ахын 88530000 дугаарын утас руу залгахад нэг эмэгтэй хүн авсан. Би тэр эгчээс “М ах байна уу” гэхэд тэр эмэгтэй гар утсаа М ахад өгсөн. Би М ахыг “Та Цагаан хаданд нэг сая төгрөгийн ажил байна, орох юм уу” гээд ярьж байтал утас тасарсан. Би тэр өдөр утас руу хоёр гурван удаа залгахад утас нь холбогдоогүй. Орой нь М ах 88500000 дугаарын утаснаас залгаад ямар ажил байгаа талаар асуухад би тэр ажлыг өөр хүн авчихсан, яаралтай орох ажил байсан юм гэж хэлсэн. М , Э хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Би М ах руу Цагаан хаданд ажил байна гэж хэлэхээр залгасан. Өөр зүйл байхгүй. Би М  ахтай уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Даланзадгад сумын төвд 3 дугаар сургуулийн Баруун талд нь байдаг Цоглог худалдааны төвийн хажууд байдаг махны дэлгүүрт байж байхад өдөр 13 цагийн үед манай эхнэр Э надад цай, хоол авчирсан. Би Э авчирсан хоол цайг уугаад байж байтал манай эхнэр Э гар утас дуугарсан. Э утсаа аваад надад өгөхөөр нь би гар утсыг аваад ярьтал манай эгчийн хүүхэд байсан. “Очироо ах уу, цагаан хаданд нэг сая төгрөгийн ажил байна ирж хийх үү” гэж хэлсэн. Манай эхнэр Э намайг хардаж сэрдээд байхаар нь “Манай эгчийн хүүхэд ярьж байна” гэж хэлээд  утсаа салгаад хувцасныхаа халаасанд хийсэн. Үүнээс болж хэрүүл эхэлж бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал Э өрөөнд байсан зуухыг хөлөөрөө өшиглөөд унагахад өрөөнд дүүрэн үнс тоос болж лангуун дээр байсан махыг хөргөгчинд хийсэн. Э над руу хүрч ирээд хүзүү рүү нэг удаа самардсан. Би хоёр гарыг нь бариад цааш түлхтэл шалан дээр хүчтэй унасан. Э газар унаад нэг сонин болчихоор нь би толгойг нь өвдөг дээрээ тавиад “Яасан бэ?” гэтэл нүүр царай нь сонин болчихсон байсан. Э “Толгой өвдөөд байна эмч дууд” гэж хэлсэн. Гадаа хүмүүс яваад байна, хоёулаа гэр лүүгээ явъя” гээд түрээсэлж байгаа махны дэлгүүрээ хаагаад бид хоёр гэр лүүгээ харьсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гэж байгаад Э-тай дахиад маргалдаж байгаад гэрийн хойд талд байгаа мөлхөө шүүгээг аваад гадаа гаргаж тавьчихаад гэрт эргэж ирээд Э-г барьж байгаад хоёр удаа алгадаад цохиж авсан. Би өмдөө аваад гэрээс гараад гадаа гарчихаад гудамж уруудаад явж байх замдаа нэг портер машиныг зогсоогоод жолоочоос дугаарыг нь авчихаад байж байтал миний ажлын 2 ширхэг түлхүүр байхгүй байсан. Би буцаад гэртээ очиход гэр цоожтой байсан. Гэрийн цоожийг эвдээд гэрт ороод 2 ширхэг түлхүүрээ хайгаад олоогүй. Гэрийн зуухаа ухтал түлхүүр тэндээс гарч ирсэн. Би түлхүүрээ аваад гэрээс гараад нөгөө портер машины жолооч руу залгахад “Завгүй байна” гэж хэлсэн. Гудамжинд унаа хайгаад зогсож байтал Эрдэнэзул над руу залгаад эвдэлсэн цүү, цоожийг янзал гэж хэлсэн. Би гэрт очоод гэрийн цүү, цоожийг янзалчихаад би гэрээс гараад явсан. Би Эрдэнэзулыг махны дэлгүүртээ байж байхад нь нэг удаа түлхэж газар унагаагаад үстсэн. Гэрт ирсний маргааш хоёр удаа хөл рүү нь өшиглөсөн. Хоёр удаа алгадаж, нүүр лүү нэг удаа цохьсон. Манай эхнэр намайг их харддаг, үүнээс болж хэрүүл маргаан үүсдэг. Би уураа барьж дийлээгүй зодсон нь үнэн. Эрдэнэзул миний хүзүүг жаахан самардсан, тэгээд улайчихсан байсан. Баруун гарын ар хэсэг дээр 3-4 удаа самардсан. Энэ нь зууралдаж байхдаа самардсан юм. Би Э-тэй  албан ёсоор гэрлэсэн зүйл байхгүй. Бид хоёр хамтран амьдраад 8 сар болж байна. Намайг өмнө нь Э олон удаа самардаж байсан. Одоо тухайн үед самардаж байсан хуучин шарх сорви байгаа. Эрдэнэзул бид хоёр архи уугаагүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11.24-ний өдрийн 573 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: С.Э-ын биед тархины доргилт, хуйх, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шалбархай, доод уруулын салстын язрал, зүүн шилбэний цус хуралт, гэмтэл үүсжээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 20-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35, 57-р хуудас/,

Шүүгдэгч Н.М-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 36-р хуудас/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол болон банкны баримтууд /хх-ийн 37-54-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд хамтран амьдрагч С.Э-ын бие эрх чөлөөнд халдан толгойн тус газар нь цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

        Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч нь шүүгдэгчээс хохирол, хор уршиг, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

         Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Н.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар  шүүгдэгч Н.М нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6.         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА