Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0224

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0224

 

 

 

 

Улаанбаатар хот

 

С.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч С.Б нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 111/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Ц.М гаргасан давж заалдах гомдлоор, С.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Б 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар ажлаас хууль зүйн үндэслэлгүй, хууль бусаар халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлс болон амралтын мөнгөний зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүсчээ.

Хоёр. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 111/ШШ2018/0002 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 80 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Б Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрын зөрүү болох 2.526.420 /Хоёр сая таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг нэхэмжлэгч С.Б олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...С.Б нь Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын ажлаас чөлөөлсөн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалыг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад улмаар хэргийн харьяалал зөрчиж иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан, Төрийн албаны төв зөвлөлд өргөдөл гаргаж мөн хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заажээ. Иймээс С.Б хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд түүний хууль мэдэхгүйгээс шүүхийн харьяалал зөрчсөн, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа төрийн албаны төв зөвлөлд хандан хариу авсны дараа шүүхэд гомдлоо гаргасан гэх тайлбар нь шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх” үндэслэл болохгүй болно.

Анхан шатны шүүх шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацааны талаар дүгнэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 111/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хариуцагчийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалд заасан нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлтэй холбогдуулж, “тэдгээр зөрчлүүдийг гаргасан бол энэ нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоос бус төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх байдлаар актад бүрэн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хангасан ч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга анхан шатны шүүхийг маргааны үйл баримтыг бүрэн дүгнээгүй гэж бус зөвхөн нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байгааг анхаарсангүй гэж буруутгасан байдаг.

Анх Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 66 дугаар тушаалаар С.Б мөн өдрөөр дуусгавар болгон Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 10 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 18-ны өдөр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, улмаар 8 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан боловч аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалаар хэргийн харьяалал зөрчиж, шийдвэрлэх ёсгүй маргааныг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа Төрийн албаны зөвлөлд хандаж холбогдох хариуг 10 дугаар сарын 31-ний өдрийн 1180 дугаар албан бичгээр авч, 11 дүгээр сарын 3-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримтаас дүгнэхэд хуульд заасан 30 хоногийн хугацааг давж заалдах шатны шүүхийн магадлал болон Төрийн албаны зөвлөлийн хариу бичгийн огнооны алинаас ч тооцсон хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Харин иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагчаас одоогийн маргаан бүхий акт болох 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалыг гаргасан байх тул давж заалдах гомдлын “…нэхэмжлэгч С.Б нь энэхүү тушаалыг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан…” гэх тайлбар цаг хугацааны хувьд үндэслэлгүй болно.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1а/447 дугаар албан бичгээр С.Б албан тушаал бууруулах саналыг хариуцагчид хүргүүлсэн ч тухайн зөрчлийн шинж байдал, үр дагаврыг тооцох, түүнд нь хариуцлага хүлээлгэх эсэх, ямар хариуцлага хүлээлгэж болохыг харгалзан шийдвэрлэх шаардлагатай.

Хэдийгээр хүчингүй болсон ч хариуцагчаас эхний гаргасан 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 66 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг үндэслэсэн, гэтэл удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болохыг хэрхэн тогтоосон болох нь тодорхойгүй.

Харин ч Эрүүл мэндийн яамны Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1/87 дугаар албан бичгээс үзэхэд нийслэл, аймгуудын ЗӨСТ-үүдийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, өвөрмөц шалгуур үзүүлэлтээр С.Б даргатай Баянхонгор аймгийн ЗӨСТ нь А буюу 4.5 оноотой дүгнэгдсэн тул төвийн даргад цалингийн урамшуулал олгуулах саналыг хүргүүлж байсан, хариуцагчаас 2016 оны 1, 2-р улирлын үр дүнгийн урамшууллыг 40 хувиар, 3, 4-р улирлын үр дүнгийн урамшууллыг 45 хувиар тус тус тооцон нэхэмжлэгчид олгож байсан төдийгүй 2017 оны менежерийн үр дүнгийн гэрээг эхний улирлын байдлаар дүгнэж, 93.1 хувь гүйцэтгэсэн гэж үр дүнгийн урамшууллыг 45 хувиар олгохоор шийдвэрлэсэн зэрэг нь “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх хариуцагчийн тайлбарын бус харин ч эсрэгээрээ хангалттай биелүүлж байсны нотолгоо болохоор байна.

Аймгийн аудитын газраас үндсэн хөрөнгө, зардал, бараа материал, мөнгөн хөрөнгөнд аудит хийж, 2017 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрийн 18, 19 дүгээр актаар 2016 онд байгууллагын 14 ажилтанд биеийн тамирын хувцас авахад зориулж, төсвөөс 1131,5 мянган төгрөг шилжүүлсэн, жолооч О.Г олгосон 250.000 төгрөгийн цалингийн урьдчилгааг суутган тооцож, авлагаар тусгаагүй, ажилчдын цалингаас суутгасан хуримтлалыг тусгай данс нээж төвлөрүүлэлгүйгээр няравын хувийн харилцах данс руу цалингийн хамт шилжүүлсэн, эргэлтийн хөрөнгийн бүртгэлийг үндсэн хөрөнгөнд бүртгэсэн, зарим зардлыг тооцооны дансаар дамжуулалгүй зардлын дансанд бичилт хийсэн зэрэг санхүүгийн бүртгэл тооцоотой холбоотой зөрчлийг илрүүлсэн байх боловч энэ нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хэмжээний зөрчилд хамаарахгүй.

Учир нь санхүүгийн тайлан, бүртгэлийг байгууллагын нягтлан бодогч эрхлэн хариуцдаг, түүнээс гадна спортын арга хэмжээнд зориулж авсан биеийн тамирын хувцасны төлбөрийг ажилчдаар нөхөн төлүүлжээ.

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “…өвчин…” гэхийг “авчин” гэж үсгийн алдаатай бичсэн байгааг цаашид анхаарвал зохино. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 111/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН