Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 09

 

Л.Гхолбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн өмгөөлөгч Д.Баттулга, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонбат, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаар магадлалтай, Л.Гхолбогдох 1812005960071 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Д.Отгонбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Л Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэглэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хохирлын тооцоог зөв гаргаагүй,  хэргийн оролцогчдыг мэтгэлцэх эрхээр хангаагүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Д.Отгонбат хамтран гаргасан гомдолдоо “Хохирогч давж заалдах журмаар гомдол гаргахдаа хавтаст хэрэгт цугларсан хохиролтой холбоотой баримтыг дутуу үнэлсэн, хохирогч миний төлбөр төлөгдөөгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэсэн хэд хэдэн үндэслэлийг дурджээ. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо анхан шатны шүүх хохирогчийн үлдэгдэл 3,725,850 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэхээр болсон талаарх дүгнэлтийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Ц.Баянцагаан нь цаашид гарах эмчилгээний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэжээ. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 5,074,082 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгөн дүнгээс баримтаар тогтоогдсон 1,348,232 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан. Улмаар хохирогчийн зүгээс нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс шүүгдэгчийн төлж барагдуулсан мөнгөн дүнг хасаад үлдэх 3,725,850 төгрөгийг, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдаад тогтоох хэсэгт цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж буюу “... 3,725,850 төгрөгийг орхигдуулсан нь эргэлзээтэй гэж үзжээ. Гэвч бодит байдлыг авч үзвэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өөрийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 3,725,850 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй гэдэг нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд хэрвээ хохирогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу үлдэгдэл төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхээр бол Иргэний эрх зүй дэх нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч тал тус үүргийг хүлээдэг. Ингээд нэгэнт баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг хохирогчид төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлын талаар баримтаа бүрдүүлж, иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь хохирогч Ц.Баянцагааны өөрийн эрхийн асуудал болохыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дурдсан байна.

Анхан шатны шүүхийн тогтоол нь гэмт хэргээс учирсан хохирлын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1.7-д заасан шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дүгнэж хэрэгт авагдсан баримтуудыг хууль ёсны дагуу үнэн зөв дүгнэлт хийсэн байдаг. Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж үнэн зөвөөр шийдвэрлээгүй, хэт нэг талыг барьж, хохирлын талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Магадлалын тодорхойлох хэсэгт “...Хэдийгээр хохирогч шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан нь тухайн хохирогчийн хувьд өөрийнх нь хүсэл зориг мөн эсэх, өөр шалтгаан байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй” гэжээ. Шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй шүүхийн захиргаа, хурал зохион байгуулахад хэргийн оролцогч нарыг оролцуулах боломжоор хангаагүй үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй, өөрөөр хэлбэл Архангай аймагт урьд урьдын хурал хохирогч түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шалтгаалж хэд хэдэн удаа гарсан хойшлох бүрт шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 зүйлийн 2-д заасан зохицуулалтыг хэрэглэж оролцогч нарыг хуралд оролцох боломжоор хангаж ирсэн байдаг. Шүүх хуралд оролцох боломжгүй талаар хохирогч өөрөө болон өмгөөлөгч нь маш тодорхой хүсэл зоригоо тайлбарлаж ирсэн нь хэрэгт байдаг, дээрх баримт нь эргэлзээтэй, хүсэл зориг тодорхой бус ойлгомжгүй байдалтай нөхцөл үүсээгүй байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр дүгнэлт хийжээ. Хохирогч түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасны дагуу шүүх хурлыг хойшлуулахгүйгээр, мөн байлцуулахгүйгээр хурлыг хийж өгөхийг хүссэн хүсэлт ирсэн бөгөөд хурлын ирц танилцуулахдаа танилцуулсан байдаг. Мэтгэлцэх зарчим нь төрийг төлөөлж улсын яллагч прокурор, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хооронд өрнөсөн нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж оролцсон. Гэтэл хохирогч болон өмгөөлөгч нар нь хуралд оролцуулахгүйгээр хийлгэх хүсэлт өгсөн нь оролцох эрхээсээ татгалзаж байгаа тул мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж гомдол гаргах нь үндэслэлгүй байсаар байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж дүгнэлт хийхгүйгээр зөвхөн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах шатанд гаргасан гомдолд тулгуурлаж дүгнэлт хийсэн нь илтэд үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүхийн тогтоолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил үүсээгүй, шүүхийн тогтоолд нөлөөлөх нөхцөл байдал үүсээгүй байдаг. Гомдолд дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ дагуу залруулж шийдвэрлэх бүрэн эрхтэй байхад энэхүү эрхийн дагуу шүүхийн хяналтыг хэрэгжүүлэн дүгнээд явах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат хэлсэн саналдаа “Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Баттулга хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх шүүх хуралдаанд хохирогч, өмгөөлөгч нарыг оролцуулж мэтгэлцэх зарчимд тулгуурлан хэргийн үйл баримт, хохирлыг тооцоог гаргалгүй шийдвэрлэсэн зөрчилд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хохирогч Ц.Баянцагааны эмчилгээний зардлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчээр гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Д.Отгонбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Л.Гхолбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Л.Г-ыг 2018 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, “Олон нуур” гэх газарт байх иргэн С.Балдандоржийн гэрийн гадна хохирогч Ц.Баянцагааны хэвлийн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Гхолбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч Ц.Баянцагаан болон түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хийсэн нь хохирогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдөхөд хүргэсэн гэж дүгнэлээ.

Учир нь хохирогч Ц.Баянцагааны зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан хойшилсон хэд хэдэн удаагийн хурлын үеэр хэлсэн саналдаа гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгуулах эмчилгээ хийлгэх, шүүн таслах ажиллагааг хурдан шуурхай явуулах, учирсан хохирлыг нэхэмжлэхээс гадна шүүгдэгчид гомдолтой байгаагаа удаа дараа мэдүүлсээр байтал анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хохирогчийн зүгээс хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах замаар оролцохоос гадна шүүхийн шатанд шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй байтал уг эрхээ эдлүүлэхээр хэргийг эцэслэн шийдвэрлэснээр түүний дээрх эрх нь зөрчигджээ.

Хохирогч Ц.Баянцагааны зүгээс 5,074,082 төгрөгийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх шүүгдэгчийн төлсөн 1,387,000 төгрөгийн хохирлыг хасаж тооцон, үлдэх 3,725,850 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн төлөгдсөн, арилсан гэж дүгнэх боломжгүй байсан нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх хор уршиг арилсан мэтээр дүгнэж, шүүгдэгч Л.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож хэрэглэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй тул ял хөнгөдсөн талаар хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал үндэслэл бүхий байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Д.Отгонбат нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Д.Отгонбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН