| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2016/0106/э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2016-10-03 |
| Зүйл хэсэг | 175.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 101
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч О.Баатарсүх, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.
Шүүх хуралдаанд оролцсон:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Прокурор Б.Догмиддорж
Ялтан *******
Ялтны өмгөөлөгч Д.Галтогтох
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж шийдвэрлэсэн 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 201611000296 дугаартай хэргийг 2016 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ы ******* /РД - *******/.
******* нь 2016 оны 06 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах "Хавирга" хилийн боомтоор Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 1225500 төгрөгийн үнэ бүхий 279 килограмм зэсийг "Истана" маркийн ******* ДОР улсын дугаартай автомашины голын хаалт болон жолоочийн суудлын арын ханаар нууж, бага бус хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор: *******ы *******ыг хориглосон эд зүйлийг бага бус хэмжээгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эд хөрөнгийг хураахгүйгээр 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан *******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ******* ДОР улсын дугаартай "Istana" маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8000000 /найман сая/ төгрөг болон хууль бусаар хил нэвтрүүлсэн 279 кг зэсийг /нэг сая хоёр зуун хорин таван мянга таван зуун төгрөгөөр үнэлэгдсэн/ тус тус улсын орлого болгож, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй ба баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ******* дугаарын гадаад паспорт, ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлийн "Sony" брэндийн 42 инчийн 400000 төгрөгийн үнэ бүхий зурагт, "Jinsong" маркийн 150000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч битүүмжилсэн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, овогт ы ын өмчлөлийн ******* ДОР улсын дугаартай "Istana" маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч овогт ы ад // буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: Шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасангүй. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан *******т холбогдох хэргийг 2016.08.16-ны өдөр хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ******* ДОР улсын дугаартай “istana” маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 8 сая төгрөгийг *******оос гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заажээ. ******* нь ******* ДОР улсын дугаартай “istana” маркын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олоогүй бөгөөд тэрээр өөрийн таньдаг ах Д. гэдэг хүнээс гуйж авсан байдаг. ******* нь тус автомашиныг Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олж авсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл нь гэмт этгээдийн өмчлөлд байсан эсэхээс үл хамааран түүний үнийг гэмт этгээдээс заавал гаргуулах” талаар хуульчлаагүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “*******оос тээврийн хэрэгслийн үнэ болох 8 сая төгрөг гаргуулах” хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хавирга хилийн боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 1 225 500 төгрөгийн үнэ бүхий 279 килограмм зэсийг Истана маркийн ******* ДОР улсын дугаартай автомашины голын хаалт болон жолоочийн суудлын арын ханаар нууж, бага бус хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлсэн болох нь гэрч ын “...хилийн тагнуулын ажилтан шалгалт хийж тус автомашины голын хаалт болон хаалганы завсраас 279 кг зэс илрүүлэн хураан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 77/, *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-60/, *******оос зэсийг хурааж авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 29-31/ зэрэг хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Иймд анхан шатны шүүх *******ыг хориглосон эд зүйлийг бага бус хэмжээгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.
Ялтны өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тухайлбал ялтны өмгөөлөгч Д.Галтогтох нь “******* ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ямар нэг гэмт хэрэг үйлдэх замаар олж аваагүй, уг тээврийн хэрэгсэл нь хэрэгт хамааралгүй этгээд болох Д.ын өмчлөлийн хөрөнгө байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг буруу хэрэглэн *******оос тээврийн хэрэгслийн үнэ 8000000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн” гэж давж заалдах гомдол гаргасан байна.
Хэргийн үйл баримтыг судлан үзвэл ******* нь хориглосон эд зүйлийг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн хяналт шалгалтаас нуун далдлах халхавч болгон ашигласан байх ба тухайн тээврийн хэрэгсэл өөр хүний өмчлөлийн зүйл болох нь тогтоогджээ.
Эрх зүйн зохицуулалтыг судлан үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэхийн тулд тухайн хэм хэмжээ ямар зорилгыг хангахад чиглэн үйлчилж байгааг анхаарах нь зүйтэй юм. Тээврийн хэрэгсэл ашиглах нь гэмт үйлдлийг хялбарчлах, түргэтгэх, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршгийг нэмэгдүүлэх нэг арга хэрэгсэл болдог байна. Иймд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хурааж байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэг заасан “...иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх” эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Хэргийн нөхцөл байдалд ******* гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл нь өөр хүний өмчлөлийн хөрөнгө учраас анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг өмчлөгчид нь буцаан олгож, харин *******оос үнийг нь гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтны өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ А.ЭНХБААТАР
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Л.НАРАНБАЯР